Агуу Мэтгэлцээн

7/44

5—Жонн Виклиф

Өөрчлөлт Шинэчлэлтээс өмнө Библи тун цөөхөн хэвлэгдэж байсан ч Бурхан Өөрийн Үгээ устгахаас хамгаалсаар байжээ. Библийн үнэн мөнхөд нууцлагдах ёсгүй байв. Бурхан зарц нараа чөлөөлөхийн тулд шоронгийн төмөр хаалгуудыг онгойлгосон шигээ амийн үгсийн хүлээсийг тайлах чадалтай байв. Европын улс орнуудад Бурханы Сүнсээр хөтлөгдсөн хүмүүс үнэнийг нууцалсан эрдэнээ эрж хайж эхэлсэн юм. Ариун Бичээсээр дамжуулан, Бурханы хүслээр удирдуулсан хүмүүс Ариун Бичээсийг ихэд шимтэн судалж байлаа. Тэд үнэнийг ямар ч үнээр хамаагүй олж авах хүсэлтэй байв. Ингэхдээ бүх үнэнийг тодорхой мэдэж чадаагүй ч удаан хугацаанд мартагдсан хэд хэдэн үнэнийг нээж чадсан юм. Тэд тэнгэрээс ирсэн элчийн хувьд буруу сургаал, мухар сүсгийн гинжийг тастаж, удаан боолчлогдсон хүмүүст сэрж, эрх чөлөөтэй болохыг уриалж байлаа.{АМ 79.1} Aм 69.1

Уолденсчуудыг эс тоочвол Бурханы үг олон зууны турш зөвхөн боловролтой хүмүүсийн мэддэг хэл дээр хадгалагдаж байсан бөгөөд хожим Бичээсийг орчуулснаар Библийг эх хэл дээрээ унших боломж бусад хүмүүст олджээ. Дэлхийн түнэр харанхуй байдал төгсгөл болов. Харанхуйн цаг үе улиран одож, үнэний гэрэл цацарч үүр цайх шинж тэмдэг илэрч байлаа.{АМ 79.2} Aм 69.2

Арван дөрөвдүгээр зуунд Англид «Өөрчлөлт Шинэчлэлийн үүрийн цолмон» гийжээ. Жонн Виклиф зөвхөн Английн төдийгүй бүх Христэд итгэгч улс орнуудын өөрчлөлт шинэчлэлийн элч байв. Ромын эсрэг тэмцсэн түүний үгсийг хэн ч зогсоож чадсангүй. Түүний хэлсэн үгс хувь хүмүүс, сүм цуглаан, улс үндэстнүүдийг чөлөөлсөн агуу тэмцлийг эхлүүлсэн юм.{АМ 80.1} Aм 69.3

Виклиф чөлөөт боловсрол эзэмшсэн ба Эзэнээс эмээх нь түүнд мэргэн ухааны эхлэл байлаа. Тэрээр дээд сургуульд суралцаж байхаасаа гүнзгий итгэл бишрэл, билиг авьяас, суралцах онцгой чадвараараа олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Виклиф мэдлэгээр ихэд цангаж байсан тул боловсролын бүх салбартай танилцахыг хичээж байлаа. Тэрээр гүн ухаан, сүмийн хууль тушаал, улс орныхоо иргэний хуулиудыг судалж байв. Хожмын амьдралд нь залуу насандаа эзэмшсэн боловсрол нь чухал нөлөө үзүүлжээ. Тэрээр гүн ухааны таамаглалуудыг судалж алдаа дутагдлуудыг олж харсан бөгөөд улс орныхоо иргэний болон шашны хуулийг судалснаараа нийгэм, шашны эрх чөлөөг хамгаалах агуу тэмцэл хийх бэлтгэлээ хангаж байв. Тэрээр Бурханы үгийг зэвсгээ болгохын сацуу, сургуулиудын судалгааны зарчмуудтай танилцаж, судлаачдын арга барилыг ойлгосон байв. Түүний гоц ухаан, өргөн цар хүрээтэй мэдлэг нь анд нөхөд болон дайснуудынх нь хүндэтгэлийг олсоор байв. Дэмжигчид нь түүнийг улсынхаа шилдэг судлаачдыг манлайлж байгаад бахархаж байхад, дайснууд нь ч түүнээс болж өөрчлөн шинэчлэлтийг дэмжигч хүмүүсийг мэдлэггүй, чадваргүй хэмээн шүүмжилж чаддаггүй байлаа. (АМ 80.2) Aм 69.4

Виклиф коллежид байхаасаа Бичээсүүдийг судалж эхэлсэн ба ийнхүү ирээдүйн Өөрчлөн Шинэчлэгч болох бэлтгэлээ хангасан байна. Библи нь тухайн үед судлаачид л үнэнийг судалж болохоор зөвхөн эртний хэл дээр бичигдсэн байсан тул боловсролгүй хүмүүст хаалттай байжээ. Харин боловсролтой хүмүүс Бурханы үгийг судалж, Түүний үнэгүй нигүүлслийн тухай судрын агуу үнэнийг ойлгон ухаарчээ. Тэр энэхүү үнэний мэдлэгээ мэдрүүлж, бусдыг Бурханы амьд үг рүү хөтөлж эхлэв. {AM 80.3} Aм 70.1

Виклиф сургуульд эзэмшсэн судалгааны аргаа ашиглан, Бичээсүүдэд нарийн судалгаа хийжээ. Тэрээр судалгааны явцдаа сүмийн сургаалаар дамжуулан, ойлгох боломжгүй олон зүйл байгааг олж харсан байна. Өмнө нь судалж ойлгоогүй зүйлсийг тэрээр Бурханы үгнээс ухааран ойлгожээ. Тэрээр авралын төлөвлөгөө болон Христ хүний төлөө томилогдсон цорын ганц зууч болохыг ойлгожээ. Иймээс Христийн үйлчлэлд өөрийгөө бүрэн зориулж, олж мэдсэн үнэнээ тунхаглах шийдвэр гаргасан юм.{АМ 81.1} Aм 70.2

Виклиф агуу зүйлсээ эхлэх үедээ хожим гарч ирэх бусад Өөрчлөн Шинэчлэгчтэй адил ямар үр дүнд хүрэхээ мэдээгүй юм. Тэрээр шууд л Ромыг эсэргүүцээгүй байна. Гэхдээ үнэнийг хамгаалах хүсэл нь түүнийг худал хуурмагтай зөрчилдөхөд нөлөөлжээ. Виклиф папын алдаа дутагдлыг олж харах тусам Библийн сургаалыг төдий чинээ дэлгэрүүлж эхлэв. Ром хүний уламжлалыг дагахын тулд Бурханы үгийг гуйвуулсныг мэдээд, Бичээсүүдийг хэрэглэхгүй болгосных нь төлөө санваартнуудыг аймшиггүйгээр буруушааж, Библийг хүмүүст танилцуулж, эрх мэдлийг нь сэргээхийг шаарджээ. Тэрээр хичээнгүй, чадварлаг багш, сайн номлогч байсан ба номлосон сургаалаа амьдрал дээр бодитойгоор харуулдаг байв. Түүний Бичээсийн талаарх мэдлэг, бодож тунгаах хүч чадал, цэвэр ариун амьдрал, мохошгүй зориг, ноён нуруу нь ард олны хайрыг татаж, итгэлийг даах болжээ. Олон хүн Ромын сүмд гэм нүгэл ноёлж буйг хараад урьдын итгэл бишрэлдээ сэтгэл хангалуун байхаа больж, Виклифийн танилцуулсан үнэнийг баяр хөөртэйгөөр бусадтай хуваалцаж эхлэв. Харин папын удирдагчид Өөрчлөн Шинэчлэгч өөрсдөөс нь илүү хүч нөлөөтэй болж буйг хараад уурсан хилэгнэж байлаа. {AM 81.2} Aм 70.3

Виклиф алдаа дутагдлыг тун сайн хардаг байсан ба Ромчуудын эрх мэдлээ ашиглан хуульчилсан олон хүчирхийллийг аймшиггүйгээр эсэргүүцэж байв. Тэрээр хааны шашны зөвлөх байхдаа папын Английн хаанаас авдаг татварыг зоригтой эсэргүүцэж, пап хаад ноёдоос өндөр эрх мэдэлтэй болсон явдал нь хүний оюун ухаан, Бурханы үгтэй эрс зөрчилдөж байгааг илрүүлжээ. Папын шаардлагууд ард түмний уур хилэнг бадрааж, Виклифийн сургаалууд сэхээтнүүдэд хүчтэй нөлөөлж эхэлсэн юм. Папын улс төрийн эрх мэдлийг үгүйсгэж түүнд татвар төлөхөөс татгалзах үйлсэд хаан болон язгууртнууд нэгджээ. Энэ бүхэн Англи дахь папын хэмжээлшгүй эрх мэдлийн эсрэг тун амжилттай цохилт болж чадлаа. {АМ 82.1} Aм 71.1

Өөрчлөлт Шинэчлэлийг хэрэгжүүлэгчид өглөгөөр хэрэгцээгээ хангагч санваартнуудад дэмжлэг үзүүлэх тогтолцоог удаан хугацааны турш, тууштайгаар эсэргүүцсэн юм. Санваартнууд Англи даяар тархаж, үндэстний сүр хүч, хөгжилд саад болж байв. Англи үйлдвэрлэл, боловсрол, ёс суртахууны хувьд доройтож байлаа. Санваартнуудын ажил эрхэлдэггүй, өглөг авлагаар амьдрагч амьдрал ард түмний нуруун дээр хүнд ачаа дарамт болоод зогсохгүй, ажиллах хүчинд мөн муугаар нөлөөлж байлаа. Залуучууд эх захаа алдаж, ёс суртахуунгүй болж байв. Санваартнуудын нөлөөгөөр олон хүн эцэг эхээсээ зөвшөөрөл авах хүслийг нь үл харгалзан сүм хийдэд шавилан сууж, өөрсдийгөө санваартны амьдралд зориулж байв. Ромын сүмийн анхны Эцгүүдийн нэг санваартан болох дуудлага нь эцэг эхийн хайр, гэр бүлийн үүрэг хариуцлагаас илүү тооцогдох талаар, «Эцэг чинь шийдвэрийг чинь эсэргүүцэн, хөлд чинь унаж, цурхиран уйлж байсан ч, эх чинь чамайг тээж төрүүлсэн бие, хөхүүлсэн хөхөө харуулан уйлж, гувшсан ч гэсэн тэднийг хөл доороо гишгэчин шууд Христ уруу очоорой” гэж сургадаг байжээ. Лютерын «Хэрцгий харгислал” хэмээн нэрлэсэн Папын шашин «Христэд итгэгч эсвэл хүн гэхээсээ илүү хомхой чоныг, дарангуйлагчийг санагдуулдаг» гэж хэлсэн ба сүмийн ийм хандлага хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцэг эхийнх нь эсрэг турхирч байв.—Barnas Sears, The Life of Luther, pages 70, 69. Папын удирдлагууд ийнхүү эртний Фарисайчуудын адил Бурханы хуулийг хүмүүсийн ёс заншлаар дамжуулан, хүчингүй болгохыг хичээж байсан юм. Айл гэрүүд эзгүйрч, эцэг эхчүүд хөвгүүд, охидоо алдаж байв.(АМ 82.2) Aм 71.2

Их сургуулийн оюутнууд хүртэл санваартнуудын төлөөлөгчдийн хуураи мэхлэлтэнд автаж, тэдний эгнээнд нэгджээ. Тэд олноороо амьдралаа үрэн таран хийж, эцэг эхээ уй гашууд автуулснаа ойлгож, харамссан билээ. Гэвч нэгэнт хавханд орсон тэдэнд эрх чөлөөтэй болох боломж байсангүй. Санваартнуудын уруу татлагаас эмээсэн олон эцэг эх хөвгүүдээ их сургуульд явуулахаас татгалзаж байлаа. Мэдлэг боловсролын өргөө болсон сургуулиудад суралцах оюутнуудын тоо эрс буурчээ. Сургуулиуд хоосорч, оюуны ядуурал газар авав.{АМ 83.1} Aм 72.1

Пап санваартнууддаа гэмшлийг сонсож, нүглүүдийг уучлах эрх мэдлийг өгчээ. Энэ үйлдэл үлэмж муугийн үндэс болсон юм. Санваартнууд орлого олохын тулд ямар ч жигшүүрт гэмт хэрэгтэнг ял шийтгэлээс чөлөөлөхөд бэлэн болсон бөгөөд үүний улмаас аймшигтай хүчирхийлэл хурдацтай газар авч, өнчин ядуус өвдөж, зовж зүдэрч байхад тэдэнд шаардлагатай байгаа эд зүйлсийг санваартнууд сүрдүүлэн авч, шаардсан өглөгөө өгөхөөс татгалзсан хүмүүсийг итгэл бишрэлгүй хэмээн зэмлэн буруутгадаг болов. Өглөгөөр амь зуудаг санваартнуудын эд баялаг үлэмж арвижиж, сүр жавхлант сүм дуган, тансаг идээ ундааны төлөө үндэстэн бүхэлдээ ядуурч байв. Тэд орд харшдаа зугаацах явцдаа, өөрсдийн оронд үлгэр, домог ярьж, хошигнож, хүмүүсийг мунхруулж, санваартнуудын золиос болгох хүмүүсийг илгээдэг байв. Өглөг авагч санваартнууд мухар сүсэгтнүүдийг мунхруулж, папын хэмжээлшгүй эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, гэгээнтнүүд санваартнуудад зориулан өргөл барьц барьснаар диваажинд гарцаагүй орох болно гэж итгүүлдэг байв. {АМ 83.2} Aм 72.2

Мэдлэг, итгэл бишрэлтэй хүмүүс сүмийн тогтолцоонд өөрчлөлт хийхийг хичээж байсан ч тэднээс илүү хурц хараатай Виклиф сүмийн тогтолцоог худал хуурмаг бөгөөд бүрмөсөн өөрчлөх ёстой хэмээн тунхаглаж, бузар муугийн үндсийг таслахыг хүсэж байлаа. Хүмүүс яриа ериүүлж, энэ асуудалд анхаарал хандуулж эхлэв. Санваартнууд газар нутгаар аялж, папын уучлалыг худалдаж явахад олон хүн мөнгөөр уучлагдах боломжгүй гэж эргэлзэж, Ромын папд бус харин Бурханаас гэм нүглийн уучлалыг хүсэх ёстой биш үү хэмээн учирлан асууж байв. Ханаж цадахаа үл мэдэх гуйлга гуйгч санваартнуудын байдалд эргэлзэгч хүмүүс цөөнгүй байлаа. Тэд «Ромын санваартнууд биднийг хорт хавдар мэт хэмлэж байна. Бурхан биднийг чөлөөлөхгүй бол, ард түмэн мөхөх нь» хэмээн шүүрс алдаж байв.—D’Aubigne, b. 17, ch. 7. Шуналаа нуухын тулд санваартнууд Аврагчийн үлгэр дуурайлыг дагаж, Есүс болон дагалдагчид ард олны өглөгөөр амь зууж байсан хэмээн заадаг байв. Тэдний үгс зорилгод нь сөргөөр нөлөөлж олон хүн Библийн үнэнийг өөрсдөө судалж мэдэх чин эрмэлзэлтэй болсон бөгөөд энэ нь Ромын хувьд хүсээгүй үр дагавар байв. Ромын сүмийн нуухыг хичээж буй үнэний Эх сурвалж олон хүний анхаарлыг татах болжээ.(АМ 84.1) Aм 72.3

Виклиф санваартнуудтай тэрсэлдэх бус харин ард олны анхаарлыг Библийн сургаал болон Бурханд хандуулахын тулд нийтлэл бичиж, түүнийгээ олшруулан тарааж байлаа. Тэрээр папын уучлал нь хүмүүсийг сүмээс хөөх, авралгүй болгох ёсгүй. Эрх мэдэл нь ч жирийн санваартантай адил хүч нөлөөгүй тул хэн ч Бурханаар буруутгагдаж, сүмээс хөөгдөхгүй хэмээн зарлан тунхаглаж байв. Сая сая хүний бие сэтгэлийг боолчилж байсан Папын байгуулсан шашин төрийг хослуулагчийн нүсэр тогтолцоог түлхэн унагахад үүнээс үр дүнтэй арга түүнд байгаагүй. {AM 84.2} Aм 73.1

Виклиф Английн эрх дархыг Ромын түрэмгийллээс хамгаалахыг дахин уриалсан ба Недерландад хааны элчин сайдаар томилогдож хоёр жил папын төлөөлөгчтэй хэлэлцээр хийсэн юм. Тэрээр Франц, Итали, Испанийн сүмийн цэргүүдтэй харилцаж, Англид байхдаа мэдэх боломжгүй байсан олон хүнийг олж мэдэж, зарим зүйлсийн цаад утга учрыг ойлгон ухаарчээ.{AM 84.3} Aм 73.2

Виклиф пап болон түүний татвар хураагчдын талаарх нийтлэлдээ «Тэд ард түмний өлмөн зөлмөн амин зуулгаас цөлмөж, жил бүр шашны ёслол, сүнслэг үйл ажиллагааны төлөөсөнд хааны сангаас олон мянган маркыг авч байдаг. Энэ бол ариун үйлчлэлээр ашиг олохыг санаархсан хараал идсэн шунахайрал бөгөөд тэд Христэд итгэгч хаанчлалуудыг шахалтанд оруулж, шунахайрлаа гүйцэлдүүлж байна. Манай хаант улсад бардам папын бусармаг татвар хураагчдаас өөр хүмүүсийн хүртэж байгаагүй уул овоо мэт алт эрдэнэс байдаг боловч, энэ бүхэн цагийн аясаар дуусна. Тэрээр ард олноос хамаг мөнгийг нь хамж авдаг хирнээ, оронд нь хараал идсэн шуналаас өөр юуг ч өгдөггүй билээ.»—John Lewis, History of the Life and Sufferings of J. Wiclif, page 37.{AM 85.1} Aм 73.3

Виклиф Англид буцаж ирснийхээ дараа хааны зарлигаар Луттервортын сүмийн асуудал эрхэлсэн албанд томилогджээ. Энэ нь түүний шулуун үгс эзэн хааны дургүйг хүргээгүйг баталж байлаа. Виклиф шүүх тогтолцоог боловсронгүй болгох ард түмний итгэл бишрэлийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.{АМ 85. 1} Aм 73.4

Удалгүй папын уур хилэн аянга цахилгаантай үүлс адил хуралджээ. Пап Английн их сургууль, эзэн хаан, сүмийн санваартан гуравт хандан, тулган шаардах бичиг илгээжээ. Тушаалд тэрс үзэлтэй багшийн амыг хаах шийдэмгий арга хэмжээ авахыг шаардсан байлаа. Гэвч тулган шаардах бичиг ирэхээс өмнө Английн тэргүүн санваартнууд Виклифийг шүүхээр дуудан ирүүлжээ. Шүүх үйл ажиллагаанд хаант улсын хамгийн хүчтэй хоёр тайж хүрэлцэн ирсэн ч ард иргэд ордныг бүчин дотогшоо орохоор багтаж ядан байсан учир шүүгчид айж, хурлыг түр хойшлуулан, Виклифийг буцаан явуулжээ. Санваартнуудын Өөрчлөн Шинэчлэлийг эсэргүүцэхэд ашиглах гэж байсан III Эдвард хаан таалал төгсөж, Виклифийг хамгаалж байсан тайж дараагийн хаанаар өргөмжлөгдөв.{АМ 85.3} Aм 73.5

Гэвч папын тушаал бүх Англичуудад тэрс үзэлтнийг баривчлан, хорихыг эсэргүүцэхийн аргагүй дарамт болсон байна. Пап Виклифийг шууд галдан шатаахыг тушаасан байлаа. Виклиф Ромын өс хонзонгийн золиос болох нь гарцаагүй болов. Эртний үед амьдарч байсан хүнд «Бүү ай! Би болчиний бамбай» (Эхлэл 15:1) гэжхэлсэн Эзэн зарцаахамгааллаа. Үхэл Өөрчлөн Шинэчлэгчийг бус харин түүнийг хөнөөхийг тушаасан папыг авч оджээ. Пап IX Грегори нас барж, Виклифийг шүүхээр цугласан сүмийн зэрэгтнүүд тарцгаажээ.(АМ 86.1) Aм 74.1

Бурхан Өөрчлөн Шинэчлэлтийг хүчирхэгжүүлэхийн тулд мэргэн ухаанаараа үйл явдлыг удирдан чиглүүлж байлаа. Пап Грегори нас нөгцсөний дараа хоёр пап сонгогдож, тэд хоорондоо өрсөлдөж байв. Папууд итгэгчдэдээ өрсөлдөгчийнх нь эсрэг дайн зарлаж өөрийгөө дэмжихийг уриалж, бие биенийхээ эсрэг хориг тогтоож, өөрсдийгөө дэмжсэн хүмүүст диваажинд орох эрх өгнө гэж амлаж байв. Энэ үйл явдал папын хүч нөлөөг үлэмж ихээр доройтуулжээ. Сөргөлдөгч талууд бие биен рүүгээ довтлон, завгүй байх зуур, Виклиф хэсэг хугацаанд амар тайван явах боломжтой болжээ. Хоёр пап хоорондоо хориг тавьж, бурууттаи шидэлцэж байхад дэмжигчид нь цусаа урсгаж байв. Сүм гэмт хэрэг, эрээ цээргүй үйл явдлуудаар дүүрэв. Харин Өөрчлөн Шинэчлэгч маань Луттерворт дахь нам гүм эдлэн газартаа, сөргөлдөж буй папуудаас хүмүүсийг холдуулан, Энхийн Хунтайж болох Есүс рүү чиглүүлэхээр шаргуу хөдөлмөрлөж байлаа.{АМ 8б.2} Aм 74.2

Энэ бүх тэмцэл, доройтол ард түмэнд папын засаглалын үнэн дүр төрхийг харах боломж олгож Өөрчлөн Шинэчлэлтийн замыг бэлдэж өгсөн юм. Виклиф папуудын хагарал гэсэн нийтлэлдээ хоёр пап бие биенээ Христийн дайсан гэж байгаа нь үнэн эсэхийг бодож үзээрэй хэмээн уриалсан юм. Тэрээр «Бурхан чөтгөр хоёр папын зөвхөн нэгийг нь эзэмдэхийг зөвшөөрөөгүй бололтой, Бурхан хоёр папыг хагаралдуулж, ард түмэнд тэднийг Христийн нэрээр хялбархан ялан дийлэх боломж олгожээ.»—R. Vaughan, Life and Opinions of John de Wycliffe, vol. 2, p. 6. {AM 86.3} Aм 74.3

Виклиф Эзэний адил ядууст сайн мэдээг тунхаглаж байв. Тэрээр зөвхөн Луттерворт дахь эгэл амьдралтай дэмжигчдэд гэрлээ түгээж байгаадаа сэтгэл үл ханаж, Английн өнцөг булан бүрт сайн мэдээ түгээх шийдвэр гаргажээ. Тэдгээр сүсэгтэй, энгийн даруу, үнэнд хайртай, үнэнийг дэлгэрүүлэхээс өөр хүсэлгүй хүмүүсээс бүрдсэн номлогчдын бүлгийг зохион байгуулав. Тэдгээр хүмүүс хаа сайгүй явж, зах зээл, их хотын гудамж болон хөдөө тосгоны давчуу гудамжинд сургаалаа айлдаж эхэллээ. Тэд өндөр настай, өвчин зовлонтой, үгээгүй ядуу хүмүүсийг хайж олоод Бурханы нигүүлслийн сайн мэдээг түгээдэг байв.(АМ 87.1) Aм 74.4

Виклиф Оксфордын багш байсан тул их сургуулийн танхимуудад Бурханы үгийг номлож байлаа. Тэрээр оюутнууддаа үнэнийг итгэлтэйгээр зааж байсан учир «Сайн Мэдээний Доктор» гэж хүндлэгдэх болов. Гэхдээ түүний хувьд Бичээсийг Англи хэл рүү орчуулсан нь хамгийн агуу үйлс байлаа. Виклиф «Бичээсийн Үнэн ба Утга Санаа” гэсэн номондоо Английн хүн бүрт эх хэл дээрээ Бурханы гайхамшигтай үйлсийн талаар унших боломж олгохын тулд Библийг орчуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байв. {АМ 87.2} Aм 75.1

Гэвч жар дөхсөн Виклиф тасралтгүй хүнд хөдөлмөр, судалгааны ажил хийж, дайснуудынхаа хавчлагад хүч чадал нь шавхагдаж, өтөлж ажил үйлс нь гэнэт зогсчээ. Тэрээр хүнд өвчин туссан байв. Энэ мэдээ санваартнуудад үлэмжийн баяр хөөр авчирчээ. Тэд түүнийг сүмийн эсрэг үйлдсэн бүх гэм нүгэлдээ гэмших нь гэж бодож өргөөнд нь яаравчлан очжээ. Таалал төгсөх гэж буй Виклифийг шашны дөрвөн тэргүүн, төрийн дөрвөн албан тушаалтан тойрон зогсож байв. Тэд «Чи удахгүй үхэх гэж байна. Амьд дээрээ буруугааухаарч бидний эсрэг хэлсэн бүхэндээ гэмш» гэж хэлж байв. Тэднийг чимээгүй сонсож байсан Өөрчлөн Шинэчлэгч асрагчдаа орноос нь босгохыг хүсээд, гэмшлийг нь хүлээн зогсох хүмүүс рүү харж, шийдэмгий чанга дуугаар «Би үхэхгүй, харин амьдрах болно, би санваартнуудын бузар үйлсийг хүмүүст тунхаглах болно” гэжээ. —D’Aubigne, b. 17, ch. 7. Айх гайхах нь зэрэгцсэн санваартнууд өрөөнөөс яаравчлан гарч явав.(АМ 87.3) Aм 75.2

Виклифийн үгс биелж, тэрээр ард түмнийхээ төлөө Ромыг эсэргүүцэх хүчтэй зэвсэг болж, хүмүүсийг чөлөөлж, гэгээрүүлж, сайн мэдээ түгээхийн тулд Тэнгэрээс илгээсэн Библийг атгуулах хүртлээ амьдарсан юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд олон ноцтой саад бэрхшээлүүд гарч байв. Сульдаж доройтсон Виклиф ажиллаж хөдөлмөрлөх цөөн хугацаа үлдэж, эсэргүүцэлтэй тулгарахыг мэдэж байсан ч Бурханы үгэн дэх амлалтуудад итгэн эргэлт буцалтгүйгээр урагшилж байв. Виклиф хамгийн агуу ажлаа хийхийн тулд Бурханы өгсөн онцгой ивээлээр оюуны хүч чадлын оргилд хүрч, арвин туршлага хуримтлуулан бэлтгэгдсэн байжээ. Христэд итгэгч хаант улсууд зогсоо зайгүй тэмцэлдэж байхад, Өөрчлөн Шинэчлэгч Луттервортод гадны салхи шуургыг үл тоон, сонгогдсон ажлаа гүйцээхийн тулд өөрийгөө бүрэн зориулж байлаа.{АМ 88.1} Aм 75.3

Эцэст нь тэрээр ажлаа дуусгаж, Библийн Англи хэл дээрх анхны орчуулга гарсан билээ. Ийнхүү Бурханы үг Англид нээлттэй болсон. Өөрчлөн Шинэчлэгч шоронд орж, галд шатаагдахаас айхаа больсон. Тэрээр Английн ард түмэнд үнэний унтаршгүй гэрлийг атгуулжээ. Библийг ард түмэндээ өгснөөрөө Виклиф харанхуй, гэм нүглийн хүлээсийг тайлж, ард түмнээ чөлөөлж, хөгжүүлэх дайн тулаанд байгуулсан ялалтуудаас илүү ялалт байгуулав.{АМ 88.2} Aм 76.1

Хэвлэлийн төхөөрөмж байгаагүй учир Библийг олшруулах ажилд сайн дураараа ханцуй шамлан орсон ч хүмүүсийн хэрэгцээг хангаж дийлэхгүй байлаа. Чинээлэг хүмүүс Библийг бүтнээр нь олж авахыг хүсэж байв. Бусад нь Бичээсийг хэсэгчлэн худалдан авч байлаа. Мөн зарим айлууд дундаа нэг хувийг худалдан авах явдал олон гарч байв. Удалгүй Виклифийн Библи ард түмний гэрт байр сууриа олж чадсан юм. {AM 88.3} Aм 76.2

Хүмүүст ухаан бодлоо ашиглахыг уриалан дуудсанаар папын үзэл баримтлалуудыг учир шалтгаангүйгээр дагахгүй болоход чухлаар нөлөөлөв. Виклиф Протестантуудын «Аврал Христэд итгэснээр ирдэг”, «Бичээс алдаа мадаггүй» гэсэн онцгой үзэл баримтлалуудыг зааж байлаа. Түүний илгээсэн номлогчид Библийг Өөрчлөн Шинэчлэгчийн бичээсүүдийн хамт түгээж Английн ард түмний бараг тал хувьд шинэ итгэлээ хүлээн зөвшөөрүүлсэн амжилтанд хүрч байв. {АМ 89.1} Aм 76.3

Бичээс олны хүртээл болсон нь сүмийн эрх мэдэлтнүүдийн айдсыг терүүлжзз. Тэд Виклифээсилүүхүчтэй нөлөөтэй тулгарсан бөгөөд тэрхүү нөлөөний эсрэг хэрэглэсэн арга хэрэгслүүд нь ямар ч үр ашиггүй байв. Библи урьд нь ард түмний ойлгож чадах хэл дээр хэвлэгдэж байгаагүй тул Библийг хориглосон хууль Англид байсангүй. Гэвч хожим Библийг хориглосон хууль гарч, чандлан мөрдөгдсөн билээ. Санваартнууд Библийг хориглохыг хичээсэн ч Бурханы үгийг дэлгэрүүлэх боломж гарч ирсэн юм.{AM 89.2} Aм 76.4

Папын удирдлагууд Өөрчлөн Шинэчлэгчийн амыг барихаар дахин төлөвлөв. Гурван шүүхийн өмнө Виклифийг ээлж дараалан дуудсан ч ямар ч үр дүнд хүрч чадаагүй. Хамгийн эхэнд сүмийн тэргүүнүүдийн зөвлөл бүтээлүүдийг нь тэрс үзэл агуулсан хэмээн тунхаглан, залуу хаан болох II Ричардыг талдаа урвуулсны хүчинд тэрслүү үзлийг баримтлагчдыг шоронд хорих зарлиг гаргуулжээ. {AM 89.3} Aм 76.5

Виклиф санваартнуудын зөвлөлөөс Парламентад давж заалдан, үндэсний зөвлөлийн өмнө сүмийн дарангуйллын тогтолцоог аймшиггүйгээр буруутгаж хүчирхийллээр дүүрэн, сүмийн хуулийг халах шаардлагыг тавьлаа. Ингэхдээ папын түрэмгий бодлого, ялзралыг нь тодорхой илчилжээ. Дайснууд нь хүртэл үгийг нь сонсоод, папын засаглалд эргэлзэж, тээнэгэлзэхэд хүрчээ. Виклифийн анд нөхөд, дэмжигчдийг хүч хэрэглэн буулгаж авбал өтөлж, ганцаардан, найз нөхөдгүй болсон Өөрчлөн Шинэчлэгч хаан болон санваартнуудын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч магадгүй гэж дайснууд нь боджээ. Гэвч папын талыг баримтлагчид өөрсдөө ялагдсанаа ухаарсан юм. Виклифийн сэтгэл хөндсөн уриа дуудлагад сэргэсэн Парламент итгэгчдийг хавчих тушаалд хориг тавьж, Өөрчлөн Шинэчлэгчийг суллажээ.(АМ 89.4) Aм 76.6

Виклиф гурав дахь удаагаа хаант улсын сүмийн хамгийн том шүүхэд дуудагджээ. Энэ шүүх сүмд тэрслэгчдэд тал засдаггүй байв. Ромын сүмийнхэн ялалт байгуулж, Өөрчлөн Шинэчлэлийн ажил үйлсийг таслан зогсоох боломжтой гэж боджээ. Хэрэв тэд зорилгодоо хүрвэл Виклифийг нэг бол үзэл санаанаасаа татгалзах эс бөгөөс галд шатаагдах хувь тавиланг үүрнэ хэмээн хүлээж байлаа.(АМ 90.1) Aм 77.1

Гэвч Виклиф ухарч няцаж, айж сүрдээ ч үгүй. Тэрээр аймшиггүйгээр сургаалаа хамгаалж, гадуурхагчдын буруутгалыг няцааж байлаа. Виклиф үзэл бодол, үйл хэрэгтээ үнэнч байж, өөрийгөө умартан, тэнгэрийн шүүхийн өмнө шүүгдэхийг сануулж, мөнхийн үнэнээр тэдний ов мэх, хуураи мэхлэлтүүдийг буруутгасан байна. Шүүхийн танхимд Ариун Сүнсний хүч мэдрэгдэж байв. Бурханы хүч танхимд байгаа хүмүүст нөлөөлж, хүмүүст танхимаас гарч явах хүчгүй болсон мэт болжээ. Эзэний харвасан сум лугаа адил Өөрчлөн Шинэчлэгчийн үг хүмүүсийн зүрхийг нэвт сүлбэжээ. Виклиф дээр тохсон буруу үзлийн буруутгалыг тэрээр өөрсөд дээр нь итгэлтэйгээр тунхаглав. Тэд чухам яагаад худал хуурмагийг дэ лгэрүүлж зүрхэ лнэ вэ? Олз ашгийн төлөө юу, эсвэл Бурханы нигүүлслийг дамлахын тулд уу? хэмээн Виклиф тэднээс асуужээ. (АМ 90.2) Aм 77.2

Тэрээр эцэст нь «Та нар чухам хэнтэй тэмцэж байна гэж бодож байна вэ? Булшиндаа орох дөхсөн нэг өвгөнтэй юу? Үгүй! Та нар маш хүчтэй, өөрсдийг чинь нухчин дарах Үнэнтэй тэмцэж байна.»—Wylie, b. 2, ch. 13. Виклиф ингэж хэлээд зөвлөлийн танхимаас гарч явахад дайснууд замд нь хөндөлсөж чадаагүй юм. (АМ 90.3) Aм 77.3

Виклиф ийнхүү үйл хэргээ гүйцэтгэн, үнэний тугаа бу сдад д амжуул ах дөхсөн ч сайн мэдээний төлөө дахин гэрчлэх шаардлагатай тулгарсан юм. Үнэнийг худал хуурмагийн хаанчлалын бэхлэлтээс тунхаглах ёстой байв. Виклиф Ромын ариун хүмүүсийн цусыг урсгаж заншсан папын шүүхийн өмнө дуудагджээ. Тэрээр тал цус харваж аялах боломжоо алдаагүй бол аминд нь заналхийлж буйг мэдэж байсан ч шүүх дээр очих байв. Хэдий дуу хоолой нь Ромд сонсогдох боломжгүй болсон ч тэрээр захидлаар үгээ дамжуулахаар болжээ. Өөрчлөн Шинэчлэгч папад хүндэтгэлтэйгээр, Христэд итгэгчийн ёсоор захидал бичихдээ папын удирдлага өөрийгөө өргөмжилсөн, бардам болохыг буруутгасан байна.{АМ 90.4} Aм 77.4

Тэрээр «Би итгэл бишрэлээ хуваалцаж, зарлан тунхаглахдаа үнэхээр баярладаг бөгөөд Ромын пап танд хуваалцаж байгаадаа баяртай байна. Намайг үнэн зөвийг өгүүлж байна гэж бодож байгаа бол миний үгийг хүлээн авч харин хэрэв буруу ярьж байгаа бол засаж залруулаарай.” {АМ 91.1} Aм 78.1

«Юуны өмнө би Христийн сайн мэдээ бол Бурханы хууль гэдэгт итгэдэг... Тиймээс дэлхий дээрх Христийн бие гэж тооцогдох Ромын пап та бусад хүнээс илүү сайн мэдээний хуульд захирагдаасай хэмээн найдаж байна. Христийн дагалдагчид дэлхийн нэр хүнд эсвэл сүр жавхлангаар бус харин Христийг амьдрал болон зан чанараараа даган дуурайснаар агуу болох билээ ... Христ энэ дэлхийд амьдрахдаа дэлхийн бүх эрх мэдэл, нэр хүндээс татгалзан хамгийн ядуу амьдралаар амьдарсан юм.” {AM 91.2} Aм 78.2

«Итгэлтэй хүн Эзэн Есүс Христийг даган дуурайдаг шигээ ямар нэгэн ариун хүн папыг дагах ёсгүй. Петр болон Зебедеен хөвгүүд Христийг дагахын оронд дэлхийн нэр хүндтэй болохыг хүссэнээр Эзэний зүрх сэтгэлийг эмзэглүүлсэн бөгөөд бид алдааг нь давтах ёсгүй.» {AM 91.3} Aм 78.3

«Пап та хаад ноёдод дэлхийн ноёрхол болон удирдлагаа шилжүүлж, санваартнуудаа зөв чиглүүлж, удирдвал зохино. Учир нь Христ болон Түүний элчүүд ийм үлгэр жишээг үзүүлсэн юм. Хэрэв би ямар нэгэн байдлаар буруу бодсон бол би хүлцэнгүйгээр ямар ч эрүү шүүлт, шаардлагатай бол үхлийн ялыг үүрэх болно. Хэрэв би санаагаараа алхаж, ажиллаж байсан бол Ромын папд заавал бараалхах байв. Гэвч Эзэн надад тийм боломж өгөөгүй бөгөөд хүмүүсээс илүү Бурханд дуулгавартай хандахыг зааж өгсөн.» {AM 91.4} Aм 78.4

Т эрээр ийнхүү захидлаа төгсгөн «Хамтд аа Бурханд хандан зургаду гаар Урбан пап санваартнуудынхаа хамт Эзэн Есүс Христийг амьдрал болон зан чанараараа даган дуурайхын төлөө залбиран гуйцгаая. Ийнхүү пап хүн ардад үр дүнтэй нөлөөлж, хүмүүс тэдний адил итгэлтэй байх болно” гэж бичжээ.—John Foxe, Acts and Monuments, vol. 3, pp. 49, 50. {AM 92.1} Aм 78.5

Виклиф ийнхүү nan болон түүний төлөөлөгчдөд Христийн даруу төлөв зан чанарыг харуулж, тэдний болон Христэд итгэгч улс орнуудын төлөөлж буй итгэл бишрэл Эзэн хоёр хоорондоо эрс ялгаатай байгааг илчлэн харуулсан юм. {AM 92.2} Aм 78.6

Виклиф итгэлтэй байснаар амиа алдана гэж шийджээ. Хаан, пап болон санваартнууд түүний амийг нь хороохоор зорьж, шатаах зууханд хаяхаар болжээ. Гэвч түүний зүрх зориг мохоогүй. Тэрээр «Та нар яагаад итгэлийнхээ төлөө амиа зориулсан холын хүний тухай ярина вэ? Дээрэнгүй санваартнуудад Христийн сайн мэдээг тунхагла, тэгвэл итгэлийнхээ төлөө амиа алдах болно. Би амаа хамхиж амьдрах юм гэж үү? ... Хэзээ ч үгүй! Цаазлавал цаазлаг, би хүлээж байна” хэмээжээ.— D’Aubigne, b. 17, ch. 8. {AM 92.3} Aм 78.7

Бурхан Өөрийн зарцаа хүч чадлаараа хамгаалсаар байлаа. Насан туршдаа үнэнийг зоригтой хамгаалсан Виклиф дайснуудынхаа өс хонзонгийн золиос болох ёсгүй байжээ. Виклиф хэзээ ч амиа аврах гэж оролдож байгаагүй ба Эзэн түүнийг хамгаалж байв. Дайснууд нь түүнийг урхиндаа оруулахыг хичээж байхад Бурхан түүнийг дайснуудынх нь савар хүрэхгүй газарт аваачжээ. Тэрээр Луттерворт дахь сүмдээ Эзэний зоог барих үедээ харуулдан унаж, амьсгал хураасан юм.{АМ 92.4} Aм 79.1

Бурхан Виклифт хийх ажлыг нь даалгаж өгсөн юм. Тэрээр үнэний үгийг зааж, үнэний үгийг ард түмэнд тунхаглуулахын тулд хамгаалж байв. Өөрчлөн Шинэчлэлтийн үндсийг тавих хүртэл түүний амь нас хамгаалагдаж, хөдөлмөрлөх чадвар өгөгдсөөр байлаа.{АМ 92.5} Aм 79.2

Виклиф харанхуй цаг үед гэрэлтэж байв. Түүнд Өөрчлөн Шинэчлэлтийн талаар суралцах, үлгэр дуурайл авах хүн байгаагүй. Иохан Баптисттай адил онцгой зорилгыг хэрэгжүүлсэн тэрээр шинэ эрин зууныг авчрагч байв. Түүний дэлгэрүүлсэн үнэний мэдээ хожмын Өөрчлөн Шинэчлэгчдийн давж гарахааргүй, хэдэн зууны туршид хүрч чадаагүй цогц үнэн байв. Тэрээр далайцтай, гүн гүнзгий суурийг тавьж, туйлын бат бөх хийгээд үнэнийг тунхагласан бөгөөд, араас нь гарч ирсэн хүмүүс түүнийг нь засаж, сэлбэх шаардлага гаргаагүй ажээ.{АМ 93.1} Aм 79.3

Бодол санаа, оюун ухааныг сэрээж, Ромын хүчинд удаан чирэгдсэн үндэстнүүдийг чөлөөлөхийн тулд Виклифийн эхлүүлсэн агуу хөдөлгөөн Библи дээр үндэслэсэн байжээ. Энэхүү амийн ус адил ерөөлийн булаг арван дөрөвдүгээр зуунаас эхлэн, олон үеийн туршид оргилсоор байна. Виклиф Ариун Бичээсийг Сүнсээр өгөгдсөн Бурханы хүсэл бөгөөд итгэл ба амьдралын найдвартай удирдамж гэдэгт бүрэн итгэдэг байв. Тэрээр Ромын сүм Бурханы байгуулсан, алдаа дутагдалгүй, мянган жилийн туршид тогтсон үзэл баримтлал зан заншлыг үг дуугүй хүндэтгэх ёстой гэсэн үзлээр хүмүүжсэн ч Бурханы ариун үгэнд дуулгавартай байхын тулд Ромын эрх мэдлээс нүүр буруулсан юм. Виклиф Библийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхийг уриалдаг байв. Тэрээр папын сүм бол цорын ганц эрх мэдэл бус харин үгээрээ бидэнтэй яригч Бурханы дуу хоолой бол хамгийн агуу эрх мэдэл хэмээн зарлан тунхаглаж байв. Виклиф Библи бол Бурханы хүслийн төгс илчлэлт төдийгүй, Ариун Сүнс бол Библийг тайлбарлагч бөгөөд хүн бүр Библийг бие даан судалж амьдралаа удирдуулах ёстой хэмээж байв. Ийнхүү хүмүүсийн анхаарал пап болон Ромын сүмээс хөндийрч, Бурханы үгэнд хандсан юм.{АМ 93.2} Aм 79.4

Виклиф хамгийн агуу Өөрчлөн Шинэчлэгчдийн нэг байлаа. Түүний мэдлэг, саруул ухаан, үнэнийг баримтлах тууштай зан, үнэнийг хамгаалах хатан зоригтой дүйцэх хүн араас нь гарч ирээгүй юм. Өөрчлөн Шинэчлэгчдийн анхдагч болсон Виклиф цэвэр ариун амьдралтай, хөдөлмөрч, тууштай, ноён нуруутай хүн байсан бөгөөд түүний үйлчлэл Христийн хайр, итгэмжит байдлаар дүүрэн байв. Тэрээр оюун санааны түнэр харанхуй, ёс суртахуунаар ялзарсан цаг үед амьдарч байсан үед гарч ирсэн юм.{АМ 94.1} Aм 80.1

Виклифийн зан чанар Ариун Бичээсийн сурган хүмүүжүүлэх, өөрчлөх хүч чадлын гэрчлэл юм. Библи л түүнийг тийм хүн болгожээ. Бурханы агуу үнэнийг ойлгох хичээл зүтгэл хүний бүх чадварыг сэргээж, хүч чадал хайрладаг ажээ. Энэ нь оюун санааны хүрээг тэлж, мэдрэхүйг хурцалж, шүүн тунгаах чадварыг хөгжүүлдэг билээ. Библи судлал нь бусад судлалыг бодвол бодол, мэдрэмж, хүсэл тэмүүллийг өндөрт өргөдөг агуу зүйл билээ. Библи туйлбартай зан, зорилго, тэвчээр, эр зориг, тэсвэр хатуужлыг өгдөг бөгөөд хүний зан чанарыг шинэчилж, зүрх сэтгэлийг ариусгадаг юм. Бичээсийг судалж буй хүн оюун санааны хязгааргүй хүч нөлөөтэй шууд холбогддог ба Бичээсийг чин сэтгэлээр, хүндэтгэлтэй судлах нь гүн ухааны гайхамшигтай үзлээс илүүтэй оюуны хүч чадал, тэмүүлэл, дэглэмтэй хүнийг бэлтгэдэг юм. Энэ тухай дуулаач «Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг” хэмээжээ. Дуулал 119:130. {АМ 94.2} Aм 80.2

Виклифийн заасан сургаалууд цааш тархаж, Виклифчууд, Лоллардууд хэмээн олноо танигдсан дагалдагчдыг бий болгож, тэд Англи төдийгүй бусад улс орнуудад сайн мэдээ дэлгэрүүлсэн байна. Удирдагчаа алдсан номлогчид урьдынхаасаа илүү шаргуу зүтгэж, олон хүн сургаалыг нь сонсохоор ирдэг болжээ. Зарим ихэс дээдсүүд, эзэн хааны эхнэр хүртэл тэдний дунд багтаж байлаа. Газар сайгүй хүмүүсийн амьдралд эрс өөрчлөлт гарч, Ромын хиймэл шүтээнүүд сүмүүдээс зайлуулагджээ. Харамсалтай нь Библид итгэсэн хүмүүсийг хайр найргүй хавчин гадуурхаж байлаа. Ромын дэмжлэгээр хүч чадлаа зузаатгахыг санаархсан Англи хаад Өөрчлөн Шинэчлэгчдийг хороохдоо огтхон ч эмзэглээгүй юм. Ийнхүү Английн түүхэнд сайн мэдээ түгээгчдийг галдан шатаах анхны тогтоол гарчээ. Олон хүн итгэлийнхээ төлөө амиа алдсаар байлаа. Хоригдож, эрүү шүүлтэнд орсон үнэнийг өмгөөлөгчдийн дуу хоолой зөвхөн Амралтын Өдрийн Эзэний сонорт хүрч байв. Сүмийн дайсан, эх орноосоо урвагч гэж тооцогдогчид нууц газруудаар сургаалаа зааж, ядуусын оромжинд нуугдан, хадан хавцал, агуйд бүгдэг болов., {АМ 94.3} Aм 80.3

Хатуу ширүүн хавчлагыг сөрөн, газар авч буй гажуудлын эсрэг олон зууны турш энх тайвны замаар, тууштай, чин сэтгэлийн, тэвчээртэй эсэргүүцэл өрнөж байсныг дурдах хэрэгтэй. Тэрхүү эртний итгэгчид үнэний талаар хагас хугас мэдлэгтэй байсан хэдий ч Бурханы үгийг хайрлаж, Бурханы үгийн төлөө тэвчээртэйгээр зовж шаналсан юм. Элч нарын үеийн дагалдагчдын адил олон хүн Христийн сайн мэдээний төлөө дэлхийн эд баялгаа орхижээ. Орон гэртэйгээ үлдсэн хүмүүс зовлонд нэрвэгдсэн ах дүүсээ баяртайгаар хүлээн авсан бөгөөд, тэд хожим нь гэр орноосоо хөөгдөхдөө гадуурхагдсан хүмүүсийн эгнээнд баяртайгаар нэгдэж байв. Мөн хавчигч хүчний уур хилэнд сүрдэж, итгэлээ орхин, хуурамч эрх чөлөөг олж, шоронгоос гарч, гэмшсэн дүр исгэх олон мянган хүн байсаар байна. Гэвч тэдний дунд шорон гянданд, Лоллардуудын цамхаг, гал ба зовлон дунд үнэнийг аймшиггүйгээр гэрчлэн «Христийн зовлонг хуваалцагч» гэж тооцогдохдоо баяртай байгаа энгийн даруу язгууртнууд цөөнгүй байв.{АМ 95.1} Aм 80.4

Папыг дэмжигчид Виклифийг амьд байхад хүслээ гүйцээж чадаагүй тул тайван нойрсохыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Түүнийг өөд болсноос дөч гаруй жилийн дараа Констанцын Зөвлөлийн шийдвэрээр ясыг нь булшнаас ухаж гаргаад, олны өмнө шатааж, чандрыг нь булгийн усанд урсгажээ. Энэ тухай «Түүний чандрыг асгасан булгийн ус Авон голд, Авон гол Северн мөрөнд, Северн мөрөн тэнгис далай руу цутгасан билээ.» Ийнхүү Виклифийн чандар сургаалтай нь адил, дэлхий дахинд тархав» гэж өгүүлсэн байдаг.—Т. Fuller, Church History of Britain, b. 4, sec. 2, par. 54. Виклифийн дайснууд бузар үйлсийнхээ утга учрыг өчүүхэн төдий ч ойлгож ухаараагүй. {АМ 95.2} Aм 81.1

Виклифийн бичээсүүдийн ачаар Бохемийн Жонн Хасс, Ромын сүмийн олон алдааг эсэргүүцэж, өөрчлөн шинэчлэлтийн үйлсэд нэгдсэн юм. Ийнхүү алслагдмал хоёр улсад үнэний үр үрсэлсэн аж. Бохемийн сайн мэдээ бусад улсуудад түгж байлаа. Хүмүүсийн оюун ухаан удаан мартагдсан Бурханы үгэнд анхаарч эхэлсэн бөгөөд Бурхан Агуу Өөрчлөн Шинэчлэлтийн замыг бэлдэж өгсөн юм. {АМ 96.1} Aм 81.2