Агуу Мэтгэлцээн
33— Анхны Агуу Мэхлэлт
Буурал түүхийн эхнээс Сатан хүн төрөлхтнийг мэхлэх оролдлогоо эхэлжээ. Тэнгэрт бослого өдөөсөн тэрээр Бурханы засаглалын эсрэг тэрсэлдэн, дэлхийн оршин суугчдыг өөрийн талд нэгтгэхийг хүссэн байна. Адам Ева хоёр Бурханы хуульд дуулгавартай байх үедээ төгс жаргалтай байсан ба Сатаны тэнгэрт хийсэн Бурханы хууль бол бүтээлүүдийн сайн сайхны төлөө биш, эрх чөлөөг уландаа гишгэсэн хууль юм гэсэн мэдэгдлийг үгүйсгэх гэрчлэл болж байлаа. Бурхан гэм нүгэлгүй, анхны хосод үзэсгэлэнт гэр орон бэлтгэж өгснийг хараад Сатаны хорсол хөдөлжээ. Сатан дэлхийг эзэмшилдээ авч, Хамгийн Дээд Нэгэнийг эсэргүүцэх хаанчлалаа байгуулахын тулд хүн төрөлхтөнд гэм нүглийг үйлдүүлж, Бурханаас салган, өөрийнхөө эрхшээлд оруулахаар шийдсэн ажээ.{АМ 531.1} Aм 431.1
Хэрэв Сатан өөрийн үнэн дүрээ шууд илчилсэн бол бүрмөсөн ялагдах байв. Учир нь Адам, Ева хоёрт энэхүү заналт дайсны тухай анхааруулсан байжээ. Гэвч тэрээр бузар аргаа хэрэгжүүлэхийн тулд үнэн зорилгоо нуун дарагдуулжээ. Тиймээс хамгийн сэтгэл татам ер бусын дүр төрхтэй амьтан болох могойг ашиглан, Евад ‘Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?” Эхлэл 3:1 гэж эргэлзээ төрүүлэв. Хэрэв Ева соригчтой мэтгэлцээгүй бол аюулгүй байх байлаа. Гэвч Ева соригчид анхаарал тавьж түүний ов мэхний золиос болсон ба одоог хүртэл хүмүүс яг ийм байдлаар ялагдсаар байна. Ийм хүмүүс Бурханы шаардлагуудад эргэлзэж, тэдгээрийн талаар маргадаг юм. Тэд Тэнгэрийн тушаалыг дагахын оронд Сатаны ов мэхээр халхавч хийж буй хүмүүсийн онолуудыг хүлээн зөвшөөрдөг юм.{АМ 531.2} Aм 431.2
«Эмэгтэй могойд хандаж, Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан ‘Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ’ гэж айлдсан хэмээжээ. Тэр могой эмэгтэйд, ‘Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.» 2-5-р эшлэл. Сатан хүмүүсийг одоо байгаагаас нь илүү мэргэн болж, илүү дээд түвшинд хүрч Бурхантай адил болно гэж тунхаглажээ. Ева сорилтонд унав. Евагийн нөлөөгөөр Адам гэм нүгэл үйлдэв. Тэд могойн үгэнд итгэж, Бурхан үнэнийг хэлж хуваалцаагүй гэсэн худал хуурмагийг хүлээн зөвшөөрчээ. Тэд Бүтээгчдээ итгэхээ больж, Түүнийг эрх чөлөөг нь хязгаарлаж байна гэж ойлгон, Бурханы хуулийг зөрчвөл үлэмж мэргэн ухаантай болж, өндөрт өргөмжлөгдөнө гэж төсөөлөн бодож эхэлсэн байна. (AM 532 1) Aм 431.3
Адам нүгэл үйлдсэнийхээ дараа «Чи түүнээс идсэн өдөртөө л зайлшгүй үхнэ» гэсэн үгс ямар утга агуулж байсныг ухаарсан болов уу? Тэрээр илүү дээд төрлийг олно гэж ятгасан Сатаны ятгалгыг үнэн хэмээн мэдэрч чадсан уу? Хэрэв Сатаны ятгалаг үнэн байсан бол тэд хуулийг зөрчсөнөөр үлэмжийн сайн сайханд хүрч, Сатан хүн төрөлхтний агуу ачтан болох байсан юм. Гэвч эсрэгээрээ Адам Бурханы зарлиг нь хүний сайн сайхны төлөө байсныг мэджээ. Бурхан хүний гэм нүглийн шийтгэл нь биеийг нь авсан газар шороондоо буцаж очих шийтгэл юм хэмээн тунхаглажээ. Бурхан «Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно” гэжээ. 19-р эшлэл. Харин Сатаны «Нүд чинь нээгдэнэ» гэсэн үг нь Адам, Ева хоёр Бурханы үгийг зөрчснөөр нүд нь нээгдэн, буруугаа олж мэдэх учиртай. Тэд бузар мууг мэддэг болж, гэм нүглийн гашуун жимсээ амссан юм.,АМ 532-21 Aм 432.1
Еден цэцэрлэгийн голд хүнийг мөнх амьдруулах жимс ургуулдаг амийн мод байв. Адам Бурханд дуулгавартай байж, амийн модноос чөлөөтэй хооллож байсан бол мөнхөд амьдрах байлаа. Гэвч хүн нүгэл үйлдсэнээс болж, амийн модноос идэх хувьгүй болж, үхэх тавилантай болжээ. «Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно” гэсэн Бурханы айлдвар нь хүний амь нас бүрмөсөн устаж үгүй болдог гэдгийг зааж байлаа. (АМ 532.3) Aм 432.2
Дуулгавартай байснаар үхэшгүй мөнх амьдралыг авна гэсэн амлалтыг хүн гэм нүгэл үйлдснээрээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Адам эзэмшээгүй зүйлээ үр удамдаа үлдээж чадахгүй болов. Бурхан Хүүгээ золиослон, мөнх амьтай болох боломжийг нээгээгүй бол гэмд унасан хүн төрөлхтөнд ямар ч найдвар байхгүй байлаа. «Бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд ирсэн боловч Христ амь ба үхэшгүй байдлын сайн мэдээгээр дамжуулан, гэрэлд авчирсан билээ.» Ром 5:12; 2 Тимот 1:10. Тиймээс хүн зөвхөн Христээр дамжуулан, мөнх амийг авах боломжтой. Есүс энэ талаар «Хүүд итгэгч хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй” хэмээжээ. Иохан 3:36. Гэмт хүн авралын болзлуудыг хангавал тэрээр үнэлж баршгүй ерөөлийг хүртэх боломжтой. «Сайныг үйлдэхдээ тэвчээртэйгээр алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайдаг бүх хүмүүст мөнх амь өгнө.” Ром 2:7.{АМ 533.1} Aм 432.3
Адамын дуулгаваргүй байдлаар дамжуулан, амьтай болох саналыг өгсөн цорын ганц этгээд бол Агуу мэхлэгч байв. Едений цэцэрлэгт «Та нар ерөөсөө үхэхгүй” гэж Евад хэлсэн могой, хүн мөнх сүнстэй гэсэн анхны номлолоо санаачилсан ба энэхүү үзлийг Христэд итгэгчдийн сүмүүд индэр дээрээс номлож, хүн төрөлхтөн анхны өвөг эцэгтэйгээ адил энэ худал сургаалыг шууд хүлээн зөвшөөрсөөр байна. «Нүглийг үйлдэгч сүнс нь үхэх болно” (Езекиел 18:20) гэсэн Бурханы тушаалыг нүглийг үйлдэгч сүнс нь үхэхгүй, харин мөнх амьдарна гэж Сатан сургаж байна. Сатаны ямар ч үндэслэлгүй үгэнд итгэж Бурханы үгэнд үл итгэхээр хошуурч буй хүмүүсийн хачирхалтай дур хүслийг ойлгоход хэцүү юм.(АМ 533.2} Aм 433.1
Хүн нүгэл үйлдсэнийхээ дараа амийн модноос чөлөөтэй хооллож байсан бол мөнх амьдарч, гэм нүгэл үхэшгүй мөнх орших байв. Гэвч галт илд барьсан хамгаалагч тэнгэр элчүүд болох херубууд «Амийн мод руу чиглэсэн замыг” хаасан бөгөөд Адамын гэр бүлийн ямар ч гишүүнд хамгаалалтыг даван, амийн жимснээс хүртэх боломж өгөөгүй. Иймээс мөнх амьдардаг гэмтэн байх боломжгүй юм.{АМ 533.3} Aм 433.2
Харин хүнийг гэмтэй болсны дараа Сатан тэднийг үхэшгүй мөнх амьтай гэдэгт итгүүлэх ажилд онцгой ач холбогдол өгөхийг тэнгэр элч нартаа тушаажээ. Сатан хүмүүст энэхүү гажууд үзлээ хүлээн зөвшөөрүүлээд, нүгэлт хүн мөнх зовж амьдарна гэсэн дүгнэлттэй болоход нөлөөлсөн байна. Ийнхүү харанхуйн жонон элч нарынхаа оролцоотой Бурханыг харгис дарангуйлагч хэмээн харуулж, Тэрээр таалалд нь нийцээгүй бүх хүнийг тамд хаяж, мөнхөд уур хилэнгээ мэдрүүлж, мөнхийн галд тарчлан, зовж байгаа хүмүүсээр бахаа хангадаг гэж зааж сургаж эхлэв.{АМ 534.1} Aм 433.3
Заналт дайсан ийнхүү өөрийн зан чанарыг хүн төрөлхтний Бүтээгч, Аврагчид нялзаасан юм. Харгислал бол буг чөтгөрөөс эхтэй. Бурхан бол хайр бөгөөд тэнгэр дэх анхны эсэргүүцэгч гэм нүглийг үүсгэх хүртэл бүхнийг цэвэр, ариун, дур булаам байдлаар бүтээсэн юм. Харин Сатан бол хүнийг нүгэлд унагаж, боломж гарсан тохиолдолд устгаж хөнөөдөг дайсан юм. Тэрээр хохирогчоо баталгаатай сүйрүүлснийхээ дараа учруулсан сүйрэл мөхлөөрөө бахархдаг ажээ. Сатан хэрэв боломж байвал хүн төрөлхтнийг бүхэлд нь урхиндаа орууулахыг хичээх болно. Тэнгэрлэг хүч хөндлөнгөөс нөлөөлдөггүй байсан бол Адамын охид хөвгүүдийн хэн нь ч Сатаны савраас мултарч чадахгүй байх байлаа. {АМ 534.2} Aм 433.4
Сатан бидний анхны эцэг эхийг уналтанд оруулсан шигээ өнөө үед хүртэл хүмүүсийн Бүтээгч Эзэнд, Түүний засаглалын мэргэн ухаан ба хуулиудын шударга ёсонд эргэлзэхэд нөлөөлөхийг оролдсоор байна. Сатан төлөөлөгчидтэйгөө өдөөсөн дайсагнал ба бослогоо зөвтгөхийн тулд Бурханыг өөрсдөөсөө долоон дор хэмээн харуулахыг хичээдэг юм. Агуу мэхлэгч аймшигтай харгис зан чанараа тэнгэрлэг Эцэгт нялзааж, өөрийгөө шударга бус захирагчид бууж өгөөгүй учраас тэнгэрээс хөөгдөж, үлэмж ихээр хэлмэгдсэн гэж танилцуулж байна. Тэрээр дэлхий дахин Ехува Бурханы хатуу захирамжуудад дарлуулахын оронд өөрийнх нь санал болгож буй зөөлөн удирдлага дор эрх чөлөө эдлэхийг уриалж байна. Сатан ийм арга замаар хүмүүсийн Бурханд дуулгавартай байдаг үнэнч зүрх сэтгэлийг урвуулдаг ажээ. (АМ 534.3) Aм 433.5
Нүгэлт хүмүүс үхээд, дэлхий дээрх зуурдын амьдралын нүглүүдээсээ болж гал ба хүхэр бүхий тамын галд Бурханы оршиж буй цаг хугацааны турш тарчлан зовно гэсэн үзэл өршөөл, хайрыг хэрхэн буруу ойлгуулж болох вэ? Гэвч энэ сургаал хаа сайгүй тархаж, ихэнх Христийн сүмүүдийн итгэлийн тунхагт багтсан байна. Нэгэн шашин судлаач эрдэмтэн «Тамын шийтгэлийг харж буй ариун хүмүүс аз жаргалыг мөнхөд мэдэрнэ. Тэд адил үүсэл гаралтай, адил нөхцөлд амьдарч хүмүүсийг тамын галд зовж шаналахыг хараад, өөрсдөөрөө бахархаж, өөрсдийгөө хичнээн жаргалтай болохоо мэдрэх болно” гэж дүгнэсэн байна. Өөр нэгэн судлаач, «Өршөөлгүй хуулийн шүүлтийн шийтгэлийг хүртэгчид мөнхөд тарчлан зовох зуур, гэмтнүүдийн зовлон шаналлын утаа өршөөлийг авсан хүмүүсийн өмнө мөнхөд суунаглах ба аврагдагчид зовж шаналж байгаа хүмүүсийг өрөвдөхийн оронд, Амен, Халлелүяа, Эзэнийг магт! хэмээн хашгирах болно” гэсэн дүгнэлтийг хийжээ.(АМ 535.1) Aм 434.1
Бурханы үгэнд ийм сургаалыг огт заагаагүй. Диваажингийн аврагдагчид өрөвч, нинжин зүрх сэтгэл, хүн чанараа юу ч үгүй алдах юм гэж үү? Тэд зүрх сэтгэлээ чулуу шиг хатуу, хүний ёсноос гажууд харгис зангаар арилжих уу? Үгүй ээ, Бурханы Номонд ийм үзлийг огт заадаггүй. Дээрх үзэл санааг баримталж буй хүмүүс боловсролтой, шударга хүмүүс байж болох ч тэд Сатаны мунхруулгад автсан байна. Сатан тэднийг уруу татан, Бичээсийн баттай үзэл баримтлалыг гуйвуулж, Бүтээгч Бурханы бус харин өөрийн бузар муу, хорслоор дүүрэн үзлийг зааж байна. Эзэн Бурхан, «Би өөрийн амьд буйгаар тангараглая. Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. ... Муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ? ” Езекиел 33:11 гэж тунхагладаг билээ.{АМ 535.2} Aм 434.2
Бурхан эцэс төгсгөлгүй тарчилж буй хүмүүсийг хараад, тамын галд зовж буй бүтээлүүдийнхээ ёолох дуу, чарлаан, хараал зүхэлд баярладаг гэж боддог болбол Бурханы нэр алдарших уу? Тамын аймшигтай дуу чимээ Хайрын Дээд Эзэний чихэнд эгшиглэнтэй санагдах уу? Зарим хүмүүс гэмт хүмүүсийн мөнхийн шийтгэл нь ертөнц энх амгалан, дэг журмыг сүйтгэсэн гэм нүглийг жигших, Бурханы үзэн ядалтыг харуулдаг хэмээн номлож байна. Тэд Бурханыг ямар аймшигтайгаар доромжилно вэ! Энэ үзэл Бурхан гэм нүглийг үзэн ядсан учраас шийтгэлийг нь мөнхөд үргэлжлэхээр төлөвлөсөн гэсэн утгыг зааж байна. Эдгээр судлаачид, итгэл найдвар, өршөөл үзүүлэлгүй гэсгээн цээрлүүлж байгаад золгүй гэм нүгэлтнүүд хилэгнэдэг ба тэд уур хилэндээ автан, Бурханыг хараан, доромжилдог учраас гэмтнүүдийн шийтгэл мөнхөд үргэлжилсээр байдаг гэж сургаж байна. Тэд мөн Бурханы алдар нэр хүнд мөнхөд тасралтгүй нэмэгдэх гэм нүглээс болж өргөжин тэлэхгүй гэж үздэг байна. {AM 536.1} Aм 434.3
Мөнхийн шийтгэлийн тухай бузар үзэл ямар их гай тарьсныг хүний ухаан төсөөлж дийлэхгүй. Хайр, сайн сайхан хийгээд нинжин сэтгэлээр бялхам Библийн итгэл бишрэл мухар сүсгээр бузарлагдаж, аймшигтай дүр төрхтэй болжээ. Бурханы зан чанарыг Сатан худал хуурмагаар будаж байгаа учраас яагаад энэрэнгүй Бүтээгч Эзэн маань айдас хүйдэс төрүүлж, үзэн ядалтын бай болж байдаг вэ? гэдэгт гайхах хэрэг алга. Сүмийн индэр дээрээс номлож буй Бурханы тухай айдас хүргэм үзэл суртлууд дэлхий дахинд тархаж, улмаар мянга мянга, сая сая тэрс үзэлтнүүд болон үнэнээс урвагчдыг төрүүлсээр байна.(АМ 536.2) Aм 435.1
Мөнхийн тамын шийтгэлийн онол бол Вавилоны бүх үндэстэнд уулгаж буй бузар хүсэл тачаалын дарс болох хуурамч сургаалуудын нэг мөн. Илчлэлт 14:8, 17:2. Христийн сүмийн пасторууд энэхүү тэрс үзлийг хүлээн зөвшөөрч, ариун индэр дээрээс тунхаглах болсон нь ойлгоход бэрх зүйл юм. Тэд Ромын сүмийн хуурамч амралтын өдрийн сургаалыг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ үзэл сургаалыг агуу, нэр хүндтэй хүмүүс айлдаж байсан нь үнэн боловч тэд энэ сэдвийн талаар бидэнтэй адил хэмжээнд мэддэггүй байсан юм. Тэд зөвхөн тухайн цаг үед хүлээн авсан үнэнийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Харин бид өнөө үед тунхаглагдаж буй үнэний төлөө хариуцлага хүлээнэ. Хэрэв бид Бурханы үгийг эсэргүүцэж хуурамч үзэл сургаалуудыг эцэг өвгөдийн сургаал хэмээн дагавал Вавилоны шийтгэлийг үүрч, түүний тачаалын дарснаас уух болно.{АМ 536.3} Aм 435.2
Гэвч мөнхийн тамын шийтгэлийн тухай үзлийг хүлээн зөвшөөр- дөггүй олон хүн эсрэг тал уруу туйлширч байна. Ийм хүмүүс Бичээсээс Бурхан бол хайр, Бурхан бол өршөөл энэрэл гэж тунхагласныг уншаад, Бурхан бүтээлүүдээ мөнхөд шатах тамын галд хаяна гэдэгт итгэдэггүй. Гэвч тэд сүнс үхэшгүй мөнхөд оршино гэж итгэдэг ба хүн төрөлхтөн эцэстээ бүгд аврагдана гэсэн дүгнэлтийг хийдэг юм. Олон хүн Библийн сэрэмжлүүлгийг ердөө хүнийг сүрдүүлж, дуулгавартай байлгах зорилготой, хий хоосон зүйл мэтээр хандаж байна. Ийнхүү гэм нүгэлтэй хүн Бурханы тушаалуудыг үл хайхарч, зугаа цэнгэл хөөцөлдөн, эцэст нь ямар ч байсан Түүний таалалд багтана гэж бодож байна. Бурханы нигүүлсэлд дулдуйдан, Түүний шударга ёсыг үл ойшоосон ийм сургаал махан зүрхийг өөхшүүлж, нүгэлтнүүдийг бусармаг явдалдаа улам дасаж, хатуу зүрхтэй болоход нөлөөлдөг ажээ.{АМ 537.1} Aм 435.3
Бүх хүн эцэстээ аврагдана гэж итгэдэг хүмүүс мөнхийн аминд халтай үзлээ бататгахын тулд Бичээсүүдийг хэрхэн гуйвуулж буйг эш татахад хангалттай. Нэгэн удаа осолд орж зуурдаар амиа алдсан итгэл бишрэлгүй залуугийн оршуулган дээр бүх хүмүүс аврагдана гэж итгэдэг нэгэн пастор «Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа» 2 Самуел 13:39, гэсэн Давидтай холбоотой эшлэлийг ашигласан билээ. {АМ 537.2} Aм 436.1
Дээрх эшлэлийг номлолдоо ашигласан номлогч, «Энэ залуутай адил нүгэл дотроо хорвоог орхиж мансуурч, аймшигт гэмт хэргийн арилшгүй час улаан толботой болж, хэзээ ч шашинд итгэж бишрээгүй хүмүүс ямар тавилантай байхыг надаас үргэлж асууж лавладаг. Бичээсүүд бидний сэтгэлийг тайвшруулдаг. Бичээсүүд эдгээр аймшигтай асуудлуудад шийдэл өгдөг. Амнон үлэмж нүгэлтэй хүн байсан ба гэм нүгэлдээ гэмшээгүй, тэр согтуурч байхдаа алуулсан. Давид Бурханы эш үзүүлэгч байсан тул Амноныг аврагдах эсэхийг сайн мэдэж байв. Библид Давидын талаар, «Давид Хааны зүрх сэтгэл Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байна. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа» 39-р эшлэл, гэж өгүүлсэн байна гэжээ. {АМ 537.3} Aм 436.2
Бид Давидын үгнээс юуг ойлгож болох вэ? Давид эцэс төгсгөлгүй шийтгэл эдлэх тухай үзэл баримтлалгүй байгааг та ажиглаж чадаж байна уу? Бид ч гэсэн ийм үзэлтэй. Дээрх эшлэл бүх хүн ариусч, амар тайвны таатай, гэгээлэг, нигүүлсэнгүй үзлийг зааж сургаж байгааг харж болно. Давид хүүгээ нас барахад тайвширсан. Яагаад? Эш үзүүлэгч ер бусын ирээдүйг тольдож, хүүгээ бүхий л уруу татлагаас ангижирч, боолчлолоос чөлөөлөгдөн, нүглийн бузраас цэвэршиж, ариун, зөв шударга болж, дээш өргөгдөн баяр хөөрт автагдсан сүнснүүдтэй нэгдэж байгааг харжээ. Түүний хайртай хүү гэм нүгэл ба зовлонгоосоо ангижирч, Ариун Сүнсний гэгээрүүлж, оюун ухааныг нь тэнгэрийн мэргэн ухаан, үхэшгүй мөнхийн хайр дүүрэн газарт, тэнгэрлэг өвийг өвлөн авсан хүмүүстэй нэгдэхээр бэлтгэгдсэнийг мэдээд Давид тайтгарсан юм. {АМ 538.1} Aм 436.3
Тэгэхээр тэнгэрээс ирэх аврал нь энэ дэлхий дээрх бидний хийж байгаа юунаас ч, зүрх сэтгэл ба үзэл бодол, шашин шүтэх эсэхээс үл хамаардаг юм” гэж номложээ.{АМ 538.2} Aм 436.4
Христийн сүмийн пастор Еден цэцэрлэгт могойн «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болно...» гэсэн худал үгийг давтав. Тэрээр алуурчин, хулгайч, завхайрагч хийгээд хамгийн адгийн нүгэлтэн нас бараад мөнхийн жаргалыг эдэлнэ хэмээн тунхаглажээ.(АМ 538.3) Aм 436.5
Бичээсийн үгсийг мушгин гуйвуулагч чухам яагаад ийм дүгнэлтэнд хүрэв? Тэрээр Давид Бурханы хүсэлд буун өгч, тайвширсан гэсэн ганцхан өгүүлбэрээс л ийм дүгнэлт хийж байна. Давидын зүрх сэтгэл «Абсаломын хойноос явахыг эрмэлзэж байв. Учир нь Амнон нас барснаас хойш түүний тухайд Давид тайвширсан байлаа.” Хүү нь нас барсны дараа Давид цагийн аясаар гашуудлаа тайлсан нь нас барсан хүүгээ мартаж амьд үлдсэн хүүгээ бодож, хүү нь бузар үйлдлийнхээ дагуу шударгаар шүүгдсэн гэж бодсонтой холбоотой юм. Гэвч үүнийг зарим хүмүүс зөрүүд, хөлчүү Амнон нас бараад тэр даруй диваажинд заларч, нүгэлгүй тэнгэр элч нартай нөхөрлөхөөр ариусгагджээ гэж ойлгожээ! Энэ бол гэм нүгэлтэй зүрх сэтгэлийн хүслийг зөвтгөж, хаацайлах худал үлгэр мөн. Энэ бол Сатаны үзэл бөгөөд ийм үзэл түүний үйл хэргийг үр дүнтэйгээр хэрэгжүүлдэг ажээ. Ийм сургаалаас болж гэм нүгэл нэмэгдэж байгаад гайхах хэрэг байна гэж үү? (АМ 538.4) Aм 437.1
Энэхүү хуурамч багшийн сонгосон зам өөр олон хүний амьдралтай адил юм. Бичээсийн хэдэн үгсийг үндсэн сэдвээс салгаж жинхэнэ утгаас нь эсрэг утгыг гаргаж ирнэ. Ингэж буруу тайлбарласан эшлэлүүдийг Бурханы үгэн дээр үндэслээгүй үзэл сургаалуудыг батлахад ашиглаж байна. Хөлчүү Амнон тэнгэрт өргөгдсөн гэж батлахыг оролдож буй оролдлого ямар ч архичин Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэсэн тодорхой Бичээсийн тунхаглалтай эрс зөрчилдөж байна. 1 Коринт 6:10. Бурханы үгэнд эргэлзэгч, үл итгэгч, үгүйсгэгч хүмүүс ийнхүү үнэнийг худал болгон хувиргадаг ба тэдний мэхлэлтэд үй олон хүн хууртаж, махан биеийн хүслээ дагах нь аюулгүй гэсэн үзэлдээ бүүвэйлэгдэн, гүн нойронд автаж байна. {АМ 539.1} Aм 437.2
Хэрэв бүх нас барсан хүний сүнс диваажин уруу шууд өргөгддөг бол бид энд амьдрахаас илүү үхсэн нь дээр байх болно. Олон хүн ийм үзэл бодлоос болж амиа хорлох хүсэлд автдаг байна. Зовлон бэрхшээл, цөхрөлд автсан үедээ хүн утсан чинээ улаан амиа тасалчхаад мөнхийн орны аз жаргал өөд нисэн одох нь туйлын хялбар санагдаж болох юм. {АМ 539.2} Aм 437.3
Бурхан хуулийг нь зөрчсөн хүмүүсийг шийтгэнэ гэдгээ үгэндээ баттай хэлсэн билээ. Бурханыг нүгэлтнүүдийг шударгаар шүүдэггүй, хэт өршөөнгүй мэтээр бодож өөрсдийгөө тайвшруулдаг хүмүүс Калварын загалмайг харах хэрэгтэй. Гэм буруугүй Бурханы Хүүгийн үхэл «Нүглийн хөлс бол үхэл» гэдэг нь Бурханы хуулийг зөрчих бүрт зохих шийтгэл хүртэх ёстойг гэрчилж байна. Гэм нүгэлгүй Христ хүний төлөө нүгэл болсон юм. Тэрээр зүрхээ шархлуулж, амиа алдах хүртлээ гэмийн буруутгалыг үүрч, Эцэгийнхээ мэлмийгээс хагацсан юм. Есүс энэ бүх золиосыг гэм нүгэлтнүүдийг аврахын тулд даван гарсан юм. Хүнийг өөрөөр гэм нүглийн шийтгэлээс аврах боломж байгаагүй. Маш их үнээр олдсон эвлэрүүллээс татгалзсан хүн бүр гэм нүглийнхээ шийтгэлийг биеэрээ үүрэх шаардлагатай болно.{АМ 539.3} Aм 437.4
Бүгд эцэстээ аврагдана гэж номлодог хүмүүс бузар муу, гэмшээгүй хүмүүс диваажинд аз жаргалтай, амар тайван амьдарна гэж бичсэн байдаг эсэхийг Бичээс дээрээс судалж үзье.{АМ 540.1} Aм 438.1
«Цангасан нэгэнд Би амийн усны булгийн уснаас үнэгүй өгнө.” Илчлэлт 21:6. Энэ амлалт бол зөвхөн цангасан хүмүүст зориулагдсан юм. Гагцхүү амийн усны хэрэгцээгээ ухаарч, түүнийг олж авахын тулд бүхнээ зориулсан хүмүүст амийн усыг өгөх болно. «Ялагч нь эдгээр зүйлийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно. » Эшлэл 7. Энэ амлалтанд тодорхой болзол тавьсан байна. Бүхнийг өвлөн авахын тулд бид нүглийг эсэргүүцэж, нүглийг ялан дийлэх ёстой.{АМ 540.2} Aм 438.2
Эзэн эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан, «Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн.” «Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.» Исаиа 3:10. Хамгийн мэргэн ухаантан «Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа бузар мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээгч нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв. Гэмт хүнд ... сайн юм үгүй. ” Номлогчийн үгс 8:12,13. Мөн Паул гэм нүгэлтэй хүн «Уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж» байгаа гэж хэлсэн. «Бурхан хүн бүрт үйлсийнх нь дагуу хариуг өгнө.” «Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөх зовлон байх болно.» Ром 2:5, 6, 9. {АМ 540.3} Aм 438.3
«Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон ариусгалыг мөшгөхтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.» Еврей 12:4. «Амийн мод уруу очих эрхтэй болохын тулд болон хаалгаар хот уруу орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ! Гадна талд нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчнд, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна. » Илчлэлт 22:14, 15.{АМ 541.1} Aм 438.4
Бурхан зан чанар болон гэм нүгэлтэй хэрхэн харьцдаг талаар, «Эзэн Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй.” Египетээс гарсан нь 34:6, 7. «Эзэн ... бүх хорон муу хүнийг устгана.» «Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана. Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана» Дуулал 145:20, 37:38 гэж тунхаглажээ. Бурхан засаглалынхаа хүч чадал, эрх мэдлээрээ эсэргүүцлийг дарах болно. Үйлсийнх нь дагуу шүүх шүүлт бүх талаараа Бурханы өршөөнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайраар бялхам зан чанартай нь нийцэх болно. {АМ 541.2} Aм 438.5
Бурхан хэний ч хүсэл, шийдвэрийг хүчилдэггүй. Тэрээр боол мэт дуулгавартай байдалд баясдаггүй. Бурхан бүтээлүүдээ Өөрийг нь үнэлж, ойлгосон учраас хайрлаасай гэж хүсдэг. Тэрээр хүмүүсийг мэргэн ухаан, шударга ёс хийгээд энэрэл хайраараа дагуулахыг хүсдэг. Эдгээр зан чанаруудыг зөвөөр үнэлдэг хүмүүс Түүний зан чанарыг биширч Түүнийг хайрлах болно. {AM 541.3} Aм 439.1
Аврагч Эзэний зааж, сургаж үлгэрлэсэн нинжин сэтгэл, өршөөл хайр бол Бурханы хүсэл болон зан чанарын төгс илэрхийлэл юм. Христ Эцэгээсээ хүлээж авснаас өөр юуг ч заагаагүй хэмээн тунхаглажээ. Тэнгэрийн засаглалын зарчмууд нь «Дайснаа хайрла» хэмээх Аврагчийн сургаалтай яв цав нийцнэ. Бурхан бүх ертөнцийн сайн сайхан болон шүүж буй хүмүүсийнхээ төлөө нүгэлтнийг шударгаар шүүнэ. Тэрээр хайрын бэлгэ тэмдгээ үзүүлж, хуулиа мэдүүлж, өршөөл нигүүлслээ үргэлж санал болгодог юм. Гэвч гэмтнүүд Түүний хайрыг жигшиж, хуулийг нь уландаа гишгэж, өршөөлийг нь үл хайхардаг ажээ. Тэд ивээлийг нь үргэлж хүртдэг боловч Ивээлээ хайрлагчийг гутаан доромжилдог юм. Бурхан нүглийг нь жигшдэг гэдгийг мэддэг тул тэд Бурханыг үзэн яддаг. Эзэн зерүүд занд тэвчээртэй ханддаг боловч мөнхийн хувь заяаг нь шийдэх цаг заавал ирнэ. Бурхан босогч, эсэргүүцэгчдийг дэргэдээсээ холдуулахгүй хажуудаа дөнгөлнө гэж үү? Бурхан хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэднийг албадах уу? {AM 541.4} Aм 439.2
Сатаныг удирдагчаараа сонгож эрхшээлд нь орсон хүмүүс Бурханы өмнө очих бэлтгэлгүй байна. Зан чанар нь бардамнал, хууран мэхлэлт, ёс зүйгүй үйлдэл, харгислал гүнзгий нэвчсэн байдаг. Тэд дэлхий дээр байхдаа үзэн ядаж, доромжилж байсан хүмүүстэйгээ мөнхөд амьдрахаар диваажинд очиж чадах уу? Худалч хүн хэзээ ч шударга үнэнтэй нийцэж чадахгүй, бардам хүн хэзээ ч даруу төлөвтэй нийцэж чадахгүй, бузар муу хүн хэзээ ч цэвэр ариун явдлыг хүлээн зөвшөөрөхгүй, хувиа хичээсэн хүнд хариу нэхдэггүй хайр хэзээ ч таалагдахгүй. Дэлхийн явдал хийгээд Амин хувийн хүсэлдээ бүрэн автсан хүмүүст диваажинд таалагдах зүйл олдоно гэж үү?{АМ 542.1} Aм 439.3
Насан туршдаа Бурханд тэрсэлсэн хүмүүс гэнэт диваажинд орж, төгс төгөлдөр эрхэм дээд ариун байдалтай нийцэж, зүрх сэтгэл бүхэн хайраар дүүрсэн, хүн бүр баяр хөөртэйгөөр, Бурхан ба Хурганд хүндэтгэл өргөн яруутунгалагхөгжмөөтоглож, СэнтийдЗалрагчаасцацрахгэрэлаврагдсан хүмүүсийг гийгүүлэхийг хараад Бурхан, үнэн ба ариун ёсыг үзэн ядагчид тэнгэрийн оршин суугчидтай нэгдэж, магтаалын дууг дэмжиж чадна гэж үү? Тэд Бурхан болон Хурганы цог жавхлангийн гэрлийг тэсэж чадна гэж үү? Үгүй. Тэдэнд диваажинтай нийцэх зан чанарыг төлөвшүүлэхэд нь туслахаар олон жилийн боломжийг өгсөн ч тэд оюун ухаанаа ариусгахыг хүсээгүй, диваажингийн үг хэлээс суралцаагүй учир аврагдах боломжоо алдаад уджээ. Бурханы эсрэг тэрсэлсэн амьдрал нь диваажинд ороход саад болно. Цэвэр ариун, амар тайван амьдрал там болж, Бурханы яруу алдар шатаах гал болно. Тэд ариун газраас зугтан, нүүрээ буруулахыг хүсэх болно. Тэд өөрсдийг нь аврахаар амиа өгсөн Нэгэний мэлмийгээс нуугдахын тулд сүйрэлийг хүсэн гуйх болно. Бузар хүмүүсийн хувь тавилан сонголтоос нь бүрэн шалтгаална. Тэд сонголтоороо диваажинд орохоос татгалзсан шийтгэл нь Бурханы шударга байдал, өршөөл энэрлийг харуулах болно. {AM 542.2} Aм 439.4
Агуу шийтгэлийн өдрийн ариусгагч гал Үерийн ус лугаа адил бузар хүмүүс засаршгүйг тунхаглах Бурханы шийтгэл байх болно. Тэд диваажингийн эрх мэдэлд бууж өгөх ямар ч хүсэл бодолгүй байна. Тэд хүсэл бодлоо эсэргүүцлээр удирдуулжээ. Тэдний амьдрал төгсгөл болох үед бодол санаа нь өөрчлөгдөхөд хэтэрхий оройтсон байх бөгөөд эсэргүүцэл нь дуулгавартай байдал уруу, үзэн ядалт нь хайр уруу эргэхэд хэт хожимдсон байна.{АМ 543.1} Aм 440.1
Бурхан алуурчин Каины амийг өршөөснөөр нүгэлтэнд гэм буруугаа цээргүйгээр үргэлжлүүлэхийг зөвшөөрснөөрөө ямар үр дүнд хүрдгийг харуулахыг зорьжээ. Каины сургаал, үлгэр дуурайлын нөлөөгөөр түүний үр удмын үй олон хүн нүгэлд уруу татагдаж, улмаар «Дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай» болжээ. «Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.” Эхлэл 6:5, 11.{AM 543.2} Aм 440.2
Бурхан дэлхийг нигүүлссэн учир Ноагийн үед амьдарч байсан бузар хүмүүсийг арчин зайлуулжээ. Бурхан нигүүлслээрээ Содомын бузар оршин суугчдыг устгасан юм. Гэм нүглийг хэрэгжүүлэгчид Сатан хууран мэхлэх хүчийг ашиглан, хүмүүсийн хайр, анхаарлыг татаж, ямагт бусдыг Бурханыг эсэргүүцэхэд уруу татдаг юм. Каин болон Ноа, Абрахам болон Лотын үед ийм байсан, өнөө үед ч хэвээрээ байсаар л байна. Бурхан нигүүлслийг нь эсэргүүцэгчдийг бүрмөсөн устгах нь Бурханы ертөнцөд үзүүлж буй хайр энэрэл юм.{AM 543.3} Aм 440.3
«Учир нь нүтлийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.» Ром 6:23. Зөвт хүмүүс амийг өвлөх боловч нүгэлт хүмүүс үхлийг өвлөх юм. Мосе Израильчуудад «Би өнөөдөр чиний өмнө амь ба аз жаргал, үхэл ба гай зовлонг тарилаа” (Дэд Хууль 30:15) хэмээн тунхаглажээ. Эдгээр эшлэлүүдэд дурдагдсан үхэл бол зөвхөн Адамд оноосон ял биш, учир нь бүх хүн төрөлхтөн түүний гэм нүглийн шийтгэлийг хүртэнэ. «Хоёр дахь үхэл» мөнх амьдралын эсрэг зүйл юм.{АМ 544.1} Aм 440.4
Адамын гэм нүглээс болж хүн төрөлхтнийг үхэл нөмөрсөн юм. Бүгд үхэж булшинд ордог болжээ. Харин авралын төлөвлөгөөний үр дүнд бүх хүн булшнаас дахин амилуулагдах боломжтой болжээ. «Хилэнцэт ба зөвт хүмүүсийн хэн хэн нь амилна.” «Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдахболно.” Үйлс24:15; 1 Коринт 15:22. Гэвчамилуулагдах хүмүүсийн дунд асар том ялгаа бий. «Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг болж байна. Сайн үйлсийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ.” Иохан 5:28,29. Амийн амилалтанд багтах «Зохистойд тооцогдсон» хүмүүс «Ерөөлтэй агаад ариун юм.” Илчлэлт 20:6. Гэвч итгэл болон гэмшлээр уучлалыг хүртээгүй хүмүүс «Нүглийн хөлс» болох эсэргүүцлийнхээ шийтгэлийг хүртэх ёстой. Тэдний «Үйлсийнхээ дагуу” шийтгүүлэх хугацаа, хэм хэмжээний ялгаатай байх боловч, эцэстээ бүгд хоёр дахь үхлээр үхнэ. Шударга, өршөөнгүй Бурхан гэмт хүнийг нүгэлтэй чигээр нь аврах ямар ч боломжгүй. Тиймээс амьдрах эрхгүй гэдгээ батлан харуулсан, гэм нүглээр зохисгүй гэдгээ харуулж буй амьдралыг Бурхан төгсгөнө. Бурханы онгодоор хөтлүүлсэн нэгэн «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч тэр байхгүй байх болно” гэж бичсэн бол өөр нэгэн Библийн бичээч «Тэд ... оршиж байгаагүй мэт болох болно” гэж тунхаглажээ. Дуулал 37:10; Обадиа 16. Гутамшигт дарагдсан гэмтнүүд ямар ч итгэл найдваргүйгээр мөнхөд үхэж мартагдана. {АМ 544.2} Aм 441.1
Ийнхүү гэм нүглийн учруулсан бүх гамшиг, сүйрэл төгсөх болно. Энэ талаар дуулаач, «Та хорон муу хүмүүсийг устгасан. Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон. Дайсан үүрдийн сүүрлээр сүүрсэн” (Дуулал 9:5,6) гэжээ. Илчлэлт номонд мөнх амьдралыг үзэгдлээр үзсэн Иохан аврагдагчид орчлон ертөнц даяар ганц ч эгшиг үл зөрөх, төгс магтаалын дууг ертөнц даяараа дуулж байхыг сонсчээ. Тэнгэр, газар дээрх бүх бүтээл Бурханы алдрыг магтахад хувь нэмрээ оруулж байлаа. Илчлэлт 5:13. Тэнд галт тамд эцэс төгсгөлгүй зовж шаналах, Бурханыг доромжлох нэг ч гэмтэн байхгүй байх болно. Тэнд аврагдагчдын дууг гутаах, ямар ч тамын тарчилсан дуу байхгүй байх болно. (АМ 545.1) Aм 441.2
Хүн үхэшгүй мөнх сүнстэй гэж итгэдэг хүмүүсийн үндсэн алдаа нь хүн үхсэн ч алив зүйлсийг мэдрэх ухамсартай болон гэмт хүн мөнхийн шийтгэл амсана гэдэг нь Бичээс хүмүүсийн учир шалтгаан, хүний ёс суртахуунд үл нийцэх үзэл гэдгийг ойлгодоггүйтэй холбоотой. Олон хүн үхээд диваажинд орсон хүмүүс дэлхийн үйл явдал болон амьд үлдсэн дотны хүмүүсийнхээ амьдралыг нэгд нэгэнгүй мэддэг гэж итгэдэг юм. Тэгэхээр тэд амьд байгаа дотны хүмүүсийн амьдралын зовлонг харж, дотны хүмүүсийнхээ гэм нүгэл үйлдэхийг мэдэрч, амьдралынх нь бүх үй гашуу, цөхрөл, шаналлуудыг хардаг юм бол тэнгэрийн үхэгсдэд хэрхэн диваажинд орсон шавхагдашгүй баяр хөөрийг мэдэрч чадах билээ? Дэлхий дээр үлдсэн дотны хүмүүстээ хоргодсон хүмүүс тэнгэрийн жаргалыг яаж тоох юм бэ? Мөн бие махбодын хувьд амьсгал нь тасармагц, талийгаачийн сүнс тамын галд үүрд зовж шанална гэсэн үзэл юутай аймшигтай байх вэ! Анд нөхөр нь мөнхийн зовлон, гэм нүглийн шийтгэлийг үүрэхээр булшинд орохыг харсан хүмүүст ямар их уй гашуу мэдрэгдэх бол! Энэхүү хар дарам аймшигт дүрслэлээс болж олон хүн галзуурах шахаж байна. (AM 545.2) Aм 441.3
Бичээст эдгээрийн талаар юу гэж сургадаг вэ? Давид үхсэн хүн юу ч мэдэхгүй хэмээн тунхаглажээ. «Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.” Дуулал 146:4. Соломон дээрхтэй адил «Амьд байгчид нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж.” «Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийн мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.” «Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй” Номлогчийн Үгс 9:5,6,10, гэж өгүүлдэг ЮМ. (AM 545.3) Aм 442.1
Хезекиа хааны залбирлын хариуд амьдрал нь арван таван жилээр уртсах үед тэрээр баяр хөөрт автан, Бурханы агуу өршөөлийг магтан дуулсан байна. Тэрээр магтаалын дуундаа яагаад баярлан хөөрсөн шалтгаанаа дурдсан байна. «Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй, үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм. Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө» Исаиа 38:18, 19 гэжээ. Олон хүн нас барсан зөвт хүн диваажинд очиж, Бурханыг мөнхөд магтан дуулж байгаа гэж итгэдэг ажээ. Гэтэл Хезекиа үхэлд ямар нэг сайхан зүйл байгааг олж хараагүй. Түүний үгс дуулаачийн үгстэй нийцдэг. Дуулаач «Учир нь үхэлд таныг дурсан санана гэж үгүй, Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?” «Үхэгсэд Эзэнийг магтдаггүй, Анир чимээгүй уруу доош одогч хэн боловч магтдаггүй.” Дуулал 6:5,115:17.{АМ 546.1} Aм 442.2
Петр Пентекостын өдөр өвөг эцэг болох Давидын талаар «Тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна.» «Учир нь Давид тэнгэрт өргөгдөөгүй” Үйлс 2:29, 34 гэжээ. Давид дахин амилах хүртлээ булшиндаа нойрсож байгаа нь зөвт хүмүүс үхээд тэнгэр лүү өргөгддөггүйг баталж байна. Үхлээс амилсан Христийн ачаар үхэгсэд дахин амилах үед Давид дахин амилж, Бурханы баруун гар талд залрах болно. {АМ 546.2} Aм 442.3
Мөн Паул энэ тухай, «Учир нь хэрэв үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч гэсэн амилуулагдаагүй болно. Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно” (1 Коринт 15:16- 18) гэжээ. Хэрэв зөвт хүмүүс дөрвөн мянган жилийн турш нас бараад шууд тэнгэрт очиж байсан бол Паул үхлээс дахин амилдаггүй байсан бол «Христийн дотор нойрсогсод ч мөн мөхсөн гэж тавигдах ёстой” гэж хэлэх байсан. Хэрэв үхэгсэд үргэлжлүүлэн амьдардаг бол тэдэнд дахин амилах шаардлага байхгүй гэсэн үг. {АМ 546.3} Aм 443.1
Үнэний төлөө амиа алдсан Тиндейл үхсэн хүний нөхцөл байдлын талаар, «Би үхэгсэд Христ эсвэл Бурханы сонгосон тэнгэр элч нар шиг диваажингийн алдарт орсон гэдэгт итгэдэггүй болохоо ил тод зарлаж байна. Би ийм зүйлд огт итгэж биширдэггүй. Хэрэв үхэгсэд үргэлжлүүлэн амьдардаг бол үхэгсэд дахин амилна гэсэн номлол утгагүй дэмий хоосон зүйл болох болно” гэжээ. — Tindal, Frith, Barnes, page 349.{AM 547.1} Aм 443.2
Хүн үхээд шууд диваажинд ордог гэсэн итгэл найдвар Библийн үхэгсэд дахин амилах сургаалыг үл тоомсорлоход нөлөөлжээ. Үүнийг олж харсан Доктор Адам Кларк, «Үхэгсдээс амилах тухай сургаал анхны Христэд итгэгчдийн дунд өнөөгийнхөөс илүү чухал байр суурь эзэлдэг байжээ! Яагаад? Элч нар ямагт энэ үзлийг сургаж, энэ сургаалаар Бурханы дагалдагчдыг тууштай, дуулгавартай, итгэлтэй, баяр хөөртэй болгодог байв. Гэтэл энэ сургаалыг өнөө үеийн итгэгчид ховорхон дурдах юм! Энэ үзлийг элч нар болгон анхны Христэд итгэгчид бид ч номлож, биднийг сонссон хүмүүс итгэсээр байна. Сайн мэдээнд үүнээс илүү чухал байр суурь эзлэх үзэл сургаал гэж байхгүй. Гэвч өнөөгийн номлогчдын дунд үүн шиг үл тоогдсон сургаал гэж алга!»— Commentary, remarks on 1 Corinthians 15, paragraph 3. (AM 547.2) Aм 443.3
Энэ үйл явдал амилалтын тухай гайхамшигтай үнэн Христэд итгэгчдээс бараг бүрэн замхарч, мартагдахад хүрсэн байна. Нэгэн алд артай зохиолч 1 Тесалоник 4:13-18 дээрх Паулын үгсийг тайлбарлахдаа, «Зөвт хүмүүс нас бараад шууд диваажинд ордог гэсэн үзэл бодит тайтгарал өгдөг учраас эргэлзээ төрүүлэхүйц Эзэний дахин ирэлтийн үзлийг орлож байна. Бид нас барахад Эзэн биднийг аврахаар ирнэ. Бид үүнийг л хүлээж, харж байна. Үхэгсэд аль хэдийн алдаршуулагдсан. Тэд шийтгэл, ерөөлийн төлөө бүрээн дууг хүлээх шаардлагагүй» гэж бичсэн байна.{АМ 547.3} Aм 443.4
Есүс шавь нараа орхин явах гэж байхдаа тэднийг удахгүй Өөр дээр нь очих болно гэж хэлээгүй. Тэрээр «Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна» (Иохан 14:2,3) гэжээ. Паул энэ тухай үргэлжлүүлэн, «Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно” гэжээ. Мөн «Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул” гэсэн байна. 1 Тесалоник 4:16-18. Дээрх тайтгарлын үгс болон бүх хүмүүс эцэстээ аврагдана гэсэн номлогчдын үгс ямар том зөрүүтэй байна вэ! гэж номлогч гашуудсан хүмүүст талийгаач ямар ч гэм нүгэлтэй байсан нас бараад тэнгэр элч нар дээр очиж бүгд аврагдана хэмээн тайтгаруулдаг байна. Харин Паул дээрх эшлэлүүдээр итгэгч ах дүүсдээ булшны хүлээсийг тайлж, «Христийн дотор нойрсогчид» мөнх амь уруу дахин амилуулагдах Эзэний дахин ирэлтийн талаар өгүүлж байжээ. {АМ 548.1} Aм 443.5
Ямар ч хүн диваажинд орохоосоо өмнө үйл хэргээ шүүлгэж, зан чанар, ажил үйлсээ Бурханы өмнө шалгуулах ёстой. Бүгд амийн номд бичигдсэн үйлсийнхээ дагуу шүүгдэж, үйлсийнхээ дагуу шагналаа авна. Энэ шүүлт хүнийг нас барах үед болохгүй. Паулын, «Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулан ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу” Үйлс 17:31, 32 гэж хэлсэн үгсэд анхаарал хандуулаарай. Элч Паул энэ эшлэлээр дэлхийг шүүх ирээдүйн, тодорхой цаг тогтоогдсон талаар тун тодорхой дурдсан байна.{АМ 548.2} Aм 444.1
Иуда номонд энэ цаг хугацааны талаар, «Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.» Мөн Енохын, «Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ... бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулахаар ... ирэв» Иуда 6, 14, 15 гэж өгүүлсэн байдаг. Иохан бас «Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг ... харлаа ... Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв” Илчлэлт 20:12, гэжээ.(АМ 548.3) Aм 444.2
Хэрэв үхэгсэд хэдийнэ диваажингийн жаргал, тамын зовлонг амсаж байгаа бол ирээдүйд шүүлт явуулах ямар хэрэг байх вэ? Бурханы сургаалд эдгээр чухал сэдвүүдийн талаар үл ойлгогдохуйц, хоорондоо үл нийцэх зүйлс байхгүй. Энэ сургаалыг энгийн хүмүүс ойлгох боломжтой. Гэвч өнөөгийн үхлийн талаарх түгээмэл үзлээс ямар мэргэн ухаан эсвэл шударга ёс харагдаж байна вэ? Зөвт хүмүүс олон мянган жил диваажинд жаргасныхаа дараа шүүгдэж «Сайн байна, итгэмжит сайн боол минь! ... Эзэнийхээ баяр баясгаланд ор» гэж хэлүүлэх болж байна уу? Нүгэлтнүүд бүх дэлхийн Шүүгчээс «Надаас зайл,... мөнх галд ор» гэсэн ялыг дахин сонсох гэж тамын орноос гарч ирэх үү? Матай 25:21, 41. Энэ нь ямар их доромжлол байх вэ? Энэ үзэл Бурханы мэргэн ухаан, шударга ёсыг ямар их гутаан доромжилно вэ? {АМ 549.1} Aм 444.3
Үхэшгүй мөнх сүнсний тухай үзэл бол Ромын бузар шүтлэгүүдээс зээлж, Христийн шашинд оруулж ирсэн хуурамч сургаалуудын нэг. Мартин Лютер үүнийг «Ромын тушаал, ёс заншлыг үндэслэгч мангасын үлгэрүүд» хэмээн нэрийджээ.—Е. Petavel, The Problem of Immortality, page 255. Үхэгсэд юу ч мэдэхгүй хэмээх Соломоны үгсийг тайлбарлахдаа Лютер, «Энэ эшлэл бол үхэгсэд юу ч мэдэрдэггүйг харуулсан өөр нэгэн баталгаа. Үхсэн хүнд ямар ч үүрэг, ухаан, мэдлэг, мэргэн санаа гэж байхгүй. Соломон хаан үхэгсдийг нойрсогчид бөгөөд, тэд юу ч мэдэрдэггүй гэжээ. Учир нь үхэгсэд нойрсох зуураа өдөр хоног, cap, жилүүдийг тоолохгүй ба дахин амилалтаар сэрэхэд нь тэдэнд ганцхан хором дугхийгээд сэрсэн мэт сэтгэгдэл төрнө” гэж бичиж байжээ.—Martin Luther, Exposition of Solomoms Booke Called Ecclesiastes, page 152.{AM 549.2} Aм 445.1
Бичээсийн хаана ч зөвт хүмүүс нас бараад шууд шагналаа хүртэж, эсвэл нүгэлт хүмүүс шийтгэлээ авна гэж бичээгүй. Эцэг өвгөд болон эш үзүүлэгчид дээрх үзлийг зааж сургаж байгаагүй. Христ болон Түүний элчүүд ч ийм утга санааг номлож байгаагүй. Үхэгсэд шууд диваажин уруу явдаггүй гэдгийг Библид тодорхой зааж сургадаг ба үхэгсэд дахин амилах хүртлээ нойрсох талаар дүрсэлсэн байна. 1 Тесалоник 4:14; Иов 14:10- 12. Мөнгөн утас тасарч, алтан аяга хэмхэрсэн тэр өдөрт (Номлогчийн Үгс 12:6) хүмүүний бодлууд мөхнө. Булш уруу доош одогч нь анир чимээгүй. Тэд наран доор үйлдэгддэг аливаа хэрэг явдлуудын алиныг нь ч мэдэхгүй. Иов 14:21. Үхэл бол зовлонд туйлдсан зөвт хүмүүст зориулсан амралт юм! Улиран одох цаг хугацаа тэдний хувьд урт, богино байхаас үл хамааран ганц хором мэт санагдах болно. Тэд Бурханы бүрээн дуунаар цог жавхлант үхэшгүй мөнх амьдралыг өвлөн авах хүртлээ нойрсох болно. «Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж ... Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед ‘Үхэл ялалтад залгигдсан’ гэж бичигдсэн үгс биелнэ.” 1 Коринт 15:52-54. Тэд гүн нойрноосоо сэрэх үедээ үхлээр нойрсохоосоо өмнө бодож байсан бодлуудаа үргэлжлүүлэх болно. Тэд үхлийн хатгуурыг хамгийн сүүлд мэдэрсэн байх болно. Тэдний бодсон сүүлчийн бодол нь үхлийн хүчинд дийлэгдэж байгаа бодол байх юм. Тэд булшнаас дахин амилуулагдахдаа хамгийн түрүүнд, «Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?” (55-р эшлэл) хэмээх ялалтын уухайгаа хадаах болно. (AM 549.3) Aм 445.2