Христэд хүрэх зам

13/14

12—Эргэлзэхүй

Христийн амьдралд хөл тавиад удаагүй олон хүнд эргэлзэн тээнэгэлзэх явдал их байдаг. Библид тэдний ойлгож, тайлбарлаж чадахгүй зүйл нилээд бий. Сатан түүнийг нь ашиглан Ариун Библид итгэх итгэлийг нь алдагдуулах гэж оролддог байна. Тийм хүмүүс «Би зөв замыг яаж олох вэ? Хэрэв Библи үнэхээр л Бурханы Айлдвар мөн юм бол би эргэлзээ тээнэгэлзээ, шаналган зовоож байгаа бодол санаанаасаа хэрхэн ангижрах вэ?” гэж асуудаг. MonSC 98.1

Бурхан бидний итгэл бишрэлийг нотлохын тулд хангалттай баталгааг гаргаж өгөөгүйсэн бол Тэр биднийг Өөртөө итгээч гэж хэзээ ч хүсэхгүйсэн билээ. Түүний оршихуй, Түүний зан төрх, Түүний Айлдварын үнэн мөн чанар нь бидний ой ухаанд хоногшсон гэрчлэлүүдэд үндэслэсэн байдаг бөгөөд тийм гэрчлэл хангалттай буй. Гэхдээ Бурхан эргэлзэх зүйл бий гэдгийг үгүйсгэдэггүй юм. Бидний итгэл баталгаанд үндэслэсэн байх ёстой, гэхдээ тийм баталгаа нь ямар нэгэн онцгой үзэгдэл байх огтхон ч албагүй. Эргэлзээг эрэлхийлэгчид шалтаг олж хэзээ ч чадна, гэхдээ чин үнэнийг мэдэхсэн гэж чухамхүү хүсч байгаа хүмүүс л өөрийнхөө итгэл бишрэлд үндэслэж болох хангалттай баталгааг олж авдаг юм. MonSC 98.2

Бидний явцуу ухаан цаглашгүй Бурханы зан байдал, үйл хэргийг бүрэн ухаарч чадахгүй. Хамгийн мэргэн ухаантай, эрдэм боловсролтой хүнд ч энэхүү Ариун Нэгэн тайлагдашгүй нууц хэвээр байх болно. «Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу? Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хяэгаарыг олж чадах уу? Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр. Чи юу хийж чадах юм бэ? Тэдгээр нь үхэгсдийн орноос ч гүн. Чи юу мэдэж чадах юм бэ?” (Иов 11:7-8). MonSC 98.3

Сургаал номлогч Паул «Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?” хэмээн дуу алджээ (Ром 11:33). Гэхдээ «Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлдэг. Зөв шудрага ба шудрага ёс бол Түүний сэнтийний суурь юм» гэсэн үг бас буй (Дуулал 97:2). Түүний хайр халамж, Түүний удирдлага болгодог сэдэл санааг эргэцүүлэн бодоод бид Түүний хязгааргүй хүчин чадалтай холбогдсон цаглашгүй хайр хишгийг ойлгож болно. Бид Түүний хүсэл санааг бидний сайн сайханд хэрэг болох тэр л хэмжээгээр ойлгож чадна. Бусад бүх зүйлийг бид энэрэл хайраар биднийг тэтгэгч Агуу хүчит Бурханы гарт даатган үлдээх ёстой. MonSC 99.1

Бурханы Үг Түүний Тэнгэрлиг зохиогчийн зан байдалтай адил хүмүүст хэзээ ч бүрэн тайлж үл чадах гүн нууцыг агуулдаг юм. Хорвоод нүгэл хилэнц буй болсон, Христ дахин амилсан зэрэг Библид бичсэн олон зүйл бол хүний ухаан ойлгож тайлбарлахын аргагүй нууц юм. Гэхдээ бид Бурханы сургаал үгийг эцэст нь тултал ойлгож чадахгүй байна гээд тэр сургаалд эргэлзэх учиргүй. Эх байгальд ч бид эцэст нь хүртэл ойлгож үл чадах өдий төдий нууц зүйлтэй үргэлж тааралдаж байдаг. Амьдралын хамгийн энгийн тохиолдолд ч гэсэн бидний ой ухаанаараа тайлж, ойлгохын аргагүй оньсого таавар тааралддаг. Бид газар сайгүй бидний ойлголтоос хавьгүй давж гарсан гайхамшигт үзэгдлүүдийг харсаар байна. Иймээс оюун санааны ерөнцөд бидний тайлбарлаж чадахгүй нууц бас бий гэдэгт бид гайхах ёстой гэж үү? Хүний оюун ухаан сул бөгөөд хаязгаарлагдмал гэдэгт л хамаг нарийн учир нь байгаа юм. Ариун Библид Өөрийнхөө Тэнгэрлиг гарлыг нотолсон зүйл хангалттай бий. Бид түүний бүх нууцыг тайлж чадахгүй байна гээд түүний Үгэнд эргэлзэх ёсгүй. Номлогч Петр Библид «ойлгоход хэцүү зарим зүйлс байдаг бөгөөд харанхуй, мунхаг туйлбаргүй хүмүүс өөрсдийгөө сүйрүүлэн судрын бусад зүйлсийг ч гуйвуулдаг шигээ тэдгээрийг мөшгин гуйвуулдаг» гэжээ (2 Петр 3:16). MonSC 99.2

Өөрөөр хэлбэл, орчин цагийн хэллэгээр «гажуудуулан, буруутгадаг” байна. Хэрэв Библид бидний ойлгох энгийн зүйлийг л бичсэнсэн бол, хэрэв эгэл хүний мулгуу ухаанаар Түүний сүр хүчин, далд нууцыг ойлгохсон бол Бурханы үнэнхүү үг мөн гэдэгт харин эргэлзэж болох юм. MonSC 100.1

Библи сударт чин үнэнийг энгийн үгээр нээж тайлбарладаг нь хүний сэтгэл зүрхний эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж хамгийн боловсорсон оюунтаныг ч бишрүүлэн дагуулдаг юм. Библиэс хамгийн номхон хүлцэнгүй, эрдэм боловсролгүй хүмүүс ч авралынхаа замыг олж авна. Библийн энгийн үгс бидэнд хүний ойлгож ухаарах түвшингээс хэтэрсэн гүнзгий, бадрангуй, цаглашгүй үнэний тухай өгүүлнэм бөгөөд тэрхүү үнэнийг Бурхан Өөрөө нээсэн учраас л бид хүлээн авч чадаж байна. Бурханы авралын төлөвлөгөө маш тодорхой. Бурханы өмнө нүглээ наманчлах, Христэд итгэх нь авралын цорын ганц зам болон бидэнд нээгдэж байна. Гэхдээ эдгээр үнэн ойлгомжтой хэдий боловч цаана нь Бурханы суу алдрын нууц агуулагдаж байгаа юм. Тэрхүү нууц нь хүний оюун ухаанаар тайлагдашгүй боловч чин үнэнийг уйгагүй эрэн сурвалжлагчийг итгэл хийгээд соёрхолоор бялхуулах бөлгөө. Тэрээр Библийг хичнээн их судлах тусам тэр ном амьд Бурханы айлдвар мөн бөгөөд хүний оюун ухаан Бурханы илчлэлийн суу алдарын өмнө бөхөлзөнө гэдэгт итгэх итгэл нь улам бүр гүнзгийрнэ. MonSC 100.2

Библийн агуу их үнэнийг бүрэн ойлгох чадваргүйгээ ухаарахын хамт бидний явцуу оюун ухаан Мөнхийн зүйлийг мэдрэхэд хүчин мөхөсдөж, бүхнийг хөтлөгч Бурханы санаа бодлыг хүн хязгаарлагдмал мэдлэгээр тайлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүрдэг юм. MonSC 100.3

Туйлшран эргэлзэгчид, бурхангүйчүүд Бурханы айлдварын бүх нууцыг тайлж чадахгүйдээ түүнийг үгүйсгэдэг юм. Гэхдээ Библид итгэдэг гэж ярьдаг хүн бүхэн энэ аюулаас ангид байдаггүй. Сургаал номлогч «Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэгэн нь бузар, итгэлгүй зүрхтэй байж Амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун» хэмээн бичжээ (Еврей 3:12). Хүн Библийн сургаалыг нарийвчлан судалж, Бурханд ойртохын хэрээр Түүний «гүн юмсад” нэвтэрч буй нь сайн хэрэг (1 Корынт 2:10). Энд харин «нууц зүйлс нь бидний Бурхан Эзэнд хамаарах бөгөөд, илэрч мэдэгдсэн зүйл нь бидэнд хамаарах» болой (Дэд хууль 29:29). MonSC 101.1

Сатан хүний оюун ухааны шинжлэн судлах чадварыг сулруулахыг эрмэлздэг. Зарим хүн Библийн зүйл бүхнийг хангалттай тайлбарлаж, Бадрангуй сайхан үгсийг ойлгож чадахгүй болохоороо ундууцаж эгдүүцдэг. Бадрангуй сайхан үгсийг ойлгох чадваргүй гэдгээ зөвшөөрөн хүлээх нь тэдэнд маш ичгүүртэй юм шиг санагддаг. Тэд Бурханы чин үнэнийг нээх болсон гэж үзэх цагийг тэсвэртэй хүлээхийг хүсэхгүй байгаа юм. Ийм хүмүүс Ариун Библийг бие даан ойлгох хангалттай ухаантай гэж өөрсдийгөө санадаг. Гэвч тэд энэ талаар амжилт олохгүй болохоороо Библийн нэр хүндийг унагааж эхэлдэг. MonSC 101.2

Олон онол, шашны сургаал Библиэс үндэслэгдсэн гэдэг боловч үнэн хэрэгтээ тэдгээр онол, сургаал нь Бурханы Ариун Библийн агуулгатай зөрчилдөж байдаг юм. Энэ нь олон хүнд эргэлзээ, гайхлыг төрүүлдэг. Гэхдээ үүнд Бурханы Үгийн буруу гэж байхгүй, харин Ариун Библийг гутааж гуйвуулсан явдал буруутай юм. MonSC 101.3

Хэрвээ Бурханы бүтээсэн амьтай бүхэн Бурхан хийгээд Түүний үйл хэргийг бүрэн ойлгосон бол мэдлэгээ тэлэн, сэтгэл оюунаа хөгжүүлж, чин үнэнийг улам бүр ухаарах гэхийн хэрэг огт үгүй байхсан билээ. Бурхан эрхэм дээд Нэгэн байхаа болиод, харин хүн мэдлэг, ололт нь туйлдаа хүрээд цаашид хөгжих чадваргүй болохсон биз ээ. Ийм болоогүйд Бурханд талархацгаая. MonSC 101.4

Тэр хязгааргүй агуу. «Түүнд мэргэн ухаан, мэдлэг боловсролын хамаг эрдэнэс бий” (Колоссай 2:3). Хүмүүс насан туршдаа Түүний мэргэн ухаан, ивээл, хүчин чадлын эрдэнэсийг танин мэдэж, сурч судлах болно, гэхдээ хэзээ ч шавхаж чадахгүй. MonSC 102.1

Бурхан Өөрийнхөө Үгийн чин үнэнийг ард олондоо яг одоо, энэ насанд нь нээгдээсэй гэж хүсдэг юм. Ийн танин мэдэхүйд ганихан замаар л хүрч болно. Энэ нь Ариун Сүнсээр дамжуулан, гэгээрэх зам болой. «Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй”, «Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу” (1 Корынт 2:10-11). Аврагч Өөрийнхөө дагалдагчдад «Үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн рүү удирдана. Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ» хэмээн амалсан билээ (Иохан 16:13-14). MonSC 102.2

Бурхан хүн өөрийнхөө оюун ухааны чадварыг хөгжүүлээсэй гэж хүсдэг. Библийг судлах нь өөр ямар ч хичээл сургуулиас илүү бидний оюун ухааныг бататган гүнзгийрүүлнэ. Гэхдээ бид оюун ухааныг Бурханчлан үзэж хэрхэвч болохгүй, учир нь хүний ухаан сул дорой, төгс төгөлдөр биш юм. Бурханы Үгийг, түүний хамгийн энгийн үнэнийг ч гэсэн зөв ойлгохын тулд бид бяцхан хүүхэд шиг итгэмтгий, цайлган байж, Ариун Сүнснээс суралцаж, тусламж гуйхад бэлэн байх ёстой. Бурханы хүч чадал, мэргэн ухааныг ухамсарлаж, мөн түүнчлэн Түүний сүр хүчийг мэдрэх тэнхэлгүй гэдгээ ойлгож байгаа маань биднийг номхон хүлцэнгүй болгох ёстой. Бид яг л Түүний дэргэд байгаа юм шиг, ариун бишрэлтэйгээр Түүний Үгийг нээх ёстой. Бид Библийг уншиж эхлэхдээ бидний дээр эрхэм дээд нэр төр бий гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. Бидний оюун ухаан агуу их «Би байдаг”-ийн өмнө бөхөлзөх ёстой. MonSC 102.3

Библид дээр өгүүлсэнчлэн ойлгож мэдэхэд хэцүү, тодорхой биш, зөвхөн Бурхан л ойлгох гэсэн хүнд нээж өгч чадах тийм зүйл нилээд бий. Бид Ариун Сүнсний удирдлагагүй бол Библийг гуйвуулж, буруу тайлбарлах аюулд ямагт нэрвэгдсээр байх болно. Зарим хүмүүс Библийг ашиггүй уншдаг, зарим тохиолдолд ерөөл залбиралгүй уншдаг учраас өөртөө хор хүргэх ч удаа бий. Хэрэв бодол сэтгэл нь Бурхан өөд эс чиглэж, Түүний хүсэл зоригтой үл нийцэх аваас уншигч эргэлзээ тээнэгэлзлээс ангижрахгүй. Ийм тохиолдолд Библийг уншвал үл итгэх үзлийг улам гүнзгийрүүлнэ. Хүний бодол сэтгэхүй муу сүнсний эрхшээлд орж, Библи уншигчийг буруу ойлгож тайлбарладаг болгоно. Хэрэв хүмүүс Бурхантай бүрэн эв зүйтэй байхыг эрмэлзэхгүй бол тэд хичнээн ч эрдэм боловсролтой байлаа гэсэн судрыг ойлгох талаар төөрөлдөх аюулд орно. Иймээс тэдний тайлбарт итгэх нь аюултай. Библиэс зөрчил эрдэг хүн нь билгийн хараа байхгүй хүн юм. Буруу зөрүү үзэлтэй хүн бодит байдлын энгийн бөгөөд тов тодорхой зүйлд эргэлзэх, үл итгэх олон шалтаг олдог байна. MonSC 103.1

Үүнийг яаж ч нуулаа гэсэн олонхи тохиолдолд үл итгэх, эргэлзэж тээнэгэлзэх явдлын жинхэнэ шалтгаан нь нүгэл хилэнцийг шохоорхох шохоорхол юм. Бурханы Үгийн сургаал заавар, хэмжээ хязгаарыг нүгэлд дурлагч, бардам зүрх хийгээд Судрын шаардлагад захирагдахыг үл хүсэгч, Түүний нэр алдарт эргэлзэгчид хүлээн авдаггүй юм. Үнэнийг олохын тулд бид Түүнийг мэдэх, Түүнд захирагдах чин хүсэлтэй байх ёстой. Библийг ийм үзэл санаагаар судлаж эхэлж байгаа хүн бүхэн энэ судар бол Бурханы сургаал мөн гэдгийг гэрчлэх өдий төдий зүйлийг олж үзэх болно. Тэд аврагдахуйн ухааныг тэлэх Библийн үнэнийг ойлгож чадна. MonSC 103.2

Христ «Түүний хүсэл зоригийг биелүүлэхийг хүсэгч хүн энэ сургаал Бурханых уу, биш үү гэдгийг ойлгож мэдэх болно” хэмээн айлджээ (Иохан 7:17). Библид эргэлзэж, өөрийнхөө ойлгохгүй юмыг өөчлөхийн оронд та нарыг гийгүүлж байгаа гэрэл туяаг харцгаа, тэгвэл улам их гэрэл гэгээ та нар дээр тусна. Христийн ивээлийн хүчээр та нар өөрсдийнхөө ойлгож авсан үүрэг бүхнийг биелүүлж, эргэлзэж байгаа зүйлээ ойлгож, улмаар биелүүлэх чадвартай болно. MonSC 103.3

Эрдэм боловсролтой, эгэл жирийн ямар ч хүмүүст ойлгомжтой нэг баталгаа бий. Энэ бол хувийн туршлагын гэрчлэл юм. Бурхан Өөрийнхөө Үгийн жинхэнэ чанар хийгээд Өөрийнхөө амлалтын үнэн мөнийг өөрсдөө шалгаж үзэцгээ хэмээн бидэнд санал болгож байна. Бурхан «Эзэн тэнгэр хичнээн ачтайг амталж, мэдэрч, харцгаа” хэмээн биднийг уриалж байна (Дуулал 34:8). Бид бусдын үгэнд найдалгүй, өөрсдөө амталж, үнэмших хэрэгтэй. Тэр «Та нар хэрэв гуйвал, гуйснаа авах болно” гэж амлаж байгаа аж (Иохан 16:24). Аврагч хэлсэн үгэндээ ямагт эзэн болсоор ирсэн билээ. Түүний амлалт бислэгдэнэ. Түүнд итгэсэн хүмүүс хууртаж байсан удаагүй. Бид Есүст ойртож, Түүний агуу их хайр энэрлийг амсахад бидний эргэлзээ, сэтгэлийн бараан сүүдэр Түүний оршихуйн гэрэл гэгээнд уусан замхардаг билээ. MonSC 104.1

Номлогч Паул Бурхан «биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, Өөрийн хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм» хэмээн бичжээ (Колоссай 1:13). Үхлээс амьдралд дэвшиж ирсэн хүн «үүгээр Бурхан үнэн гэдгийг нотолсон» (Иохан 3:33). Тэр ийн гэрчилж чадна: «Надад тусламж хэрэгтэй байсан ба түүнийг Есүс дотор олж авсан. Их Эзэн миний бүх гачигдлыг хангаж, сэтгэлийн минь цангааг тайлсан. Одоо миний хувьд Библи нь Есүс Христийн илчлэл мөн. Та нар намайг яагаад Есүст итгэсэн бэ гэж асууж байна. Яагаад гэвэл Тэр миний Тэнгэрлиг Аврагч. Яагаад би Библид итгэдэг вэ? Би Библийг миний сэтгэл зүрхэнд хандсан Бурханы дуу хоолой мөн гэдгийг ойлгосон”. Бид өөрсдөөсөө Библи - үнэн, Христ - Бурханы Хүү гэдгийн нотолгоог олж чадна. Бид тусгай боловсруулсан худал хуурмаг үлгэр домогт итгээгүй гэдгээ мэднэ. MonSC 104.2

Сургаал номлогч Петр ах дүү нараа, «Бидний Эзэн бөгөөд Аврагч Христ Есүсийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн” хэмээн уриалдаг (2 Петр 3:18). Бурханы ард түмэн ивээлийн дотор өсөж дэвшихдээ Түүний Айлдварыг улам гүнзгий ойлгож, Түүний ариун үнэний дотор шинэ гэрэл гэгээ, шинэ гоо сайхныг олж харах чадвартай болж байна. Сүмийн түүхийн бүхий л үеүдэд ийм л байсан, эцсийн эцэс хүртэл ийм л байх болно. «Харин шудрага зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно” (Сургсшлт угс 4:18). Итгэл бишрэлээр бид ирээдүйг харж бидний ухаан, сэтгэлийн тэнхээ гэрэл гэгээний Эх сурвалж лугаа шууд, амьд холбоотой байж, улам улмаар хүч сэлбэнэ гэсэн Бурханы амлалтыг ойлгох болно. Тэр цагт Бурханы зөн билэг дотор биднийг шаналгаж байсан юм бүхэн тодорхой болж, ойлгоход бэрх юм бүхэн тайлагдаж, бид бүхэн баярлах болно. Бидний явцуухан ухаан зөвхөн биелээгүй найдлага, шаналан зовлонг хардаг байсан тэр газарт бид төгс төгөлдөр эв зохицлыг олж харах болно. «Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч , харин дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэдцэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ харин дараа нь би бүрэн мэдэх болно” (1 Коринт 13:12). MonSC 105.1