Адвентист Гэр Бүл
Жаран Хоёрдугаар Бүлэг - Арвич Хямгач Байдлыг Төлөвшүүлэх Нь
Үлдэгдлүүдийг цуглуул.” - Христ нэгэн удаа дагалдагч нартаа арвич хямгач байдлыг төлөвшүүлэх талаар сургамж өгсөн. Тэрээр Өөрийнх нь сургаалыг сонсохоор ирсэн мянга мянган өлсөж цангасан хүмүүсийг хооллон гайхамшиг бүтээсэн. Хүн бүр хооллож, цадсаны дараагаар Есүс үлдэгдлүүдийг хаяхыг зөвшөөрөөгүй. Олон мянган хүнийг гайхамшигтай хүчээрээ хооллосон Есүс дагалдагч нараа үлдэгдлүүдийг цуглуулан, багахан хэлтэрхийг ч хаяж үрэгдүүлэхгүй байхыг хүссэн. Энэхүү сургамж Христийн цаг үед амьдарч байсан хүмүүсээс гадна бидэнд ч маш том сургамж болж байдаг. Бурханы Хүү бидний дэлхийн амьдралын хэрэгцээг хангаж өгдөг. Есүс хүмүүсийг хоол хүнсээр дайлсны дараагаар хүссэн үедээ дахин хоол хүнсийг бий болгож чадах байсан ч гэсэн хоол хүнсний үлдэгдлүүдийг үл тоомсорлон, хаяж үрэгдүүлэхийг хүсээгүй. AГБ 401.1
Есүс Христийн зааж сургасан сургамжийг амьдралынхаа бүх талбарт ашиглан, хэрэгжүүлж байх хэрэгтэй. Арвич хямгач байдал бүх зүйлсэд хэрэглэгддэг байх ёстой. Үлдэгдэл хэсгүүдийг цуглуулж, ямар ч үргүй зардал гаргахгүй байх хэрэгтэй. Зарим сургаал, шүтлэг хоосон үг болон хувирч, зүрх сэтгэлд ямар ч нөлөө үзүүлэхээ болих үе байдаг. Ийм итгэл бишрэл бодит амьдралтай нийцдэггүй. Бидний итгэл бишрэл болон өдөр тутмын үйл ажилдаа хянамгай байх хоёр хоорондоо холбоотой байх ёстой. AГБ 401.2
Өөрийгөө огоорох байдлаар Христийг дагаарай.- үмүүст тохиолддог бэрхшээл, уй гашуу, урам хугарсан байдалтай танилцахын тулд Христ Өөрийгөө доромжлолд тушааж, Өөрийгөө хамгийн дорд байдалд оруулсан. Тэрээр Өөрийн алхаж байсан замаар бид бүгдийг алхахыг хүсдэг. Тэрээр Өөрийг нь дагах гэж байгаа хүмүүст, «Намайг дагах гэж байгаа хэн ч болов, өдөр тутам загалмайгаа үүрэн Намайг дагах хэрэгтэй» гэж хэлсэн. Харин Христийг дагадаг гэж хэлж буй олон итгэгчид Аврагчийн өөрийгөө огоор гэсэн зарчмыг хэрэгжүүлэхийг хүсдэггүй. Тэд байгаа бүхнээ Эзэнд зориулахын тулд өөрсдийн хүсэл, мөрөөдлөө хянаж, хязгаарлахыг хүсдэггүй. Нэгэн хүн, «Манай гэр бүлийнхэн тансаг хэрэглээтэй байхыг хүсдэг тул маш өндөр зардал гаргах болдог» гэж хэлсэн. Энэ хүн гэр бүлийн хамт Христийн өдөр тутмын амьдралаараа зааж сургадаг арвич хямгач байх сургамжийг суралцах шаардлагатай байна... AГБ 402.1
Хүн бүр хувиа хичээсэн хүслээ хангах, тансаг хэрэглээтэй байх уруу таталтанд ордог боловч амьдралыг тэтгэгч Эзэн энэ дэлхий дээр хүнлэг байдал болон өөрийгөө огоорох сургамжийг заахаар ирсэн болохыг санаарай. AГБ 402.2
Хувиа бодсон амьдралаар амьдардаггүй хүмүүс зоос болгоноо хувийн хүсэл, тав тухтай байдалдаа зарцуулсан амьдралаар амьдрахгүй байх болно. Харин тэд өөрсдийгөө Христийн дагалдагчид ба бусдад хоол хүнс, хувцас шаардлагатай байгааг бодон тунгаах юм. AГБ 402.3
Бурханы зорилгыг биелүүлэхийн тулд хэмнэ. - Залуу хүмүүс арвич хямгач, өөрсдийгөө огоорох байдалд суралцсанаар Бурханы зорилгыг биелүүлэхэд гар бие оролцох боломжийг бий болгох талаар ихийг сурч болохоор байна. Олон хүмүүс өөрсдийгөө ийм ч зугаа цэнгэл, тийм ч зугаа цэнгэлд автагдах ёстой гэж боддог. Тэд зугаацахын тулд олсон бүх орлогоо зарцуулж орхидог. Бурхан бид бүгдийг энэ тал дээр ухамсартай байхыг хүсдэг. Бид идэж уух, өмсөж зүүх байдалдаа хэт сэтгэл ханах үедээ өөрсдийн эсрэг гэм нүгэл үйлддэг. Бурхан бидний өмнө үүнээс илүү гэгээлэг зорилгыг тавьж өгсөн. Хувиа хичээсэн зан чанараасаа салж, оюун ухаан, зүрх сэтгэлээ хүчирхэгжүүлж, Бурханы зорилгод гар бие оролцох хүсэлтэй болох үед тэнгэр элч нар бидэнтэй хамтран ажиллаж, биднийг гэр бүлдээ ивээл болохуйц болгодог. AГБ 402.4
Залуус ядуу зүдүү байсан ч, үр бүтээлтэй, арвич хямгач байх юм бол Бурханы зорилгыг биелүүлэхэд зориулан бага ч болов мөнгийг цуглуулах чадвартай болно. AГБ 403.1
Хэрэгцээгүй зүйлд мөнгө зарцуулах уруу татлагад орох үед. - Та жижиг сажиг чимэглэлд мөнгөө зарцуулах уруу таталтанд автагдах үедээ Христийн гэмт хүнийг аврахын тулд өөрийгөө огоорон, золиосолсон болохыг санан дурсаарай. Бидний үр хүүхдүүд биеэ хянах, удирдах чадварт суралцаж, төлөвшүүлэгдсэн байх ёстой. Олон сүмийн пасторууд өөрсдийн хүсэл, мөрөөдөл, хоол унд, сонирхлоо хязгаарлаж чадаагүйгээс эдийн засгийн хүнд байдалд орж байна. Олон хүмүүс эхнэр, хүүхдүүдийнхээ хэмжээлшгүй их хүслийг биелүүлэхийг хүссэнээс болж санхүүгийн хувьд дампуурч, шударга бусаар эд хөрөнгө олох байдалд хүрдэг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ арвич хямгач байх заавар, жишээг үзүүлэхдээ ямар их анхаарал хандуулах шаардлагатай байна вэ! AГБ 403.2
Би Эзэний мөнгийг тансаглах хүслээ хангахад зарцуулах нь ямар гэм буруутай үйлдэл болохыг бүрэн ойлгуулж чаддаг ч болоосой гэж хүсч байна. Өчүүхэн бага зардал гаргасан мэт боловч яваандаа мөнхийн амьдралаа алдахад хүрэхэд нөлөөлөхүйц зуршлууд гэж байдаг. Шүүлтийн үед, ариун номууд нээгдэж, бид дутагдалтай талуудаа олж харах боломжтой болно. Таны хийж болох байсан сайн үйлс тань багасч, цэвэр хувийн хүслээ хангасан үйлдлүүд хэт их болсон байх вий. AГБ 403.3
Хамгийн бага зоосыг ч хүртэл арвилан хэмнэ. - Мөнгө, зоосоо шаардлагагүй, чухал биш зүйлсэд үрэн таран хийж болохгүй. Та эдгээр бага зардлууд тань их хэмжээний мөнгө биш гэж бодож болох юм, харин эдгээр бага зардлууд тань яваандаа маш их хэмжээний зардал болж хувирна. Хэрэв боломжтой бол бид хувцас хунар болон шаардлагагүй зүйлсэд зарцуулсан мөнгө санхүүгээ Эзэнд зарцуулах хүсэлтэй болмоор байна. Ядуурлын олон төрөл хүн бүрт тохиолдож байна. Бурхан зовж шаналж байгаа хүн төрөлхтөнд чадах бүхнээрээ туслалцаа үзүүлэх үүргийг бидэнд өгсөн. AГБ 404.1
Эзэн Өөрийн хүмүүсийг бусдад анхаарал халамж үзүүлдэг байхыг хүсдэг. Тэрээр Өөрийн хүмүүсийг арвич хямгач байдалд бүх талаар суралцаж, юуг ч үрэн таран хийхгүй байхыг хүсч байна. AГБ 404.2
Өдөр тутам «хэдхэн зоос юм чинь» гэсэн бодлоор хэрэгцээгүй зүйлсэд зарцуулсан мөнгө тань бага мэт санагдаж магадгүй, гэвч эдгээр зооснуудаа жилийн өдрүүдийн тоо, өнгөрөн одож буй жилүүдээр үржүүлээрэй, эцэст нь гарах дүнг хараад та гайхширах байх. AГБ 404.3
Хэв загвар хөөцөлдсөн хөршүүдтэйгээ өрсөлдөх шаардлагагүй. - Бид бодит байдлаасаа илүү, баян харагдах гэж хичээх нь утгагүй юм. Бид өөрсдийгөө Аврагчдаа үйлчилж буй даруу, дорд дагалдагчид гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хөршүүд маань биднийхээс илүү байшин, гэрийн тавилгатай байгаад сандарч, сэтгэлээр унах шаардлагагүй. Есүс бидний хувиа хичээсэн хүсэл мөрөөдлөө гүйцээх, зочиддоо таалагдах гэсэн сонирхлыг маань хараад ямар сэтгэгдэлтэй болдог бол! Бид бусдад сайхан харагдах, эсвэл удирдаж байгаа хүүхдүүдээ өөртэйгөө адил байдалд оруулах нь бидний өмнө тавигддаг урхи юм. AГБ 404.4
Элен Уайтын бага насанд тохиолдсон сургамж. - Би арван хоёрхон настай байхдаа арвич хямгач байх талаар мэддэг байсан. Би охин дүүтэйгээ хамтарч бага зэргийн худалдаа хийж сурсан. Бид өдөрт хорин таван центийн орлого олдог байсан ч баярын мэдээний ажилд бага зэргийн мөнгө хадгалах боломжтой болсон. Бид бага багаар хадгалсаар байгаад гучин доллартай болсон. Удалгүй Эзэний дахин ирэх мэдээ түгэхэд хүмүүс цаг хугацаа, мөнгө санхүүгээ Эзэнд зориулах уриалга гаргасан. Бид аавдаа гучин доллараа өгөөд, харанхуйгаар алхаж байгаа хүмүүст зориулан танилцуулах хуудас хэвлэн тараахад ашиглахыг хүссэн... AГБ 404.5
Бид бага зэргийн худалдаа хийн олсон мөнгөөрөө өөрсөддөө хувцас авдаг байлаа. Цуглуулсан мөнгөө ээждээ өгөөд, «бидэнд зориулан хувцас худалдаж аваад үлдсэнийг нь баярын мэдээний ажилд зарцуулаарай» гэж хэлдэг байлаа. Ээж маань бидний хүсэлтийг биелүүлэн, баярын мэдээ түгээх хүслийг дэмжсэн. AГБ 405.1
Арвич хямгач байх зарчмаас суралцаарай. -Бурханы зорилгыг хэрэгжүүлэх уриалгыг дэмжиж буй, ядарч зовсон нэгэнд тусламж үзүүлэх хүсэлтэй байгаа хүмүүс ажил үүрэгтээ сул дорой, анхааралгүй ханддаггүй. Тэд олсон орлогодоо тааруулан мөнгөө зарцуулахад анхаарлаа хандуулдаг хүмүүс байсан. Тэд арвич хямгач байх зарчмуудыг хэрэгжүүлдэг, тэд мөнгөө хэмнэхийг үүрэг даалгавраа гэж боддог. Тиймээс ч тэдэнд бусдад өгөх зүйл их байдаг байсан. AГБ 405.2