Адвентист Гэр Бүл
Гучин Нэгдүгээр Бүлэг - Хайраар Дамжин Ирэх Баталгаатай Байдал
Хайрын үйлчлэлийн хүч - Хайрын хүч Бурханаас ирдэг учир гайхамшигтай хүчийг агуулдаг. Бид «уур уцаарыг арилгагч» зөөлөн үгс, «тэвчээртэй, эелдэг» хайр, «олон гэм нүглийг халхлагч» сайн үйлсийн сургамжаас суралцах юм бол амьдрал маань ямар гайхамшигтай эдгэрлийн хүчээр бялхах бол! Дэлхий дээрх амьдрал маань хэрхэн гайхамшигтайгаар диваажинтай адил болон өөрчлөгдөх бол! AГБ 197.1
Эдгээр чухал сургамжуудыг бяцхан хүүхэд ойлгохуйцаар маш энгийн хэлбэрээр заах хэрэгтэй. Хүүхдийн зүрх сэтгэл зөөлөн, аливааг маш хурдан тусган авч, итгэдэг; насанд хүрсэн бид бүхэн «хүүхэд адил болох үед, » бид Аврагчийн энэрэнгүй хайр, даруу байдлаас суралцсанаар, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг хөндөх боломжтой болж, тэдэнд эдгэрэл болон хайрын үйлчлэлийг зааж сургах боломжтой болдог. AГБ 197.2
Дэлхийн хүмүүс мөнгийг хүч чадал гэж үздэг; харин Христэд итгэгч хүний хувьд хайр бол хүч чадал юм. Жинхэнэ хайр сайныг үйлдэх үр жимсийг ургуулдаг, жинхэнэ хайр зөв сайнаас өөр зүйлийг хийх чадваргүй. Жинхэнэ хайр нийцэлгүй байдал, зовлон бэрхшээлийг бус харин жинхэнэ аз жаргалыг бий болгож өгдөг. Эд баялаг ихэвчлэн бусдыг гомдоон, өвтгөх маш хүчтэй зэвсэг байж, доройтуулж, эвдэн сүйрүүлэх нөлөө үзүүлдэг бол, жинхэнэ хайраас итгэл болон сайн сайхныг үйлдэх хүсэл эрмэлзэл төрөн гардаг. AГБ 197.3
Хайр бол арчлан тордох ёстой ургамал юм. - Гэр бүл бол хамгийн цэвэр ариун, тэнгэрлэг хайр энэрлийг үзүүлэгч төв болох ёстой. Гэр бүлийг бүрдүүлж буй хүн бүр зүрх сэтгэлд амар тайван, нийцэн зохицох байдал, хайр энэрэл, аз жаргалыг өдөр бүр бий болгохын тулд тууштайгаар хичээн чармайх хэрэгтэй. Хайр гэдэг ургамлыг анхааралтай арчлан хамгаалахгүй бол үхнэ шүү. Хэрэв бид зүрх сэтгэлдээ сайн сайхан зарчим бүрийг нутагшуулахыг хүсч байгаа бол эдгээрийг байнга арчлан халамжилж байх ёстой. Сатаны зүрх сэтгэлд суулгаж өгсөн - атаа хорсол, атаархал шунал, бузар муу хуйвалдаан, бузар муу яриа, бусдыг үл тоомсорлох, шуналтай сэтгэл, утга учиргүй хоосон байдал - бүхнийг үндсээр нь сугалан хаях ёстой. Хэрэв бузар муу зүйлсийг сэтгэлдээ хадгалах юм бол, үр жимс нь биднийг бузартуулах болно. Хайрын үр жимсийг үхүүлж, зүрх сэтгэлийг бузартуулж буй хорт ургамлыг ямар олон хүмүүс үржүүлэн ургуулж байна вэ! AГБ 198.1
Өөрийн хүүхэд ахуй насаа санан дурс. -Та өөрийн хүүхэд ахуйгаа мартан, өөрсдийн үрсийг бяцхан хүүхдүүд гэдгийг нь мартан хатуу хөтүүгээр бүү хандаарай. Тэднийг төгс төгөлдөр, насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн шиг үйлдэлтэй болохыг шаардаж болохгүй. Ингэснээр та тэдэнд нөлөөлөх үүд хаалгаа хааж, буруу нөлөөнд автагдах үүд хаалгыг нээж өгч, хүүхэд чинь бусдын хорт зуршилд автаж, та тэднийг аюулд орсны дараа нь ойлгож ухаарах болно. . . AГБ 198.2
Эцэг эхчүүд өөрсдийн хүүхэд ахуй цагаа мартаж болохгүй. Хүүхэд байхдаа энэрэл хайр, халамжийг хүсч, шүүмжлүүлэн, жижиг зүйлс болгон дээрээ яншиулахдаа ямар их уур уцаартай болж байснаа санах хэрэгтэй. Эцэг эхчүүд сэтгэл санаагаараа буцаад хүүхэд шиг болж, хүүхдүүдийнхээ хүслийг ойлгож ухаарахыг хичээх хэрэгтэй. AГБ 198.3
Хүүхдүүдэд эелдэг, урамшууллын үгс хэрэгтэй байдаг. Эх хүн энэрэл хайр, халамжийн үгсээрээ хүүхдийнхээ зүрх сэтгэлд нарны гэрлийг цацруулж, асуудал бэрхшээлүүдээ мартахад нь туслах ямар их боломжоор хангагдсан байдаг гэж бодно! AГБ 198.4
Эцэг эхчүүдээ, хүүхдүүддээ хайраа бэлэглэ: Бяцхан хүүхэд байх үед нь хайрла, хүүхэд насанд байх үед нь хайрла, залуу насанд байх үед нь хайрла. Тэд нар луу хөмсөг зангидсан байдлаар бус харин үргэлжид нарны гэрэл мэт дүр төрхөөр харилцаж байгаарай. AГБ 199.1
Хүүхдийг нартай орчинд байлга. - Хүүхдүүдийг асуудал бэрхшээлд орсон үед нь анхаарал хандуулан тайвшруулах хэрэгтэй. Хүүхдүүд бага балчраасаа насанд хүрэх хүртлээ авч болох анхаарал халамжийг авч чаддаггүй. Хүүхдүүдээ гэр бүлийн амин чухал хэсэг гэж тооцож хүмүүжүүлдэг эхчүүд өнөө үед шаардлагатай байна. Эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн хүсэл мөрөөдөл, бэрхшээлүүдийн талаар ярилцдаг байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүд нь үл таних хүмүүсээс илүү чухал ба тэдэнд анхаарал халамж тавих шаардлагатай болохыг санах хэрэгтэй. Хүүхдүүдийг гэрэл гэгээ сайтай, эхийн халамжинд байх нөхцлөөр хангаж өгч байх хэрэгтэй. AГБ 199.2
Хүүхдүүддээ ялалт байгуулахад нь туслалцаа үзүүлж байх хэрэгтэй... Хайр энэрлээр дүүрэн уур амьсгалаар байнга хангаж өг. Ингэснээр зөрүүд зан чанараа ялан дийлэх боломжтой болно. AГБ 199.3
Хүүхдүүдэд хоол хүнснээс илүү хайр хэрэгтэй болох үе. - Олон эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавилгүй өөрсдийн болон бяцхан хүүхдийнхээ хувцсыг чимэглэн, хатгамал, шаглаа хийхэд цагаа зарцуулж байгаа нь ичгүүртэй юм. Хүүхдүүд ядарч, халамж анхаарлыг нь шаардах үед эцэг эхчүүд тэдэнд анхаарал тавилгүй, оронд нь хоол хүнс өгдөг. Тэдэнд хоол хүнс хэрэгтэй байсан бус харин эхийн тайвшруулсан энхрийлэл, тэврэлт хэрэгцээтэй байсан. Үүнийг өгч чадаагүйгээс болж сэтгэл зүйн хор хөнөөл хүүхдэд бий болдог. Эх бүр хүүхдүүддээ бага насанд нь илүү чухал хэрэгцээтэй байдаг энхрийллийг өгөх цагийг гаргадаг байх ёстой. Ингэснээр эх хүн зөвхөн хүүхдийнхээ зүрх сэтгэлд аз жаргалыг мэдрүүлээд зогсохгүй, өөрөө ч аз жаргалыг мэдэрдэг. Бид Бурханы хувьд ямар байдагтай адил эх хүн хүүхэдтэйгээ тийм байдлаар хандах хэрэгтэй. AГБ 199.4
Хүлээн зөвшөөрөхүйц хүслийг нь биелүүлж өгөх. - Та хүүхдээ хайрладаг болохоо; тэдний сайн сайхны төлөө ажиллан, хөдөлмөрлөж, тэдний аз жаргалын төлөө байнга санаа тавьдаг ба зөвхөн тэдний сайн сайхны төлөө бүхнийг бодож тунгааж байдгаа үргэлж ойлгуулж ухааруулах хэрэгтэй. Та хүүхдүүдийнхээ бяцхан хүслүүдийг нь боломжийнхоо хирээр биелүүлж өгөөрэй. AГБ 200.1
Хүүхдээ хүмүүжүүлж, удирдахдаа хэзээ ч сэтгэлийн ухваргүй мэдрэмжиндээ бодлогогүйгээр захирагдахгүй байхыг хичээгээрэй. Эрх мэдэл болон хайр энэрлийг хослуулах хэрэгтэй. Сайн болон сайхан бүхнийг хүсэн мөрөөдөж, хөгжүүлэн, Христийг харуулж өгснөөр хүүхдүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэх мэдрэмжийг бий болгож өгөөрэй. Хүүхдүүдэд муугаар нөлөөлөх зүйлсийг нь өгөхөөс татгалзахдаа тэднийг хайрладаг, аз жаргалтай байлгахыг хүсч байгаагаа мэдрүүлэхээ мартаж болохгүй. Хүүхдүүд тань хэдий чинээ хайрлахааргүй үйлдлийг хийнэ төдий чинээ хайраа илэрхийлэхийг хичээх хэрэгтэй. Хүүхдүүд тань аз жаргал, хайр энэрлээ үзүүлэхийг хүсч байгааг тань мэдрэх үед хайр энэрэл тань бүх саад бэрхшээлүүдийг нураах болно. Аврагч ч бидэнтэй ийм зарчмаар харилцдаг ба бид сүмдээ ийм зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. AГБ 200.2
Хайрыг илэрхийлж байх ёстой. - Олон гэр бүлүүд бие биендээ хангалттай хэмжээгээр хайраа илэрхийлэхгүй байна. Эцэг эх сэтгэлийн хөдлөлөө байнга гаргах шаардлагагүй ч хайр энэрэл, уян зөөлөн байдлыг зөв шударга, ариун, хүндэтгэлтэй байдлаар илэрхийлэх ёстой. Олон эцэг эхчүүд үг болон үйлдлээрээ хатуу хөтүү зүрх сэтгэлээ илэрхийлдэг. Энэ нь сатаны зан чанарын илэрхийлэл болж байдаг. Эхнэр нөхөр, эцэг эх хүүхдүүд, эхчүүд эгч дүүс нарын хооронд энхрий зөөлөн хайр энэрэл илэрхийлэгддэг байх ёстой. Бодлогогүй, түргэн зангаар хэлэх гэж буй үгсээ хянах хэрэгтэй, бие биенээ хайрласан хайр хангалтгүй байгаа мэдрэмж та нарын дунд харагдах ёсгүй. Гэр бүлийн бүх гишүүд бие биендээ эелдэг дотно, тааламжтай сайхан байдлаар харилцах үүрэгтэй. AГБ 200.3
Эелдэг зөөлөн, хайр энэрлээр дүүрэн байдлыг найрсаг зан, бодолтой үйлдэл, үгээрээ илэрхийлж сурах хэрэгтэй. AГБ 201.1
Хүүхдүүдийг эцэг эхээ хүндэтгэдэг болж хүмүүжүүлэх хамгийн шилдэг арга бол эцэг хүн эхнэртээ эелдэгээр хандаж, эх хүн нөхрөө хүндэтгэн, дээдэлж байгаа байдал юм. Хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ бие биенээ хайрлаж байгаа байдлаас амьдралын турш мөрдлөг болгох зарчмыг суралцдаг байх хэрэгтэй. «Хүүхдүүдээ, Эзэний дотор эцэг эхээ хүндэл, энэ бол зөв юм» гэсэн тушаалыг дагах шийдвэрт хөтлөгддөг. AГБ 201.2
Есүсийг хайрлах хайр эцэг эхээр харагддаг. - Эх хүн хүүхдүүдийнхээ хүндэтгэлийг хүлээж, өөрийгөө хайрлуулж, дуулгавартай байдлыг зааж сургаснаар Христэд итгэгч хүний анхан шатны хичээлийг зааж сургасан байдаг. Тэд эцэг эхээ хайрлаж, хүндэтгэдэг шигээ Аврагчид итгэж, дагадаг болсон байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ тууштайгаар халамжилж, зөв хүмүүжүүлж байгаа нь хүүхдүүдэд Бурханы хүмүүс Есүсийг хэрхэн хайрлан энэрч байх ёстойг бага ч болов харуулж байдаг. AГБ 201.3