Адвентист Гэр Бүл
Жаран гуравдугаар бүлэг - Хүүхдүүдэд Хэрхэн Мөнгө Олж, Зарцуулахыг Зааж Сургах
Oдөр тумын энгийн зуршлуудыг зааж сургах.- Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүслээ хязгаарлан, огоорох зарчмуудад сургаж, төлөвшүүлсэн байх ёстой. Тэд хүүхдүүддээ үргэлж Бурханы үгийг дагаж, Есүст үйлчлэх хүсэл зорилготойгоор амьдрах үүргээ гүйцэтгэдэг болж хүмүүжихэд туслах хэрэгтэй. Тэд өдөр тутмын амьдралынхаа энгийн зуршлуудад нийцүүлэн амьдрах, үнэтэй хувцас хунар, хоол хүнс, үнэтэй байшин, тавилга хэрэгслэл худалдан авах шаардлагагүй гэсэн зарчмуудыг суралцсан байх ёстой. AГБ 407.1
Хүүхдүүд багаасаа уншиж, бичиж, тоолж, өөрсдийн зардлыг тооцдог чадварт суралцах хэрэгтэй. Тэд цаашид энэхүү мэдлэгээ улам гүнзгийрүүлэх ёстой. Хүүхдүүд бүх төрлийн чадвар, мэдлэгийг эзэмшихээсээ өмнө мэргэн ухааны Эзэнээс эмээхийг заалгасан байх хэрэгтэй. AГБ 407.2
Залуучууд гэр бүлийн санхүүдээ анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. - Залуучууд мөнгө зарцуулах талаар буруу ойлголттой болсноор маш олон аюулд автагдах боломжийг бий болгодог. Тэд хүсэл мөрөөдөл бүхнээ биелүүлэхэд зарцуулж болох хэмжээлшгүй хэмжээний мөнгө байдаг гэсэн бодолтой болох үед энэхүү үзэл бодлыг нь биелүүлж, мөнгөөр хангахгүй байх хэрэгтэй. Тэд мөнгийг Бурхан Өөрийн хаанчлалыг байгуулах ажлыг хийлгэхээр даалган өгсөн гэдгийг ойлгож хувийн хүслээ хязгаарлаж сурах хэрэгтэй. AГБ 407.3
Гэр бүлийн орлого хязгаарлагдмал байгаа нөхцөлд хүслээ хангах хандлагыг бүр илүү хязгаарлах ёстой. Хүслээ эцэг эхийн авч дийлэх мөнгөний хэмжээнд барих хэрэгтэй. Эзэн хувиа үл хичээсэн хичээл зүтгэл болгоныг мэдэж, магтан сайшааж байдаг . . . Өчүүхэн бага зүйлсэд ч гэсэн итгэлтэйгээр хандаарай. Ингэснээр та илүү агуу үүрэг хариуцлагуудаа үл тоомсорлох аюулд унахгүй. Бурхан, «өчүүхэн бага зүйлсэд итгэлтэй байсан хүмүүс агуу том зүйлсэд итгэлтэй хандах болно” гэж хэлсэн. AГБ 408.1
Мөнгөний үнэ цэнийг мэдүүлж өгөх. -Хүүхдүүд өөрсдийн оролцоо, хөдөлмөр шингээгүй мөнгийг үнэлдэггүй. Зарим нь хүнд ажилд нухлагдаж, зовлон үүрч байж мөнгө олдог, тэгвэл залуучууд өөрсдийн хэрэгцээ, хоол хүнс, хувцас, гэр орон байшин савыг худалдан авдаг мөнгө хэрхэн бий болдгийг ойлгох үедээ мөнгөндөө ямар гамтай хандах бол! AГБ 408.2
Хүүхдүүдэд мөнгө олох олон төрлийн боломжууд байдаг ба тэд амьдралыг тэтгэн өгсөн Есүст өөрсдийн талархлын өргөлөө өргөх боломжоор хангагдах боломжтой... Тэд олж буй мөнгөө өөрсдийн туршлага багатай ухаанаар зарцуулах ёсгүйг заалгасан байх ёстой. Тэд мөнгөө бодлоготой зарцуулж, баярын мэдээний ажилд хандив өргөх хэрэгтэй. Тэд эцэг эхээсээ мөнгө авч хандив өргөх байдалд суралцах ёсгүй, учир нь тэр мөнгө бол тэднийх биш. Хүүхдүүд, «би өөрт үнэ цэнэгүй зүйлсийг өргөл болгон өргөх ёстой гэж үү? » гэж асууж сурах хэрэгтэй. AГБ 408.3
Хүүхдүүддээ мэргэн бус сургамжийг өгөх асуудал гарсаар байна. Дээд сургуулийн төлбөрөө хөдөлмөрлөн олж байгаа оюутан бусдын мөнгөөр үнэ төлбөргүй суралцаж байгаа оюутнуудаас давуутай байгаагаа ойлгож ухаардаг. Ийм оюутнууд өөрсдийн үнэ цэнийг ойлгож мэдэрдэг. Бид үр хүүхдүүддээ нэг бол ямар ч тусламж үзүүлдэггүй эсвэл дарамт зовлонг бүхэлд нь нуруун дээрээ үүрч явж бодохгүй. AГБ 408.4
Эцэг эхчүүд өөрсдийн үүргээ буруу ойлгон бие махбодын хувьд эрүүл саруул залуучуудыг сүмийн пастор болохоор суралцахад, үр ашигтай, хүнд хэцүү ажил хийж үзээгүй залууг эмч болоход нь зориулан сургалтын төлбөрийг нь хандивлаж байна. AГБ 409.1
Хүүхдүүдэд мөнгө олж сурахыг урамшуулах нь - Хотоос гадна амьдардаг хүүхдүүд бага зэргийн газар дээр ногоо тарих аргыг суралцаж болох юм. Ургасан ургацаа Бурханы зорилгод ашиглах хэрэгсэл болгох талаар хүүхэддээ зааварлаж болох юм. Эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийн аль аль нь ийм ажлыг хийж болно. Хэрэв тэд зөв сургагдан, зааварчилгаа авсан бол мөнгийг үнэлж, арвич байдлаар мөнгөө хямгадна. Хүүхдүүд баярын мэдээний ажлаас гадна өөрсдийн хувцсыг худалдан авахад нэмэр оруулж сурах боломжтой. Хүүхдүүдэд энэ зан чанарыг төлөвшүүлэхэд нь тусалж дэмждэг байх хэрэгтэй. AГБ 409.2
Мөнгийг буруу ашиглах байдлыг урамшуулж болохгүй. - Бид мөнгөө гэр орон, хэв загвар, тансаг хувцас, чихэр зэргийн хэрэгцээгүй зүйлсэд ямар их дэмий зарцуулж байна вэ! Эцэг эхчүүд хүүхдүүддээ Бурханы мөнгийг хувийн хүслээ хангахын тулд ашиглах нь буруу гэдгийг зааж өгөх хэрэгтэй... Хүүхдүүддээ боломж гарах бүртээ зоос болгоноо хадгалж баярын мэдээний ажилд ашиглахыг зааж сургаарай. Хүүхдүүд хүслээ хязгаарлаж сурснаар гайхамшигтай мэдрэмжийг олж авах болно. Ийм сургамжууд тэднийг тэвчээргүй занд автагдахаас хамгаална. AГБ 409.3
Хүүхдүүд Христийг хайрлах хайраа мөнгийг хурууны салаагаар урсган алга болгодог хэрэгцээгүй хүслүүдээ огоорсноор харуулах боломжтой. Гэр бүл бүр ийм сургамжийг үзүүлдэг байх ёстой. Ийм сургамжийг өгөхөд биднээс олон төрлийн чадвар, арга барил шаардагдах ба энэ нь хүүхдэд зааж өгч болох хамгийн шилдэг сургамж байх юм. Хүүхдүүдийн Эзэнд зориулан өргөж буй өргөл бяцхан горхи мэт байх боловч олон хүүхдүүдийн өргөлтэй нэгдэн их устай, өргөн гол мөрөн адил цутгаж эхэлнэ. AГБ 409.4
Бяцхан хүүхдүүдэд Эзэнд зориулсан өргөлөө хадгалах бяцхан хайрцгийг бэлдэж өгөөд, харж болохуйц газар тавиарай... Ингэснээр хүүхдүүд Эзэний үйлчлэлд бэлтгэгдэх боломжтой болно. AГБ 410.1
Хүүхдүүдэд арван хувь болон өргөлөө өргөхийг зааж өгөөрэй. - Эзэн арван хувийн өргөлийг Өөрийнх гэж тунхаглахаас гадна, арван хувийн өргөлийг хэрхэн хадгалан нөөцлөх талаар ч зааж сургасан. Тэрээр, «Эзэн Бурханаа эд хөрөнгө, ургацынхаа дээжсээр хүндэтгээрэй » гэж хэлсэн. Энэ нь бид орлогоо дураараа зарцуулаад үлдсэнийг нь Эзэнд авчир гэсэн үг биш. Хэдийгээр ийм байдлаар шударга арван хувийн өргөлийг өргөж болох ч гэсэн Бурханд өргөх хэсгийг орлого олсны дараа шууд тусгайчлан бэлтгэсэн байх ёстой. Элч Паулаар дамжуулан Ариун Сүнсний өгсөн зааварчилгаанд арван хувийн өргөлийг хэрхэн өргөх талаар зааж сургасан байдаг. «Долоо хоногийн эхний өдөр хүн бүр Бурханы ивээсний дагуу Түүний агуулахад өргөлөө авчирч өгөөрэй. » Энэ зааварт эцэг эх, үр хүүхдүүд хамрагддаг. AГБ 410.2
Мөнгөтэй эцгүүдийн гаргадаг алдаа. -Хүүхдийн тойрон хүрээлж байсан нөхцөл байдал эцэг эхийн үзүүлж байсан жишээнээс илүү үр дүн болон нөлөөг үзүүлдэг. Зарим эд хөрөнгөтэй эцгүүд хүүхдүүдээ өөрсдийн бага залуу байх үеийнхтэй адил байж чадахгүй байна гэж бурууттадаг. Тэд өөрсдийнх нь бодолд нийцэхгүй байх үед насандаа тохироогүй дорой зан чанарыг харуулж байна гэж загнадаг. Эцгүүд үр хүүхдээ өөрийн өсөн хүмүүжсэнтэй адил нөхцөл байдалд оруулж чадаагүй мөртлөө өөрсөдтэй нь адил байхыг шаардах ёсгүй. Тухайн эцэг хүрээлэн буй нөхцөл байдлын нөлөөнд автагдсанаар хүмүүжил олж авсан. Тэрээр бага залуу байхдаа өлмөн зөлмөн амьдралаар амьдарч байсан тул тууштай, хичээнгүйгээр ажиллаж хөдөлмөрлөх шаардлагад автагдаж байсан. Түүний зан чанар ядуу дорой, хатуу хөтүү байдалд нухлагдан төлөвшсөн. Тэрээр хүслээ хязгаарлах, ажилдаа идэвх санаачлагатай, энгийн хэрэглээтэй байх зан чанаруудад албадлагаар суралцсан. Тэрээр хоол, хувцас олохын тулд байдаг бүхнээ дайчлах, арвич хямгач байх шаардлагатай байсан. AГБ 410.3
Эцгүүд анх үүрч байсан хүнд бэрхшээлдээ тааруулан хүүхдээ дүгнэхийн оронд тэднийг шууд баян тансаг болох чадваруудтай байхыг шаарддаг. Энэ бол хүн бүрийн гаргадаг алдаа дутагдал. Өнөөгийн хүүхдүүд эцгийнхээ хүмүүжсэнтэй адил нөхцөлд хүмүүжсэн бол эцгүүд шигээ хүмүүжих боломжтой байх байсан. Харин эцгүүдийн амьдарч байсан нөхцөл байдал одоо бол өөрчлөгдсөн. Эцэг нь ядуу нөхцөлд амьдарч байсан бол хүү элбэг дэлбэг нөхцөлд амьдарч байна. Хүүгийн бүх хүсэл хангагддаг. Эцгийн зан чанар хүнд нөхцөл байдалд зохицох, мөнгө санхүүгээ хэмнэх байдлаар хүмүүжсэн ба тэдний хувьд бүх талаар хэмнэлт гаргах нь хамгийн шилдэг зарчимд тооцогдож байсан. Харин түүний хүүгийн зан чанар, зуршлууд хүнд бэрхшээлтэй нөхцөл байдлаар бус харин амар жимэр, хангалуун нөхцөл байдлаар төлөвшиж байна. . . Хүүгийн эргэн тойронд элбэг, тансаг байдал хүрээлж байхад, тэрээр хэрхэн энэ бүхнээсээ салах билээ? AГБ 411.1
Эцэг эхчүүдийн хамгийн шилдэг өв. - Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ өвлүүлэн өгч болох хамгийн шилдэг өв бол үр ашигтай хөдөлмөр хийх, өөрийгөө дөвийлгөхгүй байх сэтгэлээр тусламж дэмжлэг үзүүлэх байдлууд байх болно. Тэд ийм амьдралаар амьдрах үедээ мөнгөний жинхэнэ үнэ цэнийг мэдүүлж өгч, хувийн хүслээсээ хөндийрч бусдын хэрэгцээг хангаж, тусламж үзүүлж, Бурханы зорилгыг биелүүлэхэд гар бие оролцох зарчмуудыг зааж сургах болно. AГБ 411.2