Адвентист Гэр Бүл

26/88

Хорин Тавдугаар Бүлэг - Тусламж Шаардлагатай Хүүхдийг Халамжлах Нь

Өнчирсөн хүүхдүүд- Бурханы мөнхийн амлалтыг аван, итгэл дотроо нас барсан олон эцгүүд нойрсож байгаа. Тэд дотны хайртай үр хүүхдүүдийг Эзэн халамжиндаа багтаана гэсэн бүрэн итгэлтэй хорвоог орхисон. Эзэн өнчирч хоцорсон хүмүүсийн хэрэгцээг хэрхэн хангадаг вэ? Бурхан тэнгэрээс манна буулган гайхамшиг үзүүлдэггүй, Бурхан хэрээ болон шувуугаар дамжуулан хоол хүнс зөөлгөдөггүй. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлд гайхамшгийг үйлдэж, хүмүүсийн зүрх сэтгэлээс хувиа хичээсэн үзлийг зайлуулж, өгөөмөр сэтгэлийн ундаргыг зүрх сэтгэлд нь нээж өгдөг. Бурхан Өөрт нь итгэдэг гэж хэлж байгаа хүмүүсийн хайрыг өнчирсөн, зовлон шаналалд цөхөрсөн хүмүүст эелдэг зөөлөн сэтгэлээр хандаж, тусламж үзүүлж байгаа эсэхээр шалган сорьдог. {АГБ 167.1} AГБ 165.1

Бурханы хайр энэрлийг сэтгэлдээ тээдэг хүмүүс өнчирсөн хүүхдүүдэд зүрх сэтгэл болон гэр орныхоо үүдийг нээж өгөх болтугай... (АГБ 167.2} AГБ 165.2

Эцэг эхийн хараа хяналт, халамж, Христэд итгэгч гэр бүлийн нөлөөнд автагдах боломжгүй болсон хүүхэд, залуучуудын төлөө үйлчлэх өргөн хүрээний үйлчлэл Эзэнд үйлчлэхийг хүсч байгаа хүмүүсийн өмнө дэлгээстэй байна. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь бузар муу зан чанарыг өвлөн авсан байдаг ба энэ бүхнийг нь үл тоож өнгөрвөл тэд гэмт хэрэг, бусармаг үйлдэл рүү удирдах хүмүүстэй нөхөрлөх болно. Ирээдүй нь тодорхой бус эдгээр хүүхдүүд зөв зан чанарыг төлөвшүүлэх тааламжтай уур амьсгалд орж, Бурханы хүүхдүүд болох боломжоор хангагдах шаардлагатай байна. {АГБ 167.3} AГБ 165.3

Сүмийн үүрэг хариуцлага - Эцэг, эхээ алдсан хүүхдүүдийг сүмд халамжлуулахаар өгдөг. Христ дагалдагч нартаа хандан: Эдгээр хөөрхийлөлтэй хүүхдүүдийг Над руу авчир, хариуд нь та нар шагнал хүртэх болно, гэж хэлсэн. Хүүхэд үрчлэн авах тал дээр хүмүүс хэт хувиа хичээсэн зан чанар гаргаж байгааг би ажиглан харж байсан. Зарим хүмүүс гэр оронгүй хүүхдүүдийг гэр бүлдээ хүлээн авах нь өөрт ямар ч ашиг тус байхгүйг мэдээд эргэж хараад, үгүй би хүүхэд үрчилж авч чадахгүй гэж хариулдаг. Тэд өнчирсөн хүүхэд аврагдах, эс аврагдах талаар юу ч мэдэхгүй эсвэл тэднийг тоож үзэхгүй байгаа мэт харагддаг. Тэд өнчин хүүхдүүдийг өөрсдийн асуудал биш гэж боддог. Тэд Кайнтай адил, «Би дүүгийнхээ харгалзагч юм уу? » гэсэн хариултыг өгдөг. Энэхүү хүмүүс өнчирч хоцорсон хүүхдүүдийн төлөө золиос гаргаж, өөрсөддөө төвөг учруулах сонирхолгүй байна. Тэд ийм хүүхдүүдийг Христэд итгэгчдээс илүү хүлээж авах сонирхолтой байгаа дэлхийн хүмүүст даалгаж өгөхөөр шийддэг. Бурханы шүүлтийн өдөр бусдыг аврал руу хөтлөх боломжийг бий болгож өгсөн Диваажингийн Нэгэн эдгээр боломжуудыг хэрхэн ашигласан талаар асуух болно. Харамсалтай нь хүмүүс сайн үйлсийг өөрсдөд ашигтай биш бол хийж гүйцэтгэхгүй гэж шийдэж, туслах боломжгүйгээ нотлох шалтаг хайж эхэлдэг. Сайн үйлсийг гүйцэтгэх боломжуудаас татгалзсан хүмүүс, «Чи эдгээр жижиг зүйлсэд зориулан үйлдээгүй бол Надад зориулан үйлдээгүй гэсэн үг» гэсэн Есүсийн үгсийг сонсох болно гэдгийг би үзэгдлээрээ үзсэн. Исаиа 58: [5-11 ишлэл]-г судлаарай. (АГБ 167.4} AГБ 166.1

Хүүхэдгүй гэр бүлд хандсан уриалга - Өөрсдийн хүүхэдгүй гэр бүл бусдын үр хүүхдийг хайрлан, халамжлах тал дээр өөрсдийгөө хөгжүүлж, бэлтгэх хэрэгтэй. Тэд гадаад улс орон руу ажиллахаар дуудагдахгүй байж болох ч гэсэн өөрсдийн амьдран сууж байгаа орон нутгийн хүүхдүүдэд үйлчлэхээр дуудагдсан байж болох юм. Гэрийн тэжээвэр амьтдад их хэмжээний анхаарал тавьж, оюун ухаангүй амьтдыг асар ихээр хайрлан халамжлахын оронд, диваажингийн амьдралыг авч, тамаас зугатан гарах боломжтой хүнийг халамжлахад авъяас чадваруудаа ашиглах хэрэгтэй. Зан чанарыг нь төлөвшүүлж, Бурханлаг дүр төрхтэй болгох боломжтой бяцхан хүүхдүүдэд анхаарал халамжаа тавихад анхаарлаа хандуулаарай. Эргэн тойронд тань байгаа гэр оронгүй бяцхан хүүхдүүдэд хайр халамжаа үзүүл. Хүмүүсийг хайрлаж халамжлах ажилд зүрх сэтгэлээ хаалттай болгохын оронд гэр оронгүй хичнээн бяцхан хүүхдэд Эзэний зааварчилгаа, зөвлөгөөг мэдрүүлж чадахаа туршиж үзээрэй. Үйлчлэхийг хүсч буй хүн бүрт хийх ажил элбэг байна. Христэд итгэгчдийн дээр өгүүлж буй үйлчлэлд идэвхтэй оролцсоноор сүмийн гишүүдийн TOO өсч, тэд өөрсдөө сүнслэг байдлаар өсч хөгжинө. Гэр оронгүй, эцгээ алдсан хүүхдийг авралд хөтлөх ажилд хүн бүр оролцох ёстой. {АГБ 168.1} AГБ 166.2

Үр хүүхэдгүй, Бурханы эд хөрөнгийг дааж үлдсэн хүмүүс хайр энэрэл, анхаарал халамж, эд хөрөнгөний тусламж дэмжлэг шаардагдаж буй хүүхдүүдэд зүрх сэтгэлээ нээн туслах юм бол өнөөдөр байгаагаасаа илүү аз жаргалтай болох болно. Хүүхэд залуучууд эцгийн нинжин сэтгэлийн халамж, эхийн зөөлөн хайрыг мэдэрч чадаагүй л бол сүүлийн өдрүүдийн доройтож, муудсан нөлөөнд автагддаг. Эдгээр хүүхдүүдийн заримд нь эцэг, эхийг нь орлох нь хэн нэгний үүрэг байх ёстой. Ийм хүүхдүүдэд хайр, энхрийлэл, халамжаа үзүүлэх боломжоос суралцаарай. Бидэнд хайр халамжаа үзүүлж, эцэст нь Өөрийн бэлдсэн гэр лүүгээ авч явахаар дахин ирэх Тэнгэрийн Эцэгт итгэдэг гэж хэлж байгаа хүн бүр найз нөхөдгүй, эцэг эхгүй өнчин, бэлэвсэрсэн хүмүүсийн найз нөхөр нь байж, дэлхий дээрх бодит хэрэгцээнд тусламж үзүүлэх ариун үүргийг хэрэгжүүлэх ёстойгоо ойлгож ухаарах хэрэгтэй. {АГБ 169.1} AГБ 167.1

Пасторын эхнэр хүүхэд үрчлэн авах шаардлагатай юу? - Надаас пасторын эхнэр нялх хүүхэд үрчлэн авч болох уу, гэсэн асуултыг хүмүүс асуусан. Би тухайн хүмүүст, хэрэв пасторын эхнэр гэрээс гадуур баярын мэдээ түгээх ажилд оролцох хүсэлгүй, чадваргүй ба өнчирсөн хүүхэд үрчлэн авч асрах хариуцлагыг хүлээх хүсэлтэй байгаа бол энэхүү үүргийг сайн гүйцэтгэж магадгүй. Гэхдээ Шаббатыг сахигч эцэг эхээ алдсан хүүхдүүдийн сонголтыг эхлээд асуусан нь илүү дээр байх. Гэр оронгүй болон өнчирсөн хүүхдүүдэд гэр орноо нээж өгч туслах чин сэтгэлдээ автагдаж буй эрэгтэй эмэгтэй хүмүүсийг Бурхан ивээх болно. Хэрэв пасторын эхнэр боловсрол олгох тал дээр чадварлаг бол Христэд итгэгчдэд үйлчлэх ажилд хүч чадлаа зориулан Бурханд үйлчлэх хэрэгтэй. Тэрээр нөхрийнхөө жинхэнэ туслагч байж, ажилд нь тусалж, оюун ухааны чадваруудаа хөгжүүлж, баярын мэдээг түгээхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Христийн ивээлээр ариусгагдан хүндлэгдсэн, даруу дөлгөөн, өөрийгөө огоорсон эмэгтэйчүүдэд тусламж хэрэгцээтэй нэгнийг эргэж, сэтгэлээр унаж, цөхөрсөн хүмүүст гэрэл гэгээ өгөх боломж нээлттэй байгаа. Тэд залбирал болон Христ рүү чиглүүлэх байдлаар амьдралдаа сөхөрч унасан нэгнийг өөд өргөх болно. Бусдад үйлчлэх боломжтой хүмүүс байнга анхаарал халамж шаардаж буй ганц хүнд бүх цаг зав, хүч чадлаа зориулж болохгүй. Тусламж үзүүлэх нэрийдлээр тухайн хүмүүсийн гарыг хүлж болохгүй. (АГБ 169.2} AГБ 168.1

Өнчин болоод найз нөхөргүй нэгэнд гэр орноо нээж өгөөрэй - Та боломжоороо гэр оронгүй хүмүүсийг гэр оронтой болоход нь туслах хэрэгтэй. Хүн бүр ийм төрлийн тусламжийг үзүүлэхэд бэлэн байх ёстой. Эзэн Петрт хандан, «Хоньдыг минь тэжээ” гэж хэлсэн. Бид өнчин өрөөсөнд гэр орноо нээж өгснөөр энэхүү үүргийг биелүүлдэг. Энэ тал дээр Есүсийн итгэлийг бүү алдаарай. {АГБ 170.1} AГБ 168.2

Та эдгээр хүүхдүүдийг халамжлан, тэднийг өөрийн Бурханд өргөж буй анхилам үнэрт тахил болгоорой. Тэдний төлөө ивээлийг хүсэн гуйж, Христийн тушаалын дагуу төлөвшүүлж, хүмүүжүүлээрэй. Итгэгч ахан дүүс нар маань ийм эрхэм үүргийг хүлээн зөвшөөрөх болов уу? [ТАЙЛБАР: ЭНЭХҮҮ СЭДВЭЭР НАРИЙВЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ АВАХЫГ ХҮСВЭЛ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧЛЭЛ (WELFARE MINISTRY) НОМЫГ СУДЛААРАЙ.] {АГБ 170.2} AГБ 169.1

Бурханы хүмүүсийг шалгах шалгуур - Олон жилийн өмнө би Бурханы хүмүүс гэр оронгүй хүмүүст гэр орноо нээж өгөх эсэх дээр соригдох болно гэдгийг үзэгдлээр үзсэн. Олон хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрснөөс болж орон гэргүй болох нь үзэгдлээр тодорхой харагдсан. Итгэгчдийг хавчин гадуурхсанаас болоод олон итгэгчид гэр орноосоо дайжих ба орон гэрээ алдаагүй хүмүүс гэр оронгүй болсон хүмүүст үүд хаалгаа нээж өгөх үүрэгтэй болох юм. Би саяхан Бурхан Өөрийн хүмүүсээ бусдад хэрхэн үйлчилж, тусалж байгаагаар нь сорихыг үзэгдэлдээ харсан. Христ сайн сайхны маань төлөө Өөрийгөө ядуу дорой болгож биднийг баян болгосон билээ. Тэрээр илүү амар тайван улс орон, буюу диваажинг эрж хайж буй орон гэргүй, харийн хүмүүст орон гэр бэлдэхийн тулд Өөрийгөө золиослосон. (АГБ 170.3} AГБ 169.2