Адвентист Гэр Бүл
Тавин Зургадугаар Бүлэг - Салалт
Xурим бол амьдралын туршид хэрэгжих гэрээ хэлэлцээр. - Залуучуудын оюун ухаанд гэр бүл болно гэдэг үргэлж сайн сайхан мэдрэмжийг ТӨРҮҮЛАЭГ- Энэхүү мэдрэмжийг гээж болохгүй, харин ч тэр сайхан мэдрэмжийг ашиглан оюун ухаанд гэр бүлийн андгай тангараг өргөх ёслол нь маш өндөр үүрэг хариуцлага хүлээж байгааг илтгэдэг болохыг ойлгуулаарай. Гэр бүл бологсдын тангараг хоёр хүний хувь заяаг үхлээс өөр юу ч салгахааргүйгээр нэгтгэн нийлүүлдэг. AГБ 355.1
Хурим гэдэг бол амьдралын туршид үүрэхээр шийдвэрлэсэн хариуцлага учир сүй тавих ёслолд анхааралтай хандах хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь амьд байх бүхий л хугацаандаа амьдралын бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байгаа эсэхээ сайтар дүгнэж үзэх хэрэгтэй. AГБ 355.2
Есүс хуримын талаарх буруу ойлголтыг засч залруулсан. - Иудейчүүдийн хувьд эрэгтэй хүн эхнэрээсээ энгийн ялихгүй асуудлаас болоод салахыг зөвшөөрсөн тохиолдолд эмэгтэй хүн дахин гэр бүл болох боломжтой байсан. Энэхүү ёс заншил их хэмжээний бузар муу, гэм нүглийг бий болоход нөлөөлсөн. Уулан дээрх сургаал дээр Есүс гэр бүлийн тангарагад үнэнч байгаагүй тохиолдлоос бусад тохиолдолд гэр бүл салж болохгүй гэж тодорхой сургасан. Тэрээр, «Эхнэрээ садар самуун байдлаас болон орхиж буй хүн бүр эхнэрээ завхайрагч болгож байна гэсэн үг. Түүнтэй гэр бүл болсон хэн ч болов садар самуун үйадэа хийсэн гэж тооцогдоно» гэж хэасэн. AГБ 355.3
Удалгүй фарисайчууд Есүсээс гэр бүл салалт Бурханы хуультай нийцэх эсэх талаар асуухад Тэрээр дэлхий бүтээгдэх үед гэр бүл болох тогтолцоо үүсэн бий болсон талаар өгүүлсэн. Тэрээр, «та нарын зүрх сэтгэл хатуурсан учир Мосе эхнэрээсээ салахыг зөвшөөрсөн, харин дэлхийн сууриас энэ нь тийм байгаагүй” гэж хэлсэн. Есүс, Бурхан бүхнийг «маш сайн» гэж тунхаглах үеэс Едений ивээл хайраар дүүрэн өдрүүд эхэлсэн талаар өгүүлсэн байдаг. Тэнд Шаббат болон гэр бүлийн тогтолцоо үүсэн бий болсон. Энэ хоёр тогтолцоо нь хүн төрөлхтнийг Бурханы алдраар алдаршуулах зорилго агуулж байсан. Бүтээгч ариун хосыг гэр бүл болгон тунхаглаж байхдаа эр хүн, «эцэг эхээ орхин эхнэртэйгээ нэгдэнэ, ийнхүү тэд нэгэн бие болно” гэж хэлсэн. Бурхан Адамын үеэс дэлхийн төгсгөлийн үе хүртэлх үр хүүхдүүддээ гэр бүлийн хуулийг өгсөн. Мөнхийн Эцэгийн сайн гэж тунхагласан тогтолцоо төгс ивээл болон хүний төгс төлөвшилтөнд хүргэх хууль байсан. AГБ 356.1
Есүс энэ дэлхийд ирэхдээ хүний алдааг залруулж, Бурханы ёс зүйн дүр төрхийг сэргээх зорилготой байсан. Израилийн багш нарын оюун ухаанд гэр бүлийн талаар буруу ойлголт бий болсон байлаа. Тэд гэр бүлийн ариун тогтолцоог ямар ч нөлөөгүй болгон хувиргасан. Хүний зүрх сэтгэл маш ихээр хатуурч, ялимгүй зүйлсээс болж эхнэрээсээ салж, хүсэх юм бол хүүхдүүдээ эхээс нь салгаж эхнэрээ хөөн явуулж байна. Нөхөртөө хаягдах нь хамгийн гутамшигтай зүйл байсан ба эхнэрээ хаясан нөхөр нь хамгийн бага зовлонг үүрэхээр бүхнийг зохицуулсан байсан. AГБ 356.2
Христ энэ бузар үйлсийг засч залруулахаар ирсэн ба анхны гайхамшгаа хуримын үйл ажиллагаан дээр гүйцэтгэсэн. Тэрээр үүгээрээ гэр бүл ариун, бузартаагүй, нандигнахуйц байх ёстойг дэлхий дахинд тунхагласан. AГБ 356.3
Салах талаар бодож буй гэр бүлд өгөх зөвлөгөө. - Та нарын гэр бүлийн харилцааны талаарх ойлголтууд алдаатай байсан. Эхнэрээсээ өөр хүнтэй нэг хөнжилд орохоос бусад ямар ч нөхцөлд гэр бүлийн тангарагийг тасалж, хүчингүйд тооцож болохгүй. Бид аюул бэрхшээл иүүрлэсэн цаг үед амьдарч байна, энэ цаг үед Есүс Христийн үл хөдлөх, тогтвортой итгэлийг олж авсан гэж хэлэх баталгаа харагдахгүй байна. Анхааралтай байж, тогтмол залбирахгүй л бол Сатаны уруу таталтаар Бурханаас холдохгүй хүн гэж нэг ч байхгүй. AГБ 357.1
Зүрх сэтгэл тань амар тайван, тайвширсан байсан бол таны эрүүл мэнд одоогийнхоос илүү дээр байх байсан. Оюун ухаан тань тэнцвэрээ алдаж, будилсан учраас та буруу үзэл бодлоор гэр бүлээ салгах талаар бодож сэтгэсэн. Таны хэлж байгаа шалтгаанууд таны бодож сэтгэж байгаа бодолд нийцэхгүй байна. Хүн өөртөө зориулан хууль дүрэм зохиох, Бурханы хуулийг эсэргүүцэж, өөрсдийн бузар хүслээ биелүүлэх эрх чөлөөг эдэлдэггүй. Тэд Бурханы агуу, ариун ёс зүйн зарчмыг дуулгавартайгаар дагах ёстой . . . AГБ 357.2
Бурхан эхнэрүүдэд нөхрөө орхин явах нэг л шалтгааныг өгсөн, энэ шалтгаан нь садар самуун байдалд автагдах шалтгаан юм. Гэр бүл салах шалтгаан гарсан ч их хэмжээний залбиралтайгаар энэ асуудалд хандах хэрэгтэй. AГБ 357.3
Салсан хосуудад өгөх зөвлөгөө. -Хайртуудаа та хоёр хэсэг хугацааны туршид хамт амьдарсангүй. Та хоёр эхнэр нөхөр хоёрын дунд үүрд оршин тогтнож байх ёстой тэвчээр, энэрэнгүй сэтгэл, уучлал өршөөлийн сэтгэлээр хандаж байсан бол бие биенээсээ холдох бодолд автан, салахгүй байх байсан. Та хоёрын аль аль нь, ямар ч нөхцөлд байсан өөрсдийн хүслийг тулгаж, өөрсдийн хувийн хүсэл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг хичээх ёсгүй байсан. Та хоёрын аль аль нь ч өөрсдийн хүсэлд нийцүүлэх шийдвэрийг гаргах ёсгүй. Бурханы Сүнснээс ирэх эелдэг зөөлөн, дуулгавартай нөлөө зүрх сэтгэлийг тань зөөлрүүлж, хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх ажилд төлөвшүүлэх болно. Бурханы Сүнсэнд энэ бүхнийг хийх боломжийг өгөөрэй... Тэнгэрийн Эцэгтээ хандан тэвчээргүй, хатуу үгсийг хэлж, нөхөр нь эхнэртээ халамж үзүүлэхгүй, эхнэр нь нөхөртөө халамж үзүүлэхгүй байх уруу таталтанд оруулахгүй байхыг хүсэн гуйх хэрэгтэй. Эхнэр нөхөр аль аль нь зан чанарын хувьд төгс төгөлдөр биш. Та Бурханы удирдлага дор байхгүй байсан учир бие биендээ ухаалаг бусаар хандсан. AГБ 357.4
Би та бүхнийг өөрсдийгөө Бурханы удирдлаганд оруулахыг уриалж байна. Өдөөн хатгах үгсийг хэлэх уруу татлага ирэх үед хэлэхийг хүсч буй үгсээ хэлэхээс татгалзаарай. Та энэхүү бузар муу зан чанараа ялан дийлээгүй тул эдгээр зүйлсээр байнгад уруу татагдсаар байх болно. Буруу зуршил бүхнээ ялан дийлэх хэрэгтэй. Бурханд өөрийгөө бүрэн даатга. Та Есүс Христ хэмээх Хадан дээр унан хугарсан байх хэрэгтэй. Эхнэр, нөхрийн хувьд өөрсдийгөө сахилга баттай болгох хэрэгтэй. Христээс тусламж эрж хай. Бурхан танд тэнгэрлэг урам зориг, үнэгүй нигүүлслээ дуртайгаар хангаж өгөх болно... Та урьдын ажил үйлсийнхээ төлөө Бурханд хандан гэмшээрэй. Бие биентэйгээ ойлголцон, эхнэр нөхрүүд нэгдэх хэрэгтэй. Урьдын үл нийцэх, аз жаргалгүй тохиолдлуудаа хойш тавин, мартаарай. Эзэнээс урам зоригийг олж аваарай. Дэлхий рүү чиглэсэн үүд хаалгануудаа хаагаад диваажин руу чиглээрэй. Та дуу хоолойгоо диваажин руу өргөн гэрэл гэгээ, амь амьдрал, амар тайван, баяр хөөрийн Эзэн Есүсээс гэрлийг хүсэх юм бол Тэрээр таны гуйлтыг сонсох болно. Зөв шударгын Нар оюун ухааны бүх хэсэгт, зүрх сэтгэлийн ариун дуганд гэрэлтэнэ. Хэрэв та Есүсийн оршихуйгаас ирэх гэрэл гэгээг гэр орондоо урин оруулах юм бол уйтгар гунигийг бий болгохуйц үгсийг хэлэхгүй байх болно. AГБ 358.1
Горьдлого тасрах хүртэл муу хандлагад өртсөн эхнэр. Би таны захиаг хүлээн авсан, би танд Д... г өөрчлөгдтөл түүн дээр буцаж очихгүй байхыг зөвлөж байна. Эзэн нөхрийн тань эхнэрийнхээ төлөө хийж гүйцэтгэх ёстой үүрэг даалгаврын талаарх ойлголтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.... Хэрэв нөхөр тань урьдын үзэлдээ бат зогссоор байх юм бол амьдрал тань урьдынхаасаа дээрдэхгүй. Нөхөр тань эхнэрээ хэрхэн халамжлахаа мэддэггүй юм байна. AГБ 359.1
Болж буй үйл явдалд сэтгэл маань их харамсаж байна. Би Д... ийг өрөвдөж байгаа боловч танд өөрийн бодлоо эсэргүүцэн түүн дээр буцан оч гэж хэлэх боломжгүй байна. Би түүнтэй ний нуугуй ярилцсан шигээ танд зөвлөхөд, түүний удирдлаган дор дахин орох нь амь өрссөн алхам байх болно гэж хэлмээр байна. Би түүнийг өөрчлөгдөөсэй гэж хүсч байсан.... AГБ 359.2
Эзэн танд тохиолдсон бүхнийг ойлгож мэдэж байгаа... Эзэнд итгэж найдсан хэвээр байгаарай. Бурхан таныг хэзээ ч орхихгүй. Би таны төлөө маш ихээр санаа зовж, шаналж байна. AГБ 359.3
Эхнэртээ хаягдсан нөхөрт -«Загалмайгаа үүр.” - Би энэ тал дээр өөр яаж хандаж болохыг ойлгохгүй байна, танд хийж болох ганц зүйл бол эхнэрээсээ хөндийрөх болоод байна. Хэрэв эхнэр тань таньтай хамт амьдрах хүсэлгүй байгаа бол эхнэр, та хоёр хамт амьдрахыг оролдох бүртээ их зовлонтой тулгарна. Эхнэр тань тууштайгаар, бүрмөсөн шийдвэрээ гаргасан, та эр хүн гэдгээ харуулан, загалмайгаа үүрэх л үлдэж байна. AГБ 359.4
Салсан ч гэсэн Бурханы өмнө гэр бүл болсон гэж тооцогддог. - Эмэгтэй хүн оршин сууж буй улс орныхоо хуулийн дагуу нөхрөөсөө салсан байж болох боловч Бурханы өмнө, Түүний агуу тэнгэрлэг хуулийн дагуу салаагүй гэж тооцогддог. Эхнэр нөхрийн аль нэг нь садар самуун явдал гаргасан тохиолдолд л Бурханы өмнө эхнэр нөхрүүд гэр бүлийн тангарагаасаа чөлөөлөгдөх боломжтой. Улс орны хуулийн дагуу гэр бүл салсан боловч Библийн зарчим, Бурханы хуулийн дагуу тэд эхнэр нөхөр хэмээн тооцогдсон хэвээр байдаг. AГБ 359.5
Би…….. охин дүүгээ өөр хүнтэй суух эрхгүй гэж үзэж байна, эхнэрүүд нөхөр нь садар самуун явдал гаргасан учраас хуулийн дагуу салсан бол өөрийн хүслээр хэнтэй суухаа чөлөөтэй сонгох боломжтой. AГБ 360.1
Христэд үл итгэгч ханиасаа салах нь. - Хэрэв эхнэр нь нөхрийнхөө итгэл бишрэлийг эсэргүүцдэг бол нөхөр хүн Бурханы хуулийн дагуу дээрх нөхцлийн дагуу эхнэрээсээ салж болохгүй. Ехува Бурханы хуулинд нийцүүлэхийн тулд эхнэр тань танаас салах шийдвэр гаргаагүй нөхцөлд түүнээс салах ёсгүй гэсэн зарчмыг бий болгосон. Нөхөр эхнэрийнхээ эсэргүүцэл, доромжлолд хичнээн автагдсан ч Бурханы тусламж дэмжлэгээс эрч хүч, амар тайвныг олж авсаар байх болно. Бурхан ямар ч бэрхшээл тохиолдсон уучлал нигүүслээ үзүүлсээр байдаг. Тиймээс нөхөр цэвэр ариун, тууштай шийдвэр гаргаж, зарчмууддаа үнэнч байх юм бол Бурхан цаашид явах арга замыг нь зааж өгнө. Нөхөр хүн сэтгэлийн хөдлөлөөр бус харин ухаалаг хандсанаар эхнэрийнхээ хатуу зан чанарыг удирдан, бузар хүслийг нь хазаарлах болно. AГБ 360.2
Эхнэр хүн салахын оронд зан авиртаа өөрчлөлт гаргах хэрэгтэй. - Нөхөр тань надад захидал илгээсэн. Нөхөр хүн эхнэрээсээ, эхнэр хүн нөхрөөсөө салахад садар самуун явдалд автагдсанаас өөр нөхцөлд салж сарних хууль ёсны шалтгаан гэж байдаггүй. AГБ 360.3
Хэрэв та зан авирын хувьд ханьдаа таалагдахгүй байгаа бол Бурханы алдрын төлөө зан авираа өөрчлөх хэрэгтэй биш гэж үү? AГБ 360.4
Эхнэр нөхөр хоёр бие биенээ хүндэтгэн, хайрлан энэрэх боломж, нөхцлүүдийг нээн илрүүлж байх хэрэгтэй. Тэд зүрх сэтгэл, үг, үйлдлээ хянаж, бие биенээ уурлуулан, бухимдуулах үг болон үйлдлийг гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэд бие биенээ халамжлан, бие биенээ хайрлан энэрэхэд өөрөөс шалтгаалах бүхнээ хийж гүйцэтгэхийг хичээх хэрэгтэй. AГБ 360.5
Би та бүхнийг Эзэнийг эрж хайгаасай гэж хүсч байна. Бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ хайр, эелдэг байдлаар гүйцэтгээрэй. Эр нөхөр гэр бүлээ дэмжиж тэтгэхийн тулд хичээнгүй, шургуу зан чанарыг өөртөө төлөвшүүлсэн байх ёстой. Ингэснээр эхнэрүүд нөхрөө хүндэтгэх болно... Эгч, дүүс минь та одоогийнхоо зан авирыг хадгалснаар Бурханы тааллыг олж авч чадахгүй. Эр нөхрөө уучлан өршөөгөөрэй. Тэрээр таны нөхөр ба та үүргээ гүйцэтгэдэг, хайр энэрлээр дүүрэн эхнэр байснаар эргүүлээд ивээгдэх болно. Эелдэг дүрэм журам амнаас тань гардаг байх болтугай. Та өөрийн зан авираа өөрчилж чадна, энэ бол таны заавал хийх ёстой зүйл. AГБ 361.1
Та бие биенээсээ ялгарч, зөрөхийн оронд нийцэх боломжуудыг судалж үзээрэй...Оюун ухаанаа дайчлан, эелдэг зөөлөн байх аргуудыг хэрэгжүүлснээр амьдралд тань гарах өөрчлөлтүүдийг хараад гайхах болно. AГБ 361.2
Садар самуун явдал, салалт, сүмийн гишүүнчлэл. - А. Г. итгэгч эмэгтэйтэй тохиолдсон зүйлээс гарсан асуултанд хариулъя. Түүний нөхөрт тохиолдсон зүйл бол гэм нүгэлд бүрэн автагдсан хүмүүст тохиолддог зүйл юм. Тэд ихэвчлэн өөрсдийн бузар үйлдлийн хор хохирлыг ойлгож ухаардаггүй. Ийм гэм нүгэл үйлдсэн зарим хүмүүс сүмийн гишүүнчлэлээ сэргээдэг боловч Бурханы хүмүүст байх ёстой чин сэтгэлийн гэмшилд ирж, гэм нүглээсээ бүрмөсөн эргэж, тэдний итгэлийг хүлээсэн байх ёстой. Дээрх зүйлс ихэнх тохиолддог гэм буруутай үйлдлээс илүү бэрхшээл учруулдаг, тиймээс дараах санамжуудыг өгье: AГБ 361.3
1. Бурханы долоо дахь хуулийг зөрчсөн тохиолдолд гэм үйлдэгч чин сэтгэлээсээ гэмшсэнээ харуулахгүй байгаа бол, гомдоосон хань ижил нь үр хүүхэд болон өөрт тохиолдож болох хохирлыг үл тооцон салах шийдвэр гаргах юм бол, гэр бүл хохирол амсна. Гэвч салсан хань ижил нь эрх чөлөөтэй хэмээн тооцогдох болно. AГБ 361.4
2. Эхнэр нөхрүүд салснаар өөрсдийгөө болон үр хүүхдүүдээ хүнд байдалд оруулдаг. Гэм буруугүй хань нь гэр бүлээ салгахгүй байснаар гэм буруутайд тооцогдоно гэсэн Библийн ишлэл байхгүй болохыг бид сайн мэднэ. AГБ 362.1
3. Цаг хугацаа, хичээл зүтгэл, залбирал, тэвчээр, итгэл найдвар, бурханлаг амьдрал өөрчлөлт шинэчлэлийг авчрах боломжтой. Гэр бүлийн амлалт тангарагаа зөрчсөн, хайраасаа урвасан ичгүүр, гутамшгийг нөмөрсөн хүнтэй хамт амьдрах нь зүрх сэтгэлийг шархлуулдаг. Гэвч гэр бүл салах нь амьдралын туршид зүрх сэтгэлийг өвтгөдөг. Бурхан гэм буруугүй ханийг өрөвдөн энэрдэг! Салахаасаа өмнө гэр бүлд ямар хохирол учрахыг тунгаан бодоорой. AГБ 362.2
4. Итгэл хүлээсэн, диваажинд орох сайн хүмүүс яагаад чөтгөрт маш амархан худалдагдана вэ? Яагаад, яагаад! Яагаад тэд ийм амархан дотны найзуудаа гомдоож, гэр бүлээ гутамшигт тушааж, өөрсөд дээрээ буруутгалыг буулгаж, эцэст нь там руу шидэгдэнэ вэ? Бурхан минь нигүүлслээ үзүүлээч! Бузар муу гэм нүгэлд автагдсан хүмүүс яагаад гэм нүглийнхээ аймшигтай том хэмжээнд таарахуйц гэмшилд ирж, гэм нүглээс болон бий болсон шархаа эдгээлгэхийн тулд яагаад Христ рүү байдаг хурдаараа уучлал, эдгэрлийг авахаар гүйн ирэхгүй байна вэ? AГБ 362.3
5. Гэм буруугүй хань шаардлагатай арга хэмжээг авалгүй, салах хууль ёсны шийдвэрээ цуцалж буруу үйлдэл гаргасан ханьтайгаа амьдрахаар шийдсэнээр гэм нүгэлтэйд тооцогдохгүй. Хэрэв гэм буруугүй хань гэм буруутай хүнтэй хамт амьдарснаар эрүүл мэнд болон амьдралын хувьд хүнд асуудалд орохоос өөр шалтгаанаар салах шийдвэр гаргах нь түүнийг ёс зүйгүй байдалд хүргэх болно. [ТАЙЛБАР: ЭНЭ ТУНХАГЛАЛ БОЛ ЖЭЙМС БОЛОН ЭЛЕН УАЙТ ХОЁРЫН ХАМТРАН ГАРГАСАН ЦӨӨХӨН ТУНХАГЛАЛЫН НЭГ ЮМ. ЭНЭ ТУНХАГЛАЛД ХОЁУЛАА ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БА ҮҮГЭЭРЭЭ ЭЛЕН УАЙТ ЭНЭХҮҮ ТУНХАГЛАЛЫГ БҮРЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГААГАА ХАРУУЛСАН. ЭХНИЙ ДОГОЛ МӨРӨНД СҮМИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙГ СЭРГЭЭХ ТАЛААР ӨГҮҮЛСЭН. ХЭСЭГ ГЭР БҮЛ САЛАЛТЫГ ЭСЭРГҮҮЦСЭН БУС ХАРИН САДАР САМУУН ХЭРЭГ ҮЙЛДСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ. ДЭЭРХ ДОГОЛ МӨР ГЭР БҮЛ САЛАЛТ, СҮМИЙН ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛСИЙГ ӨГҮҮЛЖ БАЙСАН БОЛОВЧ ДАРААГИЙН ДОГОЛ МӨРӨНД БУРУУ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН НӨХӨР БУС ХАРИН БУРУУ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ЭХНЭР БОЛОН СҮМИЙН ГИШҮҮНЧЛЭЛД ГЭР БҮЛЭЭ САЛГАХ ТОХИОЛДОМ БОЛОН НӨХРӨӨСӨӨ САЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ЯМАР БАЙХ ТАЛААР ТУС ТУС ӨГҮҮЛСЭН БАЙГАА.-ЭМХЭТГЭГЧ.] AГБ 362.4