Агуу Мэтгэлцээн
36—Ойртож буй Хямрал
Диваажинд агуу тэмцэл үүссэн цагаас эхлэн Сатан Бурханы хуулийг хүчингүй болгох зорилго тавьсаар иржээ. Тэрээр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Бүтээгчийг эсэргүүцэн диваажингаас хөөгдсөн ч тэмцлээ дэлхий дээр үргэлжлүүлсээр байна. Сатан хүмүүсийг мэхэлж, Бурханы хуулийг зөрчүүлэхээр удирдах ажлаа хамгаас илүү чухалчлан гүйцэтгэдэг юм. Сатан зорилгодоо хүрэхийн тулд Бурханы хуулийг бүхэлд нь үл тоомсорлох, аль эсвэл нэг заалтыг нь хүлээн зөвшөөрөхгүй байхад уруу татахыг хичээж байв. Эцсийн дүндээ эдгээр нь яг адилхан үр дүнг бий болгоно. Нэг «Заалтыг» зөрчсөн хүн бүх л хуулийг зөрчсөн гэсэн үг. Бурханы хуульд ийн хандсан хүний үлгэр дуурайл, нөлөө нь түүнийг хууль зөрчигч, «Бүх хуулийн заалтыг зөрчсөн” буруутан болгоно. Иаков 2:10. {AM 582.1} Aм 473.1
Сатан Бурханы хуулийг үзэн ядуулахын тулд Библийн сургаалуудыг бузарлаж, Библид итгэгч олон хүний итгэл бишрэлд худал хуурмагийг хольжээ. Үнэн, худлын хоорондох агуу тэмцэл нь Бурханы хуультай холбоотой урт удаан тэмцлийн эцсийн тулаан байх болно. Бид хүний хууль болон Ехувагийн тушаалуудын хооронд, Библийн итгэл бишрэл болон ёс заншил, үлгэр домгийн шашны хоорондох тэмцлийн дунд амьдарч байна.{АМ 582.2} Aм 473.2
Үнэн болон зөвт байдлыг эсэргүүцэхээр нэгдсэн хүчнүүд яг одоо маш идэвхтэйгээр ажилласаар байна. Зовлон бэрхшээл болон цусаар бидэнд ирсэн Бурханы үгийг тэд үнэ хүндгүй болговол Библи хүн бүрийн гарт өгөгдөх боломжтой болсон ч цөөхөн хүн Библи амьдралыг чиглүүлэх ном хэмээн хүлээн зөвшөөрч байна. Итгэл бишрэлийг үгүйсгэх нь зөвхөн дэлхий дахинд бус сүмд хүртэл санаа зовоох хэмжээнд хүрчээ. Олон хүн Христэд итгэгчдийн чухал багана болох үнэн сургаалуудыг эсэргүүцэж байна. Библийн бичээчдийн дэлхий хэрхэн бүтээгдсэн, хүн хэрхэн уналтанд орсон, эвлэрүүлэл, Бурханы хуулийн зарчмууд үүрд мөнхөд хэрэгжинэ гэсэн сургаалуудыг Христэд итгэгчид нэр зүүсэн үй олон хүн бүхэлд нь болон хэсэгчлэн үгүйсгэх болно. Мэргэн ухаан, бие даасан байдлаар бахархаж буй олон мянган хүн Библид бүрэн итгэл найдвараа тавих нь сул дорой байдал хэмээн үзэж, эсрэгээрээ тодорхой шалтгаангүйгээр Библиэс өө хайж, чухал үнэнийг нь тодорхойлж хэт сүнслэг болгохыг ер бусын мэдлэг, чадвар гэж тооцно. Удирдагчид, санваартнууд гишүүддээ, профессор болон багш нар сурагчдадаа Бурханы хууль өөрчлөгдөж, хүчин төгөлдөр биш болсон ба Бурханы тушаал хүчинтэй, хуулийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг хүмүүсийг доромжилж, муулж байна.{АМ 582.3} Aм 473.3
Хүмүүс үнэнийг эсэргүүцэхдээ Зохиогчийг нь эсэргүүцэж байна. Тэд Бурханы хуулийг уландаа гишгэснээр Хуулийг Өгсөн Нэгэний эрх мэдлийг үгүйсгэдэг юм. Хуурамч сургаалыг шүтэх нь мод, чулуугаар хуурамч шүтээн бүтээх шиг амар хялбар зүйл юм. Сатан Бурханы зан чанарыг буруугаар танилцуулснаар хүмүүс Бурханы зан чанарыг буруугаар төсөөлдөг болжээ. Олон хүн гүн ухаан хэмээх хуурамч шүтээнд Ехувагийн байр суурийг өгч, цөөн хүн Бурханы Үг болон Христийн бодит амьдралаар үнэн нотлогдсон, дэлхийг бүтээгч, амьд Бурханыг шүтнэ. Мянга мянган хүн байгалийг бурхан адил шүтэх боловч байгалийг бүтээсэн Бурханыг үгүйсгэнэ. Өнөөгийн Христэд итгэгчдийн дунд хуурамч шүтээн өөр хэлбэрт хувилж, Елиагийн цаг үед эртний Израильчууд хуурамч шүтээн шүтэж байсан шиг болжээ. Нийгэмдээ цэцэн мэргэн гэж тооцогдох гүн ухаантнууд, яруу найрагчид, сэтгүүлчид болон алдартай хүмүүсийн хүрээлэл, олон их дээд сургууль, шашны сургуулиуд хуурамч бурхад болон Баал, Феникиний нарны бурхан адил тооцогдох болно. {АМ 583.1} Aм 474.1
Бурханы хууль хүчингүй болсон гэсэн үзэл газар авч буй нь орчин үеийн буруу үзлээс илүү, Христэд итгэгчдийн хүлээн зөвшөөрсөн буруу үзэл баримтлалаас илүү, Диваажингийн эрх мэдлийг зоригтойгоор эсэргүүцэхээс илүү, зөв шударга учир шалтгааныг эсэргүүцэхээс илүү хор нөлөөтэй билээ. Үндэстэн бүр хууль журамтай байдаг ба хууль харилцан хүндлэл, дуулгавартай байдлыг тогтоох зорилготой. Ямар ч засаг захиргаа хууль дүрэмгүйгээр оршин тогтнож чадахгүй. Тэгэхээр тэнгэр газрыг Бүтээгч Өөрийн бүтээсэн бүтээлүүдээ удирдан, захирах ямар ч хууль, тушаалгүй болно гэж төсөөлөөд үзээрэй. Жишээ нь, алдартай номлогч улс орныг удирдан залж, иргэдийн эрхийг хамгаалж буй хууль хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа учраас тэдгээрийг судлах шаардлагагүй гэж заавал хүмүүс түүнийг хэр удаан сонсох бол? Тэгэхээр улс орон, үндэстний хуулийг үгүйсгэх, эсвэл бүх засаглалын үндэс болсон Бурханы тушаалыг үгүйсгэхийн аль нь илүү хүнд хэрэг зөрчилд тооцогдох вэ? {АМ 584.1} Aм 474.2
Үндэстнүүд орчлон ертөнцийн Удирдагчийн Хуулийг хэрэгсэхгүй болгож, дэлхийн гэм бурууг шүүж, дуулгавартай хүмүүсийг ард түмэндээ дуртай бүхнээ үйлдэхийг зөвшөөрөх нь илүү амархан гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурханы хуулийг хүчингүй болгосноор ямар үр дагавар гарахыг бид ойлгож байна уу? Ийм туршилт урьд өмнө явагдаж байв. Франц шашингүй үзлээр удирдуулахдаа аймшигтай үр дагавар, үйл явдлуудын гэрч болсон юм. Дэлхий дахин Бурханы хуулийг үл тоомсорлосноор хамгийн хэрцгий харгислалаар удирдуулах болно гэдгийг батлан харуулсан юм. Зөв шударгын хэм хэмжээг хүчингүй болговол бузар муугийн зарчмууд дэлхийг удирдах болно.(АМ 584.2} Aм 475.1
Бурханы хуулийг эсэргүүцэх бүрт гэм нүгэл нь буруугүй, зөв шударгыг хүсэн мөрөөдөх шаардлагагүй гэсэн мэдрэмж газар авах болно. Бурханаар удирдуулахыг эсэргүүцэж буй хүмүүс өөрсдийгөө захирах чадвараа бүрэн алдана. Тэдний хор хөнөөлтэй үзэл, хүүхэд залуучуудыг хяналтанд орохыг хүсдэггүй, дуулгаваргүй болгож, дураараа авирлах зан чанарыг төлөвшүүлэх болно. Энэ нь яваандаа хуулийг үл тоомсорлогч, дүрэм журмыг үл хэрэгсэгч нийгмийг үүсгэн бий болгоно. Ийм хүмүүс Бурханы зааварчилгааг дагаж буй хүмүүсийн итгэл бишрэлийг буруутгахын сацуу Сатаны хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрнө. Тэд хуурамч шүтлэгтнүүд шүүгдэхэд нөлөөлсөн бузар муу, гэм нүгэлтэй үйлдлээ хөгжүүлэхийг хүснэ. {АМ 584.3} Aм 475.2
Бурханы хуулийг үл тоохыг зааж сургаж байгаа хүмүүс дуулгаваргүй байдлыг өдөөхүйц зан чанарыг зааж сургана. Бурханы хуулийг үгүйсгэж эхлэхэд хүний хууль дүрмийг ч гэсэн үл тоомсорлох болно. Бурхан шударга бус үйлдэл, шунал, худал хэлэх, заль мэх гаргахыг эсэргүүцдэг тул хүмүүс Түүний хууль дэлхийд элбэг дэлбэг амьдрахад саад болж байна хэмээн бодож уландаа гишгэх болно. Хүмүүс Бурханы тушаалуудыг хэзээ ч төсөөлж байгаагүй нөхцөл байдалтай тулгарна. Бурханы хууль хүчин төгөлдөр биш бол гэм буруугаас айх шаардлага байна уу? Хүмүүсийн эд хөрөнгө аюулгүй байхаа болино. Хүмүүс хөршийнхөө эд зүйлсийг хүч хэрэглэн эзэмшиж, хүчтэй нь баян тансаг амьдралтай болно. Хүмүүс бусдын амь насыг хүндэтгэхээ болино. Тэд гэр бүлийн андгай тангараг, гэр бүлийн ариун нандин байдлыг хадгалахаа болино. Хүсвэл эрх мэдэлтэй хүн хөршийнхөө эхнэрийг ч хүчээр булаан авах боломжтой болно. Бурханы хуулийн 5-р заалтыг 4-р зүйлтэй хамт хэрэгсэхгүй болгоно. Хүүхдүүд бузар зүрх сэтгэлийнхээ хүслийг биелүүлж л байвал эцэг эхийнхээ амийг хороохоос ч айж эмээхээ болино. Соёлжсон нийгэм дээрэмчид, алуурчдын үүр болон хувирч, амар жимэр, аз жаргалтай амьдрал дэлхий дээр оршин тогтнохоо болино.(АМ 585.1) Aм 475.3
Хүний үзэл Бурханы тушаалд дуулгаваргүй хандахыг зааснаас хойш ёс зүйн хэм хэмжээ суларч, дэлхий дахинд гэм нүгэл үерийн ус адил түрэн орж ирэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хууль бус байдал, хэт үрэлгэн зан, авилгал далайн хүчтэй давалгаа мэт нөмрөн авна. Сатан ажлаа гэр бүлүүдэд эрчимтэй явуулна. Сатан Христэд итгэгч нэр зүүсэн гэр бүлүүд дээр ялалтын тугаа залсан байна. Ийм гэр бүлээс атаархал, бузар муу гүтгэлэг, хоёр нүүр гаргах, бие биетэйгээ муудалцах, тэмцэл, зөрчилдөөн, ариун итгэлийг хөсөрдүүлэх, бузар муу хүсэлдээ автагдах байдлыг олж харж болно. Нийгмийн амьдралын үндэс, ноён нуруу болж байх ёстой итгэл бишрэлийн зарчмууд, тогтолцоо бүхэн, нурж унах гэж байгаа байшин мэт санагдаж эхэлнэ. Бузар гэмт хэргээс болж шоронд хоригдсон харгис гэмт хэрэгтнүүд олны хүндэтгэл хүлээсэн мэт бэлэг сэлт авч, олны анхаарлыг хүртэх болно. Мэдээллийн хэрэгслүүд тэдний зан чанар, гэмт хэргийг олон нийтэд ухуулан танилцуулна. Сонин сэтгүүлүүд залилан, дээрэм, хүний амь бүрэлгэх үндсийг тавьж, бузар муу гэмт үйлдлийг нэг нэгэнгүй танилцуулах болно. Энэ үед Сатаны тамын ажил үйлс амжилттай алдаршуулагдах болно. Гэмт хэргийг шүтэж сайшаах, зорилго, утга учиргүй амьдрал, тэвчээргүй байдал, бүх төрлийн гэм буруутай үйлдэл аймшигтайгаар газар авч байгаа явдал Бурханаас эмээгч хүн бүрийг сэрдхийлгэх ба тэд бузар муугийн давалгааг сөрөхийн тулд юу хийж болох вэ? гэж Бурханаас асуух болно.{АМ 585.2} Aм 476.1
Шударга үнэнийг тогтоох шүүх, хээл хахуульд автагдана. Удирдагчид э д хөрөнгө, бие махбодын таашаалыг хөөцөлд өххүсэлдээ удирдуулагдана. Хүмүүсийн хүсэл мөрөөдөл тэвчих, хязгаарлах боломжгүй болох тул тэр Сатаны удирдлаганд бүрэн орно. Шүүгчид доройтож, хээл хахуульд автагдаж, зорилгоо умартана. Хуулийг хэрэгжүүлэгчид согтуурхах, наргиж цэнгэх, өс хонзон, бүх төрлийн шударга бус үйлдэлд автагдана. «Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов. Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.» Исаиа 59:14. {АМ 586.1}| Aм 476.2
Библийг хавчин гадуурхсаны үр дүнд Ромын сүмийн ноёллоор бий болсон сүнслэг харанхуй, гэм нүгэл бий болно. Гэвч сайн мэдээний гэрэл хүчтэй гэрэлтэж байхад, шашны эрх чөлөө хангагдсан үед ёс суртахууны ялзрал хэрхэн бий болох вэ? Сатан Библийг эсэргүүцсэнээр дэлхийг удирдах боломжгүй болсон тул зорилгоо өөр аргаар хэрэгжүүлэх болно. Библид итгэх итгэлийг устгах нь Библийг устгаж байгаатай адил үр дүнд хүргэнэ. Сатан Бурханы хууль хүчингүй болсон гэж тунхагласнаар Бурханы хуулийг огт мэддэггүйтэй адил гэмт хэрэг хийх боломжийг үүсгэнэ. Тэрээр одоо ч гэсэн урьдын адил Христийн сүмүүдээр дамжуулан, зорилгоо хэрэгжүүлсээр байна. Өнөө үеийн шашны байгууллагууд хүмүүсийн үл тоож буй Библийн үнэнийг хүлээж авахаас татгалзана. Тэд үнэнийг эсэргүүцсэнээр эргэлзээ, итгэлгүй байдлын үрийг суулгаж эхэлнэ. Тэд хүн нас бараад мөнхийн сүнс болж, оюун ухаанаа хадгалдаг гэсэн Папын буруу үзлийг хүлээн зөвшөөрснөөр сүнсний ертөнцийн хууран мэхлэлтээс хамгаалагдах боломжгүй болох юм. Мөнхийн шийтгэл, тамын сургаал олон хүний Библид итгэх итгэлийг эвджээ. Бурханы хүмүүст дөрөвдүгээр хуулийг сахихыг зааж сургах үед тэд энэ хууль Долоо дахь өдрийн Шаббатыг сахихтай холбоотой гэдгийг ойлгож ухаарна. Алдар нэр хүндтэй багш нар энэхүү тушаалыг эсэргүүцэж, зааврыг нь дагахаас чөлөөлөгдөхийн тулд Бурханы хууль хүчингүй болсон гэж заах болно. Тэд ийнхүү хууль болон Шаббатыг үл тоомсорлоно. Шаббатыг өөрчлөх ажил өргөжих үед дэлхий дахин Бурханы дөрөв дэх хуулийн шаардлагаас мултрахын тулд Бурханы хуулийг хүчингүй болсон гэж тооцно. Шашны удирдагчид итгэл бишрэлгүй байдал, сүнсний ертөнц, Бурханы ариун хуулийг үл тоомсорлох үүд хаалгыг нээх ба энэ хүмүүс дээр Христэд итгэгчдийн дунд орших гэм нүглийн аймшигтай хариуцлага буух юм. {AM 586.2} Aм 476.3
Нийгэмд бузар муу хурдацтайгаар түгж байна гэж буй хүмүүс «Христэд итгэгчдийн Шаббатаас” болж энэ бүхэн болж байна гэж гүтгэх ба тэд Ням гаргийг сахиснаар нийгмийн ёс зүй сэргэж, сайжирна гэж хэлэх болно. Энэ бүхэн жинхэнэ Шаббатыг хамгийн ихээр тунхагласан Америкт ихэд дэлгэрнэ. Америкт бузар муу хүслийг хязгаарлах, чухал ёс зүйн өөрчлөлтүүд нь ихэвчлэн Ням гаргийн хөдөлгөөнтэй холбогдох болно. Ням гаргийг дэмжигчид нийгмийн сайн сайхны төлөө тэмцэж байгаа ба тэдэнтэй нэгдэхийг хүсэхгүй байгаа хүмүүсийг бузар муу хүслээ хязгаарлахыг хүсдэггүй, өөрчлөлт шинэчлэлтийг эсэргүүцэгчид хэмээн тооцох болно. Гэвч худал хуурмагийг хөхүүлэн дэмжигчдийн хөдөлгөөн хэдий зөв сайн зорилготой болсон ч буруу үзлийг хүлээн зөвшөөрөх шалтаг болох ёсгүй. Бид эрүүл хоол хүнсэнд хор хольж хутгаж болно шүү дээ. Тэглээ гээд хорны муу нөлөө алга болохгүй. Хүмүүс хор хольсон хоолыг санаандгүй идэж болох тул хорыг хоолтой холих нь илүү аюултай. Сатан худал хуурмагийг зөв харагдуулахын тулд таарсан хэмжээний худлыг үнэнтэй хольдог арга барилтай. Ням гаргийг дэмжигчид Библийн зарчимтай нийцэхүйц чухал өөрчлөлтийг хийхийг уриалах боловч хүмүүст Бурханы хуультай үл нийцэх шаардлагыг тавьж эхэлнэ. Тиймээс Бурханы зарц нар тэдгээртэй нийцэх боломжгүй болно. Бурханы тушаалуудыг хүний тушаалуудаар орлуулах ажил үйлсийг хэрхэвч зөвтгөж болохгүй. (АМ 587.1) Aм 477.1
Сатан үхэшгүй мөнхийн сүнс, Ням гаргийг сахих гэсэн хоёр агуу хууран мэхлэлтээрээ хүмүүсийг хууран мэхэлнэ. Эхний хууран мэхлэлт үхэгсдийн сүнсэнд итгэх суурийг тавьдаг бол хоёр дахь нь Ромын сүмийг хүлээн зөвшөөрөх суурийг тавина. Америкийн Нэгдсэн Улсын Протестантууд үхэгсдийн сүнс мөнх оршдог аймшигтай үзлийг хүмүүст хүлээн зөвшөөрүүлэхэд хамгаас илүү хичээж, тамын хүч болох Ромын сүмтэй гар нийлэх болно. Энэхүү гурвалсан хүч нэгдэж, Америк улс хүний үзэл бодлын эрх чөлөөг хязгаарлах Ромын замаар замнана. (AM 588 1) Aм 478.1
Үхэгсдийн сүнсэнд итгэгчид өнөө үеийн Христийн нэр зүүгчдийг дуурайж, хүмүүсийг хууран мэхлэх, эзэмдэх агуу хүчтэй болно. Сатан шинэ үзэл баримтлалынхаа дагуу шинэчлэгдэнэ. Тэрээр дэлхийд гэрлийн тэнгэр элч дүрээр үзэгдэнэ. Чөтгөр үхэгсдийн сүнсний гайхамшгуудыг бүтээж, өвчтэй хүмүүсийг эдгээж, үгүйсгэхийн аргагүй олон гайхамшгийг бүтээнэ. Үхэгсдийн сүнснүүд Библид итгэдэг, сүмийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлэх үед хүмүүс тэдний үйлсийг Бурханы хүч нөлөөгөөр бий болсон гэж хүлээн зөвшөөрнө.{АМ 588.2} Aм 478.2
Христэд итгэгч нэр зүүгчид, бурханлаг бус хүмүүсээс ялгагдах зүйлгүй болно. Сүмийн гишүүд дэлхийтэй адил зүйлсийг хүсэж мөрөөдөн, дэлхийтэй хамтрахад бэлэн болно. Сатан хүн бүрийг үхэгсдийн сүнсийг шүтдэг болгохын тулд тэднийг нэгтгэнэ. Ер бусын гайхамшгийг жинхэнэ сүмийн шинж тэмдэг гэж үздэг Папыг дэмжигчид Сатаны гайхамшиг бүтээх хүчинд ядах зүйлгүй хууртана. Үнэний хамгаалалтаа гээсэн Протестантууд, дэлхийн хүмүүс бүгд хуурамч бурханлаг байдлыг хүлээн зөвшөөрч, хамтын хүчээр дэлхий дахиныг өөрчлөн шинэчилж, удаан хүлээсэн амар тайван ноёрхох мянган жилийн эхлэлээ тавихыг {AM 588.3} Aм 478.3
Сатан үхэгсдийн сүнс амьд оршдог гэсэн онолоороо дамжуулан, хүн төрөлхтний төлөө ирж, өвчин зовлонг анагааж, шинэ итгэл бишрэл, илүү өндөрт өргөмжлөгдөх шашны тогтолцоог танилцуулж байгаа хувилгаан мэтээр ирэх ба дэлхий дээрх сүйрлийг авчирна. Бузар хүсэлдээ удирдуулах байдал тунгаан бодох учир зүйг уландаа гишгэснээс болж бузар хүсэлдээ хэт автагдах, зовлон шаналал, цус урсгах байдал гарна. Дайн дажин хүмүүсийн бузар хүслийг өдөөж, хүчирхийлэл, цус урсгалтын золиос болсон хүмүүс мөнхийн сүйрэл рүү чиглэдэг тул Сатан дайн тэмцлийг өдөөх дуртай. Тэрээр хүмүүсийн оюун ухааныг Бурханы өдөрт зөвийн төлөө болгохгүйн тулд үндэстнүүдийг бие биенийх нь эсрэг турхирна.{АМ 589.1} Aм 478.4
Сатан зүрх сэтгэл нь бэлтгэгдээгүй хүмүүсийг өөртөө татахын тулд байгалийн юмс үзэгдлийг ашиглана. Тэрээр байгалийн нууцыг судалсан учраас хүч нөлөөгөө ашиглан, Бурханы зөвшөөрсөн хэмжээнд сүйрлийг авчирна. Тэрээр Иовыг зовлонд унагах гэж оролдох үед Иовын мал адгуус, зарц, гэр орон, үр хүүхдүүд ямар хурдан сүйрч, алга болсон билээ. Тэр үед нэг гамшиг нөгөө гамшгаар үтэр түргэн солигдож байсан. Бурхан бүтээлүүдээ сүйрлийн хүчнээс хамгаалж, хаацайлдаг билээ. Гэвч харамсалтай нь Христэд итгэгчид Ехувагийн хуулийг үл тоомсорлосон учир Эзэн тусламж үзүүлэхгүй гэсэн амлалтаа хэрэгжүүлэхээс өөр аргагүй болно. Бурхан дэлхийгээс ивээлээ холдуулж, Түүний хуулийг, сургаалыг эсэргүүцэгч, бусдыг өөртэйгөө адил болгохоор хүчилдэг хүмүүсээс хамгаалалтаа авна. Сатан Бурханы тусгай хамгаалалтыг хүлээн зөвшөөрөөгүй хүн бүрийг эзэмшинэ. Чөтгөр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд зарим хүмүүсийг таалалдаа багтаан, эд хөрөнгөтэй болгож, өөр бусдад Бурхан зовлон шаналлыг буулгасан гэж итгүүлэхийн тулд зовлон, бэрхшээлийг буулгана. {АМ589.2} Aм 478.5
Сатан хүний хөвгүүд дээр бүх төрлийн өвчин зовлонг анагаах чадвартай эмч дүрээр ирснээр их хэмжээний өвчин зовлон, гамшгийг бий болгож олон хүн амтай хотуудыг үнсэн товорго болгоно. Тэр одоо ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Сатан хаа сайгүй, хэдэн мянган төрлийн аюул осол, далай болон хуурай газарт сүйрэл, агуу түймэр, хүчтэй шуурга, том хэмжээний мөндөр, далайн хүчтэй салхи, хар салхи, далайн түрлэг, газар хөдлөлтөөр дамжуулан бузар хүчээ харуулсаар байна. Сатан боловсорсон ургацыг сүйрүүлж, ган гачиг, сэтгэлийн шаналлыг бий болгоно. Мөн агаар мандалд үхлийн нян тарааж олон хүнийг тахлаар үхүүлнэ. Эдгээр үйл явдлууд ойр ойрхон өрнөж, илүү их сүйрлийг дагуулна. Хүн болон араатан амьтдын аль аль нь сүйрэлд автана. Дэлхий бүхэлдээ гашуудах болно. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. Исаиа 24:4, 5.{АМ 589.3} Aм 479.1
Агуу хууран мэхлэгч Бурханд үйлчилж буй хүмүүсийг дээрх бузар муу үйлсийг хийсэн гэж төөрөгдүүлнэ. Диваажингийн уур хилэнг хөдөлгөсөн хүмүүс дэлхийд нүүрлэж буй бүх асуудал бэрхшээлүүдэд гэм буруутайд буруутгаж Бурханы тушаалуудыг сахидаг хүмүүст нялзаахыг оролдоно. Тэд Ням гаргийн Шаббатыг зөрчсөнөөр Бурханы уур хилэнг хөдөлгөсөн ба Ням гаргийг сахихаас нааш дэлхий дээрх гамшгууд арилж алга болохгүй гэж тунхаглана. Мөн Бурханы дөрөв дэх хуулийг сонгон зааж сургаж буй хүмүүсийг Ням гаргийг эсэргүүцэж байгаа тул хүмүүст бузар мууг үйлдэж, Бурханы тааллыг олж нийгмийн амжилтанд элбэг дэлбэг болоход саад болж байна гэх болно. Иймэрхүү эрт үеийн Бурханы зарц нарыг эсэргүүцэж байсан гүтгэлэг дахин сайтар бэлтгэгдсэн үндэслэлүүдийн дагуу давтагдах болно. «Ахаб Елиаг хармагцаа, - Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд Елиа- Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан” Хаадын дээд 18:17, 18. Хүмүүс худал гүтгэлгээс болон уур хилэнд автагдаж, Бурханы элчин сайд нарыг эсэргүүцэх нь хуурамч шүтлэгт автсан Израиль Елиаг хороохоор эрэн сурвалжилж байсантай адил байх болно.{АМ 590.1} Aм 479.2
Үхэгсдийн сүнстэй холбоо тогтоодог хүмүүсийн үйлддэг гайхамшиг нь жирийн хүнд биш харин Бурханыг дагах сонголт хийж буй хүмүүст муугаар нөлөөлнө. Үхэгсдийн сүнс Ням гаргийг эсэргүүцэгчдийн алдааг Бурхан буруутгаж байгаа ба тэд эх орныхоо удирдагчдын хуулийг Бурханы хууль адил сахих хэрэгтэй гэж заах болно. Тэд дэлхий аймшигтай бузар муугаар дүүрч байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, Ням гаргийг эрхэмлээгүй хүмүүсийн ёс зүй доройтсон байна гэж заах шашны багш нарын сургаалыг дэмжинэ. Тэд зааж буй сургаалыг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийн эсрэг ихэд уурлан хилэгнэнэ. {AM 590.2} Aм 480.1
Сатаны Бурханы хүмүүстэй хийх эцсийн тэмцэл нь диваажинд агуу тэмцлийг эхлүүлж байсан үетэй адил байх болно. Тэрээр Бурханы хаанчлалыг унагахад нууцаар ажиллаж байв. Тэрээр өөрийн хийсэн ажил үйлс бүрээ үнэнч шударга тэнгэр элч нар дээр тохсон юм. Ромын Сүм ч гэсэн түүхэндээ маш олон хууран мэхлэлтийг хийж ирсэн байдаг. Ромын Сүм диваажингаас томилогдсон гэх боловч үнэндээ өөрийгөө Бурхан, түүний хуулиас илүү хэмээн өргөмжилдөг юм. Ромын удирдлага оршин тогтнох үеэс сайн мэдээнд итгэж амиа алдсан хүмүүс бузар муу хэмээн тооцогдох болсон юм. Тэднийг Сатантай хамтрагч гэж зарлаж, буруутгахын тулд бүх боломжуудыг ашиглаж тэднийг хамгийн аймшигтай гэмт хэрэгтнүүд хэмээн ойлгуулахыг хичээнэ. Өнөө үед ч гэсэн энэ зүйл тохиолдоно. Сатан Бурханы хуулийг эрхэмлэж буй хүмүүсийг сөнөөхийг хичээхийн сацуу тэднийг хууль зөрчигчид, Бурханыг үл хүндлэгчид, дэлхийд Бурханыг шүүлт буулгаж байна гэж бурууттаиа.{АМ 591.1} Aм 480.2
Бурхан хүний чөлөөт сонголт, үзэл санааг хэзээ ч хүчилдэггүй. Харин Сатан уруу татаж чадахгүй байгаа хүмүүсийг удирдлагадаа оруулахын тулд байнга хавчлага харгислалыг ашигладаг юм. Тэрээр айдас, хүчирхийллээр дамжуулан хүний оюун ухааныг удирдаж, өөрийн эрхэндээ оруулж байна. Сатан дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд шашны болон улс төрийн эрх мэдлүүдийг ашиглаж, Бурханы хуулийг эсэргүүцэн хүнийг хүчлэхийг хичээнэ. {АМ 591.2} Aм 480.3
Библийн Шаббатыг эрхэмлэж буй хүмүүс хууль эмх журмыг эсэргүүцэж буй нийгмийн дайснууд хэмээн тооцогдоно. Тэд нийгмийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, хэт өөрийнхөөрөө аашилж, доройтож бузартсан тул Бурханы уур хилэнгийн шүүлт дэлхий дээр буух шалтгаан гэж гүтгэгдэнэ. Тэдний ёс суртахуунтай үйлдэл гэж үзэж байгаа үзлийг эсэргүүцэл, өөрийн хүслээ тулгасан, эрх мэдлийг эсэргүүцсэн гэж бурууттана. Тэд засаг захиргааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэж гүтгэгдэнэ. Бурханы хуулийг хүчингүйд тооцож буй Сүмийн санваартнууд Бурханд бус Бурханы байгуулсан иргэний засаглалын удирдлагад дуулгавартай байх үүргийг зааж сургана. Хууль тогтоох, шударга ёсны танхим Бурханы хуулийг сахигчдыг гүтгэж буруутгана. Тэдний хэлсэн үгсийг буруугаар тайлбарлаж дүгнэх болно.{АМ 592.1} Aм 480.4
Протестант сүмүүд Бурханы хуулийг хамгаалж буй Библийн тодорхой үзлүүдийг шууд эсэргүүцнэ. Тэд Библийн баримтуудаар дууг нь хорьж чадахгүй байгаа хүмүүсийн дуу хоолойг хорихыг хүснэ. Тэд өөрсдийн нүдийг хаагаад зогсохгүй дэлхий дахинд үйлчилж буй Христэд итгэгчдийн хэрэгжүүлж буй үйлсийг дагахаас татгалзаж, Папын Шаббатын талаарх тунхаглалыг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хавчин гадуурхах сонголт хийлгэнэ. (АМ 592.2) Aм 481.1
Сүм болон улс орны удирдлагууд бүх хүн Ням гаргийг хүндэтгэн, сахидаг болгохын тулд хахуульдах, хэрцгийгээр шахах, хүчлэх аргуудыг ашиглана. Тэд Ням гаргийг сахих тушаал Бурханы эрх мэдэлтэй холбоотой биш гэсэн баримтуудыг хүч хэрэглэн эсэргүүцнэ. Улс төрийн доройтол үнэнийг тогтоох, шударга байдлыг хайрлах хүслийг мөхөөнө. Америкийн Нэгдсэн Улсад хүртэл удирдагчид, хууль санаачлагчид олон нийтийн таашаалд нийцүүлэхийн тулд Ням гаргийг сахих шаардлагад нэгдэнэ. Маш их үнэ цэнээр олж авсан эрх чөлөөт сонголт хийх эрх чөлөөг хүндэтгэхээ болино. Удахгүй өрнөх хямралаас бид бүхэн, «Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав» Илчлэлт 12:17 гэсэн эш үзүүлэгчийн үгс хэрхэн биелэхийг харах болно. {АМ 592.3} Aм 481.2