Адвентист Гэр Бүл

62/88

Жаран нэгдүгээр бүлэг - Гэр Бүлийн Эдийн Засгийн Зарчмууд

Мөнгө нэг бол ивээл, нэг бол хараал болдог. - Мөнгөтэй болгон хараал хүртсэн гэсэн үг биш. Хэрэв мөнгийг зөв зарцуулах юм бол энэ нь олон хүнийг авралд хөтөлж, ядууст ивээл хайрыг буулгах үнэ цэнэтэй зүйл болох болно. Мөнгийг бодлогогүй, үрэлгэн байдлаар ашиглах юм бол,... мөнгө эзэндээ бузар муугийн урхи болно. Бардам зан, бузар хүслээ хангахад мөнгийг ашигладаг хүн мөнгийг ивээл бус хараал болгон хувиргадаг. Мөнгө зүрх сэтгэлээ юунд татагдсан болохыг шалгаж нягтлахад тус болдог. Өөрийн бодит хэрэгцээнээс илүү хөрөнгийг эзэмшсэн хүмүүс зүрх сэтгэлээ хянахын тулд ивээл, мэргэн ухааныг байнга эрж хайх хэрэгтэй. Шуналтай хүсэлд автагдан Эзэний даалгаж өгсөн эд хөрөнгөнд үрэлгэн хандан, итгэлгүй даамал болохгүйн тулд зүрх сэтгэлээ тогтмол хянаж байх хэрэгтэй. AГБ 391.1

Бид Бурханыг бүхнээс чухалчлан хайрлах юм бол дэлхийн, түр зуурын эд хөрөнгө зүрх сэтгэлд зөв байр сууриа олно. Бид Эзэний өмч хөрөнгийг зөв ашиглах мэдлэг, чадварыг чин сэтгэлээсээ, даруухнаар эрж хайх юм бол Бурханаас мэргэн ухааныг хүлээн авна. Зүрх сэтгэл маань өөрийн бузар хүсэл, мөрөөдөлдөө автагдах үед, мөнгө Бурханы хүслийг дагаагүй хүнд аз жаргалыг авчирдаг гэсэн бодлыг бий болгож, хүнийг удирдан, дарладаг. Мөнгө хүний итгэл, бишрэлийг олж авч, бурхан адил магтагдан хүндэтгэгдэх болно. Хүндэтгэл, үнэн, ариун, шударга байдал бүхэн тахилын ширээн дээр тахигдах болно. Хүн Бурханы тушаалуудыг сахихаа больж, дэлхийн хэрэгцээ, заншлыг дагана. Мөнгө гэдэг хуурамч хаан хүмүүсийн сэтгэлийг ноёлох, хүч болж хувирна. AГБ 391.2

Гэр орноо өмчлөн авч эдийн засгийн баталгааг бий болгох. - Бурханы хууль тушаалыг биелүүлсээр байгаа тохиолдолд дэлхийн нөхцөл байдал, ёс зүй, сүнслэг байдал, дэлхийн амьдрал ямар өөр байх байсан бол? Хувиа хичээх, өөрийгөө чухалчлан бодох байдал одоогийнх шиг чухал байхаа больж, хүмүүс бусдын сайн сайхан, аз жаргалд анхаарал тавьдаг болох байсан. . . . Нийгмийн ядуу дорой хэсэг баян чинээлэг хүмүүсийн төмөр чөдөрт чөдөрлөгдөж, сүнслэг болон бодит амьдралаа өөр хүмүүсийн оюун ухаанаар удирдуулахын оронд биеэ даасан бодол, үйлдлээр амьдралаа удирдах боломжоор хангагдах байсан. AГБ 392.1

Гэр орноо хувьчлан авсан мэдрэмж амьдралаа улам илүү сайжруулах хүчтэй урам зоригийг өгдөг. Ингэснээр тэд удалгүй өөрсдийн амьдралыг төлөвлөн, удирдах чадвартай болно. Үр хүүхдүүд нь арвич хямгач, үр бүтээлтэй байдалд сургагдаж, оюун ухаан нь гайхамшигтайгаар хөгжинө. Тэд өөрсдийгөө боолууд бус харин эрх чөлөөт хүн болохоо мэдэрч, алдсан байсан хүндэтгэл, ёс зүйн биеэ даасан байдлаа сэргээх боломжтой болно. AГБ 392.2

Бурханы хүмүүсийг хотоос гарч хөдөө газар руу нүүж, бага зэргийн газар эзэмшиж, үр хүүхдүүд болон өөрсдийн гэр оронтой болох зарчмыг сургаарай. AГБ 392.3

Гэр орон, байшингаа худалдахаас сэргийлэх талаар. - Зарим нэгэн ядуу эрэгтэй, эмэгтэйчүүд над руу захидал бичин гэр орноо зарж, Бурханы ажлыг дэмжих эсэх талаар зөвлөгөө авахыг хүсч байна. Баярын мэдээ түгээх ажлыг дэмжих хүсэлт зүрх сэтгэлийг нь өвтгөж, тэд өөрсдийн төлөө бүхнээ өгсөн Эзэнийхээ төлөө ямар нэгэн зүйлийг хиймээр байна гэж хэлдэг. Би ийм бодолтой байгаа хүмүүст: «Та нар гэр орноо яг одоо зарах үүрэггүй тул Бурханд өөрсдийгөө даатган ойрт, Эзэн чин сэтгэлийн залбирлыг тань сонсож таны гүйцэтгэх үүргийг ойлгоход тань тус болгож мэргэн ухаанаа хайрлана» гэж хэлдэг. AГБ 392.4

Бурхан хүмүүсийн амьдран суух ёстой гэр орныг яг одоо Өөрийн ажилд зориулан авчрахыг шаарддаггүй. Харин элбэг дэлбэг хүмүүс дэлхийн хүслээсээ хөндийрч, Бурханд бүхнээ золиослох дуудлагыг сонсохгүй байх юм бол Бурхан тэр хүмүүсээс холдож Есүсийн төлөө юу ч хийхэд бэлэн байгаа хүмүүст хандан Эзэний зорилгыг биелүүлэхийн тулд гэр орноо зарахыг ч тэднээс хүсч болно. AГБ 393.1

Бие даасан байдал магтагдан хүндэтгэгдэх болно.- Бусдаас хараат бус биеэ даасан байдал магтагдан хүндлэгддэг. Өөрийн нуруун дээрх ачааг үүрч, бусдын хоолоор хооллохгүй байхыг хүсэх нь зөв. Биеэ даах хүсэлтэй байх нь маш зөв, сайн сайхан хүсэл юм. Үр бүтээлтэй, хямгач байх нь биднээс шаардагддаг зан чанар. AГБ 393.2

Орлого зарлагаа тэнцүүлэх нь. - Маш олон хүмүүс орлогынхоо хэмжээнд мөнгөө зарах чадварыг суралцаагүй байна. Тэд нөхцөл байдалдаа нийцүүлж суралгүй, дахин дахин зээлсээр байгаад сүүлдээ өрөндөө бүрэн идэгдсэн байдаг. Үүний үр дүнд тэд урам хугарч, цааш хичээж зүтгэх хүсэл сэтгэлгүй болдог. AГБ 393.3

Зарлагаа тооцож бай. - Эхнэр болон эх хүн хувийн хүслээ хангах, хүслээ барьж сурах чадвар дутах зэрэг нь гэр бүлийн мөнгөн санг байнга шавхаж байдаг. Эх хүн хэзээ ч өөрийн болон үр хүүхдүүдийнхээ хүслийг хязгаарлах, гэр бүлээ авч явах талаар суралцаагүй тул өөрийн чадах бүхнээ хийж байна л гэж боддог. Зарим гэр бүл адил хэмжээний гэр бүлд шаардагдахаас хоёр дахин их зүйлс шаардах байдалтай амьдарч байна. AГБ 393.4

Хүн бүр мөнгө санхүүгийн тооцоо хийж сурах хэрэгтэй. Зарим нь үүнийг чухал биш, зарим нь бүр буруу зуршил ч гэж үзэх хандлага байна. Гэр бүлийн зардал бүрийг маш нарийн тооцдог байх ёстой. AГБ 393.5

Үрэлгэн зуршлын бузар муу тал. - Эзэн миний өмнө үрэлгэн зуршлаас ямар бузар муу үр дүн гарч болохыг үзүүлсэн. Ингэснээр би эцэг эхчүүдэд хүүхдүүддээ санхүүгийн нарийн тооцоотой байхыг зааж сургахыг зааварлах боломжтой болох юм. Хэрэггүй зүйлсэд мөнгөө зарцуулбал зөв зүйлсэд зарцуулах боломжгүй болно. AГБ 394.1

Хэрэв та үрэлгэн зуршилтай бол, энэхүү зуршлаа амьдралаасаа бүрмөсөн салгаж хая. Хэрэв та ийм алхам хийхгүй бол мөнхийн мөнхөд дампуурах болно. Хүүхэддээ их хэмжээний өв хөрөнгө бэлдсэнээс арвич хямгач, үр бүтээлтэй, хэрсүү байдалд суралцуулсан нь илүү дээр байх болно. AГБ 394.2

Бид энэ дэлхийгээр дайран өнгөрч буй болохоос энэ дэлхийнх биш. Бид дааж авсан эд хөрөнгөө Бурханы хүссэнээр бус өөрийн хүслийг хангах байдлаар зарцуулж болохгүй. Хамтдаа хүслээ хязгаарлаж сурснаар итгэл бишрэлийн жишээгээ амьдралдаа харуулцгаая. AГБ 394.3

Хэт үрэлгэн эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө. - Та мөнгөө хэрхэн хэмнэлттэй зарцуулахаа мэддэггүй ба хүсэл мөрөөдлөө өөрийн орлогод багтаахгүй байна.... Та мөнгөтэй болох маш их хүсэлтэй боловч хүсэлдээ захирагдан хүссэн зүйлдээ зарцуулж байна. Энэхүү жишээ болон зааж сургаж байгаа зан авир хүүхдэд тань бузар хараал болж байна. Хүүхдүүд тань зарчимтай амьдралд анхаарал тавихаа больсон байна! Тэд цаг өнгөрөх тусам Бурханыг мартаж, Түүнийг ундуйцан дургүйцэж буй зүйлсийг үл тоомсорлож, хүсэл мөрөөдлөө захирч чадалгүй тэвчээргүй хандаж байна. Мөнгийг хэр амархан олно төдий чинээ мөнгөндөө талархалгүй хандах сэтгэл төрдөг. AГБ 394.4

Байгаагаасаа илүүг зарцуулдаг гэр бүл. -Та олж буй орлогоосоо илүү зардал гаргахгүй байгаа эсэхдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрийн хүслийг барьж хорь. AГБ 394.5

Эхнэр тань эд мөнгө зарахдаа тантай адил сул байгаа нь маш харамсалтай байна. Эхнэр тань мөнгө хэмнэх тал дээр танд ямар ч тус дэм болохгүй байна, багахан хэмжээний цоорхойг ажиглахгүй бол маш та том хэмжээний хохирлыг амсах болно. Танай гэр бүлд шаардлагагүй зардлууд байнга гарч ирж байна. Эхнэр тань хүүхдээ байгаа эд мөнгөнөөсөө илүү хэмжээнд хувцаслахыг хүсч байна, үүнээс болоод хүүхдүүд тань хоосон, бардам зүрх сэтгэлтэй болон хүмүүжиж байна. Хэрэв та арвич хямгач байдалд суралцаагүй, үрэлгэн байснаар Бурханы хүсэл зорилго, үр хүүхдүүд болон өөртөө ямар их эрсдэл учруулж байгаагаа олж харах юм бол Христэд итгэгч хүний зан чанар бүрэн төгс төлөвшиж, Христийн зан чанар амьдралд тань мэдрэгдэх боломжийг нээх болно. Та ариг гамтай байдлыг хэрэгжүүлэхгүй юм бол хүүхдүүд тань амьдралынхаа туршид тэмцэлдэх буруу зуршлуудтай болно шүү... AГБ 395.1

Би өмч хөрөнгө нөөцлөхгүй байхыг зөвлөж байна -Миний өгөх зөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэцүү байх болно, гэхдээ би эхнэр нөхөр хоёрыг мөнгөө анхааралтай зарцуулж, өдөр бүрийн мөнгө санхүүгээ зохицуулж байгаа байдлаараа арвич хямгач, хувийн хүсэлдээ боолчлогдоогүй, санхүүгийн хувьд цэгцтэй байх сургамжийг хүүхдүүддээ үзүүлээсэй гэж зөвлөмөөр байна. Хүүхдүүдийг дүрэм заавар болон жишээгээр сурган хүмүүжүүлэх хэрэгтэй. AГБ 395.2

Гэр бүл өөрийгөө огоорохоор дуудагдсан. -Итгэгч та хоёрт суралцах зүйлс маш их байгаа болохыг би үзэгдлээрээ үзсэн. Та хоёр олсон орлогынхоо хэмжээнд амьдрахгүй байна. Та хоёр хэмнэх, гамнах тал дээр суралцаагүй байна. Та хоёр өндөр цалин авсан ч гэсэн гэр бүлээ хэрхэн хангалттай хэмжээнд байлгахаа мэдэхгүй байх болно. Та хоёр мөнгөндөө хянамгай байхын оронд хүсэл, амтлах эрхтэндээ захирагдаж байна. Та хоёр мөнгөө заримдаа сүмийн зарим анд нөхдийн худалдан авч дийлэхээргүй хоол хүнсэнд зарцуулж байна. Таны мөнгө халааснаас тань маш хурдан гулсан гарч байна... Та хоёр хоёул хүслээ хязгаарлахад суралцах хэрэгтэй. AГБ 395.3

Эцэг эхчүүд олж байгаа орлогодоо багтаан амьдрах ёстой. Тэд хүүхдүүддээ хүсэлдээ захирагдахгүй байхыг зааварчилгаа болон жишээгээрээ үлгэрлэх хэрэгтэй. Тэд хүсэл, хэрэгцээгээ энгийн, цөөхөн тоонд хязгаарлан оюун ухааны чадавх, сүнслэг ёс зүйг улам төгс төгөлдөр болгох ёстой. AГБ 396.1

Хүссэн бүхнийг өгөх нь хайрлаж байгаагийн шинж биш. - Та хүүхэддээ бардам, үрэлгэн, өнгөц хайр энэрлээр хайраа үзүүлэх буруу хүмүүжлийг сургаж болохгүй. Мөнгө зарцуулж болох шинэ аргуудыг сэдэж гаргах шаардлага одоо алга байна. Харин мөнгөө хэмнэх аргуудыг сэдэх шаардлагатай байна. AГБ 396.2

Арвич хямгач байдал тань өгөөмөр байдалтай нийцдэг байх ёстой. - Өнөө үеийн залуучууд арвич хямгач байдлыг үзэн ядаж, түүнээс хөндийрөх үзэл суртлаар хүмүүжиж байна. Тэд арвич хямгач байдлыг хэт нарийн, харамч гэж буруугаар ойлгох болсон. Гэвч арвич хямгач байдал нь ихэнх нээлттэй үзэл баримтлал, сэтгэхүйтэй нийцэж байдаг. Арвич хямгач байдлыг хэрэгжүүлэлгүйгээр өгөөмөр байх боломжгүй. Арвич хямгач, үргүй жижиг зардлуудаа байнга тооцдог байх аргыг судлахыг хэн ч бузар муу гэж бодож болохгүй. AГБ 396.3

Нөгөө эсрэг туйл буюу ухаангүй хямгадалт. - Бурхан хүмүүсийг бие махбодоо үл тоомсорлон, зовоон шаналгаж, өөрийгөө Бурханы үйлчлэлд оролцох боломжгүй болгох үйлдлийг хүндэтгэж үздэггүй. Гэр бүлийг удирдаж байгаа хүмүүсийн хамгийн чухал үүрэг бол бие махбодыг хүчирхэгжүүлэх, шинэчлэн сэргээхүйц хоол хүнсээр хангахад оршиж байдаг. Хоол хүнс муутай байснаас хямдхан хувцас, тавилга, хэрэгслэлүүдтэй байсан нь илүү дээр. AГБ 396.4

Зарим гэр бүлийн удирдагчид зочиддоо үнэтэй, тансаг мэдрэмжийг төрүүлэхийн тулд гэр бүлийнхээ ширээг хоосон байлгадаг. Энэ бол ухаангүй мулгуу байдал. Гэрт ирж буй зочдод хамгийн энгийн даруухан байдлаар хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд гэр бүлийн хэрэгцээг юунаас ч илүү чухалд тавьдаг байх хэрэгтэй. AГБ 397.1

Бодлогогүй хэмнэлт, хуурамч ёс заншилд автагдах нь шаардлагатай, ивээл болохуйц найрсаг, зочломтгой байдлаас ихэвчлэн сэргийлэн, хөндийрүүлдэг. Гэр орныхоо ширээг байнга хоол хүнстэй байлгаснаар санаандгүй ирсэн зочдыг гэрийн эзэгтэйд илүү ажил бололгүйгээр дайлж ундаалах боломжийг бий болгодог. AГБ 397.2

Бидний арвич хямгач байдал гэр бүлийг хэзээ ч хоол хүнсээр хомс байлгахад нөлөөлж болохгүй. Ялангуяа сурагчид чанартай хоол хүнсээр хангагдсан байх ёстой. Хоол хүнс хийж байгаа хүн үргүй зардал гаргахгүйн тулд үргүй хаягдал гаргахгүй байхыг хичээх ёстой. AГБ 397.3

Хямгач байна гэдэг нь харамч байна гэсэн үг биш, агуу ажил үүрэг гүйцэтгэх шаардлагатай байгаа учир бид зардалдаа арвич хямгач хандах ёстой. AГБ 397.4

Эхнэрийн ажлыг хөнгөвчлөх боломжийг нээх хэрэгтэй. - Е……. хэмээх итгэгчийн гэр бүл маш арвич хямгач зарчмын дагуу мөнгө санхүүдээ ханддаг... Итгэгч Е…… өсөн нэмэгдэж олуулаа болсон гэр бүлдээ зориулан тааламжтай гал тогоо, саравч барих шийдвэрээс татгалзсан. Учир нь тэрээр Бурханы ажлыг хийхэд мөнгө дутагдалтай байгаа нөхцөлд хувийн ая тухын төлөө хөрөнгө оруулах шаардлагагүй гэж бодсон юм. Би түүнд үр хүүхдүүдийн ёс зүй болон бие махбодын эрүүл мэндийн хувьд гэр бүлээ тааламжтай, тухтай болгоход хөрөнгө оруулж, эхнэрийнхээ ажлыг хөнгөвчлөх хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээсэн. AГБ 397.5

Эхнэрт зориулагдсан мөнгийг хувийн хэрэглээнд ашиглах. - Та хоёр бие биендээ туслах үүрэгтэй. Түрийвчээ хааж, эхнэртээ хувийн зүйлсэд зарцуулах мөнгө өгөхгүй байгаагаа зөв зүйл гэж бодож болохгүй. AГБ 397.6

Та долоо хоног бүр эхнэртээ тодорхой хэмжээний мөнгө өгч, тухайн мөнгийг өөрийн хүссэнээр зарцуулах эрхийг өгөх хэрэгтэй. Та эхнэрээ ямар байр сууринд байх ёстойг ойлгоогүйгээс болоод эхнэрээ дур хүсэл, мөрөөдлөө бага ч болов хангахыг зөвшөөрөөгүй байна. Эхнэр тань аливаа зүйлд төгс төгөлдөр, тэнцвэртэй ханддаг. AГБ 398.1

Олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг эхнэртэйгээ хуваалцах хэрэгтэй. Тэрхүү мөнгийг өөрийн болгож, хүссэнээрээ зарцуулахыг зөвшөөрөх хэрэгтэй. Эхнэр тань өөрийн олсон мөнгийг өөрийн зөв гэж бодсон зүйлсдээ зарцуулах эрхтэй байх ёстой. Хэрэв тэрээр шүүмжлүүлэлгүйгээр, хүссэнээрээ зарцуулах мөнгөтэй болох юм бол сэтгэл санааны маш хүнд дарамтаас хөндийрнө. AГБ 398.2

Тохитой болон эрүүл байдлыг эрж хай. - Итгэгч П .... эд хөрөнгөө ухаалгаар зарцуулахгүй байна. Тэрээр хүүхдийнхээ хүсэл, дуу хоолойг сонссон шигээ ухаалаг сонголт, зөвлөгөөнд анхаарал хандуулаагүй. Тэрээр өөрт байгаа эд хөрөнгөний хэмжээнд зарцуулж, хамгийн чухал хэрэгцээ буюу гэр бүлийнхээ тохитой, зрүүл саруул байх хэрэгцээг хангаагүй. Гэр бүл тань тэр чигээрээ энэ тал дээр өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Гэр бүлийн тохилог, тавлаг байдалд маш олон зүйлс шаардлагатай байдаг. Та гэр бүлийн хэрэгцээгээ зөв тооцоолж, эмх цэгцтэйгээр тодорхойлоогүйгээс гэр бүлд сөрөг муу нөлөө бий болж, гэр бүл хохирч байна. AГБ 398.3

Бид таар адил хувцсаар хувцаслаж, гэр бүлээ тавлаг, тохитой, дур сонирхол татахуйц болгоогүйгээс зүрх сэтгэлээ цэвэр, ариун болгож чаддаггүй. AГБ 398.4

Бурхан Өөрийн хүмүүсийг тохитой, эрүүл амьдрахад зайлшгүй шаардлагатай зүйлсээс татгалзахыг хэзээ ч шаарддаггүй. Гэвч Тэрээр хэт тансаг, өнгөц, хэрэггүй зүйлсэд мөнгөө зарцуулахыг хүлээн зөвшөөрдөггүй. AГБ 398.5

Хэзээ нөөцлөх, хэзээ зарцуулахаа суралц. - Та хэзээ хадгалж, хэзээ зарцуулах ёстойгоо мэддэг байх ёстой. Бид өөрсдийгөө үгүйсгэж, загалмайг өргөмжлөхгүй юм бол Христийн дагалдагчид байж чадахгүй. Бид амьдралдаа үйлдсэн үйлдлийнхээ дагуу шударга хариугаа авдаг, бид урагдсан хэсгийг шаглаасаар нөхөж, сэмэрсэн өнцгүүдээ бэхэлж, өөрийн эд зүйлсийг сайтар мэддэг байх ёстой. Хувийн хүслээ хангахын тулд зарцуулсан бүх жижиг сажиг зардлуудаа тооцоолон үзэх хэрэгтэй. Ингэснээр хувийн хүсэл, гажуудсан хүсэл, амтлах эрхтнээ хангахын тулд ямар их зардал гаргасан болохоо ойлгоно. Хэрэггүй хүслээ хангахаар зарцуулсан мөнгө тань гэр бүлийн тохитой, тавлаг байдалд бодитой өөрчлөлт оруулж болох байсан. Та хэт тарчиг байж болохгүй, та өөртөө болон ахан дүүс нартаа шударгаар хандах хэрэгтэй. Тарчиг байх нь Бурханы хангалуун байдлыг буруу ашиглаж байгаа гэсэн үг. Хэт тансаглах нь мөн Бурханы ивээлийг буруу ашиглаж байна. Чухалчлан тооцох шаардлагагүй гэж бодсон багахан зардлууд эцэстээ маш их зардал болон өссөн байдаг. AГБ 399.1

Боолчлогдсон зүрх сэтгэлийг удирдан чиглүүл.-- Өдөр тутам хямгач байдлыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болох талаар нарийн танилцуулах шаардлагагүй. Бурханд бүх зүрх сэтгэлээ даатгаж, Бурханы үгийг өөрсдийн удирдамжаа болгосон хүмүүс өдөр тутмын амьдралдаа өөрийгөө хэрхэн авч явах ёстойгоо мэдэж байдаг. Тэд зүрх сэтгэлийн хувьд даруу төлөв Есүсээс суралцаж, Христийн дөлгөөн байдлыг төлөвшүүлж, хэмжээлшгүй уруу таталтаас өөрийгөө хамгаалах болно. AГБ 399.2