Адвентист Гэр Бүл
Далан наймдугаар бүлэг - Гэр Бүл Бол Баярын Мэдээ Түгээх Төв Юм
Эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв чиглэл өгөх ёстой. - Эцэг эхчүүд болон Христэд итгэгчдэд хүүхдүүдээ зөв чиглэлтэй болгон хүмүүжүүлэх хариуцлага ноогдсон байдаг. Христэд итгэгчид болон эцэг эхчүүд хүүхдүүдээ Христтэй адил болох үйлчлэлд ухаалгаар, анхааралтай, эелдэг зөөлнөөр удирдах хэрэгтэй. Бид хүүхдүүдээ Бурханы үйлчлэлд зориулан хүмүүжүүлэх ариун гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Бид үр хүүхдүүдээ амьдралаараа Бурханд үйлчлэх шийдвэрийг гаргах, шаардлагатай сургалтыг өгөх үүргийг хүлээдэг. AГБ 509.1
Хүүхдүүд маань өнөөдрийн Даниел болон Естерүүд байх боломжтой. - Бидний хажууд өсөн хүмүүжиж буй үр хүүхдүүдэд зориулсан Бурханы зорилго бидний мөхөс оюун ухаанд багтахааргүй өргөн, гүн, өндөр байдаг. Түүхэнд Бурхан маш энгийн, дорой хүмүүсийг сонгон авч дэлхийн өндөрлөгүүдэд Өөрийнхөө төлөө гэрчлэлүүдийг тунхагладаг байсан. Өнөө үеийн олон залуус ч гэсэн Иудейн гэрээ орхин явж байгаа Даниелтай адил Бурханы үг болон үйлсийг судлан, итгэлтэй үйлчлэлийн сургамжуудыг суралцаж, хууль тогтоох байгууллага, улс төрийн эрх мэдэл, шүүхийн танхимыг удирдах, хааны ордонд Хаадын Хааныг гэрчлэх хүмүүжил, боловсролыг олж авсаар байна. Бурхан олон хүмүүсийг илүү өргөн үйлчлэлд дуудах болно... Дэлхийн дөрвөн зүгээс гэм нүгэлтэй хүмүүсийн зүрх сэтгэл Бурханы хайрын талаарх мэдлэгийг олж сонсохыг хүсэн хашгиралдаж байна.... Бид өөрсдийн үр хүүхдүүдтэйгээ хамтран Бурханаас хүлээн авсан мэдлэгээ хуваалцах ёстой. Баярын мэдээний гэрэл гэгээ туссан гэр бүл, сургууль, эцэг эх, хүүхэд бүрт Израилийн хүнд бэрхшээл тулгарах үед Естерт тавигдсан асуулт асуугдах болно. Естерээс, «Чи хааны өргөөнд ийм бэрхшээлийг даван гарахад туслахаар тавигдсан ч юм билүү?» гэсэн асуултыг асууж байсан. AГБ 509.2
Христийн төлөө амжилттайгаар гэрчлэх нь. - Хүн бүр гадаад улс орон руу баярын мэдээ түгээхээр явах боломжгүй. Гэвч хүн бүр гэр бүл болон айл хөршүүддээ баярын мэдээ түгээх боломжтой. Сүмийн гишүүд эргэн тойрондоо байгаа хүмүүст Бурханы авралын мэдээ түгээх олон арга замуудыг ашиглах боломжтой. Бид хувиа үл хичээсэн, тусламж үзүүлсэн амьдралаар амьдарснаар хамгийн амжилттай үйлчлэлийг хийж гүйцэтгэдэг. Амьдралдаа тэмцэл хийж байгаа хүмүүс ямар ч зардал гаргалгүйгээр бусдад анхаарал хандуулснаар оюун ухааны хувьд сэргэн, хүчирхэгждэг. Эелдэг зөөлөн үгсийг хэлэх, бусдын амьдралд анхаарал, халамж үзүүлэх нь зүрх сэтгэлийг татсан уруу таталт, эргэлзлийн үүлийг зайлуулдаг. Христэд итгэгчдийн хайр энэрлийг энгийн даруу байдлаар үзүүлэх нь Христийн зөөлөн мэдрэмжийг хүсэн хүлээж байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийн үүдийг нээж онгойлгодог. AГБ 510.1
Эрэгтэй болон эмэгтэйчүүдэд үйлчлэх маш өргөн үйлчлэлүүд байдаг. Сайн хоол хүнс хийх чадвар, оёдол, асран сувилах чадвартай хүн бүрийн тусламж энэ үед хэрэг болно. Ядуу гэр бүлүүдэд хэрхэн хоол хүнсээ бэлтгэх, хувцсаа хэрхэн оёж шидэх, өвчтэй нэгнийг асрах, гэр орны асуудлуудаа хэрхэн зохицуулах талаар зааж сургах хэрэгтэй. Хүүхдүүд хүртэл ядарч зүдэрч буй хүмүүст хайр, энэрлийг үзүүлэхүйц бага сага тусламжийг үзүүлж сурсан байх ёстой. AГБ 510.2
Хүүхэд, залуучууд бусдад туслах үйлчлэлд оролцох хэрэгтэй. - Зарим хүмүүс шалтаг тоочин, «Үр хүүхдүүд болон гэр бүлийн хэрэгцээг хангахад миний цаг хугацаа, мөнгө санхүү арай гэж хүрдэг» гэж хэлдэг. Эцэг эхчүүдээ, үр хүүхдүүд тань Эзэний ажлыг хийх хүч чадал, чадварыг нэмэгдүүлэхэд танд тусалдаг байх ёстой. Хүүхдүүд бол Эзэний гэр бүлийн бяцхан гишүүд юм. Тэд Христээр бүтээгдэж, аврагдсан учир өөрсдийгөө Бурханд зориулахад суралцах ёстой. Хүүхдүүдэд бүх хүч чадал, оюун ухаан, зүрх сэтгэл Бурханаас ирдэг болохыг зааж сургах хэрэгтэй. Тэд хувиа үл хичээсэн олон төрлийн үйлчлэлийг хийж гүйцэтгэхэд суралцсан байх ёстой. Та үр хүүхдүүддээ саад бэрхшээл болохыг зөвшөөрч болохгүй. Хүүхдүүд тань зөвхөн сүнслэг бус мөн бие махбодын асуудлаа шийдвэрлэхэд тань тусалдаг байх ёстой. Үр хүүхдүүд тань бусдад тусламж үзүүлснээр өөрсдийн аз жаргалыг олж, ашиг тустай байдлаа нэмэгдүүлдэг. AГБ 510.3
Сүм бүрт байгаа залуучууд өөрсдийгөө Бурханд бүрэн зориулж сурах юм бол, гэр бүлдээ өөрсдийгөө үл огоорч, ядарч зүдрэгсдэд, настай эхчүүдэд тусламж үзүүлж сурах юм бол ямар гайхамшигтай өөрчлөлт гарна гэж бодож байна! Ингэснээр эхчүүд найз нөхдийнхөөрөө айлчлах боломжтой болох юм. Нас бага ч гэсэн хүүхдүүд боломж олдох бүртээ хайр, өршөөлийн бага сага тусламжийг үзүүлэн бусдад гайхамшигтай ивээлийг буулгаж өгөх боломжтой болно. Ийнхүү бидний хүрч очих боломжгүй мянга мянган ядуу айлуудад итгэл бишрэлээ хуваалцах боломжтой болно. Эрүүл мэнд болон эрүүл амьдралын хэв маягтай холбоотой ном товхимлуудыг айл бүрт түгээх хэрэгтэй. Эдгээр номууд өвчин зовлонгоос салгах, хамгаалах ач холбогдолтой учир айлуудаар тараах нь маш чухал. Номуудад агуулагдаж буй мэдлэг эмчид үзүүлэх мөнгөгүй хүмүүст агуу ивээл үзүүлэх болно. AГБ 511.1
Бурхан үр хүүхдүүдээ бяцхан баярын мэдээ түгээгчид болгохыг хүсдэг. - Бурхан бяцхан хүүхэд бүрийг Өөрийн хүүхэд болгон хүлээн авч, гэр бүлийнхээ гишүүн болгохыг хүсдэг. Хүүхдүүд хэдийгээр бага залуу ч гэсэн Бурханы гэр бүлийн гишүүн болохоо ойлгож, хамгийн гайхамшигтай мэдрэмжийг олж авах болно. AГБ 511.2
Хүүхдүүд бага залуудаа Бурханы ажлыг үр дүнтэй гүйцэтгэх боломжтой.... Бурхан Өөрийн өршөөл нигүүлслээрээ та нарт Ариун Сүнсээ өгч, тэвчээргүй байдал, айдас, бүх гэм нүглээ даван гарах хүчийг өгнө. Есүс хүүхдүүдийг хайрладаг. Бурхан хүүхдүүдийг ивээж, эцэг эхээ дагахыг нь хараад баярлан баясдаг. Бурхан хүүхдүүдийг Өөрийн бяцхан баярын мэдээ түгээгчид байлгахыг хүсч, бузар, хувиа хичээсэн хүслээ огоорч, Бурханы үйлчлэлийг хийхэд тусалдаг; энэ үйлчлэл Бурханы хувьд тааламжтай ба хүүхдүүдийг төлөвшихөд тус болдог. AГБ 512.1
Эцэг эхчүүд жишээ болон зааварчилгаагаараа хүүхдүүддээ итгэгч бус хүмүүсийн төлөө үйлчлэхийг зааж сургадаг байх ёстой. Хүүхдүүд нас өндөр, ядарч зовж буй хүмүүсийн бэрхшээлийг нимгэлэн, тусламж дэмжлэг үзүүлэх аргад суралцсан байх ёстой. Тэд баярын мэдээний ажлыг тууштайгаар гүйцэтгэхэд сургагдсан байх хэрэгтэй. Хүүхдүүдийг бага залуугаас нь Христийн зорилгыг биелүүлэхийн төлөө өөрсдийгөө огоорч, бусдын сайн сайхны төлөө өөрсдийгөө зориулах нь зөв зүйл гэдэгт итгүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүд өөрсдийгөө Бурхантай хамтран үйлчлэгчид гэдэг байх ёстой. AГБ 512.2
Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ Есүсийн үнэн зарчмуудыг зааж сургах хэрэгтэй. Хүүхдүүд хажуудаа байсан хүмүүсээс суралцсан жишээгээ энгийн даруугаар дагаж дуурайдаг. AГБ 512.3
Сүмд залуучуудын хийж болох олон төрлийн үйлчлэл байдаг. - Сүмийг удирдан зохион байгуулагчид залуу охид, хөвгүүдэд даалгаж өгсөн авъяас чадварыг хэрхэн ашиглах талаар заалгасан байх ёстой. Сүмийн насанд хүрсэн гишүүд хүүхдэд, залуучуудын төлөө чин сэтгэлийн үйлчлэл хийхийг хүсч мөрөөддөг байх ёстой. Сүмийн пастор болон удирдагчид сүмийн залуухан гишүүдтэйгээ хэрхэн хамтарч баярын мэдээний ажлыг хийх ер бусын гайхамшигтай төлөвлөгөөг гаргасан байх хэрэгтэй. Та урт сургаал номлол хийснээр, баярын мэдээний ажилчидтай уулзалт зохион байгуулснаар баярын мэдээ түгээх сонирхлыг нь татна гэж бодож болохгүй. Хүүхэд залуучуудын гал халуун хүслийг бадраахуйц аргуудыг төлөвлөх хэрэгтэй. Хүүхэд залуучуудыг байнга ажилдаа оролцуулдаг байх хэрэгтэй. Залуу хүмүүст баярын мэдээний үүргийг даалгаж өгөөд, долоо хоног бүр Христийн өршөөл ивээлээр ямар мэдрэмж болон амжилтыг олж авсан болохыг яриулж, тайлан тавиулаарай. Хэрэв залуучууд зохион явуулсан ажлынхаа тайлангуудаа чин сэтгэлээсээ тайлагнах юм бол баярын мэдээ түгээгчдийн цуглаан уйтгартай, ядаргаатай мэт санагдахаа болино. Тэд цуглаандаа маш их сонирхолтойгоор оролцож, цуглаанд оролцохгүй өнгөрч буй хүмүүсийн тоо багасах болно. AГБ 512.4
Хөршүүддээ үйлчлэх боломжуудыг эрж хайх. - Боломжууд хүн бүрт өгөгдсөн байдаг. Та шүүлтийн үеэр хөршүүддээ зориулан хийж гүйцэтгэх шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэх шийдвэр гаргаарай. [ТАЙЛБАР: ХӨРШҮҮДДЭЭ ХЭРХЭН YP ДҮНТЭЙ ҮЙЛЧЛЭХ ТАЛААР НАРИЙВЧИЛСАН ЗААВАРЧИЛГААНУУДЫГ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧЛЭЛ ГЭСЭН ХЭСГЭЭС УНШИЖ БОЛНО. - ЭМХЭТГЭГЧИД.] Та бусад хүмүүсийн тавьсан шаардлагын дагуу үйлчлэх боломжийг хүлээсээр цаг алдаж болохгүй. Өөрийн амийг зориулсан Эзэнийхээ өмнө хариуцлага хүлээдгээ ойлгон цаг алдалгүй үйлчилж эхлэх хэрэгтэй. Есүс Христ таныг Өөрийн биеэрээ нойрноос чинь сэрээж, Түүний үйлчлэлийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүхнийг хангаж өгсөн болохыг ойлгон урагш алхах хэрэгтэй. Амьд Бурханы үгээс хэн урам зориг авч Бурханы ажлыг гүйцэтгэх бол гэж бусдыг бүү хар. Хэрэв та бүрэн ариусч өөрчлөгдсөн бол Бурхан таныг ашиглан бусдыг ивээх болно. Бурхан биднийг харанхуйд байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд гэрэл гэгээг цацруулах суваг болгон ашигладаг. AГБ 513.1
Христэд итгэгч гэр бүлүүд Бурханы мэдээг сонсоогүй улсууд руу очих хэрэгтэй байна. - Бурхан Христэд итгэгч гэр бүлүүдийг харанхуй, буруу замаар замнаж байгаа хүмүүс рүү очиж, Эзэний төлөө ухаалгаар, тууштайгаар хичээн зүтгэхийг уриалан дуудаж байна. Бурханы дуудлагыг хэрэгжүүлэхэд өөрсдийгөө золиослох шаардлага гардаг. Зарим хүмүүс бүх асуудлууд шийдэгдэхийг хүлээж байхад, хүмүүс итгэл найдвар, Бурханы тусламжгүйгээр үхэж үрэгдсээр байна. Маш олон хүмүүс дэлхийн эрх мэдэл, шинжлэх ухаан дээр суурилсан мэдлэгийг олж авахын тулд бузар муугаар бохирдсон замаар явж, бэрхшээл, гачигдалд орсоор байна. Аврагчийн талаар бусдад хэлж өгөх хүсэлтэй хүмүүс хаана байна вэ? Бурханы баярт мэдээг сонсох шаардлагатай байгаа газар нутгуудаар явж, харанхуйд буй хүмүүсийг Аврагч руу чиглүүлэх залуучууд, охид хаана байна вэ? AГБ 514.1
Гэр бүлүүд дэлхийн түнэр харанхуй, сүнслэг сүүдэр нөмөрсөн газруудаар тарж Христийн амийн гэрлийг өөрсдөөрөө дамжуулан гэрэлтүүлснээр агуу үр дүнг бий болгох болно. Хүмүүс энэхүү үүргээ чимээгүй, олонд тунхаглаж, заавал Сүмийн удирдах байгууллагын мөнгө санхүүг ашиглалгүйгээр эхлүүлж, хүмүүсийн сонирхлыг татан Сүмийн удирдлагын дэмжлэггүй ажиллах чадвартай болтлоо ажиллахыг хичээх хэрэгтэй. AГБ 514.2
Бусад хүмүүс тусламж үзүүлэх боломжгүй болох үед хүүхдүүд үйлчилж эхэлнэ.-- Хүн төрөлхтөн үнэнийг зааж сургах боломжгүй болохыг тэнгэрийн бүтээлүүд олж харах үед Бурханы Сүнс хүүхдүүд дээр буун ирж насанд хүрсэн хүний тунхаглаж чадахгүй болсон үнэнийг тунхаглана. AГБ 514.3
Энэ дэлхийн түүхийн төгсгөлийн үед хүүхэд залуучууд үнэнийг тунхаглан олон хүмүүсийн гайхшралыг татах болно. Хүүхдүүд үнэнийг энгийн боловч сүнс, хүчээр дүүрэн байдлаар тунхаглана. Тэд Эзэнээс эмээх талаар заалгаж, зүрх сэтгэл нь анхаарал, залбиралтайгаар судалсан Библийн хичээлүүдээр зөөлөрнө. Ирээдүйд олон тооны хүүхдүүд Бурханы Сүнсийг хүлээн авч, дэлхий дахинд насанд хүрэгчдийн гүйцэтгэж үл чадах үнэнийг тунхаглах ажлыг гүйцэтгэнэ. AГБ 515.1
Сүмийн сургуулиуд хүүхдүүдийг агуу ажил гүйцэтгэхэд бэлтгэхээр зохион байгуулагдсан. Хүүхдүүд сүмийн харьяа сургуульд өнөө үед тунхаглагдах тусгай үнэнийг заах ба баярын мэдээний ажлыг хэрхэн явуулах дадлагад суралцсан байх хэрэгтэй. Хүүхдүүдийг өвчтэй, зовж шаналж буй хүмүүст тус үзүүлэх армид элсүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд өчүүхэн, багахан тусламж дэмжлэг үзүүлэх байдлаар эрүүл мэндийн ажлаар дамжуулан баярын мэдээ түгээж болох юм... Бурхан хүүхдүүдээр дамжуулан улс үндэстнийг эдгээж, авралын мэдээгээ түгээх болно. Сүмүүд хонин сүрэг дэх хургануудынхаа бэрхшээлийг үүрэлцэх ёстой. Бид хүүхдүүдээ Бурханы үйлчлэлийг хийж гүйцэтгэхэд сурган, хүмүүжүүлсэн байх ёстой. AГБ 515.2
Дадлагаар чадвар төгөлдөршдөг. - Хайр болон үнэнч байдал жинхэнэ үйлчлэлийн үндсийг тавьж өгдөг. Бурханы хайраар хөндөгдсөн зүрх сэтгэл Бурханы төлөө үйлчлэх хүсэлд автагддаг. Ийм хүслийг урамшуулан, зөв чиглүүлэх нь зүйтэй. Гэр орон, айл хөршүүд, сургуулиудад ядуу зүдүү, зовж зүдэрсэн, боловсролгүй, аз дутсан нэгэн дайралдвал тэднийг үзэн ядахын оронд тусламж дэмжлэг үзүүлцгээе. AГБ 515.3
Дээрх тусламжийг үзүүлэхэд бусад ажлын адил дадлага хийснээр чадварлаг болох боломжтой. Бид ядарч зүдэрсэн, зовж шаналсан хүмүүст тусламж үзүүлэх амьдралын жирийн үүргээ гүйцэтгэснээр үр дүнд хүрдэг. Тусламж үзүүлэлгүйгээр бидний сэтгэлийн хичээл зүтгэл ямар ч үр дүнгүй болж, муу нөлөө үзүүлнэ. Хүмүүс газар дээр бус усан дотор сэлж сурдаг. AГБ 515.4