Адвентист Гэр Бүл

13/88

Арван хоёрдугаар бүлэг - Таарамж

Бие биедээ тохирсон байх - Христэд итгэгч олон гэр бүлүүд үр хүүхдүүддээ өөрсдийн гэр бүлтэй болоход болон гэрлэлтэнд бэлтгэхэд тус болохуйц найрсаг, эелдэг зөөлөн, бие биенээ хүндэтгэн, дээдэлсэн зан байдлыг харуулахгүй байна. Эдгээр гэр бүлүүдэд тэвчээр, эелдэг зөөлөн байдал, найрсаг зан болон Христэд итгэгч хүний хайр энхрийлэл байх ёстой байтал хурц хатуу үгс, зөрчилдөөнтэй үзэл бодлууд, зэмлэл шүүмжлэл, дарангуйлсан уур амьсгал оршсоор байна. {АГБ 83.1} AГБ 75.1

Хүмүүст гэрлэхийн өмнө бие биенийхээ зан байдал, зуршлуудтай танилцах боломж ихэнх тохиолдолд маш бага олддог. Тэд хүсэл сонирхлоо нэгтгэн гэр бүлийн тангарагаа өргөх үедээ бие биенийхээ өдөр тутмын амьдралыг мэдэхийг эс тооцвол бие биенээ бараг таньж мэдээгүй байдаг. Олон хүмүүс бие биендээ тохирохгүй болохоо хэтэрхий оройтож ойлгодог ба тэдний гэрлэлт насан туршийн золгүй амьдралын үр дүнг бий болгодог. Ихэнхдээ эхнэрүүд болон үр хүүхдүүд нөхөр болон эцгийн залхуу хойрго, үр бүтээлгүй, уур уцаартай байдалд зовж шаналж байдаг. (АГБ 83.2} AГБ 75.2

Тохиромжгүй хүнтэй гэрлэсний үр дүнд дэлхий өнөөдөр их хэмжээний гэм нүгэл болон зовлон шаналалд автагдсан байна. Ихэвчлэн эхнэр нөхрүүд хэдхэн сарын дотор бие биенийхээ зан байдалтай хэзээ ч тохирохгүй гэдгээ мэдэх боломжтой байдаг. Хосууд бие биенээ таньж мэдээгүйгээс болж диваажингийн төгс нийцэл болон хайр оршиж байх ёстой гэр бүлд нийцэлгүй байдал давамгайлж эхэлдэг. {АГБ 83.3} AГБ 75.3

Ач холбогдолгүй, жижиг сажиг зүйлс дээр маргалдах нь бие биенээ буруутгах зүрх сэтгэлийг төлөвшүүлдэг. Илэрхий, нээлттэй байдлаар үл нийцлээ харуулан, хэрүүл маргаан хийх нь гэр бүлд хэмжээлшгүй зовлон гунигийг авчирдаг ба хайрын дотны харилцаагаар нэгдэх ёстой хүмүүсийг хагацуулж, хөндийрүүлдэг. Мянга мянган хүмүүс бодлогогүйгээр гэр бүлээ зохиосноор өөрсдийгөө, зүрх сэтгэл болон бие махбодоо золиосолж байна. (АГБ 83.4} AГБ 76.1

Хагарч бутарсан гэр бүлийн байнгын зөрчилдөөн - Гэр бүл болсон хүний амьдралын аз жаргал болон сайн сайхан ханьтайгаа хэр дотно болсноос шалтгаалж байдаг. Бие махбодын хүслээ эрхэмлэдэг хүн хэрхэн Христтэй адил оюун ухаантай болохыг хичээж байгаа хүнтэй зохицох билээ? Нэг нь зүрх сэтгэлийн хүслээ даган бие махбодын хүсэлдээ нийцүүлэхээр бодож сэтгэн, үйлдэж байхад нөгөө нь өөрийн Эзэнд дуулгавартай хандаж, хувиа хичээх, хувийн хүслээ эсэргүүцэж Бурханы Сүнсэнд нийцүүлэн амьдарч байдаг. Иймээс гэр бүлд тогтмол зорилго, хооллох, хүсэл бодолдоо захирагдах тал дээр зөрчил гарч байдаг. Итгэгч хүн зарчмууддаа тууштай байж, итгэлгүй нэгэнд нөлөөлөхгүй юм бол сэтгэлээр унаж, итгэл бишрэлийнхээ зарчмуудыг Диваажинтай ямар ч харилцаа холбоогүй нэгэнтэй адил зарчмуудаар солих болно. (АГБ 84.1} AГБ 76.2

Тохиромжгүй байдлаас болж сүйрсэн гэр бүлүүд - Олон гэр бүлүүд зөвхөн зовлон шаналлыг үүсгэн бий болгохуйц хэмжээнд хүрсэн байна. Сатан залуучуудын оюун ухааныг удирдаж, өөрсдийгөө хянаж, гэр бүлийнхээ хэрэгцээг хангах чадваргүй байгаа залуучуудад, аз жаргалтай болохын тулд гэр бүлтэй болох шаардлагатай гэсэн буруу үзлийг төлөвшүүлж өгсөөр байна. Бие биенийхээ зан чанартай нийцэх хүсэлгүй байгаа хүмүүс, эвдрэлцэл болон зөрчилдөөнөөс сэргийлэхийн тулд гэр бүл болох алхмыг хийхгүй байсан нь дээр. Харамсалтай нь энэ байдал дэлхийн төгсгөлийн үед хүмүүсийг уруу татах урхинуудын нэг байх бөгөөд олон мянган хүмүүс энэхүү урхинд хууртаж энэ амьдрал болон ирээдүйн амьдралаа алдаж, сүйрэлд автагдах болно. {АГБ 84.2} AГБ 76.3

Сохор дурлалын үр дагаврууд - Сохор дурлал хэмээх халдварт өвчнөөр өвчилсөн хүний бүх эд эрхтэн энэхүү өвчний эрхшээлд автагддаг. Тэд зөв сайн мэдрэмжээ юу ч үгүй алдсан мэт болж, тэдний үйлдэж буй үйлдлийг ажиглаж буй хүмүүс жигшүүрт автагддаг... Сохроор дурлах өвчин нь хүндрэх үед эдгээр хүмүүс яаравчлан гэр бүл болдог ба сэтгэлийн хөөрөл, тачаалаа хангах хүсэл нь буурах үед хоёул эсвэл ганцаараа бодит байдлыг гэнэт ухаардаг. Энэ үед тэд буруу хүнтэй амьдралынхаа туршид холбогдсон болохоо ойлгодог. Амьдралын хамгийн чухал тангаргаар бие биентэйгээ холбогдсон хоёр ирээдүйн гунигтай амьдралаа сэтгэл дундуураар төсөөлж эхэлдэг. Тэд нөхцөл байдлаа чадах чинээгээрээ засахыг хичээх ёстой боловч ихэнх нь тийм шийдвэрийг гаргадаггүй. Үүний үр дүнд тэд гэрлэлтийн тангарагтаа үнэнч бусаар хандаж, ихэнхдээ эдгээр асуудлуудыг өөрсдийн нуруугаар үүрэхийг хичээсээр байгаад гэр бүл болсон хүнээсээ залхаж аймшигтай төгсгөлд хүрдэг. (АГБ 84.3} AГБ 77.1

Тиймээс эхнэр нөхрүүд гэр бүлийн хэрүүл маргаан болон гэр бүлийн тангарагийг эвдэхэд нөлөөлөх бүхнээс хэрхэн хамгаалахад амьдралынхаа туршид суралцах хэрэгтэй. (АГБ 85.1} AГБ 77.2

Бусдын сургамж бидэнд сануулга болох ёстой - Ноён А... гэдэг хүн Сатаны маш амжилттай хэрэгжүүлж буй зан чанарыг эзэмшсэн байна. Түүний жишээ залуучуудад гэрлэлтийн талаарх сургамж болох ёстой. Түүний эхнэр амьдралынхаа ханийг сонгохдоо оюун ухаан, тунгаан бодох чадвараа ашиглахын оронд сэтгэлийн хөдлөл болон мэдрэмжиндээ найдсан юм. Энэ гэр бүл жинхэнэ хайран дээр үндэслэсэн гэр бүл болсон болов уу? Үгүй, тэд сэтгэл хөдлөлдөө сохорч, ариун бус хүсэл тачаалдаа хөтлөгдсөн. Аль аль нь гэр бүлийн амьдралын хариуцлагыг үүрэхэд тохироогүй байсан. Амьдралын шинэ уур амьсгалын шинэ мэдрэмж хуучирч, хосууд бие биенээ сайтар таньж мэдэх үед хайр, энэрэл нь улам хүчтэй, гүн гүнзгий болж, хамтын амьдрал нь гайхамшигтай төгс нийцэлтэй болж чадсан уу? Үгүй, нөхцөл байдал харин ч бүхэлдээ эсрэгээр эргэсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам гэр бүлийн амьдрал нь аз жаргалтай болохын оронд хамгийн муу муухай зан чанар нь ужгиран гүнзгийрч, зовлон бэрхшээлүүд нь улам илүү нэмэгдсэн. {АГБ 85.2} AГБ 77.3

Би олон жилийн туршид аз жаргалгүй гэр бүлийг үүсгэсэн олон янзын хүмүүсээс захидлууд хүлээн авч байсан. Миний өмнө дэлгэж байсан гэр бүлийн түүхүүд зүрхний өвчин үүсгэхэд хангалттай байсан. Эдгээр золгүй хүмүүст ямар зөвлөгөө өгөх, хүнд хэцүү хувь заяаг нь хэрхэн гэрэл гэгээтэй болгох вэ гэдэг нь маш амаргүй даалгавар байлаа. Тэдэнд тохиолдсон гунигтай түүх бусдад анхааруулга болох ёстой. (АГБ 85.3} AГБ 78.1