Агуу Мэтгэлцээн

31/44

29—Бузар Муугийн Үүсэл

Гэм нүглийн үүсэл хийгээд түүний оршин буй шалтгаан нь олон хүний гайхшралыг төрүүлдэг юм. Хүмүүс бузар муугийн тархсан цар хүрээ, улруулеаи сүйрэл, гай зовлонг хараад, энэ бүхэн байх үед яаж мэргэн ухаантай, хүч чадал хайр энэрлийн дээд Бурхан үүсэн бий болов гэж гайхширдаг ажээ. Тэд энэ нууцыг ойлгож ухаарч огт чаддаггүй. Тэд үл ойлгосон, эргэлзээтэй байдалдаа хэт автагдсанаас болж, Бурханы үгэнд тодорхой илчлэгдсэн, авралыг өгөх олон үнэнийг харж чаддаггүй. Гэм нүглийн учир шалтгааныг олох гэж зарим хүмүүс Бурханы илчлээгүй талбарт эрэл хайгуул хийсээр байна. Тэд буруу газраас үнэнийг хайдаг тул асуудлынхаа шийдлийг олж чаддаггүй. Эргэлзээ бухимдалдаа автагдсан ийм хүмүүс асуудлаа шийдэж чадахгүйгээсээ болж, Бурханы Ариун Бичээсийн үгсийг эсэргүүцэх шалтаг хайж эхэлнэ. Өөр бусад хүмүүс Бурханы зан чанар, засаглал хийгээд Түүний гэм нүгэлд хандах байр суурийн тухай Библийн сургаалыг гуйвуулсан заншил, уламжлалт төөрөгдлүүдээс болоод бузар муугийн учруулсан гай зовлонгийн тухай бүрэн ойлголт авч чаддаггүй. {АМ 492.1} Aм 397.1

Гэм нүглийн гарал үүсэл хийгээд түүний учир шалтгааныг бүрэн тайлбарлах боломжгүй. Гэм нүглийн гарал үүсэл, гэм нүглийн эцсийн шийтгэлээс Бурхан бузар мууд ямар шударга, нигүүлсэнгүй ханддагийг харах бүрэн хангалттай баримтуудыг олж болно. Бурхан гэм нүглийн гарал үүсэлд ямар ч хамаагүй болохыг Бичээст тодорхой сургасан байна. Бурханы нигүүлсэл дутсанаас, Түүний засаглал доголдсоноос болж гэмт эсэргүүцэл үүсээгүй. Нүгэл бол ямар ч үндэслэлгүй оршин тогтнох түрэмгийлэгч. Нүгэл бол учир битүүлэг бөгөөд учир утгагүй зүйл. Нүглийг үл ойшоох нь, түүнийг хамгаалж буй хэрэг. Нүглийн учир утга, оршин тогтнох шалтгаан ойлгогдох боломжтой байсан бол гэм нүгэл, нүгэл биш болох байв. Нүглийн тухай бидний мэдэх цорын ганц тодорхойлолт Бурханы үгэнд бичигдсэн байна. Гэм нүгэл бол «Бурханы хуулийг зөрчих явдал юм.” Гэм бол тэнгэрийн засаглалын үндэс болох хайрын агуу хуультай зөрчилдөж буй зарчим түүний биелэл юм.{АМ 492.2} Aм 397.2

Бузар муу гарч ирэхээс өмнө ертөнц даяараа энх амгалан, аз жаргалтай байжээ. Бүхий л зүйлс Бүтээгчийн хүсэлтэй төгс нийцэн, оршиж байв. Бурханыг хайрлах хайр бялхаж, бусдыг хайрлах хайр дүүрэн байлаа. Үг буюу Бурханы Цорын Ганц Хүү болох Христ мөнхийн Эцэгтэйгээ мөн чанар, зан байдал хийгээд зорилгын хувьд нэг байжээ. Христ бол Бурхантай зөвлөх, түүний зорилгуудад нэвтэрч чадах цорын ганц нэгэн юм. Эцэг Христээр бүхий л тэнгэрлэг бүтээлүүдийг бүтээлгэжээ. «Учир нь Түүн дотор тэнгэр... дэх бүх юмс,... хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд эсвэл бүх эрх мэдлүүд ч бүтээгдсэн.” Колоссай 1:16. Тэнгэр бүхэлдээ Эцэгт бүрэн хүчин зүтгэдэгтэй адил Христэд хүчин зүтгэдэг байв. (AM 493.1) Aм 398.1

Хайрын хууль бол Бурханы засаглалын үндэс бөгөөд, бүх бүтээлүүдийн аз жаргал зөв шударга зарчмуудтай төгс нийцэхээс шалтгаалдаг байлаа. Бурхан бүх бүтээлүүдээ зан чанарыг нь таньж мэдсэнээр хайраар болон үнэнч сэтгэлээр үйлчлээсэй гэж хүсдэг юм. Бурхан хэнийг ч хүчлэн дарангуйлахыг хүсээгүй бөгөөд бүгдэд нь сайн дураар үйлчлэх сонголтыг өгөхөд энэ эрх чөлөөг буруугаар ашиглах нэгэн гарч иржээ. {АМ 493.2} Aм 398.2

Өөрөөр хэлбэл энэхүү эрх чөлөөг шамшигдуулагч гарч иржээ. Эрэмбээрээ Христийн дараа жагсаж, Бурханы хүндэтгэлийг дээд зэргээр хүлээсэн, тэнгэрийн бүтээлүүдийн дунд хүч чадал хийгээд сүр жавхлангаараа хамгийн дээр зогсдог нэгэн гэм нүглийг эхлүүлсэн Лусифер, нүгэл үйлдэхээсээ өмнө ариун, төгс халхлагч херубуудын тэргүүлэгч байсан юм. Эзэн Бурхан ‘Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв. ... Чи бол халхалдаг тослогдсон Херуб байсан ба Би чамайг байрлуулсан. Чи Бурханы ариун ууланд байлаа. Чи галт чулуунуудын дундуур явав. Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв» хэмээжээ. Езекиел 28:12-15. {АМ 493.3} Aм 398.3

Лусиферт Бурханы таалалд нийцэж, тэнгэр элч нарын хайр, хүндэтгэлийг хүртэн, дээд хүч чадлаараа бусдад ивээл болж, Бурханыг алдаршуулсаар байх боломж байсан юм. Гэвч эш үзүүлэгч «Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав. Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан” (17-р эшлэл) гэжээ. Лусифер бага багаар өөрийгөө өргөмжлөх хүсэлд автах болов. «Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон.” «Учир нь чи зүрхэндээ ... Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би ... чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно’ гэсэн.» 6-р эшлэл, Исаиа 14:13,14. Лусифер бүтээлүүдийг Бурханыг хайрлаж, хүндэтгэдэг болгохын оронд үйлчлэл, зүрх сэтгэлийг нь өөртөө урвуулахыг чармайж эхлэв. Мөнхийн Эцэгийн Хүүдээ даалгасан хайр, хүндлэлд шунасан тэргүүлэгч тэнгэр элч зөвхөн Христэд харьяалагдах эрх мэдлийн төлөө тэмцэх болов.(АМ494.1) Aм 398.4

Тэнгэр бүхэлдээ Бүтээгчийн алдрыг цацруулж, Түүнд магтаалыг өргөж байгаадаа баярлан хөөрдөг байв. Тэд Бурханыг хүндэтгэж байхдаа энх амгалан, эрхэм жаргалтай байдаг байжээ. Гэвч нийцэлгүй нэгэн эгшиг огторгуйн найрал дууг эвдэв. Хувиахичээж, өөрийгөө өргөмжлөн, Бүтээгчийн төлөвлөгөөтэй үл нийлэх гажууд сэтгэлгээ Бурханы алдрыг эрхэмлэн дээдэлдэг бүтээлүүдийн оюун ухаанд бузар муу сэдлийг төрүүлзв. Тэнгэрийн зөвлөл Лусиферыг сэнхрүүллээр учирлан гуйв. Бурханы Хүү түүнд Бурханы хүч чадал, сайн сайхан шударга ёс Бурханы хуулийн ху виршгүй ариу н байдлыг өгсөн ба Бурхан тэнгэрийн дэг журмыг тогтоосон бөгөөд Түүний журмыг эвдвээс Лусифер Бүтээгч Эзэнээ гутааж, өөрийгөө сүйрүүлэх байв. Гэвч хязгааргүй хайр, өршөөлийн сануулга түүнийг улам эсэргүүцэх сэтгэлтэй болгов. Лусифер Христэд атаархах сэтгэлдээ дийлдэж, сэтгэлээ улам хатууруулжээ. {АМ 494.2} Aм 399.1

Сүр жавхлангаараа бахархах сэтгэл бүхнийг удирдах хүслийг терүүлзв. Лусифер эрхэм хүндтэй байр сууриа Бурханаас өгсөн бэлэг гэж хүлээн зөвшөөрөөгүй тул Бүтээгчид талархах сэтгэл төрөөгүй юм. Тэрээр сүр жавхлан, алдар нэрээ мандуулж, Бурхантай адил болохыг хүсжээ. Лусифер тэнгэр элч нарын хайрлан, хүндэтгэдэг элч байв. Тэнгэр элчүүд тушаалыг нь баяртайгаар биелүүлж, түүнийг бусдаас илүү, хүндтэйд тооцдог байжээ. Гэвч Бурханы Хүү бол тэнгэрийн Дээд Эзэн мөн бөгөөд Эцэгтэйгээ эрх мэдэл, хүч чадлаараа эн тэнцүү байлаа. Бурханы зөвлөлд Христ багтсан байхад Лусифер тэнгэрийн төлөвлөгөөнд оролцох эрхгүй байв. Тиймээс хүчирхэг тэнгэр элч «Яагаад Христ дээд эрх мэдлийг эзэмших ёстой вэ? Яагаад Тэрээр Лусифераас илүү өргөмжлөгдөнө вэ?” хэмээн өөрөөсөө асууж эхлэв. {AM 495 1} Aм 399.2

Лусифер Бурханы баруун гар байх байр сууриа орхин, тэнгэр элч нарын сэтгэлийг ханамжгүй болгохоор явав. Тэрээр учир битүүлэг нууц ажиллагаагаа эхлүүлэхдээ анхандаа Бурханыг хүндэтгэдэг дүр исгэж байсан ба тэнгэрийн хууль дүрмүүдэд сэтгэл ханамжгүй байх үндсийг тавьж, Бурханы хууль шаардлагагүй ачаа дарамт болж байна гэж ухуулж эхэлжээ. Тэнгэр элчүүд ариун байсан тул Лусифер тэднийг өөрсдийн хүслийг дагах хэрэгтэй гэж ятгаж байлаа. Тэрээр Бурхан Христийг хамгаас илүү дээдэлснээр өөрт нь шударга бус хандлаа хэмээн өөрийгөө өрөвдүүлэхийг хичээж байв. Тэрээр илүү сүр хүч, эрх мэдэл хүсэж байгаагаа өөрийгөө алдаршуулахын тулд бус харин тэнгэрийн бүх бүтээлүүдэд эрх чөлөө өгч, тэднийг илүү төгс хэмжээнд хүргэхээр хичээж байгаа хэмээн танилцуулжээ. {АМ 495.2} Aм 399.3

Бурхан агуу өршөөлт нигүүлслээрээ Лусиферыг удаан тэвчжээ. Лусиферыг эсэргүүцэлд автагдахаас эхлээд үнэнч тэнгэр элч нарыг худал хуурмагаар ятгаж эхлэх хүртэл түүнийг эрхэм байр сууриас нь буулгаагүй юм. Түүнийг тэнгэрт удаан тэсэж тэвчсэн юм. Түүнийг гэмшиж, гэм буруугаас эргэсэн тохиолдолд өршөөж уучилна гэж олон удаа боломж өгсөн байна. Мөнхийн хайр хийгээд мэргэн ухаанаар л төлөвлөж чадах аргуудаар түүний алдааг ухааруулахыг оролдож байв. Тэнгэрт урьд нь хэзээ ч сэтгэл хангалуун бус байдал оршиж байгаагүй ба Лусифер өөрөө ч юу руу хазайж буйгаа ухаараагүй. Тэрээр өөрт нь төрж буй сэтгэгдлүүд ямар учир утгатайг ойлгоогүй. Гэвч тэрээр ямар ч шалтгаангүйгээр сэтгэл хангалуун бус болсноо мэдэх үедээ, Лусифер өөрийгөө буруутай, Бурхан зөв шударга болохыг ухаарсан бөгөөд энэ үнэнийг бүх тэнгэрийн өмнө хүлээн зөвшөөрөх шаардлагатайгаа ойлгож байв. Хэрэв тэр гэмшсэн бол өөрийгөө болон олон тэнгэр элч нарыг аюулаас аврах байсан юм. Тухайн үед Лусифер Бурханыг бүрэн эсэргүүцэж эхлээгүй байв. Тэрээр хамгаалагч херубын байр сууринаасаа татгалзсан ч хэрэв Бурхан дээр буцаж очин, Бүтээгчийн мэргэн ухааныг хүлээн зөвшөөрч, Бурханы агуу төлөвлөгөөнд эзлэх байр сууриа хүлээн зөвшөөрсөн бол урьдын байр сууриа эргүүлэн авч болох байв. Гэвч тэрээр бардам зангаасаа болж буруугаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэрээр буруу үйлдлээ тууштай хаацайлж, гэмших шаардлагагүй хэмээн зөрүүдэлж, Бүтээгч Эзэнийхээ эсрэг тэмцэхээр эргэлт буцалтгүйгээр шийдсэн байв. (АМ 495.3) Aм 400.1

Лусифер оюун ухааныхаа бүх чадлыг зөвхөн мэхлэлт хийгээд удирдлагадаа байсан тэнгэр элч нарын дэмжлэгийг олоход зориулах болов. Тэрээр Христийн анхааруулга, зөвлөгөөг хүртэл урвалт гүтгэлэг хийхдээ зүй бусаар ашиглаж эхлэв. Тэрээр хамгийн дотны итгэлийг нь олсон тэнгэр элчүүддээ өөрийгөө шударга бусаар шүүгдэж, хэлмэгдэж эрх чөлөөгөө булаалгасан хэмээн ухуулах болов. Тэрээр Христийн үгсийг мушгин гуйвуулаад, илт булзааруулж, мэдсээр байж худал ярин, Бурханы Хүү түүнийг тэнгэрийн оршин суугчдын өмнө гутамшиг болгохыг оролдож байна хэмээн буруутгав. Тэрээр мөн Бурханд үнэнч тэнгэр элч нар болон тэдний хооронд асуудал байгаа мэтээр харуулахыг хичээж байв. Тэрээр урвуулж, талдаа оруулж чадаагүй бүх тэнгэрийн бүтээлүүдийг тэнгэрийн оршин суугчдын эрх ашгийг үл ойшоолоо хэмээн буруутгав. Лусифер буруу үйлдлээ Бурханд үнэнч бүтээлүүдэд тохжээ. Тэрээр Бурхан өөрт нь шударга бус хандсан гэж батлахын тулд Бүтээгчийн үгс болон үйлсийг буруутган гүтгэж эхэлсэн ба тэнгэр элч нарыг Бурханы зорилгуудын талаарх зальтай асуултаараа эргэлзээ терүүлзх төлөвлөгөөтэй байлаа. Тэр зүйлсийг нууцлаг учир битүүлэг болгож, Ехува Бурханы энгийн тодорхой үгсэд уран арга хэрэглэн эргэлзэхэд хүргэжээ. Тэнгэрт эзэлж байсан өндөр байр суурь нь түүний мэхлэлтэд үлэмж нэмэр болж, олон тэнгэр элч Тэнгэрийн эрх мэдлийн эсрэг тэмцэлд нь нэгдэх болов.{АМ496.1} Aм 400.2

Бурхан мэргэн ухаанаараа Сатаны эсэргүү сэтгэлийг бослого болон өргөжих хүртэл хүлээцтэй хандав. Түүний төлөвлөгөө бүрэн боловсорсноор түүний эсэргүүцлийн мөн чанар хийгээд чиг хандлага бүгдэд илэрхий болох байв. Лусифер тослогдсон херуб буюу өндөрт өргөмжлөгдсөн нэгэн байсан ба тэнгэрийн оршин суугчдын хайр хүндэтгэлийг олж үлэмж нөлөөтэй байв. Бурхан зөвхөн тэнгэрийн оршин суугчид төдийгүй Түүний бүтээсэн бүх ертөнцийг удирддаг. Сатан Бурханыг эсэргүүцэхдээ тэнгэр элч нарыг уруу татаж чадвал ертөнцөд оршиж буй бусад гараг дэлхийг ч гэсэн уруу татаж чадна гэж бодсон юм. Тэрээр үзэл бодолдоо дэмжлэг авахын тулд асуудалд өөрийн өнцгөөс овжин тайлбар хийж, бусдыг уран үг, нарийн арга залиараа хууран мэхэлж байв. Лусиферын мэхлэх чадвар агуу бөгөөд худал хуурмаг, дүр исгэх байдлаараа их амжилт олов. Бурханд үнэнч тэнгэр элч нар хүртэл түүний мөн чанар болон бузар арга залийнх нь үр дагавар юунд чиглэж байгааг мэдэж чадахгүй байлаа.(АМ 497.1) Aм 401.1

Сатан үлэмж хүндэтгэл хүлээж байсан ба түүний үйлдлүүд учир битүүлэг байсан тул тэнгэр элч нар жинхэнэ зорилгыг нь таньж мэдэхгүй байв. Бүрэн боловсорч гүйцэтлээ гэм нүгэл ямар бузар муу болох нь тодорхой харагдахгүй байлаа. Урьд өмнө Бурханы бүтээсэн ертөнцөд гэм нүгэл оршиж байгаагүй учир ариун бүтээлүүд нүглийн мөн чанар хийгээд хор уршгийг төсөөлж ч чадахгүй байв. Тэд Бурханы хуулийг үл тоомсорлосноор ямар аймшигтай үр дагавар гарч болохыг төсөөлж чадаагүй. Сатан анхандаа Бурханд үнэнч дүр үзүүлэн, хуурч мэхлэх ажлаа нууцалж байлаа. Тэрээр Бурханы нэр хүндийг өргөж, Түүний засаглалыг тогтворжуулж, тэнгэрийн оршин суугчдын эрх ашгийн төлөө хүчин зүтгэж байна гэсэн дүр исгэж байв. Удирдлагадаа байгаа тэнгэр элч нарын оюун санаанд эсэргүү үзлийг суулгахдаа Бурханыг эсэргүүцэх уур амьсгалыг арилгахыг чармайж буй дүр гаргаж байв. Тэрээр Бурханы засаглалын бүтэц хийгээд хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж хэлэхдээ энэ бүхэн диваажингийн эв найрамдлыг хадгалахад чухал ач холбогдолтой гэж ятгаж байв. {АМ 497.2} Aм 401.2

Бурхан гэм нүглийг зөвхөн зөвт байдал, үнэнээр устгаж чадна. Гэвч Сатан Бурханы ашигладаггүй худал хуурмаг болон мэхлэлтийг ашиглаж байв. Тэрээр тэнгэр элч нарт Бурхан диваажингийн хууль дүрмийг тогтоохдоо шударга бус хандаж бүтээлүүдээ үг дуугүй дуулгавартайгаар захирагдахыг шаардаж байгаа нь зөвхөн Өөрийгөө өргөмжлөх зорилготой хэмээн гүтгэж, Бурханы үгийг гуйвуулж, засаглалынх нь төлөвлөгөөг буруугаар таниулахыг оролдсоор байв. Тиймээс диваажингийн оршин суугчид хийгээд ертөнцийн бүх гараг дэлхийд Бурханы шударга бөгөөд Түүний хууль нь төгс төгөлдөр болохыг бодитоор харуулах шаардлага бий болов. (АМ 498.1) Aм 401.3

Сатан бүх ертөнцийн сайн сайхныг хүсэн эрэлхийлж буй мэт дүр исгэж байв. Хууран мэхлэгчийн үнэн чанар хийгээд түүний жинхэнэ зорилго бүгдэд ил болох ёстой байлаа. Түүний бузар муу үйлс бүгдийн өмнө ил болоход хугацаа хэрэгтэй байсан юм. Сатан тэнгэрт үүсгэсэн эв нэгдэлгүй байдлыг Бурханы хууль хийгээд засаглалын буруугаас болсон гэж байв. Тэрээр бүх бузар муу Бурханы удирдлагын үр дагавар хэмээн тунхаглаж, Ехувагийн хууль тогтоолуудыг сайжруулах зорилготой байгаа хэмээн ухуулж байв. Тиймээс Сатанд үнэн хэлж байгаа эсэхийг таниулж, тэнгэрийн хуульд өөрчлөлт оруулснаар ямар үр дүн гарахыг харуулах шаардлага гарав. Үйлс түүний буруутгал болох байлаа. Сатан анхнаасаа л Бурханыг эсэргүүцээгүй хэмээн өөрийгөө өмгөөлж байв. Тиймээс хууран мэхлэгчийн жинхэнэ дүрийг бүх ертөнц харах ёстой байлаа. {АМ 498.2} Aм 402.1

Түүнийг тэнгэрт байх газаргүй болох үед хүртэл хэмжээлшгүй Мэргэн Бурхан Сатаныг устгаагүй. Бурхан зөвхөн Түүнийг хайрлах сэтгэлээр гүйцэтгээгүй үйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг тул бүтээлүүдээсээ үнэнч байдал Түүний шударга ёс, хайр энэрлийг бүрэн ойлгож хүлээн зөвшөөрөхийг шаарддаг юм. Хэрэв Бурхан Сатаныг устгасан бол нүглийн мөн чанар болон үр дагаврыг бүрэн ухаарч чадахгүй бөгөөд бэлтгэлгүй байсан тэнгэр болон бусад гараг дэлхийн оршин суугчид Бурханы шударга ёс, өршөөл хайрыг олж харж чадахгүй байх байлаа. Хэрэв Сатаныг шууд устгасан бол бүтээлүүд Бурханд хайртай учраас бус айсандаа үйлчлэх байлаа. Ийм нөхцөлд мэхлэгчийн хор хөнөөл бүрэн устахгүй, бүрмөсөн арилахгүй байх байв. Бузар муу бүрэн боловсорч гүйцэх ёстой. Бурханы удирдлагыг буруутгасан Сатаны үйлдэл бүх бүтээлүүдэд үнэн бодитойгоор харагдаж, Бурханы шударга ёс, өршөөл хайр, Түүний хууль хувиршгүй мөнхөд оршдогийг ямар ч эргэлзээгүйгээр батлан харуулахын тулд бүх ертөнцийн үүрдийн сайн сайхны төлөө Сатаны зарчмууд бүрэн боловсорч дуусах боломжоор хангагдах ёстой байлаа. (АМ 498.3) Aм 402.2

Сатаны эсэргүүцэл гэм нүглийн мөн чанар хийгээд аймшигт үр дагаврыг мөнхөд гэрчилж ирээдүйн бүх үед ертөнц дахинд сургамж болох ёстой. Сатаны удирдлагын хүн бүрт, тэнгэр элч нарт үзүүлсэн нөлөө нь Бурханы тогтоосон эрх мэдлийг эсэргүүцэх нь ямар үр дүнтэй байдгийг харуулах юм. Энэ бүгд Бурханы удирдлага болон Түүний хуулиас бүх бүтээлүүдийн сайн сайхан бүрэн хамаарч байдгийг гэрчлэх юм. Тиймээс эсэргүүцлийн аймшигтай туршилт түүх болон үлдэж бүх ариун оюун ухаант бүтээлүүд мөнхийн сургамж авч, гэм нүгэлд уруу татагдан мэхлэгдэхээс сэргийлэгдэж, нүгэл үйлдэж, шийтгэгдэхээс хамгаалах ёстой билээ.{АМ 499.1} Aм 402.3

Тэнгэрт үүсгэсэн эсэргүүцэл төгсгөл болох хүртэл агуу гүжирдэгч өөрийгөө зөвтгөсөөр байсан юм. Түүнийг дэмжигчдийнх нь хамт гэрэлт диваажингаас хөөх болсныг зарлахад бослогыг удирдагч Бүтээгчийн хуулийг үзэн ядаж байгаагаа зоригтой зарлан тунхаглаж эхэлжээ. Тэрээр тэнгэр элч нарыг ямар нэгэн байдлаар удирдаж, чиглүүлж болохгүй бөгөөд хэрэв тэд хүсэлдээ удирдуулбал хүсэл нь тэднийг хэзээ ч буруу тийш хөтлөхгүй гэсэн үгсээ тунхагласаар байлаа. Тэрээр Бурханы хууль дүрэм нь эрх чөлөөг хязгаарладаг учир хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тунхаглаж хуулийг сахихаас чөлөөлөгдөж, тэнгэрийн бүтээлүүд өндөрт өргөмжлөгдөхөд тус болж, Бурханы хуулийг хүчингүй болгох зорилготой гэдгээ зарласан байна. {АМ 499.2} Aм 403.1

Сатан болон түүнийг дэмжигчид буруутгагдаагүй байсан бол хэзээ ч тэрсэ лдэхгүй байх байсан хэмээн зарлаад, нэгэн дуугаар өөрсдийн өдөөсөн бослогын бурууг бүгдийг нь Христэд тохов. Ийнхүү Бурханы засаглалыг түлхэн унагахыг оролдоод бүтэлгүйтэж, өөрсдийгөө дарангуйлагчийн гэмгүй хохирогчид гэж үзсэн увайгүй, хууран мэхлэгч агуу эсэргүүцлийг толгойлогч болон дэмжигчид нь эцэстээ диваажингаас хөөгдөв. (АМ 499.3) Aм 403.2

Тэнгэрт бослого өдөөсөн хүч эдүгээ дэлхийд дээрх эсэргүүцэл бослогыг өдөөсөөр байна. Сатан тэнгэр элч нарыг уруу татаж байсан. Түүний үзэл санаа эдүгээ Бурханд дуулгаваргүй хүүхдүүдийг ноёлж байна. Ийм хүмүүс Сатантай адил Бурханы хуулийг хүчингүй болгож, хүмүүст хуулийг зөрчсөнөөр эрх чөлөөтэй болно гэж амласаар байна. Гэм нүглийг буруутгах явдал үзэн ядалт, эсэргүүцлийг өдөөсөөр байна. Бурханы анхааруулга ухамсарт нөлөөлөхөд, Сатан хүмүүсийг өөрсдийгөө зөвтгөж, бусдын нөлөөгөөр гэм нүглээ зөвтгөх гэж оролдоход уруу татдаг юм. Тэд буруугаа засахын оронд, буруутгагчийг бүхий л гай зовлон тарьсан буруутан хэмээн үзэж, түүнд хилэгнэдэг. Зөвт шударга Абелын цаг үеэс энэ цаг үеийг хүртэл гэм нүглийг буруутгаж зүрхэлсэн хүмүүсийг үзэн ядсаар ирсэн билээ.{АМ 500.1} Aм 403.3

Сатан тэнгэрт Бурханы зан чанарыг буруу таниулж, Түүнийг харгис, дарангуйлагч хэмээн дүрсэлсэн шигээ хүмүүсийг уруу татаж нүгэл үйлдүүлсээр байна. Сатан дэлхий дээрх амжилтандаа бардаж, Бурханы шударга бус хууль хүмүүсийн эсэргүүцлийг өдөөсөн ба хүнийг өөрийн хүслээр эсэргүүцэл гаргасан гэж тунхаглаж эхлэв. {АМ 500.2} Aм 403.4

Гэвч Мөнхийн Эзэн зан чанараа «Эзэн Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй хэмээн тодорхойлсон.” Египетээс гарсан нь 34:6,7.{АМ 500.3} Aм 404.1

Бурхан Сатаныг тэнгэрээс хөөснөөрөө зөв шударга хандаж, хаанчлалаа нэр хүндтэй болохоо баталгаажуулжээ. Хүн энэхүү урвагчийн мэхлэлтэд хууртан, гэм нүгэл үйлдэхэд Бурхан гэмт хүн төрөлхтний төлөө цорын ганц Хүүгээ золиослон хайраа үзүүлжээ. Эвлэрүүлэх үйл ажиллагаагаар Бурханы зан чанар илчлэгдэн харагдана. Загалмайн хүчтэй баталгаа нотолгоо нь Лусиферын сонгосон гэм нүглийн буруу зам Бурханы удирдлагаас огт шалтгаалаагүйг харуулна. {АМ 500.4} Aм 404.2

Аврагчийг дэлхий дээр үйлчлэх үеийн Христ Сатан хоёрын хооронд үүссэн тэмцлээр агуу мэхлэгчийн дүр танигдаж, үнэн зан чанар нь ил болжээ. Дэлхийн Аврагч руу дайрсан Сатаны харгис түрэмгийллээс өөр тэнгэр элч нар болон ертөнцийн бүх ариун бүтээлүүдэд Сатаныг хайрлахгүй байхад нөлөөлөх зүйл гэж байгаагүй. Христийг өөртөө мөргөхийг шаардсан хэрээс хэтэрсэн доромжлол, Эзэнийг өндөр уул болон сүмийн орой дээр аваачин, үхүүлэх гэсэн үл бүтэх, бузар муу зан чанар, Эзэнийг эгц орой дээрээс доош үсрэхийг шаардахдаа харуулсан хорон санаа, Эзэнийг газар бүрт хавчиж, тахилч нар болон ард түмэнд Түүний хайраас татгалзаж, эцэст нь «Түүнийг цовдол! Түүнийг цовдол!” хэмээн хашгирахад өдөөсөн дуусашгүй дайсагнал, - энэ бүхэн ертөнцийг алмайруулж, уур хилэнг нь бадрааж байв.{АМ 501.1} Aм 404.3

Сатан дэлхийг Христийг эсэргүүцэхэд уруу татжээ. Есүсийн өршөөл, хайр энэрэл, дэ лхий д ахинд Бурханы жинхэнэ зан чанарыг таниулж байсан тул бузар муугийн хан хүү бүх хүч чадал, ов мэхээ дайчлан Аврагчийг хөнөөсөн юм. Сатан Бурханы Хүүгийн бүх нотолгоог эсэргүүцэж, Аврагчийн амьдралыг зовлон, гашуудлаар дүүргэхийн тулд хүмүүсийг өөрийн талд ажиллуулж байв. Есүсийн ажил үйлсэд саад хийх оролдлого, түүний заль мэх худал гүтгэлэг, хүний дуулгаваргүй хүүхдүүдээр дамжуулан харуулсан, үзэн ядалт, амьдралаараа хосгүй сайхан үлгэр жишээ харуулсан Эзэнийг аймшигтайгаар гүтгэж буруутгасан үйлдэл бүхэн нь хэмжээлшгүй ихээр заналхийлсэн хорсолтой нь холбоотой юм. Үйл явдлыг аймшигт автан, чимээгүй ширтэж байсан тэнгэрийн бүх бүтээлүүд Калварт аймшигтай атаархал дайсагнал, үзэн ядалт, өс хонзонгийн гал Бурханы Хүүгийн эсрэг дүрэлзэн асахыг харлаа. {AM 501.2} Aм 404.4

Христ агуу өргөл тахилаа өргөж дуусаад, дээш өргөгдөж «Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байгаасай ... гэж Би хүсэж байна” (Иохан 17:24) хэмээн Эцэгээсээ гуйх хүртлээ тэнгэр элч нарын магтаал хүндэтгэлийг хүлээн авахаас татгалзжээ. Тэр үед Эцэгийн хаан суудлаас Бурхан их хайр, хүчээрээ «Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн” (Еврей 1:16) хэмээн тунхагласан юм. Есүсээс гэм буруугийн толбо олдоогүй. Есүс доромжлолыг бүрэн амсаж, тахил болж дууссан тул Түүнд хамгийн эрхэм дээд нэрийг хайрласан юм. {AM 501.3} Aм 404.5

Ийнхүү Сатан гэм буруугаа хаацайлах ямар ч шалтаггүй болжээ. Тэрээр худалч, алуурчин болохоо бүрэн илчлэн харуулав. Хэрэв түүнд тэнгэрийн оршин суугчдыг захируулсан бол тэрээр хүний хүүхдүүдийг хэрхэн удирдаж байгаа шигээ удирдах байв. Сатан Бурханы хуулийг зөрчсөнөөр эрх чөлөө, алдар нэр хүнд бий болно гэж зарлаж байсан ч эсэргүүцэл нь зөвхөн боолчлол, доройтлыг бий болгов. {АМ 502.1} Aм 405.1

Бурханы зан чанар болон удирдлагыг буруутгасан Сатаны гүтгэлэг үнэн дүрээ илчлэн харууллаа. Тэрээр Бурханыг өөрийгөө алдаршуулахын тулд бүтээлүүдээ дуулгавартай байж захирагдахыг шаарддаг хэмээн гүтгэж, Бүтээгч бусдаас өөрийнхөө биеийг үгүйсгэ гэж шаарддаг атлаа Өөрийгөө үгүйсгэдэггүй, золиос гаргадаггүй гэж буруутгаж байв. Гэвч доройтсон гэм нүгэлт хүн төрөлхтнийг аврахын тулд орчлон, ертөнцийг Захирагч зөвхөн хайраар удирдуулдаг хамгийн агуу золиосыг гаргасан юм. Учир нь «Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлжээ.» 2 Коринт 5:19. Лусифер нэр хүнд, эрх мэдэлд санаархсан учраас ертөнцөд гэм нүглийн үүд хаалгыг нээсэн бол Христ нүглийг устгахын тулд Өөрийгөө дорд болгож, амиа зориулсан болох нь бүгдэд тодорхой болсон юм. {АМ502.2} Aм 405.2

Бурхан тэрслүү байдлын зарчмуудыг жигшиж буйгаа илэрхийлжээ. Сатаныг яллахад, хүнийг аврахдаа Бурхан шударга байдлаа илчлэн харуулсан болохыг бүх ертөнцийн бүтээлүүд харсан. Лусифер хэрэв Бурханы хууль өөрчлөгдөшгүй, Түүний шийтгэл заавал хэрэгжих юм бол зөрчил гаргаж, гэм нүгэл үйлдсэн хүн бүр Бүтээгчийн өршөөл ивээлийг үүрд авах боломжгүй болох ёстой гэж мэдэгдсэн юм. Тиймээс Сатан нүгэлт хүн төрөлхтөн аврагдах боломжоо алдсан тул өөрийнх нь олз болсон гэж зүтгэсээр байлаа. Гэвч хүмүүсийн төлөөх Христийн үхлийн тахилыг хүлээн зөвшөөрөхгүй байх боломжгүй юм. Хуулийг зөрчсөн шийтгэл Бурхантай эн тэнцүү Есүс дээр тохогдсоноор хүн төрөлхтөн Христийн зөвт байдлыг үнэгүй хүлээн авч гэмшиж, даруу зангаар дамжуулан, Бурханы Хүүгийн адил Сатаны хүчийг ялан дийлэх сонголт хийх боломжтой болжээ. Ийнхүү Бурхан бол зөв шударга бөгөөд Есүст итгэсэн бүх хүмүүсийг зөв шударга болгогч билээ. {АМ 502.3} Aм 405.3

Есүс зөвхөн хүнийг аврахын тулд дэлхий дээр зовлон эдэлж, амиа алдахаар ирсэн юм биш. Тэрээр «Хуулийг өргөмжилж», «Хүнийг хүндэтгэлтэй» болгохоор ирсэн юм. Зөвхөн энэ дэлхий хуулийг сахих ёстой юм биш, харин орчлон ертөнц дээрх бүх гараг дэлхий Бурханы хууль хувиршгүй болохыг амьдралаараа харуулах ёстой юм. Хуулийг өөрчилж болох байсан бол Бурханы Хүү, хуулийг зөрчсөн гэм нүглийн төлөө эвлэрүүлэл хийх гэж амиа золих хэрэггүй байсан юм. Христийн үхэл хуулийг өөрчлөх боломжгүй гэдгийг харуулсан юм. Нүгэлтнүүдийг аврахын тулд Эцэг Хүү хоёрын өргөхөөс өөр аргагүй тахилаар бүх ертөнцөд шударга ёс болсон өршөөл энэрэл нь Бурханы хууль засаглалын үндэс болохыг харуулсан юм. Энэхүү эвлэрүүллийн төлөвлөгөөнөөс өөр юу ч хүнийг Бурхантай эвлэрүүлж чадахгүй байсан юм. {AM 503.1} Aм 405.4

Шүүлтийн эцсийн шийдвэрийг гүйцэтгэх үед гэм нүгэлд орших ямар ч шалтгаан байхгүй нь тодорхой болно. Бүх дэлхийг Шүүгч Сатанаас «Чи юунд Намайг эсэргүүцэж, Надаас хаанчлалын маань ард иргэдийг хөндийрүүлэв?” гэж асуух үед бузар мууг үндэслэгч ямар ч шалтаг хэлж чадахгүй. Энэ үед хэн ч, юу ч хэлж чадахгүй болж, бослогыг дэмжигчид үг ч дуугарч чадахгүй. {АМ 503.2} Aм 406.1

Калварын загалмай Бурханы хууль өөрчлөгдөшгүйг тунхаглахын зэрэгцээ нүглийн хөлс бол үхэл гэдгийг бүх ертөнцөд мэдүүлнэ. Аврагчийн эцсийн хүчээ шавхан «Дууслаа» гэсэн үгс Сатанд үхлийн дохио болон сонсогдсон юм. Энэ үед удаан үргэлжилсэн агуу тэмцэл шийдвэрлэгдэж, бузар муу бүхэн төгсөх нь тодорхой болов. Бурханы Хүү «Үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ» (Еврей 2:14) ялан дийлэхийн тулд булшинд орсон юм. Лусифер өөрийгөө өргөмжлөх хүсэлдээ хөтлөгдөн «Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. ... Би Хамгийн Дээд Нэгэн шиг болно” гэж хэлсэн. Харин Бурхан түүнд «Би чамайг газрын үнс болгов,... чи... хойшид байхгүй болно.» Исаиа 14:13,14, Езекиел 28:18,19. «‘ Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй’ гэж түмэн цэргийн Эзэн айлдаж байна” хэмээжээ. Малахи 4:1.(АМ 503.3) Aм 406.2

Гэм нүглийн мөн чанар болон үр дагаврыг бүх орчлон ертөнц гэрчлэн харах болно. Гэм нүглийг бүрэн устгах нь тэнгэр элч нарт айдас терүүлж, Бурханыг гутамшигтай харагдуулах байсан бол одоо Түүний хүслийг биелүүлэххүсэлтэй, хуулийг зүрхэндээ нандигнадаг бүтээлүүдэд Бурханы хайрыг таниулж, Түүний нэр хүндийг сэргээх үйлдэл болох юм. Бузар муу дахин хэзээ ч бий болохгүй. «Зовлон зүдгүүр хоёр дахь удаа гарч ирэхгүй” (Нахум 1:9) гэж Бурханы үгэнд бичигджээ. Сатаны эрх чөлөөг боолчлогч гэж буруутгасан Бурханы хууль эрх чөлөөний хууль болон өргөмжлөгдөх болно. Хүнд шалгуурыг давж, Бурханы үнэнийг харуулсан бүтээлүүд хязгааргүй хайр болон мэргэн ухаанаа бүрэн батлан харуулсан Түүнээс дахин хэзээ ч урвахгүй. {АМ 504.1} Aм 406.3