Адвентист Гэр Бүл
Далан Хоёрдугаар Бүлэг — 3oчлoмтoй Зан
Та өнөөдөр тэнгэр элч нарыг ч зочилж болох юм.- Библи зочломтгой байдлыг маш ихээр хөхүүлэн дэмждэг. Библи зочломтгой занг зөвхөн үүрэг гэж заахаас гадна зочломтгой байдал маш их ивээл, өршөөл нигүүлслийн дүр төрхийг бүрэлдүүлж өгдөг болохыг харуулж өгдөг. Энэ бүхнийг Абрахамын жишээнээс илүүтэй олж харах боломжтой... AГБ 469.1
Зочломтгой занг Бурхан маш ихээр чухалчилсан учир Өөрийн Үгэнд энэхүү жишээг чухалчлан тэмдэглэн үлдээсэн байдаг ба олон мянган жилийн дараагаар Бурханы онгодоор хөтлүүлсэн элч, «харийн хүнд зочломтгой хандахаа бүү мартаарай, учир нь зочломтгой байдлаар мэдэлгүй тэнгэр элч нарыг зочилсон байдаг» гэж өгүүлсэн. AГБ 469.2
Абрахам, Лотын хэрэгжүүлж байсан онцгой эрх ч бидэнд өгөгдсөн. Бид Бурханы хүүхдүүдэд зочломтгой байдлаар хандсанаар Бурханы тэнгэр элч нарыг ч гэсэн гэр орондоо урин ирүүлэх боломжтой болно. Өнөө үед ч гэсэн тэнгэр элч нар хүний дүр төрхөөр гэр оронд маань айлчилж, биднээр зочлуулдаг. Бурханы дүр төрхөөс гэрэлтэж буй гэрлийн дагуу амьдарч буй Христэд итгэгчид бид үргэлж үл үзэгдэх тэнгэр элч нараар хүрээлүүлж, тэнгэр элч нарын гэр бүлд буулгадаг ивээлийг хүртдэг. AГБ 469.3
Боломж, эрх мэдлээ үл тоомсорлох нь. -Ариун Сүнс сүмийн гол үүрэг хариуцлагуудыг үүрч байдгийн хувьд «зочломтгой байдлыг хөхүүлэн урамшуулагч” гэж нэрлэгддэг. Бүх сүмд: «Дурамжханаар бус бие биендээ зочломтгой хандаарай. Хүн бүр Бурханаас хүлээж авсан бэлгийнхээ дагуу Бурханы их хэмжээний ивээлийг хүлээж авсан няравуудын хувьд бие биендээ үйлчлээрэй» гэсэн зааварчилгааг өгсөн байдаг. AГБ 469.4
Эдгээр заавруудыг үл тоомсорлосон нь үнэхээрийн хачирхалтай хэрэг. Христэд итгэдэг гэж өөрсдийгөө нэрлэж байгаа хүмүүсийн дунд жинхэнэ зочломтгой байдал бараг хэрэгжихгүй байна. Христэд итгэгчид зочломтгой хандах боломжоо тэр бүр ашиглахгүй байгаа ба зочломтгой байдал гайхамшигтай эрх дарх, ивээлийг өгдөг болохыг ойлгож чадаагүй байсаар байна. Хүмүүс хоорондоо маш бага нөхөрлөж байна, гэр бүлийн хүрээлэлд хоёр, гурван хүн орж ирэх үед ичиж зовох, хөл алдахаас айж эмээж байна. AГБ 470.1
Хүчин төгөлдөр бус шалтгаанууд. - Би Бурханы хүмүүсийг зүрх сэтгэл болон гэр орондоо урин ирүүлэхээс татгалзсан хэт их шалтгуудыг сонсож байсан. «Би яагаад урих ёстой гэж, би юу ч бэлтгээгүй, би хоол хийгээгүй, тэд өөр газар руу очиж хоол идсэн нь дээр байх» гэж хэлдэг. Зочломтгой хандах шаардлагатай хүмүүсийг урихгүйн тулд өөр бусад шалтгаануудыг тоочсоноос болж зочдыг гомдоох байдал үүсч, хүмүүс Христэд итгэгч гэж нэрлэгдсэн хүмүүсийн зочломтгой зан байдлын талаар таагүй үзэлтэй болсон байдаг. Охин минь хэрэв танайд талх байхгүй байгаа бол Библи дээр гарсан үйл явдлыг хэрэгжүүлээд үзээрэй. Хөрш дээрээ очоод, «Найз минь ээ, аянд замд гарсан найз минь манайд ирээд байна надад ширээн дээр тавих юу ч байхгүй байгаа тул гурван талх зээлээч” гэж хэлээрэй. AГБ 470.2
Библи дээр дайлах талхгүйгээс болоод бусдыг гэртээ зочлоогүй жишээ бичигдээгүй. Елиа Сарептад амьдарч байсан бэлэвсэн эмэгтэйгийнд очиход эмэгтэй өөрт байгаа өчүүхэн хоол хүнсээ Бурханы эш үзүүлэгчтэй хуваалцсан. Бурханы зарцад гэр орноо нээж өгч, байгаа өчүүхэн хоолоо хуваалцсанаар бэлэвсэн эмэгтэй хоолоор ивээгдэн, Бурхан гайхамшгаа бүтээсэн. Бэлэвсэн эмэгтэй болон түүний хүүгийн амь ийнхүү аврагдсан. Хүмүүс Бурханы алдрын төлөө, баяр хөөртэйгөөр бусдад зочломтгой хандах юм бол дээрх гайхамшиг амьдралд нь биелэлээ олно. AГБ 470.3
Зарим хүмүүс эрүүл мэндээсээ болоод шалтаг тоочдог - Тэд эрч хүчтэй байсан бол зочломтгой хандах байсан гэж хэлдэг. Ийм хүмүүс өөрсдийн хэрэгцээнд хэт их анхаарал хандуулж, өөрсдийн зүдэрч буй байдал, бэрхшээл, өвчин зовлон, шаналлын талаар хэт их нуршдаг учраас ярьсан зүйлс нь бодит байдал болон хувирдаг. Тэд бусад хүмүүст анхаарал, халамж шаардлагатай байгааг мэдсээр байж зөвхөн өөрсдийгөө бодох бодлоосоо салж чаддаггүй. Эрүүл мэндийн хувьд шаналж байгаа хүмүүст эдгэрэх боломж байна. Хэрэв та хувцасгүй нэгнийг хувцаслаж, ядуу нэгэнд илүүдлээсээ хуваалцаж, өлсгөлөн нэгэнд талхаа хуваалцах юм бол, «таны гэрэл гэгээ өглөөний нар адил гэрэлтэж, эрүүл мэнд тань маш хурдан сэргэж эхэлнэ. » Сайныг үйлдэх нь өвчнийг эдгээх хамгийн шилдэг эмчилгээ юм. Сайныг үйлдэх ажлыг хийж эхэлсэн хүмүүсийг Бурхан Өөрөөс нь тусламж гуйхыг урьсан ба гуйлтанд нь хариулна гэж амласан. Сайныг үйлддэг хүмүүс ган гачигтай үед ч хоол ундтай байж, ширгэшгүй усаар усласан тариалангийн талбай адил болох юм. AГБ 471.1
Хувиа хичээсэн үзлээс болж ивээлүүд алдагддаг. - Эзэн «зөвхөн миний болон гэр бүлийн маань хэрэгцээ хангагдах ёстой” гэсэн хувиа хичээсэн үзэлд дургүйцсэн байдлаар ханддаг. Ийм үзлээр удирдуулсан гэр бүл Христийн амьдралаар жишээ болгон үзүүлсэн зарчмуудаар өөрчлөгдөн шинэчлэгдсэн байх ёстой. Хувиа бодсон үзэлд баригдан бусад хүмүүст зочломтгой хандахыг хүсдэггүй хүмүүс их хэмжээний ивээлээ алддаг. AГБ 471.2
Тэнгэр элч нар сайн үйлс бүтээх боломжуудаа ашиглахыг хичээж байгаа эсэхийг харж байдаг. Тэд биднийг эргүүлэн ивээхийн тулд бусдыг ивээхийг хүсэн хүлээж байдаг. Эзэн бид бүгдийг зан чанараа хөгжүүлэхийн тулд ялгаатайгаар бүтээсэн, Тэрээр заримыг нь ядуу, заримыг нь баян, заримыг нь зовлон шаналалтай байхыг зөвшөөрсөн. Зарим хүмүүс Бурханы зорилгоор ядуу байхаар зөвшөөрөгдсөн. Ингэснээр бидний зүрх сэтгэл шалгуур, баталгааг даван гарч хөгжих ёстой юм. AГБ 472.1
Бид зочломтгой зан чанараа үхүүлэх үед зүрх сэтгэл маань хувиа хичээх саа өвчинд нэрвэгддэг. AГБ 472.2
Бид ямар хүмүүст зочломтгой хандах ёстой вэ? - Бид дэлхийн ёс заншлаар нийгмийн харилцаагаа удирдуулах ёсгүй. Харин Христийн Сүнс болон Бурханы үгэн дэх сургаалаар удирдуулах ёстой. Израильчууд бүх баяр ёслолдоо ядуучууд, харь үндэстнүүдийг оролцуулдаг байсан ба ариун ордонд үйлчилдэг Левитчүүд тэргүүн тахилч нарын туслах, итгэл бишрэлээ хуваалцах багш нар, баярын мэдээ түгээгч нарын үүргийг тус тус гүйцэтгэдэг байсан. Эдгээр хүмүүс олон нийтийн болон итгэл бишрэлтэй холбоотой баяр ёслолд оролцож, зочлуулах зочид хэмээн тооцогдож ядуу зүдүү, өвчтэй зовлонтой ч хэрэгцээгээ хангуулдаг байсан. Бид ийм зарчмын дагуу бусдыг зочлох хэрэгтэй. Гэр оронгүй, ядуу зүдүү, сэтгэлээр унах байдалд автагдсан баярын мэдээ түгээгч сувилагч, багш, зовлон шаналал, хүнд хүчир ажилдаа түүртсэн эх, нас өндөр болж, хүч сульдсан хүмүүст зочломтгой байдлаар хандах нь бидэнд ямар их баяр хөөр, урам зоригийг өгөх бол. AГБ 472.3
Христ, «Та бусдыг оройн хоолонд урьсаны дараа эргүүлээд уригдаж магадгүй хэмээн найз нөхөд, танил, төрөл садан, баян хөршөө урьж болохгүй. Харин ч найр хийхдээ ядуу, эрэмдэг, хөлгүй, сохорыг уриарай. Ингэснээр хариуг тань барьж чадахгүй ч та ивээгдэх болно. Та шударга хүмүүсийн дахин амилалтын үеэр шагналаа авах боломжтой болно. ” AГБ 472.4
Эдгээр зочдыг хүлээн авахад танд их дарамт учрахгүй байх болно. Та тэдний төлөө маш үнэтэй, нарийн ур чадвар шаардсан хүлээн авалт зохион байгуулах шаардлагагүй байх болно. Та баян тансаг харагдах гэж хичээх хэрэггүй. Эелдэг зөөлөн дулаан угтан авалт, ил галын хажууд, гэрийнхээ ширээг тойрон суугаад, залбирлаар ирэх ивээлүүдээс хуваалцах нь танайд зочлон ирж байгаа олон хүмүүсийн хувьд диваажингийн зах зухаас мэдэрсэн мэт сэтгэгдэл үлдээнэ. AГБ 473.1
Бидний энэрэл хайр хувиа хичээх үзэл, гэр бүлийн ханыг даван хальж урссан байх ёстой. Гэр орноо бусдад ивээл болох газар болгох хүмүүст маш олон гайхамшигтай боломжууд бий болох болно. Нийгмийн нөлөө гэдэг бол гайхамшигтай хүч чадал юм. Хэрэв бид хүсэх юм бол энэхүү хүчийг эргэн тойронд байгаа хүмүүстээ зориулан ашиглах боломжтой. AГБ 473.2
Уруу татагдсан залуучуудын хоргодох газар. - Бидний гэр орон уруу таталтанд орж байгаа залуучуудын хувьд хоргодох газар болж байх ёстой. Өнөөдөр маш олон залуучууд хоёр замын уулзвар дээр ирчихээд байна. Энэ дэлхий дээрх нөлөө, төрж буй сэтгэгдэл бүр нь одоогийн болон ирээдүйн амьдралын хувь заяаг тодорхойлж өгөх болно. Бузар муу нөлөө тэднийг уруу татна. Бузар муугийн аргууд маш сайхан, анхаарал татахуйцаар мэдрэгдэх болно. Бидний эргэн тойронд гэр оронгүй, нэг бол гэр бүл нь ариусахад тус болж чаддаггүй, бузар мууд уруу татагдсан залуус их байна. Тэд гэр орныхоо үүднээс холдоогүй байхдаа л сүйрэл рүү чиглэн алхсаар байна. AГБ 473.3
Эдгээр залуучуудад хайрлан энэрсэн гараа алдлан ирж буй хүмүүс хэрэгтэй байдаг. Эелдэг үгс хэлэх, энгийн байдлаар анхаарал халамжаа үзүүлэх нь зүрх сэтгэл дээгүүр багширалдсан уруу таталтын үүлийг сарниулдаг. Диваажингаас буун ирэх энэрэл хайр Христийнх шиг анхилам үнэр адил үгс, Түүний энгийн боловч гайхалтай мэдрэмжийг төрүүлэх хайрыг мэдрэх шаардлага зүрх сэтгэлийн үүд хаалгыг нээж өгдөг. Хэрэв бид залуучуудад анхаарал хандуулж байгаа бол тэднийг гэр орондоо урьж, урамшуулж, дэмжсэн нөлөөгөөр бүчин авах хэрэгтэй. Ингэснээр олон залуус өөдлөн дэвжих замаар баяр хөөртэйгөөр алхаж эхлэх болно. AГБ 473.4
Гэр бүл энгийн даруу байдлаа хадгалах хэрэгтэй. - Зочид танайхаар тогтмол зочлохоор ирэх үед гэрийн эзэгтэй бүх цаг хугацаагаа тэдэнд зарцуулдаг байж болохгүй. Гэрийн эзэгтэйн хувьд хүүхдүүдийнх нь түр зуурын болон сүнслэг хэрэгцээ илүү чухалд тооцогдох ёстой. Тансаг бялуу, нарийн боов, эрүүл бус идээ будаа бэлдэхийн тулд их хэмжээний цагийг зарцуулах ёсгүй. Эдгээр нь хэт их зардалтай учир олон хүмүүс үнийг нь хүчирч дийлэхгүй. Иймэрхүү жишээг үзүүлснээр их хэмжээний бузар муу хандлага бий болно. Гэр бүлийн энгийн даруу байдлыг хадгалцгаая. Та өөрийн хэр хэмжээнээс хэтэрсэн амьдралаар амьдарч чадна гэсэн буруу ойлголтыг өгөх гэж хичээх хэрэггүй. Та зочидтойгоо харилцахдаа, тэдэнд зориулан ширээ засахдаа өөрт байхгүй зүйлсийг байгаа мэт харагдуулах гэж хичээх хэрэггүй. AГБ 474.1
Та зочиддоо эелдэг найрсгаар хандаж, гэртээ байгаа мэт тавлаг байлгах ёстой ч Бурханы даалган өгсөн бяцхан үр хүүхдүүддээ тогтмол зөв жишээг үзүүлэх ёстой багш нар гэдгээ битгий мартаарай. Тэд таныг ажиглан харж байдаг тул таны үйлдэл тэдний хөлийг буруу зам руу чиглүүлдэггүй байх болтугай. Зочдод тааламжтай, анхаарал халамж үзүүлэн, эелдэг харилцаж байгаа шигээ гэр бүлтэйгээ өдөр бүр харилцдаг байх нь чухал. Ингэснээр хүн бүр зөв жишээг үзүүлдэг сурган хүмүүжүүлэгчид болох боломжтой. Хүүхдүүд юу идэж, ууж, өмсөх вэ гэсэн бодолд оюун ухаанаа хандуулах нь чухал биш болохыг олж харсан байх ёстой. AГБ 474.2
Амгалан тайван уур амьсгалыг бий болгоорой. - Гэр бүлийн амьдрал, нийгмийн харилцаа маань Христийн энгийн даруу байдлаар удирдуулдаг бол бид илүү аз жаргалтай ба бусдад дэмжлэг үзүүлэх боломжтой байх болно. Зочдын дурыг булааж, атаархлыг төрүүлэхийн тулд хичээхийн оронд үргэлж хаа сайгүй баяр хөөр, бие биенээ халамжилж, хайрласан байдлыг бий болгохын төлөө байнга хичээн зүтгэдэг байх хэрэгтэй. Зочиддоо Христийн хүсэлд нийцүүлэхийг үргэлжид хичээдэг болохоо харуулахыг хичээгээрэй. Бидний хувь заяа энгийн даруухан боловч бид амьдралдаа сэтгэл хангалуун, талархалтай ханддаг болохоо бусдад харуулаарай. Жинхэнэ Христэд итгэгч гэр бүл амар тайван, тааламжтай уур амьсгалтай байх ёстой. Ийм гэр бүлийн нөлөө мэдрэгдэхгүй байна гэж байхгүй. AГБ 475.1
Диваажинд бидний зардал тооцогдож байдаг. - Христ Өөрийнх нь нэрийн төлөө хүмүүсийн зочилж байгаа бүх зардлыг тооцоолж байдаг. Тэрээр энэхүү ажилд зориулан хэрэгцээтэй бүхнийг хангаж өгч байдаг. Христийн төлөө бусдыг зочилдог хүмүүс зочид болон өөрсөддөө ашиг тустай зүйлсийг хийх бүртээ Түүнээс тусгай ивээл хүртэх үйлдэл хийсэн хэмээн тэмдэглэгдэх болно... AГБ 475.2
Христ амьдралаараа зочломтгой байх зарчмыг зааж сургаж байсан. Христ далайн эрэг дээр өлсөж цангасан хүмүүсээр хүрээлүүлсэн байхдаа тэдэнд хоол унд өгөлгүй гэр орон руу нь буцааж байгаагүй. Тэрээр дагалдагч нартаа, «Тэдэнд идэх хоол өг» гэж хэлдэг байсан. Матай 14:16. Тэрээр бүхнийг бүтээсэн хүчээ ашиглан хүмүүсийн хэрэгцээг хангах хангалттай хоол хүнсийг бий болгосон. Тэрээр маш энгийн хоол хүнсээр хангасан. Хоол хүнс нь тансаг, элбэг дэлбэг зүйлс байгаагүй. Есүс диваажингийн бүхнийг тушаан бий болгох чадвартай тул тансаг хоол хүнсийг бий болгож болох байсан. Гэвч хүмүүсийн хэрэгцээг хангахад хангалттай байсан далайд загасчилж буй загасчны өдөр тутмын хоолыг л бүтээж өгсөн. AГБ 475.3
Хэрэв хүмүүс энгийн даруухан зуршлуудыг бий болгож, байгалийн хуулинд захирагдаж байсан бол гэр бүлийн бүх хэрэгцээ хангалттай хэмжээгээр биелэгдэх байсан. Ингэснээр гэр бүлүүд шунахай төсөөлөлдөө хөтлөгдөх нь багасч Бурханы хүслийг биелүүлэх боломжоо ихэсгэх юм. . . Ядуу зүдүү амьдрал тань бусдад зочломтгой байхаас сэргийлдэг байх шаардлагагүй. Бид бусдыг байгаагаараа дайлдаг байх ёстой. Зарим гэр бүл амь зуулгаа олох гэж зовж шаналж, орлогоо энгийн хэрэгцээндээ хүргэх гэж зовж байгаа боловч Бурханы хүмүүсээр дамжуулан Есүст хайр энэрлээ үзүүлж, итгэгч үл итгэгч гэж ялгалгүй зочломтгой хандаж, тэд нарын айлчлалыг ашиг тустай болгохыг хичээж байна. Гэр бүл болон гэр бүлийн тахилын ширээний өмнө зочид уригдан ирж байдаг. Зочилж байгаа хүмүүсийн төлөө үйлдсэн зуучлах залбирал маш гүн сэтгэгдлийг төрүүлж өгч байдаг. Нэг удаагийн айлчлал зочныг үхлээс авран хамгаалах чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Эзэн ийм ажлыг санан дурсаж, «Би төлбөрийг нь эргүүлж төлнө” гэж хэлдэг. AГБ 476.1
Боломжуудаа соргогоор харж сураарай. -Ах, эгч дүүс нараа сэрэгтүн. Сайн үйлсээс бүү айж эмээгээрэй. «Сайныг үйлдэхдээ бүү хойрго хандацгаа. Бид цаг нь болох үед үр дүнг нь хураан авах болно, бүү шантар. » Үүргийг тань ухамсарлуултал бүү хүлээгээрэй. Нүдээ нээгээд эргэн тойронд тань хэн байгааг сайтар ажиглан хараарай. Ядарч зүдэрсэн, тусламж хэрэгцээтэй байгаа хүмүүстэй танилцан дотносоорой. Тэднээс бүү дөлж зугатаарай, тэдний хэрэгцээг анзааралгүй өнгөрч болохгүй шүү. Иаков номонд жинхэнэ итгэл бишрэлтэй хүн хувиа хичээх, бузар муу зан чанараар бохирдоогүй байдаг гэж заагаагүй гэж үү? Авралын агуу төлөвлөгөөнд чадах чинээгээрээ нэмэр хандив оруулах хүсэлтэй хүн хэн байна вэ? AГБ 476.2