Адвентист Гэр Бүл

27/88

Хорин Зургадугаар Булэг - Эцэг Эхчүүдийн Хүүхдүүддээ Үлдээх Өв Хөрөнгө

Удамшлын хууль - Эцэг эхийн бие махбодын болон оюун ухааны эрүүл мэнд үр удамд нь дамждаг. Хүмүүс энэ талаар сайтар тунгаан бодохгүй байна. Эцэг эхийн зуршил байгалийн хуулийг зөрчих үед бие махбодод нь учирсан хор хөнөөл ирээдүйд үр хүүхдүүдэд нь илрэн гарч ирдэг... {АГБ 172.1} AГБ 171.1

Хүн бүр бие махбод, оюун бодол, ёс суртахуунаараа Христтэй хамтран ажиллах боломжтой. Энэ нь ихэвчлэн эцэг эхчүүдээс өөрсдөөс нь шалтгаалж байдаг. Эцэг эх бүр хорвоо дэлхий дээр нэг бол ивээл болох, нэг бол хараал болох үр хүүхдүүдийг төрүүлэх сонголтыг гартаа атгасан байдаг. (АГБ 172.2} AГБ 171.2

Эцэг эхчүүд хэр их зөв хүсэл эрмэлзэлтэй байна төдий чинээ сүнслэг эрч хүчийг олж авах болно. Үүнтэй адил тэд хэр сайн бие махбодын эрч хүчээ хөгжүүлнэ төдий чинээ үр хүүхдүүддээ эрүүл чийрэг бие махбодыг хайрлана. Эцэг эхчүүд өөрсдөд байгаа шилдэг бүхнээ хөгжүүлснээр нийгмийг өөрчилж, дараагийн үеүдээ сэргээн босгох болно. (АГБ 172.3} AГБ 171.3

Харамсалтай нь ихэнх эцэг эхчүүд энэ талаар ямар ч мэдлэггүй байна - Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, бие махбод болон зүрх сэтгэлийн хувьд Бурханы өмч хэмээн тооцогдох үр хүүхдүүдийг харж халамжлах үүргийг авсан хүмүүс мянга мянган хүмүүсийн бие махбод, ёс суртахууны эрүүл мэндийг сүйрүүлж буй сэтгэлийн бузар хүслийг хаах хана хэрмийг барьж босгох хэрэгтэй. Өнөө үед үйлдэгдэж буй олон гэмт хэргийн бодит шалтгаан нь ихэвчлэн эцэг эхчүүдийн бузар мууг ялган таних тал дээр ямар ч мэдлэг боловсролгүй байгаатай холбоотой. Мэдлэг боловсролгүйгээс болж эрүүл мэнд тэр байтугай амь амьдралаараа хохирч, золиосонд нь өртөж байна. Эцэг эхчүүдээ, хэрэв та Бурханы үүрэг болгон өгсөн хүмүүжлийг заавар зөвлөгөө, амьдралын жишээгээр үр хүүхдүүддээ өгөөгүй бол гарах үр дагавруудыг нь Бурханы өмнө тайлагнах болно. Буруу хүмүүжлийн үр дүн зөвхөн хүүхдүүдэд тань нөлөөлөөд зогсохгүй, бүх ирээдүйн үеүдэд тань нөлөөлөх болно. Ногоон талбайд ганц ширхэг халгай ургуулах юм бол, ургац хураах үед талбай тэр чигээрээ халгайгаар дүүрсэн байх болно, хариуцлагагүй байдлаар хүмүүжсэн гэм нүгэлтэй хүн нөлөөлж байгаа хүн бүртээ сүйрлийг бэлэглэх болно. {АГБ 172.4} AГБ 171.4

Бузар муу зуршил мөнхөд үр дагавраа үзүүлдэг - Хээнцэр тансаг амьдрал, архи дарс хэрэглэх нь цусыг бохирдуулж, дур хүслийг өдөөн, бүх төрлийн өвчин эмгэгийг үүсгэдэг. Бузар зуршлуудын муу нөлөө үүгээр дуусчихдаггүй. Тэд үр хүүхдүүддээ өвчин эмгэгүүдийг өвлүүлэн үлдээдэг. Бузар муу зуршилтай бүх хүмүүс үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөртэйгөө адил бузар муу зуршилд уруу татагдах халдварыг халдварлуулдаг. Мөн дээрээс нь бохирдож, үрэвссэн цусаараа олон төрлийн өвчнийг дамжуулдаг. Садар самуун, өвчин эмгэг, бодлогогүй байдал эцгээс үр хүүхэд рүү халдварлаж, халдвар нь олон үед үргэлжлэн дамждаг. Энэ бүхэн дэлхийд зовлон шаналал, сэтгэлийн дарамтыг бий болгож, хүмүүсийг улам их гэм нүгэлд унагасаар байна... (АГБ 173.1} AГБ 172.1

Өнөө үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар ч санаа зовох, бодох зүйлгүйгээр хэт их зугаацан наргиж, архидан согтуурч байна. Энэ бүхэн нь дараа дараагийн үеүдэд өвчин зовлон, доройтсон оюун ухаан, бузартаж бохирдсон ёс зүйг өвлүүлэн үлдээхэд хүргэж байна. {АГБ 173.2} AГБ 172.2

Ухамсараа нэмэгдүүлж, тэвчээртэй байх шаардлага- Эцэг эхчүүд өөрсдийн зан чанарыг хүүхдүүдээсээ олж харан суралцах хэрэгтэй байна. Тэд өөрсдийн алдаа дутагдлыг охид, хөвгүүдээс илрэн харагдаж байгааг ажиглан хараад ичгүүртэй байдлаа өөрчлөх шаардлагатай байгаагаа ойлгож ухаардаг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ уламжлуулан өгсөн бузар мууд дурлах зуршлуудыг нь засч залруулахыг хичээх үедээ Бурханаас давхар тэвчээр, тууштай байдал, хайрыг хүсэн гуйх хэрэгтэй. (АГБ 173.3} AГБ 173.1

Хүүхдүүд эцэг эхээсээ уламжлан авсан муу зан чанараа гаргах үед өөрсдийн дутагдлыг харсан эцэг эхчүүд уурлаж хилэгнэж чадна гэж үү? Үгүй шүү дээ! Тиймээс эцэг эхчүүд хатуу ширүүн, уур уцаартай зан байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй, эс тэгвээс эдгээр бузар муу зан чанараа үр хүүхдүүддээ шингэсэн байхыг олж харах болно. (АГБ 174.1} AГБ 173.2

Дуулгаваргүй хүүхдүүдтэйгээ харьцахдаа Христийн дөлгөөн, зөөлөн зан чанарыг харуулахыг хичээгээрэй. Хүүхдүүд тань эдгээр эсэргүүцэл үзүүлж буй зан чанараа эцэг эхээсээ олж авсан болохыг байнга санаж байх хэрэгтэй. Өөрийн зан чанарыг өвлөн авсан үр хүүхэддээ тэвчээртэй хандаарай. (АГБ 174.2} AГБ 173.3

Эцэг эхчүүд Христийн хүч хүүхдүүдэд нь өвлөгдсөн бузар мууг хийх хүслийг өөрчлөн шинэчлэх бүрэн чадвартай гэдэгт итгэж найдах хэрэгтэй. (АГБ 174.3} AГБ 173.4

Эцэг эхчүүдээ тэвчээртэй байгаарай. Өнгөрсөн үеийн алдаа дутагдлууд тань хүрэхийг хичээж байгаа зорилго, хичээл зүтгэлийг тань хүнд хэцүү болгох болно. Гэхдээ хэрэв та Бурханд итгэх юм бол Тэрээр хүч чадлыг өгөх болно. Үр хүүхдүүдтэйгээ ухаалаг, зөөлнөөр харьцаарай. (АГБ 174.4} AГБ 173.5