Адвентист Гэр Бүл

72/88

Далан Нэгдүгээр Бүлэг- Хэл Яриа

Ауу хоолой бол бэлэг авъяас юм. - Дуу хоолой бол Бурханаас даалган өгсөн бэлэг авъяас юм. Бид дуу хоолойгоороо найз нөхдүүдээ урамшуулж, хүчирхэгжүүлдэг байх ёстой. Эцэг эхчүүд Бурханыг хайрлаж, зөв шүүн тунгааж, шударгаар хандсанаар үг хэллэг нь бузар муу, гашилсан өнгө төрх агуулахгүй байх болно. Тэдний үг яриа зөв шударга, цэвэр ариун, зааж зөвлөсөн өнгө төрхтэй байна. Тэд гэртээ, гадаа байсан ч үгээ зөв сонгож ярьдаг болно. Тэд үнэ хүндгүй байдал руу орж доройтохгүй. AГБ 457.1

Үг бүр нөлөө үзүүлдэг. - Эцэг, эхчүүдийн хэлсэн үг бүр хүүхдүүдэд нэг бол сайн, нэг бол муу нөлөө үзүүлдэг. Хэрэв эцэг эхчүүд уур уцаартай, дэлхийн үр хүүхдүүдтэй адил зүрх сэтгэлтэй байх юм бол Бурхан тэднийг Өөрийн охид хөвгүүд хэмээх бус харин дэлхийн үр хүүхдүүд хэмээн тооцох юм. AГБ 457.2

Цагаа олсон үгс залуучууд хүүхдүүдийн оюун ухаанд сайн үрийг суулгаж, тэдний бяцхан хөлийг зөв зам руу чиглүүлэх үр дүнг бий болгож өгнө. Харин буруу үгсийг хэлэх нь хүүхдүүдийн маань хөлийг сүйрлийн зам руу чиглүүлнэ. AГБ 457.3

Тэнгэр элч нар гэр бүлд яригдаж байгаа үгсийг сонсдог. Тиймээс хүүхдүүдээ хэзээ ч зандран загнаж болохгүй, харин хэлж буй үгс тань диваажин руу өргөгдөн одож буй ариун үнэртэн адил нөлөө үзүүлэх болтугай. Эцэг эхчүүд гэр орныхоо уур амьсгалыг хайр халамжаар дүүрэн цэвэр ариун, анхилам үнэртэй байлгах хэрэгтэй. Гэхдээ зарчмуудаасаа буцалгүй, зарчмууддаа тууштай хандах ёстой. Хэрэв та хүүхдүүдтэйгээ хатуу тууштай хандах юм бол хүүхдүүд тань өөрсдөд нь хайргүй юм байна гэж бодож магадгүй. Ийм байдал бий болж магадгүй, гэхдээ хэзээ ч хатуу зан гаргаж болохгүй. Шударга байдал болон өршөөл нигүүлсэл хавсарсан алга адил тэнцвэртэй байх ёстой. Эцэг эхчүүд зарчимгүй байдалд үл тоомсорлон өнгөрөөсөн эсвэл хэт уурлаж зандарсан байдлаар хандахгүй байх хэрэгтэй. AГБ 457.4

Үг яриа маань дотоод сэтгэлийн нигүүлслийн гадаад илрэл байх ёстой. - Хэл ярианд тавигдах хамгийн чухал шаардлага бол цэвэр ариун, эелдэг, үнэн сэтгэл байдаг -»дотоод сэтгэлийн нигүүлслийн гадаад илрэл” байх ёстой... Зөв хэл яриатай болох хамгийн шилдэг сургууль бол гэр орон юм. AГБ 458.1

Эелдэг зөөлөн үгс шүүдрийн дусал адил зүрх сэтгэлд зөөлөн уур амьсгалыг бий болгож өгдөг. Ариун Бичээст Христийн ивээл нигүүлсэл уруул дээр нь асгаран буун ирж, Тэрээр, «ядарч туйлдсан нэгэнд цагаа олсон үгсийг хэрхэн хэлэхээ” мэдэх боломжтой болсон гэж өгүүлсэн байдаг. Эзэн бидэнд, «та бүхний үг хэл үргэлж өршөөл нигүүлслийг өгүүлдэг байгаасай”, «хэлж буй үгс тань үгсийг тань сонсож буй хүмүүст ивээл болж байгаасай” хэмээн уриалдаг. AГБ 458.2

Дуу хоолойгоо зохицуулах чадварыг гэр бүлдээ заадаг байх ёстой. - Гэр бүлийн хүрээнд дуу хоолойгоо зохицуулах чадварыг зааж сургасан байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүддээ үгсийг нь сонсож байгаа хүн бүр ойлгож болохуйц энгийн үгсээр ярьдаг чадварыг зааж сургах хэрэгтэй. Тэд хүүхдүүддээ Бурханыг хүндэтгэсэн байдлаар Библиэс ойлгомжтой, тод хэллэгээр унших зуршлыг заан сургасан байх ёстой. Мөн гэр бүлээрээ Эзэний өргөлийн ширээг тойрон өвдөглөн суугаад Бурханд хандан залбирахдаа гараараа нүүрээ тагласан эсвэл сандал дээр суухгүй байхыг зааж сургаарай. Хүүхдүүдээ нигүүлслийн ширээнд ойртон ирэхдээ толгойгоо цэх өргөж, ариун хүндэтгэл болон зоригтой байдалтайгаар ирэхийг зааж сургаарай. AГБ 458.3

Хэл яриагаараа цэвэр ариун байгаарай. Хахир хэрцгий өнгө аясаар бус харин зөөлөн, тууштай өнгөөр ярих чадварыг төлөвшүүлээрэй. Хүүхдүүддээ дуу хоолойгоо зөв зохицуулах зааварчилгааг өгөөрэй. Бэрхшээл зовлон тохиолдох үед санаандгүй хэрцгий, хатуу үгс гарахааргүй байхаар үг яриаг нь төлөвшүүлж өгөөрэй. AГБ 459.1

Дуу хоолойгоо зохицуулж сурах нь сурагчдын эрүүл мэндэд ч маш сайн нөлөө үзүүлдэг. Залуу хүүхдүүд зөв амьсгалж сурахыг заалгах хэрэгтэй. Тэд ном унших үедээ уушиг болон хоолойноос нь хэт их хүчилсэн бус харин гэдэсний булчингийн тусламжтайгаар уншдаг аргыг суралцсан байх ёстой. Хоолойгоо шахаж ярих, дуу авиа гаргах эрхтнээ шахах нь эдгээр эрхтнүүдийг гэмтээж, дуу хоолойгоо зөв ялгаруулах чадварыг багасгадаг. Дуу авиа гарахад гэдэсний булчин ихэнх үүргийг гүйцэтгэдэг байх ёстой ба хоолой зөвхөн авиаг дамжуулах үүргийг гүйцэтгэдэг байх ёстой. Өнөөдөр амьд байх байсан олон хүмүүс дуу хоолойгоо зөв зохицуулж сураагүйгээс болж нас барсан байна. Ном унших болон ярихдаа гэдэснийхээ булчинг зөв ашиглах нь хоолой болон цээжин тус газар үүсэх хүндрэлүүдээс сэргийлж, амьд байх хугацааг ч уртасгах хүчин зүйл болдог. AГБ 459.2

Хахир хатуу, зандарсан үгсийн нөлөө. -Хахир хатуу, ярдаг, загнаж зандарсан үгсийг хэлдэг гэр бүлийн хүүхдүүд илүү их уйлдаг. Тэдний нарийн мэдрэмж бүхий зүрх сэтгэлд аз жаргалгүй, үл нийцсэн сэтгэгдэл үүсэн бий болдог. Эхчүүдээ, та бүхэн дүр төрхөө байнга гэрэл гэгээтэй байлгаарай. Боломжтой бол инээмсэглэ, таны инээмсэглэл бяцхан хүүхдийн оюун ухаан, зүрх сэтгэлд өнгөлсөн төмөр толь хүний дүр төрхийг нарны гэрлээр гэрэлтүүлж байгаа мэт гэрэлтэх болно. Эхчүүдээ зүрх сэтгэлдээ Христийг заавал оруулж ирээрэй, ингэснээр хүүхдийн тань бүхнийг уусган авч буй оюун ухаан Бурханлаг байдалд нэвчих боломжтой болно. AГБ 459.3

Чихэнд чийртэй дууны өнгө бүү сонсогдоосой. - Бэрхшээл болон зөрчилдөөнийг гэр орондоо бүү оруулж ирээрэй. Эелдэг зөөлнөөр бие биендээ хандаарай. Хэзээ ч харгис хатуу байдлаар дуугаа өндөрсгөж болохгүй. Өөрийгөө байнга тайван байлга. Шударга бус байдал болон бусдын алдааг тунгаан бодох байдлаа орхи. Хүүхдүүддээ үргэлжийн амар тайван оршдог, хэзээ ч чихэнд чийртэй дуу хоолой сонсогддоггүй диваажингийн ариун уур амьсгалд бэлтгэхийг хүсч байгаагаа хуваалцаарай. Танд бага мэт санагдавч, үр хүүхдэд тань том санагдах асуудал бэрхшээлүүдэд тэвчээртэй хандаарай. AГБ 460.1

Эцэг, эхчүүд өөрчлөгдөн шинэчлэгдэх үед үр хүүхдээ удирдан чиглүүлж байгаа зарчмуудад бүрэн өөрчлөлт ордог. Эцэг эхчүүдийн бодол санаа өөрчлөгдөн шинэчлэгдэж, хэл яриа нь ч гэсэн засардаг... AГБ 460.2

Гэр оронд чанга дуу, ууртай үг яриа сонсогдохгүй. Хэлж ярьж буй үгс нь сонсож байгаа хүнээ тайвшруулж, ивээсэн байх болно...Дуу хоолойноосоо бузар муу бүх мэдрэмжийг гээж алга болгоорой. AГБ 460.3

Бид түргэн уураа барьж, үг яриагаа хянадаг байх хэрэгтэй. Бид эдгээр асуудлууддаа их хэмжээний ялалтуудыг байгуулах боломжтой. Бид уур уцаар, үг яриагаа хянахгүй юм бол Сатаны боолууд болж хувирна. Бид түүний удирдлаганд орох болно. Сатан биднийг боолчилж эхэлдэг. Бидний найрсаг бус, тэвчээр алдсан, хахир үг ярианууд маань сатаны хаанчлалд өргөн барьж буй өргөл хандив болох болно. Ийм өргөл хандив нь Бурханд өргөж буй өргөл хандиваас илүү муу үр дагавар, үнэ цэнийг дагуулна. Учир нь ийм өргөл хандив гэр бүлийн амар тайван, аз жаргалтай байдлыг сүйрүүлж, зрүүл мэндийг муутгаж, мөнхийн амьдралын аз жаргалыг ч биднээс салган холдуулах болно. AГБ 460.4

Бидний үг яриа гэрэл гэгээг бий болгож байна уу аль эсвэл харанхуй сүүдрийг бий болгож байна уу? - Хүүхэд, залуучууд үг яриа болон үйлдлээ хянаж байх чадварт сургагдсан байх нь чухал. Учир нь тэдний гаргах шийдвэр зөвхөн гэр оронд бус харин уулзан учирч буй хүн бүрт нэг бол гэрэл гэгээ, нэг бол харанхуй сүүдрийг бий болгож өгөх юм. AГБ 461.1

Аз жаргалгүй байдал ихэвчлэн үг яриагаа буруу ашигласнаас шалтгаалдаг. Бурханы үгэнд хахир хатуу үгсийг хэлж гэр орноо аз жаргалгүй, үл нийцсэн байдалтай болгох эрхийг хэнд ч өгөөгүй байдаг. Ийм байдлаар харилцаж буй хүнийг гэр бүлийн гишүүд хүндэтгэхээ больдог. Хахир хатуу үгсийг хэлэгч хүн сэтгэлийн мэдрэмжээ хянах үедээ итгэлцэл, хайр халамжаа бүгдийг нь эргүүлэн авах боломжоор хангагддаг. AГБ 461.2

Хүүхдүүдэд хандсан тааламжтай үгс, эцэг эхчүүдэд хандсан хүндэтгэлийн үгс. - Эцэг эхчүүд хүүхдүүддээ зөвхөн тааламжтай үгсийг хэлж, хүүхдүүд нь эцэг эхдээ хүндэтгэлтэй үгсийг хэлдэг байгаарай. Гэр бүлийн амьдралд анхаарал болгоомжтой хандах ёстой. Хүүхдэд зан чанар, зөв зуршлыг төлөвшүүлэхэд анхаарал хандуулснаар хүүхдүүд Бурханаар сургагдаж, Түүний тушаал заавруудыг дагахдаа амар хялбар болох болно. AГБ 461.3

Бүх төрлийн бүдүүлэг зан байдлаас хөндийрөх хэрэгтэй. - Эцэг эхчүүд, эхнэр нөхөр, ах эгч дүүс нар өөрсдийгөө бүдүүлэг үйлдэл, үг, бодолтой байхад сургаж болохгүй. Гэр бүлтэйгээ харилцахдаа хэрэглэж буй бүдүүлзг үгс, бузар муухай хошигнол, эелдэг, ялдам бус зан чанар нь хоёрдогч зан чанар болон төлөвшиж үнэнээр ариуссан хүмүүсийн хүрээлэлд багтан ороход тань таныг үл нийцүүлэх болно. Гэр бүл бүдүүлэг, тачаангуй, буруутган доромжлох, хов живийн үгсээр бузартахад хэтэрхий хайран, ариун газар. Бузар муу үгс хэлэгддэггүй байх ёстой; Жинхэнэ Гэрч үг бүрийг маань жинлэж, үйлдэл бүрт маань үнэлэлт дүгнэлт өгч, «Би чиний үйлсийг мэднэ” гэж тунхагласаар байгаа учир ариун бус үгсээсээ татгалзах хэрэгтэй. AГБ 461.4

Дорд, үнэ хүндгүй, жирийн үг яриа гэр бүлийн хүрээнд орж ирсэн байх ёсгүй. Зүрх сэтгэл цэвэр ариун байх үед, мэргэн ухааны баялгууд танаас урсан гарах болно. AГБ 462.1

Гэр орондоо ямар нэгэн мунхаг балмад яриаг дэлгэж болохгүй. Нялх нярай хүүхэд хүртэл «зөв сайн үгсээс» ашиг тусыг нь хүртэж байдаг. Эцэг эхийн хоорондоо хуваалцаж буй мунхаг, дэмий хоосон үгс хүүхдэд нөлөөлж, хүүхдүүд адил төстэй үгсийг хэрэглэдэг болдог; Харин зөв, ний нуугуй, үнэн, чин сэтгэлийн үгс бүх гэр бүлийн гишүүдийн хэл ярианд нөлөөлж, зөв үйлдэл хийхэд чиглүүлдэг. AГБ 462.2

Ууртай, түрэмгий үгсээс гарах бузар муу нөлөө. - Та хүүхэдтэйгээ ууртайгаар харилцсанаар ариун шударга байдлыг эсэргүүцэгч дайсны зорилгыг биелүүлэхэд тусламж үзүүлж байна гэсэн үг. Хүүхэд бүрт хүүхэд ахуй цагаасаа зөв нөлөөнд автагдах боломжийг бүрдүүлж өгөөрэй. Хүүхдийг багаас нь хахир хатуу, зандарсан байдлаар бус харин эелдэг зөөлөн, тэвчээрээр зааж сургасан байх ёстой. Ийм байдлаар нас биед хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс болтол нь сурган хүмүүжүүлсэн байх ёстой. AГБ 462.3

Гэр бүл бүр Бурханы ажлыг хийхэд бэлэн байхын тулд Эзэнд хандан чин сэтгэлийн залбирлыг хийдэг байх ёстой. Омог ууртай хэл яриа, бусдыг буруутгах хүслээ ялан дийлэхийг хичээх хэрэгтэй. Гэр бүлээ хайр халамж, бусдыг анхаарсан зан байдалтай болгохын тулд эелдэг зөөлөн, найрсаг зан чанарыг судлах хэрэгтэй. AГБ 462.4

Тэвчээргүй үгсийг хэлснээр гэр бүлийн хүрээнд ямар хортой нөлөө үүсэн бий болдог гэж бодно. Хэн нэгний тэвчээргүй зандаа хөтлүүлэн хэлсэн үгс бусдад адил зан авир гаргаж, тэвчээргүй үгсийг хэлэхэд нөлөөлдөг. Ийм нөхцөлд өөрийгөө хамгаалсан, зөвтгөсөн үгс хэлэгддэг ба эдгээр үгс нь тухайн хүнийг уур уцаартай болгож, хүзүүнээс нь зүүгдэж буй хүнд дөнгө мэт болон хувирдаг. Бузар муу үгс бүр зүрх сэтгэлд хэмжээлшгүй бузар муу ургацыг ургуулдаг. AГБ 462.5

Хатуу үгс чихээр дамжин зүрх сэтгэлийг дарамталдаг. Эдгээр нь зүрх сэтгэлийн хамгийн аймшигтай хүслүүдийг сэргээж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг Бурханы тушаалуудыг зөрчихөд уруу татдаг... Үгс бол зүрх сэтгэлд суулгасан үр адил байдаг. AГБ 463.1

Уур уцаартай үгс хараалын нэгэн төрөл юм. - Олон гэр бүлүүдийн дотор задгай, үл тоомсорлосон үгсийг хэлэх зуршил тогтсон байна. Бусдаар тохуурхаж, хатуу хөтүү үгсийг хэлэх тусам илүү хүчтэй болж, Бурханы тушаал бус харин Сатаны тушаалыг биелүүлэн, бузар муу үгсийг олноор хэлж ярьж эхэлдэг. . . Бузар хүслээс урган гарч ирж буй үгсийг хэзээ ч хэлж болохгүй, учир нь Бурханы болон ариун тэнгэр элч нарын хувьд эдгээр үгс нь хараалын нэгэн төрөл гэж тооцогддог. AГБ 463.2

Эцэг хүн хэрхэн хүүхдийнхээ итгэлийг алддаг вэ. - Дүү минь, амнаас тань гарч буй уур уцаартай үгс хүүхдийн тань сэтгэлийг эмзэглүүлж байна. Нас биед хүрэх үед хүүхдүүдийн тань шүүмжлэх зуршил нэмэгдэх хандлагатай болно. Бусдын бурууг олж харах зан амьдралыг тань бохирдуулж, эхнэр болон үр хүүхдэд тань халдварлаж байна. Хүүхдүүд тань ууртай, буруутгасан үгсийг тань мэдэх учир итгэл даах, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх нөхцлийг бүрдүүлж өгч чадахгүй байна. Таны хэлж буй үгс ихэвчлэн уян зөөлөн ургамлыг сүйрүүлж буй мөндөр адил байна. Таны үгс хэр хэмжээний хохирол учруулаад байгааг тооцоолох боломжгүй. Хүүхдүүд тань хатуу үгсийг сонсохгүйн тулд хууран мэхлэх зан чанарыг төлөвшүүлж байна. Тэд шүүмжлэл, шийтгэлээс зугтахын тулд үнэнээс зайлсхийх болно. Хүйтэн, хатуу тушаангуй үгс тэдэнд ямар ч сайн нөлөөг үзүүлэхгүй. AГБ 463.3

Тангараг өргөхийг санал болгох нь. - Хүн бүр гэр бүлдээ эелдэг зөөлөн үгсээр харилцах, үг яриагаа хайрын хуулиар удирдуулах тангараг өргөснөөр маш сайхан нөлөөг бий болгоно. Эцэг эхчүүд хэзээ ч түрэмгий байдлаар хандаж болохгүй. Хүүхдүүд тань буруу үйлдэл хийвэл засч залруул. Гэхдээ таны хэлж буй үгс хайр, энхрийллээр дүүрэн байх ёстой. Та хүүхдээ загнах бүртээ тэвчээртэй, өршөөлтэй хандахыг заах боломжоо алддаг. Буруу үйлдлийг засч залруулахад хайр хамгийн чухалд тооцогдох ёстой. AГБ 464.1

Ширээ тойрсон ярилцлага. - Ямар олон гэр бүлүүд өдөр бүрийн хоолоо эргэлзээ, асуудлуудаар хачирлаж байна вэ! Тэд найз нөхдийнхөө зан чанарыг задлан шүүгээд хоолны нэмэлт хачир болгон хэрэглэж байна. Хов жив, гүтгэлгийн шивэр авир үгсийг ширээн дээрээ дэлгэн тавиад зөвхөн насанд хүрсэн хүмүүсийн бус хүүхдүүдийн бодол саналыг нэмэрлүүлдэг. Бид ийм байдлаар Бурханд хүндэтгэлгүй ханддаг. AГБ 464.2

Гэр бүлд шүүмжлэх, алдаа дутагдал эрэх зан байдал газар авах ёсгүй. Гэр бүлийн амар тайванг дээрх байдлаар бузартуулан доройтуулах ёсгүй. Бид гэр бүлээрээ хооллохоор суух үедээ шүүмжлэл, алдаа дутагдал, хов жив ярих зуршлыг хэрхэн бие биендээ дамжуулан өгдөг вэ. Хэрэв Христ өнөөдөр ирэх юм бол Христэд итгэдэг гэж тооцдог олон гэр бүлүүд шүүмжлэл, эелдэг бус зан байдлыг хөхүүлэн дэмжиж байгаагаа олж харахгүй гэж үү? Ийм гэр бүлийн гишүүд диваажингийн гэр бүлтэй нэгдэх бэлтгэлээ хангаагүй гэсэн үг. AГБ 464.3

Гэр бүлийн хоолны ширээнд хуваалцаж байгаа үгс хүүхдүүдийн оюун ухаанд ариун нөлөөг үзүүлдэг байх ёстой. AГБ 464.4

Хов жив болон бусдын талаар ярих. - Бид цус нь хөрөөгүй ангийн олзоо ховдоглон идэж буй махчин хүнийг айдас хүйдэстэйгээр бодож тунгаадаг. Харин хэн нэгний нэр хүндийг унаган, зан чанарыг нь олуулаа хэлэлцэж, хүсэл зорилгыг нь гуйвуулж байгаа байдал илүү сэтгэлийн шарх, сүйрлийг бий болгож буй нь аймшигтай санагдахгүй байна гэж үү? Хүүхдүүд болон залуучуудад Бурхан эдгээрийн талаар юу гэж зааж сургасныг зааж өгөөрэй. «Хэл үхэл болон амийн хүчийг атгадаг. » AГБ 465.1

Хов жив, бусдын талаар худал цуурхал тараах нь Сатаны маргаан, тэмцэлдээнийг үүсгэх, найз нөхдийг салгах, бидний үзэл баримтлалыг болоод бусдын итгэл бишрэлийг нураах маш чухал хэрэгсэл болж байдаг. AГБ 465.2

Итгэлгүй байдлын үрийг суулгах нь дайсанд тусламж үзүүлж байгаа хэрэг юм. - Хүн хурц үгсийг хэлэх зан чанартай болсон. Бузар хүсэлдээ ялагдан дийлдэж буй хүн Сатанд зүрх сэтгэлээ эзэмдүүлэх үүдээ нээж өгч, бусдын алдаа дутагдлыг санах чадвараа нэмэгдүүлэн, хөгжүүлж байдаг. Тэд бусдын алдаа дутагдлыг тунгааж, сул талыг хэлэлцсэнээр Бурханы ажлыг гүйцэтгэхээр бүх хүчээ гаргаж байгаа хүмүүсийн итгэлийг сулруулах үгсийг ярьж хэлж байдаг. Бусдад үнэлүүлэх ёстой байсан боловч үнэлүүлсэнгүй гэсэн гомдлын үгсийг хуваалцаж буй хүн бусдад үл итгэх үрийг зүрх сэтгэлдээ суулгаж байдаг. AГБ 465.3

Бурхан итгэгчдийг бусдын алдаа дутагдлыг эрж хайхаа больж, түрэмгий, эелдэг зөөлөн бус үгсийг хэлэхгүй байхыг уриалж байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэлж байгаа үгсээ эелдэг, зөөлөн байлгахад анхаарах хэрэгтэй. Тэнгэр элч нар хүүхдүүдийг тань Христ рүү чиглүүлэхэд тусламж үзүүлэх болно. Гэр бүл хэмээх ариун сүмд тууштай өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээтэй байна. Үүнийг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Гомдоллох, уурлаж уцаарлах, загнаж зандрах байдлуудаа зогсоогоорой. Уурлаж уцаарлан, загнаж зандарч байгаа хүмүүс тэнгэр элч нарыг холдуулж, бузар муу сүнснүүдэд үүд хаалгаа нээж өгдөг. AГБ 465.4

Эцэг эхчүүдийг тэвчээртэй байж, өөрсдийгөө хянахыг уриалах нь.-- Эцэг эхчүүд уур уцаартай байх үедээ гэр бүлийг хордуулж, аймшигтайгаар залхаах бузар гэм нүглийг үйлдэж болохгүй. Ийм хандлага илрэх үед өөрсдийгөө давхар хяналтанд оруулаарай. Зүрх сэтгэлдээ бусдыг гомдоох үгсийг хэлж болохгүй гэсэн шийдвэрийг гаргаарай. Зөвхөн баяр хөөртэй, эелдэг зөөлөн үгсийг хэлээрэй. Өөртөө, «Би уур уцаартай үгсээрээ хүүхдүүдийнхээ аз жаргалыг эвдэн сүйтгэхгүй» гэж хэлээрэй. Ийнхүү өөрийгөө хянаснаар та илүү хүч чадалтай болох болно. Таны мэдрэлийн эрхтэн хэт мэдрэмжтэй байхаа болино. Та зөв шударгын зарчмууд дээрээ хүчтэй зогсох чадвартай болно. Та итгэлтэйгээр өөрийгөө хянаснаар дотоод сэтгэлийн хувьд хүчтэй болох юм. Бурханы тэнгэр элч нар таны хичээл зүтгэлд баярлан, тусламж үзүүлнэ. AГБ 466.1

Эцэг эхчүүд хүүхдүүддээ эелдэг зангаар хандаарай, та өөрийн сэтгэлийн хатуужилтай эсэхийг дүгнэж, бусдын буруутгасан үгсийг өнгөрөөж чаддаг эсэхээ тунгааж үзээрэй. Таны хүүхдүүд тантай адилхан гэдгийг санаарай. Өөрийн дааж чадахгүй ачааг хүүхдүүддээ бүү үүрүүлээрэй. Хэрэв та шүүмжлэл, буруутгасан үгсийг сонсож чаддаггүй бол хүүхдүүд тань мөн сонсож чадахгүй. Хүүхдүүд тань танаас илүү сул ба их хэмжээний шүүмжлэлийг дааж чадахгүй. Таны эелдэг зөөлөн, баяр хөөртэй үгс гэр бүлд тань нарны гэрэл адил цацрах болтугай. Өөрийгөө хянах, бусдад анхаарал тавих, бусдад үйлчлэх үйлчлэлийн үр дүн олон зуу дахин үржин тан дээр ирэх болно. AГБ 466.2

Чимээгүй байж, дуулах цаг. - Бэрхшээл ямар ч хүнийг тойрдоггүй, асуудлаасаа хөндийрөхөөр бүх анхаарлаа төвлөрүүлсэн хүнд ч ирнэ. Хамгийн тэвчээртэй хүний тэвчээр хүртэл маш хүчтэйгээр шалгагдах болно. Эхнэр эсвэл нөхөр ширүүн зандарсан хариулт өгөх боломжийг байнга бүрэлдүүлж байдаг. Буруу үг хэлсэн хүн дуугүй болох хэрэгтэй. Дуугүй байх нь аюулаас гарах арга болж байдаг. Үг хэлээрээ гэм нүгэл үйлдсэн хүнийг буруутгах хамгийн үр дүнтэй арга бол дуугүй болох юм. AГБ 466.3

Тэд [хүүхэд, залуучууд] хяналтаа алдаж бузар муу хүслээр ямар нэгэн үгсийг хэлсэн бол тэднийг буруутгаж, мэтгэлцэж, засан залруулах гэж оролдсоноос дуугүй байх нь илүү үр дүнг бий болгодог. Ийм тохиолдолд гэмшил маш хурдан бий болдог. Дуугүй байх нь хэлж болох бүх үгийг хэлснээс илүү үр дүнг бий болгодог алтан боломж юм. AГБ 467.1

Бусад хүмүүс хувиа хичээх бодлоо ялан дийлээгүй учир тэвчээргүй, уур уцаартай, гомдоллосон байдлыг гаргадаг. Тэд Сионы (диваажингийн) зарим нэгэн дууг дуулж эхлэх хэрэгтэй. Христийг мужааны ширээн дээр ажиллаж байхад зарим нэгэн хүмүүс Түүний тэвчээрийг алдуулахаар хүрээлэн ирдэг байсан, гэвч Тэрээр гайхамшигтай дууллуудыг дуулдаг байсан. Христийг хүрээлэн ирсэн хүмүүс нэг мэдэхэд л дууг нь хамтран дуулж эхэлдэг байсан. Тэд тухайн газар оршиж байсан Ариун Сүнсний нөлөөнд автагдаж байсан. AГБ 467.2

Хэл яриа бол өөрийгөө хянах тэмцэл юм. -Бурхан эцэг эхчүүдийг гэр бүлийнхээ хүрээнд биеэ хянаснаар зан чанараа бүрэн төлөвшүүлээсэй гэж хүсдэг. Бид хэрэггүй, дэмий хоосон яриаг өрнүүлж болохгүй. Бурхан амьдралын бүх нууцууд руу өнгийн хардаг. Зарим хүмүүс өөрсдийгөө хянах тал дээр байнга тэмцэлдэж байдаг. Тэд өдөр тутам чимээгүй, залбиралтайгаар буруу үг яриа, зан чанарынхаа эсрэг тэмцдэг. Ийм тэмцлүүдийн ашиг тусыг хүмүүс хэзээ ч бүрэн ойлгож ухаарахгүй. Хахир хатуу үгсээ хазаарлахыг хичээснээр бусдын амнаас гарах магтаал сайшаалыг хүртэхгүй байж болох юм. Дэлхий хэзээ ч үгээ цэгнэх тэмцлийг бүрэн ойлгож чадахгүй, хэрэв чаддаг байсан бол ялан дийлэгчийг магтан сайшаахын оронд харин ч доромжлон гутаах болно. Гэвч эдгээр хүмүүс диваажинд ялалт байгуулагчид хэмээн тэмдэглэгдсэн байх болно. Диваажинд дотоод сэтгэлийн тэмцэл, үл анзаарагдах ялалт бүрийг гэрчилж байдаг Нэгэн оршдог. Тэрээр, «уур уцаараа барьж чадсан Нэгэн ямар ч агуу хүнээс илүү агуу, зүрх сэтгэлээ жолоодож чаддаг хүн хотыг эзэлсэн нэгнээс илүү» гэж хэлдэг. AГБ 467.3

Хэрэв та ууртай, буруутган зандарсан үгсээ хянахаас татгалзаж байгаа бол Бурхан арга замыг тань зааж өгнө. Тэрээр Христэд итгэгчид хэл яриа гэсэн гайхамшигтай бэлгээ хэрхэн гэр бүлдээ хайр, амар тайван байдал, тэвчээрийг бий болгож болохыг зааж өгөх болно. AГБ 468.1