Хүүхдийн Хүмүүжил

9/86

Зургадугаар Бүлэг - Байгалийн Сурах Бичиг

Сургалтын Шавхагдашгүй Эх Үүсвэр.— Байгаль орчин бол бидний хувьд Библийн дараа орох сурах бичиг юм. (ХХ 45.1) XX 47.1

Хэвлэлийн хуудаснаас суралцах чадваргүй, эсвэл сургуульд элсэн орох болоогүй бяцхан хүүхдэд байгаль орчин мэдлэг хийгээд баяр хөөрийн шавхагдашгүй эх үүсвэр болж байдаг. Хараахан бузар муугийн нөлөөнд хатуурч амжаагүй зүрх сэтгэлтэй хүүхэд бүтээгдсэн бүхнээс цацрах Мөнх Оршихуйг илүү түргэн олж хардаг. Дэлхийн нүргээнд дөжирч амжаагүй чих нь байгалийн хэлээр дамжуулан ярьж буй Дуу Хоолойг сонсохдоо сайн байдаг. Насаар ахиу хүүхдүүдийн хувьд тэдэнд сүнслэг болон мөнхийн зүйлсийн тухай аниргүй сануулгууд мөн адил хэрэгтэй тул байгаль орчноос суралцах нь тэдний хувьд мэдлэг хийгээд баяр хөөрийн чамлахааргүй эх үүсвэр болж чадна. (ХХ 45.2) XX 47.2

Еден Цэцэрлэгийн Сурах Бичиг.— Байгаль дэлхий бүхэлдээ Бурхантай холбоотой бүхний тайлбар байхаар бүтээгдсэн. Едений гэртээ байсан Адам, Ева хоёрын хувьд байгаль дэлхий Бурханы мэдлэгээр дүүрэн байсан бөгөөд тэнгэрлэг сургамжуудаар бялхаж байлаа. Тэдний сонорт байгалийн дуу чимээ мэргэн ухааны дуу хоолой сонсогдож байжээ. Тэд Бурхантай бүтээлүүдээр хүрээлүүлэн уулздаг байсан учир, мэргэн ухаан нүдэнд үзэгдэж, зүрх сэтгэлд хоногшдог байжээ. (ХХ 45.3) XX 47.3

Тэдний өмнө амьд хичээлүүдээ дэлгэн байсан байгалийн сурах бичиг мэдлэг хийгээд баяр хөөрийн шавхагдашгүй эх үүсвэр болж байв. Ойн навчис хийгээд уулын чулуу бүхний дээр, тэнгэрт гялалзах од болгонд, газарт, тэнгэрт, далай тэнгист Бурханы нэр бичээстэй байлаа. Амьтай хийгээд амьгүй байгалийн аль аль нь цэцэг, навч, мод, амьтад бүхэн, далайн ливиатнаас эхлээд нарны цацрагт умбах эрвээхэй хүртэл, Едений бүх оршин суугчид нэгэн дуу хоолойгоор тус бүр өөрсдийн амьдралын нууцыг хүүрнэн өгүүлж байв. Тэнгэр дэх Бурханы алдар болсон эмх цэгцтэй хөдлөх тоолж баршгүй од, гаригс, «үүлсийн давхраанууд” (Иов 37:16), гэрэл, дуу авиа болон өдөр, шөнийн нууцууд бүгд дэлхийн анхны сурагчдын судлах ёстой хичээлүүд байлаа. (XX 45.4) XX 47.4

Уналтаас Хойшхи Нэмэлт Хичээлүүд.— Газар дэлхий хэдий хараалд идэгдсэн ч, байгаль орчин хүний сурах бичиг болсон хэвээр үлджээ. Гэм нүгэл хаа сайгүй тархаж, газар дэлхий, далай тэнгис болон хөх тэнгэрт хүртэл бузар савраа хүргэсэн учир эдүгээ байгаль зөвхөн сайн сайхныг үзүүлж чадахаа больжээ. (хх 46Л) XX 48.1

Нэгэнтээ зөвхөн Бурханы зан чанар бодох сайн сайхны мэдлэг бичигдсэн байсан газар эдүгээ Сатаны зан чанар болох бузар муугийн мэдлэг бас бичигдэх болов. Сайн муугийн аль алиныг илчлэх болсон байгаль дэлхийгээс хүн гэм нүглийн үр дагаврын аюулыг олж харах ёстой ажээ. (хх 46.2) XX 48.2

Байгаль Бол Библийн Сургаалын Тайлбар.— Библийн бичээчид байгалиас тун олон жишээнүүдийг тайлбар болгон ашигласан байдаг бөгөөд, байгаль дэлхийн зүйлсийг ажиглахдаа бид Ариун Сүнсний удирдлага дор Бурханы Үгийн сургамжуудыг илүү дүүрэн ойлгох чадварыг олж авах болно. (XX 46.3) XX 48.3

Байгаль дэлхий бол Бурханы Үгэнд оршиж буй эрдэнэсийн санг нээлгэхээр хүний хөвгүүдийн гарт өгсөн түлхүүр юм. Үл үзэгдэхийг үзэгдэхээр тайлбарлаж, тэнгэрлэг мэргэн ухаан, мөнхийн үнэн болоод яндашгүй нигүүлслийг Бурханы бүтээсэн зүйлсээс ойлгодог. (ХХ 46.4) XX 48.4

Хүүхдүүдийг байгаль дэлхийгээс Библийн сургаалуудыг тайлбарлах жишээ эрж хайхад болон Библийн байгалиас татсан адилтгалуудыг олж илрүүлэхэд урамшуулах хэрэгтэй. Тэд байгаль хийгээд Ариун Бичээсүүдийн аль алинаас Христийг төлөөлөх, үнэнийг тайлбарлахдаа Түүний ашигласан эд зүйлс болгоныг эрж хайх ёстой. Тэгвэл тэд мод, бут, сараана, сарнай, нар хийгээд оддоос хүртэл Түүнийг олж харах болно. Тэд шувуудын жиргээ, моддын хүнгэнээн, цахилах гялбаа болон далайн түрлэгээс Түүний дуу хоолойг сонсох болно. Байгалийн бүтээл бүхэн тэдэнд Түүний нандин сургаалуудыг сануулж өгөх болно. (хх 46.5) XX 49.1

Ингэж Христтэй танилцсан хүмүүст дэлхий дахин хэзээ ч эзгүй зэлүүд, мөхсөн газар мэт санагдахгүй. Харин энэ нь тэдний Эцэгийн гэр бөгөөд нэгэн цагт хүний хөвгүүдийн дунд амьдарч байсан Түүний оршихуйгаар дүүрэн байх болно. (ХХ47.1) XX 49.2

Библи Байгалийн Нууцуудыг Тайлдаг.—Хүүхэд байгальд гарахдаа зовлонгийн шалтгааныг олж харах болно. Гэвч тэр сөргөлдөгч хүчнүүдийн үйл ажиллагааг олж харж чадахгүй. Энэ үед л байгальд тайлбарлагч хэрэгтэй болно. Байгаль дэлхийд илрэх бузар мууг харж буй бүх хүний мэдэх ёстой гунигт түүхэн сургамж бий. Энэ нь —«дайсан үүнийг хийжээ» гэсэн сургамж. Матай 13:28 (хх 47.2) XX 49.3

Зөвхөн Калварын загалмайгаас цацрах гэрэлд байгалиас зөв сургамж авах боломжтой. Бетлехем ба загалмайн түүх бузар мууг ялан дийлэх нь юутай сайхан болохыг, мөн бидний хүртэж буй ивээл бүхэн авралын бэлэг болохыг илчлэн харуулаг. (XX 47.3) XX 49.4

Зэрлэг сарнай ба түүний өргөс, ба хогийн ургамлаар цөвтүүлэн, доройтуулагч бузар мууг бэлгэджээ. Шувуудын жиргээ, дэлгэрч буй дэлбээ, асгарах бороо, гийх нарны туяа, аясын салхи, шүүдрийн дусал гэх мэт ойн царс модноос эхлээд ёроолд нь буй ягаахан дэлбээ хүртэл байгаль дээрх мянга мянган бүтээл дотроос тэтгэн сэргээгч хайр харагдаж байдаг. Байгаль дэлхий өдгөөг хүртэл бидэнд Бурханы сайн сайхныг хэлж өгсөөр байна. (ХХ 47.4) XX 49.5

Анхны Сургуулиас Авах Сургамж.— Еденд оршин суугчид байгалийн сурах бичгээс суралцаж, Мосе Арабын тал хөндий, уулсын дундаас Бурханы гарын бичээсийг уншиж, жаалхүү Есүс Назарын толгодын энгэрт өссөн шиг өнөөгийн хүүхдүүд Түүний тухай суралцаж болно. Үл үзэгдэхийг үзэгдэх зүйлсээр тайлбарладаг. (хх 47.5) XX 50.1

Байгаль Дэлхийг Хайрлахад Сурга.—Эхчүүд өөрсөддөө болон хүүхдүүддээ байгалийн үзэсгэлэнт бүтээлүүдийг хайрлаж сурах цаг гаргаж байг. Тэрээр тэдэнд тэнгэрт дэлгээстэй сүр жавхланг, газар дэлхийг чимэх мянга мянган бүтээлүүдийг үзүүлж, дараа нь тэдэнд тэдгээрийг бүтээсэн Түүний тухай ярьж өгөг. Ийнхүү тэрээр тэдний бяцхан оюун ухааныг Бүтээгч рүү хандуулж, тэдний зүрхэнд ивээл бүхнийг Хүртээгчид зориулсан хүндэтгэл хийгээд хайрыг асааг. Байгалийн үзвэрийн танхим болсон тал хөндий, уул толгод бяцхан хүүхдүүдийн эрдмийн өргөө болох ёстой. Байгалийн эрдэнэсүүд тэдний сурах бичиг болох ёстой. Ингэж сургасан хичээл тийм ч амархан мартагдахгүй. (ХХ 48.1) XX 50.2

Эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурхантай ходбохын тулд тэдэнд Түүний урласан байгалийн бүтээлүүдийг хайрлах хийгээд авч байгаа бүхнээсээ өглөгийн Эзэний мутрыг олж харахад нь тусал. Ингэж тэдний зүрх сэтгэлийн хөрсийг үнэний үр суулгахад бэлдэж чадвал цаг нь болоход үр соёолон ургаж, арвин ургац өгөх болно. (хх 48.2) XX 50.3

Шувуудын Дуулах Магтаалын Дууг Түр.— Бяцхан хүүхдүүд ялангуяа байгаль дэлхийтэй ойртох ёстой. Тэднийг гоёмсог торонд хорихын оронд, хурга шиг чөлөөлж, мандах нарны туяанд тоглуул. Тэдэнд бут, цэцэг, намхан өвс болон өндөр моддыг үзүүлж, тэдгээрийн эмзэг чанар, төрөл зүйл, болон гоо үзэсгэлэнг таниул. Тэдэнд бүтээсэн бүхнээр нь илрэх Бурханы хайр, мэргэн ухааныг олж харахыг заа. Зүрхэндээ баярлан догдолж, хайр, талархлаар дүүрсэн тэднээр магтан дуулж буй шувуудын дууг түрэн дуулуул. (XX 48.3) XX 50.4

Хүүхэд залуучуудыг Уран Бүтээлчийн уран бүтээлийг анзаардаг, байгалийн хайр татам намуун дөлгөөн байдлыг зан чанараараа дуурайдаг болгон хүмүүжүүл. Бурханы хайр тэдний зүрхэнд асахад тэднийг ариун, сайхан амьдралаар амьдруул. Тэгвэл тэд авъяас чадвар бүхнээ бусдад тус болж, Бурханыг алдаршуулахад зориулах болно. (хх 48.4) XX 51.1

Байгаль Дэлхийгээс Бүтээгч Бурханыг Харуул.— Хүүхдүүдэд бузар мууг сөрөн зогсох эр зориг хайрлахуйц хичээлүүдийг заах хэрэгтэй. Тэдэнд байгалиас байгалийн Бурханыг харуул, тэгвэл тэд Бүтээгчтэй танилцах болно. Би хүүхдүүддээ Бурханд үйлчилж, Түүнд алдрыг өргөхийг хэрхэн сайн зааж чадах вэ? Энэ л асуулт эцэг эхчүүдийн оюун ухааныг эзэмдсэн асуулт байх ёстой. Хэрэв бүх тэнгэр хүн төрөлхтний сайн сайхны төлөө санаа тавьдаг бол бид хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө өөрсдийн чадах бүхнээ тууштай хийхгүй юм гэж үү? (ХХ 49.1) XX 51.2

Байгаль Судлал Оюун Ухааныг Хүчирхэгжүүлдэг.— Бурханы алдар Түүний гарын бүтээлээс нь илэрхий харагдаж байдаг. Тэдгээр нууцуудыг эрж хайснаар оюун ухаан хүчийг олдог. Уран зохиол уншин зугаацаж, дарвин заншсан оюун ухаантангуудын хувьд байгаль нээлттэй ном бөгөөд хүрээлэн байгаа Бурханы бүтээлүүдийг ажин харах юм бол тэд үнэнийг олж унших болно. Хөвчийн моддын эгэл навчис, газар дэлхийг дэвсгэрлэх ногоон торгон өвс, ургамал, цэцэг, ойн сүрлэг модод, дүнсийх уулс, гялтайх хад, оволзох далай, шөнийг чимэн тэнгэрт анивчих гэрлийн үнэт сувднууд, гийх нарны шавхагдашгүй туяа, сарны бишрэм үзэсгэлэн, өвлийн жавар, зуны халуун, ээлжлэн солигдох улирлууд, хязгааргүй хүчээр удирдуулагч төгс төгөлдөр зохион байгуулалт, нийцэл, энэ бүхнийг хүмүүс шимтэн судлах болтугай. Эдгээрийг судлах нь гүн бодолд автуулж, сэтгэхүйг хурцалдаг. (ХХ 49.2) XX 51.3

Хэрэв тоглоом наадам, зугаа цэнгэл хөөсөн хүн үнэн хийгээд жинхэнэ зүйлс дээр оюун ухаанаа төвлөрүүлбэл тэдний зүрх өөрийн эрхгүй хүндэтгэлээр дүүрч, бүтээгч Бурханыг магтах болно. Бүтээсэн бүхнээр нь илэрч байгаа Бурханы зан чанарыг судлан танин мэдэх нь оюун ухааныг дорд, гутамшигт, доройтуулагч зугаа цэнгэлээс хол байлгах бодлын талбарыг нээх болно. Бид энэ дэлхийд байхдаа Бурханы үйлс болон замуудын тухай мэдлэгийн ердөө эхлэлийг тавьж чадах бөгөөд энэхүү мэдлэг олж авах үйл явц мөнхийн мөнхөд үргэлжлэх болно. Бурхан хүнд оюуны чадавхаа шавхан дайчилж, бодож эргэцүүлэх зүйлсийг хангаж өгчээ. Бид дээд тэнгэр болон доор газраас зүрх сэтгэлийг талархал, магтаалаар дүүргэгч Бүтээгчийн зан чанарыг олж уншиж болно. Мэдрэлийн эд эс бүхэн гайхамшигт бүтээлүүдээрээ илрэх Бурханы хайранд хариу өгөх болно. (XX 50.1) XX 52.1

Байгаль, Библи Хоёул Есүсийн Сурах Бичиг Байв.— Тэрээр (Есүс) Тэнгэрийн-соёрхсон эх үүсвэрүүд буюу үр бүтээлтэй ажил хөдөлмөр, Бичээсүүдийн судлал, байгаль дэлхий болон амьдралын туршлага гэх мэт шамдсан бүх хүнд шаламгай гар, гярхай нүд болон ухаарагч зүрхийг өгдөг сургамжаар дүүрэн Бурханы сурах бичгүүдээс боловсролоо олж авчээ. (хх 50.2) XX 52.2

Түүний Бичээсүүдийг гарамгай мэддэг байсан нь Түүний бага насандаа Бурханы Үгийг хэрхэн уйгагүй судалсан болохыг харуулдаг. Түүний нүдэнд туссан бүхэн Бурханы бүтээлүүдийн баялаг сан болж харагдаж байлаа. Бүхнийг бүтээсэн Тэр газар дэлхий, далай тэнгис болон тэнгэрт Өөрийн гараар бичсэн зүйлсээ Өөрөө судалсан юм. Тэрээр дэлхийн бузар нөлөөнөөс холдож, байгаль дэлхийгээс шинжлэх ухааны мэдлэгүүдийг хуримтлуулжээ. Тэрээр ургамал, амьтдын болон хүний амьдралыг судалсан. Тэр анхнаасаа л бусдын төлөө амьдрах цорын ганц зорилготой байсан. Энэхүү зорилгоо биелүүлэхэд нь хэрэг болох эх үүсвэрүүдийг, шинэ арга замуудыг Тэрээр ургамал, амьтдын амьдралыг судалж байхдаа олж авчээ. (хх 50.3) XX 52.3

Ийнхүү аливаа зүйлсийн учрыг олох гэж хичээх зуураа Есүс Бурханы Үг хийгээд үйлсийн нууцуудыг танин мэджээ. Тэнгэрлэг бүтээлүүд Түүнтэй хамт байж, ариун бодол, сэхээрлүүдийг Түүнд өгөх аж. Анхлан ухаан орох мөчөөсөө эхлэн Тэрээр сүнслэг нигүүлсэл болон үнэний мэдлэг дотор ямагт өсөж байлаа. (хх 51.1) XX 53.1

Хүүхэд бодгонд Есүсийн адил мэдлэгийг олж авах боломж бий. Биднийг тэнгэрлэг Эцэгтэйгээ Үгээр нь дамжуулан танилцахад, тэнгэр элчүүд ойртон ирж, бидний оюун ухаанд хүчийг өгч, зан чанарыг маань тэгштгэн, төлөвшүүлдэг. (хх 51.2) XX 53.2

Хожим нь Түүний Сургаалд Хэрэг Болсон.— Их Багш Өөрийг нь сонсож байсан хүмүүстээ бүтээл бүхнээр дамжуулан ярьж буй дуу хоолойг сонсгохын тулд тэднийг амьд байгальд дагуулан ирдэг байв. Тэрээр тэдний зүрх зөөлөрч, оюун ухаан нь нээгдэхэд, нүдэнд нь тусах үзэгдлүүдийн сүнслэг ач холбогдлыг ойлгоход тусалдаг байв. Тэрээр үнэний тухай хичээлүүдийг заахдаа сургаалт үлгэрүүдийг ашиглах дуртай байсан нь Түүний Сүнс байгаль дэлхийтэй хэр ойрхон байдгийг болон өдөр бүрийн амьдралын эгэл жирийн зүйлсээс сүнслэг сургамжуудыг уудлан гаргаж ирэх нь Түүний хувьд хичнээн баяр хөөр байсныг илтгэн харуулж өгдөг. (хх 51.3) XX 53.3

Тэнгэрийн шувууд, талын сараана, тариачин үр хоёр, хоньчин хонь хоёр — иймэрхүү зүйлсээр Христ үхэшгүй мөнхийн үнэнийг тайлбарласан юм. Тэрээр мөн хөрөнгө, нуусан эрдэнэс, сувд, загасчлах тор, алдагдсан зоос, алдагдсан хүү, хад болон элсэн дээр барьсан байшин гэх мэт сонсож байсан хүмүүсийн хувьд дотно, танил болсон амьдралын үйл явдлуудыг сургаалдаа ашигладаг байв. Түүний сургаалуудад хүн бүхний анхаарлыг татаж, зүрх бүхнийг уриалан дуудах ямар нэгэн зүйл заавал байдаг байжээ. Ийнхүү өдөр тутмын ажил хөдөлмөрийн эцэж төгсөшгүй эргүүлэг, дээд боловсрол нь садаа болохын оронд сүнслэг болоод үл үзэгдэх зүйлсийн байнгын дурсгал болон өргөмжлөгдөн, дээдлэгдсэн юм. (хх 51.4) XX 53.4

Тиймээс бид заах хэрэгтэй. Хүүхдүүдэд байгаль дэлхийг Бурханы хайр, мэргэн ухааны илэрхийлэл болгон харахыг сурга, Бурханы тухай бодлуудыг шувууд, цэцэгс болон мододтой холбо, нүднээ үзэгдэх бүхий л зүйлсийг үл үзэгдэх зүйлсийн тайлал болгож, амьдралд тохиолдох үйл явдал бүхнийг тэнгэрлэг сургалтын заах арга болго. (хх 521) Ийнхүү тэднийг бүтээгдсэн бүхэн болоод амьдралын үйл явдлуудаас суралцах үед нь, тэдэнд байгаль дэлхий хийгээд амьдралын үйл явдлуудыг захирагч эдгээр хуулиуд нь биднийг ч мөн захирах ёстой бөгөөд тэдгээрийг бидний сайн сайхны төлөө, биднийг дуулгавартай даган мөрдөж жинхэнэ аз жаргал хийгээд амжилтанд хүрээсэй гэсэндээ өгсөн болохыг тайлбарлаж өг. (хх 52.2) XX 54.1