Христэд хүрэх зам

2/14

1— Бурханы хайр энэрэл

Байгаль хийгээд илчлэлт бүхэн Бурханы хайр ивээлийг эн тэнцүү гэрчилж байдаг билээ. Тиймээс ч бидний аж амьдрал, баяр хөөр, цэцэн мэргэн ой ухаан бүгд сайхан бүтээл Тэнгэрийн Эцэгээс эх сурвалжтай юм. MonSC 8.1

Байгаль дэлхийн гайхалтай туурвилыг харцгаагтун! MonSC 8.2

Зөвхөн хүний төдийгүй, хамаг амьтны ашиг тус, аз жаргалын төлөөнөө бүхнийг хичнээн гайхамшигтай зохируулсныг бодоод үзэцгээ. Газар дэлхийг гийгүүлэн сэргээгч нарны гэрэл, хур бороо, уул нуруу, дов толгод, далай тэнгис, тал хөндий энэ бүгд цөм Их Бүтээгчийн энэрэл хайрыг өгүүлсээр буй. Тэр Өөрийнхөө бүхий л бүтээл туурвилын өдөр тутмын хэрэгцээг хангаж байдаг. MonSC 8.3

Энэ тухай Дуулал номд
Бүхний нүд Тан руу хардаг бөгөөд
Та товлосон цагт тэдний
Хоол хүнсийг өгдөг билээ.
Та мутраа дэлгэн,
Бүх амьтны хүслийг хангадаг
хэмээн яруу сайхнаар дүрсэлжээ
MonSC 8.4

(Дуулал 145:15,16).

Бурхан хүнийг маш ариун, аз жаргалтай байхаар бүтээжээ. Ертөнцийг Бүтээгчийн мутраар бий болсон газар дэлхий үзэсгэлэнтэй сайхан байлаа. Газар дэлхийд ялзрал өгөршлийн ул мөр, хараалын бараан сүүдэр огт байсангүй ээ. Харин Бурханы мөн чанар болох хайр энэрлийн хуулийг зөрчсөн нь дэлхийд үхэл зовлон тарьжээ. Гэвч нүгэл хилэнцийн уршгаар бий болсон зовлон гамшиг уруу ч Бурханы хайр энэрэл чиглэдэг билээ. Бурхан хүний тусын тулд газар шороог хараасан тухай өгүүлсэн нь буй (Эхяэл 3:17). Аж төрөл, ахуйн явдлаар дүүрэн хүний амьдралд тохиолдох бэрхшээл, сорилтууд нь зөвхөн хүний төлөө, түүнийг хүмүүжүүлж сэнхрүүлэхийн тулд бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг доройтуулан мөхөөгч нүглийн үр дагавараас чөлөөлөх Бурханы төлөвлөгөөнд урьдчилан тусгагдсан болой. MonSC 8.5

Цөвтөж доройтсон хэдий ч, дэлхий дээр ганцхан уй гашуу, гуниг зовлон ноёрхож байдаг юм биш ээ. Эх байгалд найдлага хийгээд тайтгарлын аялгуу дуурьсаж байдаг. Өчүүхэн бутнаас цэцэг нахиалж, өргөстэй мөчирт сарнай цэцэг дэлбээгээ задлан байдаг. MonSC 9.1

Дэлбээлж буй нахиа, газраас цухуйж буй өвсний ширхэг бүхэн «Бурхан бол хайр юм» хэмээн шивнэж байдаг билээ. Агаар мандалд баяр баясгалант дуу хоолойгоо цууриатуулан байгаа үзэсгэлэнт шувууд, өнгө өнгийн булбарайхан анхилам цэцэгс, сүр хүчит ногоон ой мод - энэ бүхэн Бурханы эцэг ёсны халамж, энхрийлэл, Өөрийн хүүхдүүдээ жаргалтай байлгах гэсэн Түүний чин хүслийг гэрчилдэг билээ. MonSC 9.2

Бурханы Үгэнд Түүний зан чанар илэрдэг. Эзэний хэлсэн бүхэн Түүний хэмжээлшгүй хайр, Түүний энэрлийг тунхагланам. Мосе «Өөрийнхөө цог жавхланг надад үзүүлээч» гэж залбиралын үеэр гуйсанд, Бурхан «Би Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлнэ» хэмээн хариулжээ (Египетээс гарсан нь 33:18-19). Энэ нь Түүний цог жавхлан бөлгөө. MonSC 9.3

Эзэн Мосегийн урдуур өнгөрч, «Эзэн, Эзэн, Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг» гэж тунхаглав (Египетээс гарсан нь 34:6,7). Тэрээр «уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам» тул «гэмийг уучилдаг» ажээ (Иона 4:2, Мика 7:18). MonSC 9.4

Бурхан тэнгэр хийгээд газар дээрх тоо томшгүй олон бэлэг шинжээрээ биднийг Өөртөө хандуулсан билээ. Тэрбээр байгалийн үзэгдлүүдээр болон газар дэлхий дээр зөвхөн хүмүүс л мэдэрч чадах тийм ойр дөт, эмзэг харьцаагаар дамжуулан бидэнд Өөрийгөө таниулахыг эрмэлзсэн юм. Гэхдээ энэ нь ч Түүний хайрын тухай бүрэн гүйцэд төсөөллийг өгч чадаагүй билээ. MonSC 10.1

Энэ бүх гэрчлэлийг үл хайхран «үнэний дайсан», Бурханаас аюун ширвээтэж, Түүнийг догшин, хэрцгийд тооцох хүртэл хүний оюун ухааныг мунхруулсан байна. Сатан Бурханыг хүн төрөлхтний алдаа эндэгдлийг мөшгөн мөрдөж, ял оноох шүүгч, хатуу сэтгэлт мөнгө хүүлэгчийн адил гэж таниулсан. Тэрээр Ертөнцийг Бүтээгч Эзэн хүмүүсийг үргэлж хардаж сэрдэн, сүүлд нь- шийтгэл оноохын тулд гэнэ алдаж, осолдохы нь хүлээдэг гэж ухуулдаг байжээ. Тиймээс ч Есүс дээрх харанхуй ойлголтыг няцааж, Бурханы хязгааргүй хайр энэрлийг илчлэхээр газар дэлхийд ирж, хүмүүсийн дунд амьдарсан билээ. MonSC 10.2

Бурханы хүү Эцэгээ мэдүүлэхээр тэнгэрээс ирэв. «Бурханыг хэн ч, хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм» (Иохан 1:18). «Эцэг минь бүгдийг Надад өгсөн бөгөөд Эцэгээс өөр хэн ч Хүүг танихгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг танихгүй» (Матай 11:27). Шавь нарынх нь нэг нь Түүнээс «Бидэнд Эцэгээ харуулаач” хэмээн гуйхад Есүс «Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл «Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?” хэмээн хариулжээ (Иохан 14:8-9). MonSC 10.3

Есүс Өөрийнхөө газар дэлхий дээрх үүргийн тухай «Сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөхийн тулд болой” гэж хэлсэн байдаг (Лук 4:18). Энэ нь Түүний ажил үйлс нь байсан юм. Тэрээр Сатаны хорлолд өртөгдөгсөдийг анагааж, газар сайгүй сайн үйлийг бүтээж явав. Өвчинд шаналагсдын орь дуу нэг ч өрх бүлд сонсогдохгүй тийм тосгон суурин ч олон байв. Учир нь Тэрбээр дайран өнгөрөхдөө бүхнийг анагаасан нь тэр болой. MonSC 10.4

Түүний бүхий л үйлс зорилго нь Түүний Бурханаар тослогдсон Нэгэн болохыг нотолж байв. Есүсийн амьдралын алхам бүр нь хайр энэрэл, нигүүлсэл байсан бөгөөд зүрх сэтгэл нь хүмүүний үрсийг ивээн хайрлаж байв. Тэрээр хүмүүсийн гачигдал хэрэгцээг мэдэх гэж хүний язгуур шинж төрхийг олсон. Хамгийн ядуу болон энгийн хүмүүс ч Түүн рүү ойртохоосоо эмээж байсангүй. Бяцхан хүүхдүүд ч Түүнд эрхлэн нааддаг байв. Тэд нар Есүсийн хайр гэрэлтсэн харцыг ширтэж, Түүний өвөр дээр суух дуртай байв. MonSC 11.1

Есүс үнэнийг хэзээ ч нуун далдлаагүй бөгөөд үнэн үгсийг чин сэтгэлээсээ өгүүлдэг байв. Тэрбээр хүмүүстэй харьцахдаа туйлын зүй зохист хийгээд анхаарал халамжтайн зэрэгцээ хэзээ ч бүдүүлэг түрэмгий авирлаж, шаардлагагүй үед ширүүн үгсийг хэлж байсангүй. Эмзэг сэтгэлийг хөндөж, хүний сул дорой шинжийг буруушаан зэмлэж байсан нь нэгээхэн ч үгүй. Тэрбээр чин хайраар үнэнийг тунхаглаж хэлдэг байв. Бялдуучлах, үл итгэх, хууль ссыг уландаа гишгэх явдлыг буруушаан, гашуун үгээ хэлж байхдаа, Түүний хоолойд нулимс зангирч байсан юм. «Зам, үнэн, амь” болсон Түүнийг хүлээн авахаас татгалзсан хайрт Иерусалим Хотынхныхоо төлөө Тэр гашуудан уйлсан. Өөрийн Аврагчаа танихгүй байсан тэдэнд энхрий ялдам, энэрэнгүй хандаж байсан билээ. Түүний амьдрал нь бусдын төлөө зовнил, биеэ хайрлахгүй бүтээсэн гавъяат үйлс байлаа. Есүсийн хувьд сүнс бүхэн маш үнэ цэнэтэй байв. Тэнгэрлиг эрхэм чанарыг ямагт чандлан сахиж, Бурханы гэр бүлийн гишүүн бүрийг мэхийн хүндэтгэдэг байв. Тэрбээр хүн бүхэнд цөвтөж доройтсон оюун сэтгэл буйг олж харсан бөгөөд чухам тэднийг аврахын тулд л энэ ертөнцөд ирсэн билээ. MonSC 11.2

Энэ бүхэн Есүсийн газар дэлхий дээрх зан төрхийн илрэл бөгөөд Бурханы мөн чанар юм. Христийн амь амьдралаар илэрсэн Тэнгэрлиг нигүүлслийн давалгаа Эцэгийн зүрхнээс ундран хүний хөвгүүдэд цутган орсон нь тэр билээ. Элбэрэлт нигүүлсэнгүй Аврагч Есүс «мах биеэр илчлэгдсэн» (1 Тимот 3:16) Бурхан байсан бөлгөө. MonSC 12.1

Есүс биднийг аврах гэж амьдарч, зовж, шаналж, амь биеэ зориулсан юм. Бид бүхнийг менхийн баяр баясгалантай золгуулахаар Тэр Өөрийгөө «Зовлонт Хүн” болгосон. Бурхан өгөөмөр буян бөгөөд үнэнээр бялхагч Өөрийнхөө хайрт Хүүгээ бичиглэхийн аргагүй суу алдарын ороноос хараал зүхлийн сүүдэрт харанхуйлж, нүгэлд автаж, зэрэмдэглэгдсэн энэ дэлхийд илгээжээ. MonSC 12.2

Басхүү Тэр Эцэгийн хайрын өлгий дотор оршигч Түүнд басамжлал, доромжлол, үзэн ядалт хийгээд үхлийг тэвчиж, Өөрийгөө болон тэнгэр элч нарын мөргөл залбирлыг орхин одохыг зөвшөөрчээ. «Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн» билээ (Исаиа 53:5). MonSC 12.3

Элсэн цөлд, Гетсеманид болон загалмай дээрх Түүний шаналлыг харагтун! Бурханы Ариун Хүү Өөрөө нүгэл хилэнцийн дарамтыг үүрсэн. Бурхантай бүхэнээр нэгдмэл Тэрбээр Бурханыг хүнээс холдуулсан гэм нүглийн бүхий л аймшигт зовлонг амсаж мэдэрсэн. Юуны учир Түүний амнаас «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив” гэсэн шаналантай дуун алдуурав? (Матай 27:46). Хүнийг Бурханаас тусгаарласан нүглийн аймшигт үр дагавар Бурханы Хүүгийн зүрхэнд тусчээ. Энэ агуу их өргөл нь хүнийг хайрлах хайрыг Эцэгийн зүрхэнд дотор ноцоож, Түүнд аврах сэтгэл төрүүлэхийн тулд байгаагүй юм. Огт тийм биш. «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн” (Иохан 3:16). MonSC 12.4

Агуу их цагаатгалын өргөлийг авснаар Бурхан биднийг хайрлаагүй билээ! Харин эсрэгээр, Тэр бидэнд хайртай байсан учраас цагаатгалын өргөлийг урьдаас төлөвлөсөн байжээ. Есүс цөвтөж доройтсон дэлхий дээр Бурханы хязгааргүй хайрыг илэрхийлж чадах Бурханы Зууч байсан юм. «Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлсэн” (2 Коринт 5:19). Бурхан Хүүтэйгээ хамт зовж шаналсан. Бидний нүглийг цагаатгахын төлөө өргөсөн мөнх хайрын төлөөс нь Гетсеманий цэцэрлэг дэх энэлэн, Голготын загалмай дээрх үхэл юм. MonSC 12.5

Есүс «Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцаан авахыг тулд амиа өгнө. Мөн эргүүлж ч авах болно” гэж хэлсэн билээ (Иохан 10:17). Өөрөөр хэлбэл, «Миний Эцэг та нарыг хайрладагийн учир Би Өөрийн амиа та нарын цагаатгалын тул өгч буй. Та нарын Төлөөний хүн буюу Батлан даагч болж, та нарын гэм нүгэл, үүргийг Өөртөө авч, Өөрийн амиа өгснөөр Би Эцэгтээ улам бүр эрхэмлэгдэнэ. Учир нь Миний өргөлийн ачаар Есүст итгэгчдэд Бурхан голч шударга, цагаатгагч болох юм» гэжээ. MonSC 13.1

Бурханы Хүүгээс өөр хэн ч биднийг цагаатгаж чадахгүй. Учир нь Эцэгийн дотор байгч Нэгэн л Бурханыг илчлэх бөлгөө. Бурханы хайрын гүн хийгээд өндрийг мэдэгч Есүсээс өөр Эцэгийн хайрыг дэлхийд нээгч нэгээхэн ч үгүй. Гэмт хүмүүсийн өмнөөс өргөсөн Христийн өргөл нь агуу байгаад зогсохгүй зөвхөн энэ өргөлөөр л төөрөлдөн байгаа хүмүүст Их Эзэн хайраа илэрхийлэх билээ. MonSC 13.2

«Учир нь Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн”. Тэр Хүүгээ зөвхөн хүмүүсийн дунд байлгаж, тэдний нүгэл хилэнцийг үүрүүлэн, золиос болгон үхүүлэхийн тулд илгээгээгүй юм. Тэр Түүнийг цөвтөж доройтсон хүмүүн төрөлд «өгсөн» билээ. Христ тэдний аж төрөл, хэрэгцээн дунд амьдрах ёстой байв. Бурхантай нэгдмэл Тэрбээр Өөрийгөө хүний хүүхдүүдтэй салшгүй холбоогоор холбосон юм. Есүс «тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй” (Еврей 2:11). Тэр бол бидний төлөө золиослогдсон Нэгэн, Эцэгийн хаан ширээний өмнө хүний төрхөөр залрагч бидний Хамгаалагч, Ах минь юм. Тэрээр бас Түүгээр цагаатгагдсан хүн төрөлхтөнтэй бүх үеүдэд үүрд холбогдсон Нэгэн мөн. Тэр Хүний Хүү бөлгөө. Энэ бүхэн хүнийг нүглийн хөнөөлт ангалаас гаргаж, Бурхань.т биднийг хайрласных нь хариуд хайрлаж, гэгээн амьдралын баяр баяслыг хуваалцахын тулд юм аа. MonSC 13.3

Бидний цагаатгалын үнэ цэнэ - Өөрийнхөө Хүүг бидний төлөө золиосолсон Тэнгэрийн Эцэгийн агуу их суу өргөл нь «Христийн ачаар бид ямар болж чадах билээ” гэсэн өөдрөг төсөөллийг төрүүлэх учиртай. Нэгэнтээ номлогч Иохан мөхөж доройтсон хүн төрөлхтнийг Бурхан хичнээн өгөөмөр сэтгэлээр хайрладаг болохыг хараад, мөнхүү хайрын үлэмж хүч, сүр жавхланг үгээр илэрхийлж эс чадахдаа: «Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач!” гэж уулга алджээ (1 Иохан 3:1). Бурхан хүнийг ямар их эрхэмлэнэ вэ! MonSC 14.1

Гэм нүгэл хийснээрээ хүний хөвгүүд Сатаны харьяат болжээ. Адамын үр удам Христийн амиа зориулсан цагаатгал өргөлд итгэсний дараа л дахин Бурханы хүүхдүүд болох болно. Хүний язгуур чанарыг авснаар Христ хүн төрөлхтнийг өргөмжлөн дээдэлжээ. Одоо Христтэй холбогдсоноороо цөвтөж доройтсон хүмүүс үнэн хэрэгтээ «Бурханы хүүхдүүд» гэсэн өндөр хүндтэй нэрээр нэрлэгдэх боллоо. MonSC 14.2

Тийм хайрыг юутай ч зүйрлэшгүй билээ! Тэнгэрийн Хааны хөвгүүд! Ямар эрхэм хүслэн бэ! Энэ нь гүн гүнзгий сэтгэж, ургуулан бодох зүйл биш гэж үү! Өөрөөс нь нүүр буруулсан хэдий ч ертөнцийг хайрлах Бурханы хайр юутай хосгүй вэ! Энэхүү бодол санаа сэтгэл булааж, Бурханы сургаалыг сүслэн дагах ухаан хайрланам. MonSC 14.3

Загалмайн гэрэл гэгээн дэхь Бурханы зан төрхийг хичнээн их судлах тусам элбэрэл хайр, өршөөл энэрэл лүгээ зөвт ёс, шударга шүүлт хэрхэн шүтэлцсэнийг улам улмаар ойлгож, Бурханы хэмжээлшгүй хайр хийгээд төөрч будилсан хүүгээ энэрэх эхийн сэтгэлээс хавьгүй илүүтэй Түүний нигүүлсэнгүй их зан чанарын үй олон гэрчлэлүүд тов тодорхой болж ирдэг юм. MonSC 14.4