Боловсроа
Дөрөвдүгээр Бүлэг - Боловсрол Болон Авралын Хоорондын Харилцан Холбоо
“Христийн нүүрэн дэх Бурханы
алдрын мэдлэгийн гэрлийг
өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн
Нэгэн.”
Хүн гэм нүглээс шалтгаалан Бурханаас таслагдсан. Бурханы авралын төлөвлөгөө өгөгдөөгүйсэн бол хүн мөнхийн Бурханаас холдон хөндийрч, төгсөшгүй харанхуйд нөмрүүлэх байсан. Аврагчийн золиосоор дамжуулан хүн төрөлхтөн Бурхантай харилцаагаа сэргээх боломжтой болсон. Бид гэм нүглээсээ болж Түүн рүү эгцлэн харж чадахгүй ба Түүний оршихуйд өөрсдийн биеэр ойртон очиж чадахгүй, харин бид Аврагч Есүсээр дамжуулан Бурхан руу харж, харилцаа тогтоох боломжтой. Бид «Христээр” дамжуулан «Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг” олж харах боломжтой болдог. «Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлсэн. » 2 Коринт 4:6; 5:19. Бо 31.1
«Үг нь махан бие болж бидний дунд оршин... нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм. » «Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв. » Иохан 1:14; 1:4. Христийн авралын төлөөсийг төлөхөөр амьдарсан амьдрал, үхэл нь зөвхөн амьдрал бэлэглэх амлалт, мэргэн ухааны эрдэнэсийн санг нээж өгснөөр зогсдоггүй. Харин Едений цэцэрлэгийн ариун бүтээлүүдийн ойлгож мэдэрч байгаагүй Бурханы гайхамшигтай зан чанарыг илүү агуу, өргөн хүрээтэйгээр мэдүүлж өгсөн. Бо 31.2
Христ диваажинг таниулж мэдүүлэхдээ хүмүүсийн зүрх сэтгэлд диваажинг хүлээж авах хүсэл мөрөөдөлтэй болгох амьдралыг бэлэглэсэн. Гэм нүгэл бид бүгдийг Бурханаас холдуулан, хөндийрүүлэхээс гадна, зүрх сэтгэл дэх Бурханыг таньж мэдэх хүсэл, чадварыг устгаж үгүй болгодог. Христ бузар муугийн бүх үйлс, үр дүнг зогсоох зорилготой ирсэн. Христэд гэм нүглээр зэрэмдэглэгдсэн зүрх сэтгэлийн бүх чадварыг, харанхуйлагдан, гажуудсан оюун ухааныг сэргээж, урамшуулан хөгжүүлэх чадал бий. Тэрээр орчлон ертөнцийн бүх баялгийг нээж өгөхөөс гадна эдгээр баялгийн сан хөмрөгийг ялган таньж, олж авах хүчийг өгдөг. Бо 32.1
Христ «Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. » Иохан 1:9. Христээр дамжуулан бүх хүн амьдралтай болсон ба Түүгээр дамжуулан хүн бүрийн зүрх сэтгэл бурханлаг гэрэл гэгээг тодорхой хэмжээгээр хүлээн авсан. Хүн бүрийн зүрх сэтгэл зөвхөн оюунлаг бус боловч зөв шударгыг ойлгож ухаарах, сайн сайхан үйлсийг хүсэж бүтээх сүнслэг хүсэл оршиж байдаг. Гэвч хүний эдгээр зарчмуудыг эсэргүүцэгч бузар хүч үйлчилсээр байна. Сайн ба мууг таниулах модны жимснээс идсэнээс үүсэн бий болсон үр дүн хүн бүрийн зүрх сэтгэлд мэдрэгддэг. Хүний мөн чанар бузар муу руу хэлбийсэн байдаг ба гадны тусламжгүйгээр бузар мууг эсэргүүцэх чадваргүй юм. Хүн бузар хүчийг эсэргүүцэн, дотоод сэтгэлдээ үнэлж цэнгэж буй туйлын зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн нэг л төрлийн хүчинд найдах боломжтой. Тэр хүч бол Христ юм. Энэ хүчтэй хамтрах нь хүний хамгийн агуу, чухал хэрэгцээ. Бүх төрлийн боловсрол олохыг хичээж байгаа хүмүүс энэхүү хүчтэй хоршихыг юунаас ч илүү хүсэж, зорих ёсгүй гэж үү? Бо 32.2
Жинхэнэ багш хоёрдогч зэргийн ажилд сэтгэл ханадаггүй. Тэрээр хүрч болох хамгийн өндөр хэм хэмжээнээс доогуур амжилтанд хүрэхээр эрмэлзэж буй сурагчиддаа сэтгэл ханамжтай байдаггүй. Тэрээр сурагчиддаа амьдралтай холбогддоггүй зөвхөн ёс төдий мэдлэгийг өгч мэдлэг өвөртөлсөн нягтлан, ур дүйтэй дархан, амжилттай худалдаачид болох зорилгод нь сэтгэл ханадаггүй. Тэрээр сурагчиддаа үнэн, дуулгавартай байдал, хүндэтгэл, өндөр нэр хүнд, ариун байдлын зарчмуудыг таниулж, эдгээрээр урамшуулахыг хүсдэг. Эдгээр зарчмууд нь нийгмийг өндөр хэмжээнд өргөж, тогтворжуулахад маш эерэг хүч нөлөөг үзүүлнэ. Тэрээр сурагчдаа бүхнээс илүү, амьдралын хамгийн агуу хичээл болох хувиа үл хичээх үйлчлэлийг суралцаасай гэж хүсэн мөрөөддөг. Бо 32.3
Эдгээр зарчмууд зүрх сэтгэлээрээ Христтэй дотносон танилцах үед зан чанарыг төлөвшүүлэх амьд хүч болон хувирдаг. Бид Христтэй дотносон танилцсанаар зүрх сэтгэл болон амьдралдаа мэргэн ухааныг нь амьдралын хөтөч, хүч чадлыг нь амьдралын хүч чадал хэмээн хүлээн зөвшөөрдөг. Сурагчид Түүнтэй нэгдсэн үедээ мэргэн ухааны Эх ундаргаа олж авснаа ойлгодог. Тэрээр хамгийн дээд сурвалжит зорилгоо ухамсарлах хүч чадлыг олж авсан байх болно. Дэлхий дээр хүн төрөлхтөнд амьдралд чухал хэрэгцээтэй өндөр боловсролыг авах боломж бий. Олж авсан боловсрол мөнхөд олж авах боловсролтой холбогдох болно. Бо 33.1
Боловсрол олох болон авралыг олж мэдрэх хоёр маш өндөр хэмжээнд хоорондоо нэгдэж байдаг юм. Боловсрол болон авралыг олж авахад «тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй”, «яагаад гэвэл Бурхан Түүний (Христийн) дотор Өөрийн төгс дүүрэн нь оршуулж байдаг. » 1 Коринт 3:11; Колоссай 1:19. Бо 33.2
Хэдийгээр нөхцөл байдал өөрчлөгдсөн боловч жинхэнэ боловсрол Едений сургуулийн төлөвлөгөө буюу Бүтээгчийн төлөвлөгөөтэй нийцэж байх ёстой. Адам, Ева хоёр Бурхантай шууд харилцаж, зааварчилгааг нь авдаг байсан ба бид одоо Христийн нүүр царайг олж харснаар Түүний агуу алдар суу гэрэлтсэн мэдлэгийн гэрлийг хардаг. Бо 33.3
Боловсролын агуу зарчмууд өдгөө хүртэл өөрчлөгдөөгүй. «Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон. » (Дуулал 111:8); учир нь эдгээр нь Бурханы зан чанарын зарчмууд юм. Эдгээр зарчмуудыг сурагчиддаа ойлгуулж, Христтэй дотно харилцаатай болгосноор эдгээр нь амьдралыг удирдагч хүч болон хувирахыг ойлгуулахыг хичээх ба багшийн хамгийн чухалчилдаг, тууштай тэмцэх хичээл зүтгэл байх ёстой. Ийм зорилгыг хүлээн зөвшөөрсөн багш Христ болон Бурхантай хамтран зүтгэгч байх болно. Бо 34.1
*****