Агуу Мэтгэлцээн

32/44

30—Хүн Сатан Хоёрын Хоорондох ӨсХонзон

Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно.» Эхлэл 3:15. Хүнийг гэм нүгэл хийсний дараа Сатанд оноож хэлсэн Бурханы үгс нь эцсийн цаг хүртэлх бүх үеийг хамааруулж, дэлхийд амьдарч буй бүх үндэстнүүдийг хамрах агуу тэмцлийг зөгнөсөн эш үзүүллэг байжээ. {АМ 505.1} Aм 407.1

Бурхан «Би ... өс хонзонтой болгоно” гэж айлджээ. Энэ өс хонзон анхнаасаа байсан өс хонзон биш. Хүн Бурханы хуулийг зөрчингүүт гэмт зан чанартай болж, Сатантай санаа нийцэж, түүнээс өөрцгүй болдог ажээ. Сатан, хүн болон гэм нүглийн үүсгэгчийн хооронд анхнаасаа ямар ч өс хонзон байгаагүй. Сатан хүн хоёр Бурханыг эсэргүүцэж, бузар муу болцгоожээ. Гэм нүглийн үндэс бусдыг уруу татаж, бусдын анхаарал, дэмжлэгийг олтлоо хэзээ ч тайвшрахгүй. Тиймээс гэмд автсан тэнгэр элчүүд нүгэлт хүмүүстэй нэгдэн, үхэн хатан ажилладаг юм. Хэрэв Бурхан онцгой байдлаар хөндлөнгөөс оролцоогүй бол Сатан хүн хоёр тэнгэрийн эсрэг бүрэн эвсэх байв. Хүн төрөлхтөн Сатаныг эсэргүүцэхийн оронд Бурханыг эсэргүүцэх бузар хүчнүүдтэй бүрмөсөн нэгдэх байлаа. {АМ 505 2} Aм 407.2

Сатан Диваажинийн эсрэг дайсагналдаа хамтрагч олохын тулд тэнгэр элч нарыг уруу татсан шигээ хүнийг ч мөн уруу татсан юм. Христийг үзэн ядах тал дээр Сатан бусад уналтанд автсан тэнгэр элчүүдтэй зөрчилдөх зүйлгүй байв. Энэ нь тэднийг ертөнцийн удирдагчийн эрх мэдлийг эсэргүүцэх тал дээр бат нэгтгэжээ. Гэвч Сатан эмэгтэйтэй, түүний үр хүүхдүүдтэй өс хонзонтой болох тухай сонсоод, хүн төрөлхтнийг доройтуулах төлөвлөгөөнд нь саад учирч, хүн ямар нэгэн байдлаар Сатаныг эсэргүүцэх чадвартай болно гэдгийг ойлгосон байна. (АМ 505-31 Христээр дамжуулан хүн төрөлхтөн Бурханы хайр, уучлал өршөөлийг авах боломжтой болсон тул Сатан хүн төрөлхтөнд уур хилэнгээ гаргах болов. Тэрээр Бурханы гарын бүтээлийг доройтуулж, бузарлах замаар хүн төрөлхтнийг аврах Бурханы төлөвлөгөөг нурааж, Бурханы нэр хүндийг унагаах хүсэлтэй байлаа. Сатан диваажинг уй гашуугаар дүүргэж, дэлхийг хоосруулж сүйрүүлэх зорилготой байв. Сатан, энэ бүх бузар мууг Бурхан хүнийг бүтээснээр бий болсон хэмээн гүтгэсээр байна. (AM 506 1) Aм 407.3

Харин Христ нигүүлслээрээ хүний зүрх сэтгэлд Сатаныг эсэргүүцэх үзлийг суулгаж өгсөн юм. Христийн өөрчлөн шинэчлэгч, нигүүлслийн хүч байгаагүй бол хүн Сатаны хүссэн бүхнийг гүйцэлдүүлдэг боол нь байсаар байх юм. Урьд өмнө амар тайван байсан хүний зүрх сэтгэл ийнхүү зөрчилтэй болон хувирчээ. Христ хүнд дарангуйлагч, түрэмгийлэгчийг эсэргүүцэх хүч чадлыг өгчээ. Гэм нүглийг хайрлахын оронд жигшин зэвүүцэж, сэтгэлдээ буцалж буй махан биеийн дур хүслийг эсэргүүцэж, ялан дийлж буй хүн бүхэн Бурханы хүч нөлөөгөөр удирдуулах болно. {АМ 506.2} Aм 408.1

Христ болон Сатаны хоорондох тэмцэл дэлхий дахин Есүсийг хэрхэн хүлээж авснаар тод харагддаг билээ. Есүс дэлхийн эд баялаг, сүр жавхлан, эрх мэдэлгүй байснаас нь болж Иудейчүүд Түүнийг хүлээн аваагүй юм биш. Иудейчүүд, Есүс өнгөц эрх мэдэл, эд хөрөнгөөс илүүтэй ер бусын хүч чадал эзэмшиж байгааг харж байсан. Христийн цэвэр ариун байдал, шударга зан чанар бурханлаг бус хүмүүсийн уур хорслыг хөдөлгөж байлаа. Түүний Өөрийгөө үгүйсгэсэн, гэм нүгэлгүй амьдрал ихэмсэг, бардам бузар хүсэлдээ удирдуулсан хүмүүст байнгын буруутгал болж байв. Энэ бүхэн хүмүүсийг Бурханы Хүүд дайсагнахад нөлөөлсөн юм. Сатан болон бузар муу тэнгэр элчүүд бузар хүмүүстэй нэгдэж, үнэнээр ялан дийлэгч Христийн эсрэг бүх хүчээ нэгтгэн дайрсан юм.{AM 506.3} Aм 408.2

Христийн шавь нар ч гэсэн Эзэнийг эсэргүүцсэнтэй адил өс хонзонг амсана. Гэм нүглийн бузар муу болохыг мэдэрч Бурханы хүчээр уруу таталтыг эсэргүүцдэг хүн бүхэн Сатан болон түүгээр удирдуулдаг бүхний уур хилэнг өдөөх шалтаг болно. Үнэний ариун зарчмуудын эсрэг үзэн ядалт үнэнийг өмгөөлөгчдийг буруутган, хавчих явдал гэм нүгэл, нүгэлтнүүд байгаа цагт байнга оршсоор байх болно. Христийн дагалдагчид Сатаны зарц нартай эвсэн нийцэх боломжгүй. Загалмай, гэм бурууг буруутгаж дуусаагүй байна. «Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.» 2 Тимот 3:12. {AM 507.1} Aм 408.3

Сатаны гар хөл бологчид бузар муугийн хүчний эрх мэдлийг зузаатгаж, Бурханы хаанчлалыг эсэргүүцэгч хаанчлалыг босгон байгуулахын тулд Сатаны удирдлаган дор тууштайгаар ажилласаар байх болно. Тэд зорилгоо биелүүлэхийн тулд Христийн шавь нарыг мэхэлж, Бурханд үнэнч байхаас урвуулахыг оролдоно. Тэд удирдагчийнхаа адил буруу хүсэл мөрөөдлийг гэмтнүүдэд төрүүлэхийн тулд Бичээсүүдийг буруу тайлбарлаж, гуйвуулна. Сатан Бурханыг буруутгахыг оролдсонтой адил түүний төлөөлөгчид ч гэсэн Бурханы хүмүүсийг гүтгэж, буруутгана. Христийг хөнөөсөн бузар хүсэл мөрөөдөл нь гэмтнүүдэд Есүсийн дагалдагчдыг хөнөөх хүслийг өдөөж «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно” гэсэн анхны эш үзүүллэг, энэ бүхнийг зөгнөсөн зөгнөл биелнэ. Энэ өс хонзон дэлхийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. {AM 507.2) Aм 408.4

Сатан бүхий л хүчнүүдээ цуглуулж, нэгдсэн хүчээр дайралт хийнэ. Гэвч бид тэднийг яагаад хүчтэйгээр эсэргүүцэхгүй байна вэ? Христийн цэргүүд яагаад нойрмоглон, үл тоосон байдалтай байна вэ? Тэд Христтэй жинхэнэ харилцаа тогтоож чадаагүй, Ариун Сүнсээр маш их гачигдаж байгаа болохоор ийм байдалтай байгаа юм. Христийн хувьд гэм нүгэл, бузар муу нь жигшүүртэй зүйл байсан бол итгэгчдийн хувьд харин тийм биш байв. Тэд гэм нүглийг Христийн адил шийдэмгий, дайчнаар эсэргүүцэхгүй байна. Тэд гэм нүглийн үлэмжийн бузар хүч нөлөө, хор хөнөөл, харанхуйн хан хүүгийн гэмт зан чанар, хүч чадлыг огт ухаарч, ойлгохгүй байна. Сатан болон түүний үйл ажиллагааг эсэргүүцэхгүй байгаа нь түүний хүч чадал, арга залийг хүмүүс огт мэдэхгүй байгаатай холбоотой юм. Тэд Христ болон түүний сүмийн эсрэг ямар өргөн цар хүрээг хамарсан тэмцэл явагдаж буйг анзаардаггүй. Үй түмэн хүн энэ тал дээр ямар ч мэдлэггүй байв. Тэд дайснаа бузар тэнгэр элч нарын оюун санааг эрхшээлдээ оруулсан хүчирхэг жанжин болохыг, хүмүүсийг авралаас холдуулахын тулд Христийн эсрэг хичээнгүйлэн, төлөвлөгөө боловсруулж, байдаг ур чадвараа гарган тулалдаж байгааг мэдэхгүй байна. Христэд итгэгчдийн дунд, тэр ч байтугай сайн мэдээний үйлчлэгчдийн дунд индэр дээрээс хааяа дурдахаас бусад тохиолдолд Сатаны тухай ямар ч ойлголтгүй байна. Тэд түүний тасралтгүй хийж буй үйлдэл, гаргаж буй амжилтуудыг хайхардаггүй. Тэд түүний муу санаагаа аажмаар хэрэгжүүлж байгаатай холбоотой сануулгуудыг үл ойшоодгоос гадна түүний оршин байгааг хүртэл үл тоож байна. {АМ 507.3} Aм 409.1

Хүмүүс дайсныхаа төлөвлөгөөг үл тоомсорлож байхад харин дайсан сэргэг байж итгэгчдийн алхам бүрийг мөрдсөөр байна. Тэрээр айл гэрийн асуудал, хотын гудамж бүрт, сүмүүдэд, үндэсний зөвлөл чуулгануудад, шүүх танхимд хөндлөнгөөс оролцон хутган үймүүлж, мэхэлж, уруу татаж, газар сайгүй эр эм, хүүхэд багачууд гэлтгүй бүх хүмүүсийн зүрх сэтгэл бие махбодод хохирол учруулж, гэр бүлийг салгаж, өс хонзон, өрсөлдөөн, тэмцэл, хагарал үүсгэж байхад бид зүгээр л зүйл мэтээр хүлээн авч байна.{АМ 508.1} Aм 409.2

Сатан Бурханы ард түмнийг дэлхийгээс ялгарах зүйлгүй болгон, хил хязгааруудыг нь эвдэн үргэлжид ялан дийлэхийг хичээж байна. Эртний Израильчууд Бурханы хориглосон харь үндэстнүүдийн бузар муу үйлстэй холбогдох үедээ гэм нүгэлд автагддаг байв. Орчин цагийн Израиль ч үүнтэй адил замаасаа төөрч будилсаар байна. «Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.” 2 Коринт 4:4. Христийг тууштай, шийдэмгийгээр дагадаггүй хүмүүс бол Сатаны зарц нар юм. Шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй хүн нүглийг хайрлаж, дэмжиж, хаацайлах зүрх сэтгэлтэй болдог. Өөрчлөгдөн Шинэчлэгдсэн хүний зүрх сэтгэлд нүглийг үзэн ядаж, шийдвэртэйгээр эсэргүүцэх хүсэл оршдог юм. Христэд итгэгчид бурхангүй, итгэлгүй хүмүүстэй нөхөрлөхдөө байнга уруу таталтад автаж байна. Сатан байнга өөрийгөө нууцалж, хууран мэхлэлтээр хүмүүсийн нүдийг тагласаар байна. Сатан найз нөхдийг нь ашиглан хохирол учруулж байгааг итгэгчид мэддэггүй. Тэд дэлхийн зан чанар, үг яриа, үйл хөдлөлд уусах тусам улам харалган болж, хэрхэн сүйрч байгаагаа ухаардаггүй. {АМ 508.2} Aм 410.1

Дэлхийн ёс заншилд нийцэх байдал сүмийг дэлхийтэй адил болгон хувиргана. Дэлхийн ёс заншилтай нийцэх нь хэзээ ч дэлхийг Христтэй адил болгон өөрчилж байгаагүй. Гэм нүглийг үйлдэх тусам гэм нүгэл жигшүүртэй бузар муу харагдахаа больсоор байна. Сатаны зарц нартай дотно байх шийдвэр гаргасан хүн яваандаа эзнээс нь айж эмээхээ болино. Бид Бурханд үйлчилсээр байвал харь улсад олзлогдон, ордонд нь үйлчилж байсан Даниелтай адил нөхцөл байдалд орсон ч Бурхан хамгаалах болно. Харин хэрэв бид санаатайгаар сорилтод орвол эрт орой хэзээ нэгэн цагт гэм нүгэлд заавал унана.{АМ 509.1} Aм 410.2

Сатаны эрхшээлд орсноо мэдэхгүй байгаа хүмүүсээр дамжуулан уруу татагч хамгийн амжилттайгаар ажиллах болно. Боловсрол, авьяас чадвартай ч Бурханаас эмээдэггүй хүмүүсийг дэлхийнхэн хүндэтгэн, шүтэж байна. Авьяас чадвар, өндөр боловсрол нь Бурханы бэлэг юм. Гэвч эдгээр нь Бурханд итгэх итгэл бишрэлийг орловол эдгээр нь хүмүүсийг Бурхан руу ойртуулах бус харин холдуулж, улмаар хараал урхи болон хувирна. Эелдэг зөөлөн, төгс төгөлдөр дэвшилттэй зан чанар бол зөвхөн Христэд л байх боломжтой гэсэн ойлголт олон хүнд байдаг. Үүн шиг эндүүрэл гэж байхгүй билээ. Дээрх зан чанар үнэн, зөв итгэл бишрэлийг тодорхойлдог тул, Христэд итгэгч хүн бүр эзэмших ёстой. Гэвч сайн сайхан бүхнээ Бурханд зориулахгүй бол тэдгээр нь бузар муугийн төлөө ашиглагдах зэвсэг болон хувирна. Төлөвлөж боловсорсон, зөв харилцаатай хүмүүс хэдий ёс бус үйл явдалд оролцохгүй ч гэсэн Сатаны хурц зэвсэг болсоор байна. Сатаны овжин, хууран мэхлэх бузар нөлөө, үлгэр жишээнд автсан ийм хүн Христийн үйл хэрэгт харанхуй, бүдүүлэг хүмүүсээс илүү аюултай дайсан болж хувирна.{AM 509.2} Aм 410.3

Соломон хаан чин сэтгэлийн залбиралтай байж, Бурханд амьдралаа бүрэн даатгаснаар дэлхийг гайхшруулж, хүндэтгэлийг нь хүлээсэн мэргэн ухааныг олж авсан юм. Гэвч тэрээр хүч чадлынхаа Эх Сурвалжаас урваж, хэт өөртөө найдаж эхэлснээр уруу татлага сорилтод оржээ. Тийнхүү хамгийн мэргэн цэцэн хаан болоход нөлөөлсөн гайхамшигтай билиг авьяас нь заналт дайсны хүчтэй зэвсэг болон хувирсан юм.{АМ 509.3} Aм 411.1

Сатан ямагт Христэд итгэгчдийн оюун санааг хууран мэхлэхээр чармайж байдаг тул итгэгчид өөрсдийн «Махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг” (Ефес 6:12) тэмцэж байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Зуун зууныг өртөөлөн цуурайтсан «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.» 1 Петр 5:8. «Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс” Ефес 6:11 гэсэн сэрэмжлүүлэг өнөөгийн бидэнд ч хамаатай. {АМ510.1} Aм 411.2

Адамын өдрүүдээс өнөө үеийг хүртэл заналт дайсан бидэн рүү заналхийлж, биднийг устгахаар ажилласаар байна. Тэрээр одоо сүмийн эсрэг эцсийн дайралтаа хийхээр зэхэж байгаа. Есүсийг дагахыг хичээж буй хүн бүхэн энэхүү өрөвдөх сэтгэлгүй дайсантай тэмцэлдэх шаардлагатай болно. Итгэгчид Бурханы хүслийг чандлан сахихыг хичээх тусам өөрөө Сатаны дайралтуудын гол бай болох болно. Бурханы үйлсэд идэвхтэйгээр оролцож, бузар нэгний хууран мэхлэлтийг илчилж, Христийг таниулахыг зорьж буй бүх хүн Паулын даруу зангаар нулимс, сорилтон дунд Эзэнд үйлчилсэн гэсэн урилганд нэгдэх боломжтой болно. {AM 510.2} Aм 411.3

Сатан Христийг хамгийн аймшигтай, гэнэтийн сорилтоор сорьсон ч Христ дайралт бүрийг нь няцаасан билээ. Есүс бидний төлөө тэр тэмцлийг хийсэн ба Есүсийн ялалтууд бидэнд ялалт байгуулах боломжийг өгдөг юм. Христ эрж хайсан хүн бүрт хүч чадлаа өгнө. Ямар ч хүн бууж өгөхгүй л бол Сатанд ялагдах учиргүй. Бузар муугаар уруу татагч хүслийг захирч, бидэнд хүч тулган нүгэл үйлдүүлэх ямар ч хүчгүй. Тэрээр дарамталж чадах боловч бузар муугаа хүчээр халдааж чадахгүй. Тэр хүнийг зовлонд унагаж чадах боловч бузарлаж чадахгүй. Христ ялалт байгуулсан тул шавь нар нь гэм нүгэл хийгээд Сатаны эсрэг эрэмгийгээр тулалдах урам зоригийг олж авах хэрэгтэй. {АМ 510.3} Aм 411.4