Адвентист Гэр Бүл
Дөчин Зургадугаар Бүлэг - Хойд Эх
Хойд эхэд өгөх зөвлөгөө - Хүүхэдтэй хүнтэйгэр бүл болж байгаа тань танд ивээл болох болно.... Та хувиа хичээх аюулд нэрвэгдэж эхэлж байсан. Танд үнэ цэнэтэй зан чанаруудаа сэргээн илүү төгс төгөлдөр болгох шаардлага урган гарч ирсэн... Та гэр бүлийн шинэ харилцааг үүсгэснээр бусад хүмүүстэй хэрхэн харилцах тал дээр туршлага хуримтлуулж эхлэх болно. Та хүүхдүүдийн төлөө анхаарал хандуулснаар өөртөө хайр энэрэл, анхаарал халамж, эелдэг зөөлөн байдлыг төлөвшүүлэх болно. Та болон танай гэр бүлийн үүрч байгаа үүрэг хариуцлага таны хувьд агуу ивээлийг өгөх хэрэгсэл болох учиртай. Эдгээр хүүхдүүд таны хувьд гайхамшигтай сурах бичиг болох болно. Та эдгээр сурах бичгүүдийг анхааралтай, зөв уншиж судлах юм бол олон ивээлүүдийг буулгаж өгнө. Тэднийг асран халамжилснаас үүдэн бий болох бодол санаанууд хайр, эелдэг, зөөлөн байдлыг амьдралдаа хэрэгжүүлэхийг уриалдаг. Эдгээр хүүхдүүд таны мах цусны тасархай биш боловч та хүүхдүүдийн эцэгтэй нь гэр бүл болсноор тухайн хүүхдүүдийг өөрсдийн хүүхдүүд болгодог. Тэднийг хайрлан, хамгаалж, зааварлаж, үйлчлэх үүргийг та үүрлээ гэсэн үг. Та хүүхдүүдтэй дотно харилцаа үүсгэснээр өөртөө жинхэнэ ашиг тус болохуйц бодол санаа, төлөвлөгөөтэй болох болно ... Гэр бүлээсээ олж авсан туршлага дээр үндэслэн та ажил үйлсэд тань муугаар нөлөөлж байсан хувиа хичээсэн бодол санаанаасаа хагацаж, дуулгавартай болон даруу зөөлөн байдлыг бий болгох шаардлагатай төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ... AГБ 277.1
Та агуу эелдэг зөөлөн, энэрэл хайрыг өөртөө төлөвшүүлж чадсанаар эелдэг зөөлөн, энэрэл хайр, хайр ивээлийн үгсийг хүсэн хүлээж байсан хүмүүстэй дотносох боломжтой болно. Таны хүүхдүүд эдгээр зан чанаруудыг хүсэн мөрөөдөж байгаа ба хэрэв та хэрэгцээг нь хангах юм бол уужим оюун ухаан, зөвийг ялган таних боломжийг олно. Та тэдэнтэй хайрын харилцааг үүсгэснээр зовж шаналж байгаа хүн төрөлхтөнд илүү эелдэг зөөлөн, энэрэл хайраар үйлчлэх юм. AГБ 278.1
Хайр энэрэл дутагдаж буй хойд эхэд өгөх зөвлөгөө. - Та нөхрөө хайрлан түүнтэй гэр бүл болсон. Та түүнтэй гэр бүл болох андгай өргөж байхдаа хүүхдүүдийнх нь эх болно гэдгээ мэдэж байсан. Гэтэл надад та энэ тал дээр сул дорой хандаж байгаа нь харагдлаа. Та харамсалтай нь хүүхдүүдтэйгээ ойртон дотносох тал дээр хангалтгүй байна. Та нөхрийнхөө үр хүүхдүүдийг хайрлахгүй байгаа ба хэрэв та бүр хүүхдүүдээ удирдан захирч байгаа байдалдаа бүрэн эргэлт гаргаж, бүрмөсөн өөрчлөгдөхгүй юм бол эдгээр үнэ цэнэтэй эрдэнэсүүд бузартан доройтохыг харах болно. Та хайр, халамжаа тэдэнд үзүүлэхгүй байна... AГБ 278.2
Та үрчилж авсан хүүхдүүдийнхээ, тэр тусмаа охидын амьдралыг үзэн ядалтаар дүүрэн болгож байна. Хайр энэрэл, халамж, тэвчээртэй байдал харагдахгүй байна. Ариусч цэвэршээгүй зүрх сэтгэлд тань хайр энэрлээс илүү үзэн ядалт оршиж байна. Уруул амнаас тань магтаал, урамшууллаас илүү шүүмжлэл урсан гарч байна. Таны хатуу хөтүү зан байдал, энэрэн хайрладаггүй зан чанар зэрэг тань эмзэгхэн болсон охины хувьд дөнгөж ургаж буй ургамал дээр унаж байгаа мөндөр адил тусч байна. Тэд догшин харилцаа болгонд цохиулсаар байгаад нэг л өдөр амь амьдралаа алдаж, гэмтэж доройтох болно. AГБ 278.3
Таны гэр бүлээ удирдаж байгаа байдал хүүхдүүдийн хайр, итгэл найдвар, баяр хөөрийг хатааж, хорчийлгож байна. Охины дүр төрхөд аль хэдийн уйтгар гуниг тогтчихсон байна, та эелдэг зөөлөн, энэрэл хайрын харилцааг сэргээхгүй бол хүүхдүүд тань тэвчээргүй байдал, үзэн ядалтаар дүүрэн болно. Хэрэв хүсэх юм бол тэднийг амьтай, баяр хөөртэй болгох боломж танд байна... AГБ 278.4
Хүүхдүүд эхийнхээ дүр төрхийг байнга ажиглаж байдаг, тэд хайр энэрэл эсвэл дургүйцэл дүр төрхөд нь илэрч байгаа эсэхийг маш сайн мэддэг. Та өөрийн хийж байгаа ажил үүргээ сайтар ойлгохгүй байна. Уйтгар гунигтай бяцхан хүүхдийн дүр төрх, шаналж зовсон зүрх сэтгэлээ тайтгаруулах гэсэн хүний сэтгэлийг эмзэглүүлж, хайрлаж энэрэх, өрөвдөх хүслийг тань төрүүлдэггүй гэж үү? AГБ 279.1
Шаардлагагүй үед хатуу зан гаргаснаас гарах үр дүн. - Хэсэг хугацааны өмнө би Ж гийн талаар үзэгдэл үзсэн. Бурхан түүнд алдаа дутагдал, буруу үйлдлийг нь байнга, тууштайгаар харуулсаар байсан. Гэтэл миний сүүлд үзсэн үзэгдэлд асуудал оршсон хэвээр байгаа нь харагдсан. Тэрээр нөхрийнхөө үр хүүхдүүдтэй хайр энэрэлгүй, хүйтнээр харилцаж байгаа нь ажиглагдсан. Тэрээр үл тоомсорлон өнгөрөөж болохуйц асуудлуудад заавар зөвлөгөө өгсөн мөртлөө ноцтой асуудлуудыг засч залруулалгүй өнгөрч байсан. Бусдын бурууг байнга эрж хайх нь буруу, Христийн Сүнс ийм зүрх сэтгэлд орж ирдэггүй. Тэрээр хүүхдүүдийнхээ сайн сайхныг үл тоомсорлон, урамшуулдаггүй боловч буруу үйлдэл хийх бүрт нь шүүмжлэл хийхэд бэлэн байна. Ийм байдал хүүхдүүдийг урам зориггүй болгож, үл тоомсорлох зуршлыг бий болгодог. Энэ нь зүрх сэтгэлд бузар муу хүслийг төрүүлж, бусад руу шавар шалбааг, шороо цацахад нөлөөлдөг. Байнга шүүмжлүүлэх зуршилд нэрвэгддэг хүүхдүүд яваандаа «надад ямар ч хамаа байхгүй” гэсэн үзлийг төлөвшүүлдэг ба бузар муу хүслийн үр дүнг үл тоомсорлон, бузар муу үйлдлийг байнга хийдэг болдог... AГБ 279.2
Ж………. хайр энэрэл, халамжийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй байна. Тэрээр эхгүй хоцорсон хүүхдүүдэд хайр энэрэл үзүүлж, халамжлах хэрэгтэй. Энэ нь Бурханы хайрыг хүртэх ёстой хүүхдүүдэд ивээл болж, хойд эх хайр энэрэл, халамжийг эргүүлэн авах боломжийг бий болгодог. AГБ 280.1
Давхар халамж хэрэгтэй болох үе. - Эхийн хайр энэрлийг үзүүлж байсан хүнээ алдсан хүүхдүүд дахин хэзээ ч нөхөгдөхөөргүй гарзтай учирсан байдаг. Ийнхүү уй гашууд автагдсан сүргийг халамжилж, ээжийнх нь оронд ээж болох шийдвэрийг гаргасан хүмүүс болж өгвөл илүү хангалуун хайр энэрлийг үзүүлж, төрсөн эхээс нь илүү тэвчээр, тууштай байдлыг үзүүлж, буруу үйлдлийг нь байнга шүүмжлэхээс татгалзах шаардлагатай. Ингэснээр гарз хохирол амссан бяцхан хүүхдүүдийг дэмжин тэтгэх боломж бүрдэнэ. AГБ 280.2