Адвентист Гэр Бүл
Дөчин Долдугаар Бүлэг - Христийн Эхчүүдэд Өгөх Урамшуулал
Есүс хүүхдүүдийг ивээсэн. - Христийг дэлхийд ирэх үед эхчүүд хүүхдүүдээ Түүн рүү авчирч гарыг нь тавиулан ивээл үзүүлэхийг хүсч байсан. Тэдний үйлдэл итгэл бишрэлээ харуулан, хүүхдүүдийнхээ өнөөгийн болон ирээдүйн сайн сайхны төлөө санаа зовж, тэдний төлөө бүхнээ зориулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн үйлдэл байсан. Гэвч Есүсийн дагалдагчид хүүхдүүдийг авчирч байгааг хараад Эзэнд саад болох учиргүй гэж үзэн эхчүүдийг Есүсээс холдуулж байсан. Есүс дагалдагч нараа буруутгаад Өөрийг нь бүчин ирсэн хүмүүст итгэл бишрэлтэй эхчүүдээ даган ирсэн бяцхан хүүхдүүдийг чөлөөтэй ирүүлэх боломжийг хангаж өгөхийг хүссэн. Тэрээр, «Бяцхан хүүхдүүдийг Над дээр ирэхийг бүү хоригло, учир нь тэнгэрийн хаанчлал ийм хүмүүсийнх юм» гэж хэлсэн. AГБ 281.1
Эхчүүд тоос, шороотой замаар бүдчин Аврагч руу ойртон ирэх үед Аврагч хүүхдүүдийнхээ төлөө чимээгүй залбирал хийж байхдаа дуслуулсан нулимс, гуйн шалж буй уруулын хөдөлгөөн бүрийг нь олж харж байсан. Тэрээр дагалдагч нарынхаа хориглож буй дууг сонсоод, үйлдлийг нь яаралтай засан залруулсан. Түүний хайраар дүүрэн зүрх сэтгэл хүүхдүүдийг хүлээн авахад бэлэн байсан. Аврагч хүүхдүүдийг гар дээрээ өргөн, ивээсэн. Тэрээр цээжийг нь налан бөх нойрсож буй бяцхан хүүхдийг ч хүртэл ивээсэн. Есүс эхчүүдийн гүйцэтгэж байгаа үүргийг нь урамшуулах үгсийг хэлж байсан ба энэ нь тэдний зүрх сэтгэлийг ямар гайхамшигтайгаар тайвшруулсан гэж бодно! Тэд Есүсийн нигүүлсэл, сайн сайхныг урьдын сайхан дурсамжаа санан дурссан мэт ямар их баяр хөөртэйгөөр хүлээн авсан гэж бодно! Түүний хайр энэрлийн үгс зүрх сэтгэлийн дарамтыг нь хөнгөлж, шинэ урам зориг, итгэл найдварыг төрүүлж өгсөн. Ядарч туйлдсан бүх мэдрэмж арилан алга болсон. AГБ 281.2
Энэ үйл явдал бүх цаг үеийн эхчүүдэд урам зоригийг өгдөг. Эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж гүйцэтгэсний дараагаар тэднийг Есүс рүү авчрах боломжтой болдог. Эхийн гар дээр бөмбөрч байгаа бяцхан хүүхдүүд хүртэл Түүний хувьд маш эрхэм нандин гэж тооцогддог. Хүүхэддээ тусламж үзүүлэхийг хүсч байгаа эх Христийн өгч чадах ивээлийг өгч чадахгүй гэдгээ ухааран өөрийгөө болон үр хүүхдээ Христийн нигүүлсэнгүй гарт даатгадаг. Христ тэднийг хүлээн авч ивээх болно, Тэрээр эхчүүд болон үр хүүхдүүдэд амар тайван, итгэл найдвар, аз жаргалыг бэлэглэнэ. Энэ бол Есүсийн эх хүн бүрт өгч байгаа гайхамшигтай боломж юм. AГБ 282.1
Есүс эхчүүдийг урин дуудсаар байдаг.- Тэнгэрийн агуу хүчирхэг Эзэн, «Хүүхдүүдийг Над дээр ирэхийг бүү хоригло, Бурханы хаанчлал ийм хүмүүсийнх юм» гэж хэлсэн. Есүс хүүхдүүдийг шашны багш нар, Фарисайчууд дээр аваач гэж хэлээгүй, учир нь тэд жинхэнэ Найзыгаа үл тоомсорлохыг зааж сургах болно гэдгийг мэдэж байсан. Хүүхдүүдээ Есүс дээр авчирсан эхчүүд маш сайн үйлсийг бүтээсэн. . . . Эхчүүд хүүхдүүдээ Христ рүү авчрах хэрэгтэй. Бурханы үгийг тунхагладаг хүмүүс хүүхдүүдийг гар дээрээ өргөн Есүсийн нэр дээр ивээхийг би уриалж байна. Эелдэг зөөлөн, хайрын үгсийг бяцхан хүүхдүүдэд хэлж байгаарай, учир нь Есүс хонин сүрэг дэх бяцхан хургануудыг гар дээрээ өргөн ивээл хайраа үзүүлсэн юм. AГБ 282.2
Эхчүүд Есүс дээр бэрхшээл, асуудлуудтайгаа ирэх хэрэгтэй. Тэд хүүхдээ сурган хүмүүжүүлэхэд тус болохуйц хангалттай ивээл хайрыг хүлээн авах болно. Аврагчийн хөлд бүх асуудлаа авчирч чадсан эх бүрийн өмнө бүх төрлийн боломжууд бий болох үүд хаалга нээгддэг. . . Бурхан . . . эх бүрийг бяцхан хүүхдүүдээ Өөр дээр нь авчирч ивээл хүртээсэй гэж хүсдэг. Залбирал хийж буй итгэл бишрэлтэй эхийн энгэрт тэврүүлсэн хүүхдүүд хүртэл эхийн залбирлаар дамжуулан Хамгаас Агуу Нэгэний халамжинд байх боломжтой. Иохан Баптист мэндэлсэн цагаасаа л Ариун Сүнсээр дүүрэн байсан. Хэрэв бид Бурхантай ойр дотно харилцаатай байх юм бол Ариун Сүнс бяцхан хүүхдүүдийг маань маш эртнээс төлөвшүүлэн хүмүүжүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно. AГБ 282.3
Бяцхан үр хүүхдүүдийн зүрх сэтгэл маш эмзэг байдаг. - Христ дорой, тусламж шаардлагатай, ядарч зүдэрсэн хүмүүстэй байнга холбоотой байсан. Тэрээр бяцхан хүүхдүүдийг гартаа өргөн, хүүхдүүдийн түвшинд доош буун өөрийгөө нийцүүлдэг байсан. Түүний хайр энэрлээр дүүрэн зүрх сэтгэл хэрэгцээ, бэрхшээлийг нь ойлгон ухаарч байсан ба тэдний аз жаргалыг ч тааламжтайгаар мэдэрдэг байсан. Хүн багширсан хотын завгүй, төөрч будилсан нөхцөл байдал болон башир арга, хоёр нүүртэй хүмүүстэй харилцаж залхсан Есүсийн зүрх сэтгэл гэнэн цагаан хүүхэдтэй харилцах үедээ амар тайван, аз жаргалыг мэдэрсэн. Түүний оршихуй хэзээ ч бяцхан хүүхдүүдийг Өөрөөсөө холдуулан, няцаадаггүй байсан. Диваажингийн Эзэн тэдний асуултанд хариулт өгөхийн тулд Өөрийгөө дорд нэгэн болгож, хүүхдийн оюун ухаанд тааруулахын тулд заавар сургамжаа маш энгийн болгодог байсан. Тэрээр өргөжин тэлж буй бяцхан хүүхдийн оюун ухаан боловсорч гүйцсэний дараагаар хангалттай хэмжээний үр тариа болон ургах үнэний үрийг суулгаж байсан. AГБ 283.1
Бурхан хүүхдүүдийг Өөрийнх нь зөвлөгөөг сонсож, Түүнийг Аврагч хэмээн хүлээн авна гэдгийг мэдэж байсан. Харин дэлхийн мэргэн ухаантнууд болон зүрх сэтгэлээ хатуу болгосон хүмүүс Түүнийг дагах эсвэл Бурханы хаанчлалд орон байртай болж чадахгүй нь аль хэдийн тодорхой болсон. Бяцхан хүүхдүүд Христ дээр ирснээр Түүний заавар зөвлөгөө, ерөөлийг хүлээн авч гэнэн оюун ухаандаа Бурханы дүр төрх, ивээл хайрын үгсийн тамгыг даруулдаг. Энэхүү тамга тэмдэг хэзээ ч балран арилахгүй. Бид Христийн хүүхдүүдтэй харилцаж байснаас сургамж авч болох юм. Бяцхан хүүхдийн зүрх сэтгэл Христийн сургаалыг хүлээн авахдаа амархан байдаг. Тэд итгэл бишрэл, ёс зүйн нөлөөнд хурдан автагддаг ба тэдний сэтгэлд буусан мэдрэмжүүд амьдралд нь хүчтэй нөлөө үзүүлдэг. AГБ 283.2
«Бяцхан хүүхдүүдийг Над дээр ирүүлэхийг бүү хоригло: учир нь тэнгэрийн хаанчлал ийм хүмүүсийнх юм. » Энэхүү үгсийг зөвхөн эх хүн бүр бус харин эцэг хүн бүр санан, биелүүлж байх ёстой. Энэхүү үгс эцэг эхчүүдийг үр хүүхдүүдээ Бурханд ойртуулж, Христийн нэр дээр Тэнгэрийн Эцэгээс гэр бүлдээ ивээлийг гуйж байхыг сануулдаг. Бидний хамгийн их хайрлан энэрдэг хүмүүс бус харин дуулгаваргүй, буруу хүмүүжилтэй хүүхдүүдэд анхаарал халамж, эелдэг зөөлөн зааварчилгаа хэрэгтэй. AГБ 284.1