Хүүхдийн Хүмүүжил
Гучин Гуравдугаар Бүлэг - Зан Чанарын Төлөвшилд Эцэг Эхийн Гүйцэтгэх Үүрэг
Эцэг Эхчүүдийн Тэнгэрлэг Үүрэг.— Бурхан эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ зан чанарыг тэнгэрлэг Жишгийн дагуу төлөвшүүлэх үүрэг өгчээ. Түүний нигүүлслийн хүчээр тэд энэ үүргээ гүйцэтгэж чадах боловч хүслийг жолоодож, сэтгэл хөдлөлийг хорихын тулд тэвчээр, уйгагүй зүтгэл хийгээд бат шийдэмгий байдал хэрэгтэй. Арчлахгүй орхисон талбайд зөвхөн зангуу, хогийн ургамал ургадаг. Хэрэгцээгээ хангах эсвэл гоёж чимэглэх зорилгоор арвин ургац хураахыг хүсдэг аливаа хүн эхлээд хөрсөө бэлдэж, үрээ суулгаад, дараа нь үрсэлгээгээ тойруулан малтаж, зэрлэгийг зулгааж, газрыг зөөлрүүлэх ёстой. Ингэснээр хүссэн ургамлууд сагсайн ургаж, түүний цаг зав, хөдөлмөрийн хөлс харамгүй ирэх болно. (хх 169.1) XX 181.1
Зан чанарыг төлөвшүүлэх нь хүн төрөлхтөнд даалгасан хамгийн чухал ажил бөгөөд энэ талаар урьд урьдынхаас илүү уйгагүй судлах шаардлагатай. Өнөө үеийнх шиг чухал асуудлуудыг шийдэх шаардлага өмнөх үеийнхэнд гарч байгаагүй, өнөө үеийнхний туулдаг шиг хүнд бэрхшээлийг туулах хэрэг урьд нь залуу хүмүүст хэзээ ч тулгарч байгаагүй. (хх 169.2) XX 181.2
Эцэг эхчүүдээ, үр хүүхдүүддээ Бурханы Үгийн сургамжуудад нийцтэй зан чанарыг төлөвшүүлэх нь та бүхний үүрэг мөн. Энэ нь мөнхийн амьтай холбоотой учир өмнө байгаа үүргээ бүхнээс түрүүнд тавь. Хүүхдүүдийнхээ зан чанарыг төлөвшүүлэх нь талбайдаа ажиллахаас, амьдрах гэр сууцаа барихаас, эсвэл ямар ч төрлийн арилжаа наймаа, бизнес эрхэлэхээс илүү чухал билээ. (хх 169.3) XX 181.3
Гэр Орон Бол Зан Чанарыг Төлөвшүүлэх Хамгийн Тохирсон Газар.—Хүүхдийн зан чанарыг зөв суурин дээр байгуулах боломж гэр бүлд байдаг шиг сүмийн сургууль болон дээд сургуульд байдаггүй. (хх 170.1) XX 182.1
Хазгай Зан Чанаруудыг Тэгшлэх Естой.—Энэ амьдралдаа хазгай зан чанаруудаа тэгшилж аваагүй хүмүүст ирээдүйн мөнхийн амьдралд эзлэх байр суурь байхгүй. Залуу хүмүүст зан чанараа шулуутгах нь юутай чухал вэ? Эцэг эхчүүд энэ тал дээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдэнд хүүхдүүдээ Бурханы төлөө сурган, хүмүүжүүлэх ариун үүрэг бий. Тэдэнд бяцхан үрсдээ тэнгэрийн ордонд орох эрх болсон зан чанарыг төлөвшүүлэхэд нь туслах ажил оногджээ. (хх 170.2) XX 182.2
Эцэг Эхчүүдээ, Бүү Бүдэр.—Эцэг эхчүүдээ, Христийг бодож хүүхдүүдийнхээ зан чанарыг энэ үе болон мөнхийн улсад бэлтгэх хамгийн чухал ажилдаа бүү бүдрэгтүн. Таны хүүхдээ итгэмжтэйгээр сургах шаардлагаа умартдаг явдал, тэдний дутагдлыг харах нүдийг сохлон тэдэнд зохистой хориг тавихыг саатуулагч мунхаг энхрийлэлд автдаг алдаа тэдэнд сүйрлийг авчирах болно. Таны үйлдэл тэдний хойч ирээдүйг буруу зүгт чиглүүлэх аюултай. Та тэдний хэн болохыг, Христийн төлөө, хүмүүсийн төлөө, болон өөрсдийнхөө төлөө юу хийхийг тодорхой болгож өгдөг. (хх 170.3) XX 182.3
Хүүхдүүдтэйгээ чин шударгаар, итгэмжтэйгээр харьц. Зориг, тэвчээртэй ажил. Зөрчилдөхөөс бүү ай, цаг бүү алд, хөдөлмөрлөх, дарамт, зовлонгоос бүү өөрсдийгөө чөлөөл. Хүүхдүүдийн тань ирээдүй та нарын ажлын мөн чанарыг харуулна. Та нарын Христэд үнэнч байсан эсэх нь үр хүүхдүүдийн тань зан чанарын төлөвшилөөс юу юунаас илүү тод харагдах болно. Тэд бол Христийн цусаараа худалдан авсан өмч. Хэрэв та Бурханаас авсан үүргээ умартвал, таны өгсөн мунхаг хүмүүжил тэднийг Христээс зугтаж, харанхуйн хаанчлалыг дэмждэг хүмүүсийн хүрээнд оруулах болно. (ХХ 170.4) XX 182.4
Цэвэр Цэмцгэр Гэр Оронтой Боловч Хүмүүжилгүй Хүүхэдтэй Гэр Бүл.—Хүүхдүүдээ гудамжинд наадуулж, гудамжны амьдралд сургахаар зөнд нь хаясан боловч, сууцныхаа модон хананд зохицохгүй байгаа өчүүхэн зүйлсийг олж харах нүдтэй, тогтоосон цагтаа гэр орныхоо ажлыг бүрэн гүйцэд нямбай хийхэд санаа тавьж, бие махбодийн болоод сүнслэг эрүүл мэндээ золиослон байж тогтмол төлөвлөснөө гүйцэтгэдэг эхийг би харж байсан. Түүний хүүхдүүд бохир заваан, хувиа хичээсэн, бүдүүлэг хийгээд дуулгаваргүй орчинд өсөн торниж байлаа. Эх нь гэрийн туслагчтай боловч хүүхдүүдээ зохистой сургах цаггүй болтлоо гэр орны ажилтай зууралдах аж. Тэрээр хүүхдүүдийнхээ зан чанарыг доголдолтой, дэглэмгүй, хүмүүжилгүй болгон өсгөж байна. Энэ эх гярхай нүдээ зөв зүйлд ашигласан бол хүүхдүүдийнхээ оюун ухаан, зан авирыг хэвшүүлж, тэднийг өв тэгш зан чанартай, биеэ барьдаг болгон хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагыг олж харах байсан хэмээн бодож байлаа. (хх 171.1) XX 183.1
Хэрэв энэ эх хамгийн их анхаардаг зүйлсээ хоёрдугаарт тавьдаг байсан бол, тэрээр хүүхдүүдийнхээ бие махбодь, оюун ухаан болон ёс зүйн хүмүүжлийг хязгааргүй чухалд тооцох байсан байх. Эх хүний үүрэг хүлээсэн хүмүүс Бурханы болон үр хүүхдүүдийнхээ өмнө тэднийг эелдэг, энхрий, ёс суртахууны хувьд ариун, дур хүсэлдээ цэвэр, хайр булаам зан чанартай хүмүүс болгон хүмүүжүүлэх хамгийн эрхэм үүрэг хүлээснээ мэдрэх ёстой. (хх 171.2) XX 183.2
Зөвхөн Бурханы Сүнсээр.—Бид өөрсдийгөө алдрын үүдээр орох амьдралтай, зан чанартай хүмүүс болгон төлөвшүүлж чадна гэж тооцож байна уу? Бид үүнийг хийж чадахгүй. Бид хором бүртээ бидэнтэй болон үр хүүхдүүдтэй ажиллаж буй Бурханы Сүнснээс хараат байдаг. (хх 172.1) XX 183.3
Хэрэв эцэг эхчүүд гэр бүлдээ буруу дэглэм тогтсноо анзаарах юм бол өөрсдийгөө Бурханд бүрэн зориулаг, тэгвэл Эзэн тэдний гэр бүлд өөрчлөлтийг авчирах төлөвлөгөө, арга замуудыг тогтоох болно. (хх 172.2) XX 183.4
Бурханы Болон Та Бүхний Үүрэг.— Итгэгч эцэг эхчүүдээ би та нарыг сэрээч гэж гуйж байна. ... Хэрэв та нар үүргээ умартаж, хариуцлагаас зугтаж, Эзэнээр ажлаа хийлгэнэ гэж найдах юм бол энэ чинь бүтэхгүй. Та нар чадах бүхнээ итгэмжтэйгээр хийсний дараа хүүхдүүдээ Есүс дээр авчирч, чин сэтгэлээсээ, тууштай итгэлээр, тэдний төлөө зуучлан залбир. Эзэн та нарын туслагч болж, хүчээл зүтгэлээр тань дамжуулан ажиллах бөгөөд Түүний хүчээр та нар ялалтанд хүрнэ. (хх 172.3) XX 184.1
Эцэг эхчүүд хүүхдүүддээ Бурханы хүсдэг шиг анхаарал тавих юм бол Тэрээр тэдний залбирлыг сонсож, хичээл зүтгэлийг нь үр дүнтэй болгох болно. Гэхдээ Бурхан эцэг эхчүүдээр хийлгэхээр даалгасан ажлаа хэзээ ч өөрөө бие даан хийхгүй. (хх 172.4) XX 184.2
Бүтээгч Эзэн Та Нарт Туслах Болно.—Эхчүүдээ, та нарын ажилд ертөнцийг Бүтээгч Эзэн тусална гэдгийг санацгаа. Түүний хүч дотор, Түүний нэрээр та хүүхдүүдээ ялалтанд хүргэж чадна. Тэдэнд Бурханаас хүч чадал гуйхыг заа. Тэдэнд Тэр залбирлуудыг сонсдог болохыг хэлж өг. Тэдэнд бузар мууг сайнаар ялан дийлэхийг заа. Тэдэнд бусдыг өөд татах, тэтгэх нөлөө үзүүлэхийг зааж сурга. Тэдэнд Бурхантай нэгдэхийг уриал, тэгвэл тэд хамгийн хүчтэй сорилтуудыг давах хүчтэй болох болно. Тэгвэл тэд ялагчийн шагналыг хүртэх болно. (хх 172.5) XX 184.3
Нинжин сэтгэлт Аврагч тань хайр, нигүүлслийн нүдээр таныг харж байгаа бөгөөд залбирлыг тань сонсож, хамгийн чухал ажилд хэрэгтэй тусламжийг өгөхөд бэлэн байдаг. Хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, эелдэг зан, итгэл хийгээд өгөөмөр сэтгэл бол Христэд итгэгчийн зан чанарууд юм. Эдгээр нандин ивээлүүд нь Сүнсний үр жимснүүд мөн. Тэр итгэгчдийн титэм бөгөөд хамгаалалт юм. (хх 173.1) XX 184.4
Алдаж, Эндсэн Хүмүүст Хэлэх Урмын Үг.—Хүүхдүүдээ зохисгүй байдлаар хүмүүжүүлж байсан хүмүүс сэтгэлээр унах хэрэггүй. Тэд харин Бурханд бүрэн итгэж, үнэн дуулгавартай сэтгэлийг эрж хайг. Тэгвэл тэд шийдэмгий өөрчлөлт хийх чадвартай болно. Бурханы ариун хуулийн авралын зарчмуудтай нийцэн өөрчлөгдсөнөөр та нар хүүхдүүддээ нөлөө үзүүлэх болно. (хх 173.2) XX 184.5
Зарим Хүүхдүүд Эцэг Эхийн Зөвлөгөөг Сонсохоос Татгалздаг.—Эцэг эхчүүд хүүхдүүддээ Бурханд зүрх сэтгэлээ өгөх завшаан, боломж бүрийг олгохын төлөө чадах бүхнээ хийсэн боловч хүүхдүүд нь гэрэлд алхахаас татгалзаж, бузар зам мөрийг хөөн өөрсдийг нь хайрлаж, авралынх төлөө зүрх сэтгэлээ шаналгадаг эцэг эхчүүддээ таагүй сэтгэгдэл төрүүлж болох юм. (хх 173.3) XX 185.1
Хүүхдүүдийг Сатан л гэм нүгэл, дуулгаваргүй байдлын замд уруу татдаг. ... Хэрэв тэд гэрэлд алхахаас татгалзвал, хэрэв тэд Бурханы хүсэл хийгээд замыг дагахаас татгалзан, засралгүй, гэм нүглийн замаар тууштай замнах юм бол шүүлтийн цагт тэдний мэдлэг, боломж бүхэн тэдний эсрэг гэрчлэл болох болно. Учир нь тэд гэрэлд алхалгүй, хаашаа явж байгаагаа ч анзаараагүй юм. Сатан тэднийг уруу татаж, тэд дэлхийд хэл амны бай болдог. Хүмүүс «энэ хүүхдүүдээ хар даа! Тэдний эцэг эх нь бурханлаг улсууд, гэтэл тэдний хүүхдүүд манай хүүхдүүдээс долоон дор байх юм. Би Христэд итгэгч болохыг хүсэхгүй байна” хэмээн ярих болно. Сайн хүмүүжсэн боловч хүмүүжлээ үл тоосон хүүхдүүд ингэж эцэг эхээ буруутан болгож, тэднийг үл хүндэтгэн, бурханлаг бус дэлхийн өмнө эцэг эхээ гутамшиг болгодог. Тэд бас бузар зам мөрөөрөө Есүс Христийн итгэлийг гутаадаг. (хх 173.4) XX 185.2
Эцэг Эхчүүдээ, Энэ Бол Таны Үүрэг.—Эцэг эхчүүдээ, хүүхдүүддээ тэвчээр, тууштай зан болон жинхэнэ хайрыг төлөвшүүлэх нь та нарын үүрэг. Бурханы өгсөн үрсэд зүй зохистой хандаж байгаа тань тэдэнд цэвэр ариун, өв тэгш зан чанарын суурийг тавихад туслах болно. Та нар тэдний оюун ухаанд нэг л өдөр өөрсдийн гэр бүлдээ дагаж мөрдөх зарчмуудыг нь суулгаж өгч байна. Таны сайтар төлөвлөсөн оролдлогын үр нөлөө хүүхдүүдэд гэр бүлээ Эзэний замаар удирдан дагуулахад харагдах болно. (хх 174.1) XX 185.3