Боловсроа
Христийн Өөрчлөн Шинэчлэх Хүч
Арван хоёр дагалдагч нараас дөрөв нь бусад дагалдагч нарыг тус тусын чадварынхаа дагуу удирдах үүрэгтэй байлаа. Христ бүхнийг урьдчилан харж дагалдагч нараа бэлтгэн, зааварчилж байв. Иаков удаан хугацаанд үйлчилж чадалгүй хурц илдээр алуулах хувь тавилантай байлаа, Иохан Эзэнийг хамгийн удаанаар даган, үйлчилж, хавчлагыг даван гарах байсан. Петр үе үеийн туршид босгогдсон хаалтуудыг даван гарч, харийн улс орнуудад Есүсийн талаар зааж өгөх байлаа. Иудас бусад дагалдагч нараас хамгийн их чадвартай нэгэн байсан боловч бузар зорилгыг сэтгэлдээ ургуулан бодсоноор хүсэж мөрөөдөж байгаагүй үр дүнг амссан. Христ эдгээр хүмүүсийн төлөө ганцаарчлан залбирч байсан ба тэд нарт хамгийн их анхаарал хандуулан, тогтмол зааварчилж, сургадаг байсан. Бо 99.2
Петр, Иаков, Иохан нар Эзэнтэй ойртон дотносох бүх боломжуудыг эрж хайдаг байсан ба тэдний хүсэл ямагт биелэгддэг байлаа. Арван хоёр дагалдагч нараас эдгээр хүмүүс Есүстэй хамгийн дотно харилцаатай байсан. Иохан Есүстэй дотно харилцаатай байхыг хүсэж байсан ба хүссэн зорилгодоо хүрч чадсан. Есүс Иордан голын ойролцоо сургаалаа анх айлдах үед Андрей Түүний тухай дөнгөж сонсоод ахыгаа дуудахаар яаран одсон. Иохан гайхамшигтай сэдвүүдийг сонсоод бодлогшрон чимээгүй суусан. Тэрээр Аврагчийг дагахдаа урьд өмнөхөөсөө илүү нухацтай Багшийнхаа үгийг сонсдог болсон. Иохан алдаа дутагдалгүй хүн байгаагүй, тэрээр мөрөөдөх дуртай, бусадтай эелдэг зөөлөн харьцдаггүй байв. Иймээс ч ах дүүсийнхээ хамт «аянгын хөвгүүд” гэж нэрлэгддэг байсан. Марк 3:17. Иохан бардам, хувийн хүслээ өндөрт тавьдаг, тэмцэлдэгч зан чанартай боловч тэнгэрлэг Багш гал халуун, чин сэтгэлээсээ ханддаг, хайр энэрлээр дүүрэн зан чанаруудыг нь олж мэдэрсэн. Есүс хувиа хичээсэн занг нь буруутгаж, хувийн ашиг сонирхлыг нь унтрааж, итгэлийг нь сорьж байв. Есүс Иоханы сэтгэлээсээ хүсэн мөрөөдөж байгаа зан чанарууд болох ариун үзэсгэлэнтэй зан байдал, Өөрийн өөрчлөн шинэчлэх хайрыг илчилж өгсөн. Тэрээр Эцэгтээ хандан, “Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би Таны нэрийг илэрхийлсэн. » Иохан 17:6. Бо 100.1
Иохан хайр, энэрэл, нөхөрлөлийг хүсэн мөрөөддөг нэгэн байжээ. Тэрээр Есүстэй ойр дотно байхыг хүсэж, хажууд цээжийг нь налан суудаг байлаа. Цэцэгс нарны гэрэл болон шүүдрийн дуслыг уун шингээдэгтэй адил Иохан тэнгэрээс илгээгдсэн гэрэл, амьдралыг өөртөө шингээдэг байсан. Тэрээр Христтэй адил болж, Түүнийнхтэй адил хүсэл зорилготой болтлоо Аврагчийг хайр, талархалтайгаар ажиглан харсан ба түүнээс Эзэний зан чанар гэрэлтэн цацрах болсон. Бо 100.2
Иохан, «бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно. Түүнд ийнхүү найдаж байгаа аливаа хүн өөрийгөө цэвэршүүлдэг. Учир нь Тэр цэвэр ажээ. » 1 Иохан 3:1-3. Бо 101.1