Агуу Мэтгэлцээн
Оршил
Гэм нүгэл дэлхийд орж ирэхээс өмнө Адам, Бүтээгчтэйгээ дотно харилцаатай байв. Гэвч хүн гэм нүгэл үйлдэн Бурханаас хөндийрснөөсөө болж, Бурхантай харилцах агуу боломжоо алджээ. Гэвч Авралын төлөвлөгөөний ачаар дэлхийн оршин суугчид Бурхантай холбоотой байх боломжтой болсон юм. Бурхан Сүнсээр дамжуулан хүмүүстэй холбоо тогтоож, Өөрийн сонгосон хүмүүстээ үнэнийг илчлэн харуулснаар Бурханы үнэний гэрэл дэлхийг гэрэлтүүлсээр байна.«Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.» 2 Петр 1:21. Aм 9.1
Бурханы илчлэлтийг хүн төрөлхтний түүхийн эхний хоёр мянга таван зуун жилийн туршид бичиж тэмдэглэж байсангүй. Бурханы сургаалыг сонсож мэдсэн хүмүүс амнаас ам дамжуулан, мэдсэнээ бусдад хуваалцаж, эцгүүд хойч үе болох үр хүүхдүүддээ өвлүүлэн дамжуулдаг байжээ. Бурханы үг Бичээс болох бэлтгэл Мосегийн цаг үед эхэлсэн юм. Бурханы илчлэлтүүдийг Бурханы Ариун ном хэмээн тооцох болов. Ариун номыг бүтээх ажил буюу дэлхийн бүтээл ба Бурхан хуулиа өгсөн түүхийг тэмдэглэн үлдээсэн Мосегээс эхлээд сайн мэдээний хамгийн агуу үнэнийг бичиж тэмдэглэсэн Иохан хүртэл мянга зургаан зуун жилийн хугацаа өнгөрсөн байна. Aм 9.2
Библи Бурханыг зохиолчоо хэмээн тодорхойлдог ч Библийн үгсийг хүний гараар бичиж үлдээсэн юм. Ном бүр тус тусдаа өөр өөр бичээчийн янз бүрийн хэв маягаар бичигдэн онцлог шинж чанарыг агуулсан байна. Бурханы илчлэн харуулсан үнэн бүхэлдээ «Бурханы амьсгалаар» бичигдсэн (2 Тимот 3:16) бөгөөд Бурхан үнэнээ хүний үгсээр дамжуулан илэрхийлсэн юм. Хязгааргүй мэргэн ухааны ундарга болох Нэгэн Ариун Сүнсээрээ зарц нарынхаа бодол санаа, зүрх сэтгэлд үнэний гэрлээ цацруулсан юм. Бурхан зүүд, үзэгдэл, шинж тэмдэг, дүрслэлүүдээр үгээ илчилжээ. Ийнхүү үнэний илчлэлтийг хүлээн авсан хүмүүс Бурханы харуулсан үзэл бодлыг хүний хэлээр хөрвүүлж, буулгасан юм. Aм 9.3
Харин Бурхан Арван Хуулиа амаараа хэлж, мутраараа бичиж үлдээжээ. Арван Хууль бол цэвэр Бурханаас ирсэн үгс бөгөөд аль ч хэсэг нь хүний үзэл санаа, өгүүлэмж биш юм. Гэвч Библи дээрх Бурханы өгсөн үнэнийг хүний хэлээр илэрхийлснээр Бурхан хүний авралын төлөө хүнтэй хамтран ажилласан болохыг харуулдаг юм. Ийм хамтын үйлчлэл, эв нэгдлийн жишээг бид Бурханы Хүү ба Хүний Хүү болох Христээс харж болно. Тиймээс Библи Христтэй адил, «Үг нь махан бие болж бидний дунд оршсон» билээ. Иохан 1:14. Aм 9.4
Янз бүрийн цаг үед, төрөл бүрийн албан тушаал, ажил мэргэжилтэй, оюун санаа болон сүнслэг ивээлээр ивээгдсэн, нэг нэгнээсээ ялгаатай хүмүүс Библийг янз бүрийн арга хэлбэрээр, олон төрлийн сэдвийн дагуу бичиж үлдээсэн билээ. Төрөл бүрийн хүмүүс янз бүрийн хэлбэр загвараар үнэнийг илэрхийлсэн боловч нэг л ижил үнэнийг бие биенээсээ эрс ялгаатайгаар танилцуулжээ. Олон хүн харилцан адилгүй сэдвүүдээр үнэнийг танилцуулахад Библийг өнгөц, анхааралгүй эсвэл эсэргүүцэхээр уншиж байгаа хүнд алдаа, зөрчилдөөнтэй мэт санагдаж болох юм. Гэвч сайтар тунгааж, Бичээст хүндэтгэлтэй хандаж, нээлттэй бодол санаагаар уншвал Библийн үнэн хоорондоо нийцэлтэй, нарийн холбоотой болохыг мэдэх болно. Aм 10.1
Библийн үнэнийг төрөл бүрийн хүмүүс бичиж үлдээсэн учир олон өнцгөөс харуулсан байна. Жишээ нь нэг бичээч ямар нэгэн сэдвийн нэг өнцгийг илүү үзэж, хүчтэй сэтгэгдэлтэй хандсан бол, тэрээр өөрийн амьдралын туршлага эсвэл ухаарал дээр үндэслэн үнэнийг ухаж ойлгох болно. Гэвч өөр нэг хүн тухайн үнэнийг өөр өнцгөөс нь харж болно. Ийнхүү ялгаатай ойлголт, өөр үзэлтэй хүмүүс Ариун Сүнсний удирдлага дор оюун ухаанд нь хамгийн ихээр нөлөөлсөн зүйлсийг бичиж тэмдэглэсэн болно. Тэд нэг ижил үнэнийг өөр өөр талаас нь танилцуулах боловч эдгээр нь бүрэн утгаараа үнэнтэй төгс зохицсон байна. Ийнхүү өөр өөр аргаар илчлэгдсэн үнэн хүний амьдралын бүхий л нөхцөл байдал, аж амьдралд нийцэхүйц хэрэгцээг хангаж, төгс үнэнийг бүрэлдүүлэн бий болгодог ажээ. Aм 10.2
Бурхан хүмүүсийг ашиглан үнэнийг танилцуулах хүсэлтэй байсан бөгөөд Ариун Сүнсээрээ дамжуулан хүмүүсийг энэхүү чухал ажилд мэргэшүүлж, үүргээ амжилттай гүйцэтгэх боломж, ивээлүүдээр хангажээ. Бурхан хүмүүсийнхээ оюун ухааныг удирдан юуг өгүүлэх, юуг бичихийг удирдан чиглүүлжээ. Ийнхүү үнэт эрдэнэсийг шавраар хийсэн вааранд хадгалсантай адил Тэнгэрийн үнэнийг мөхөс хүнд дамжуулуулахаар даалган өгсөн юм. Бурханы гэрчлэлийг хүний төгс бус, мөхөс хэл яриагаар дамжуулсан ч Бичээс бол Бурханы гэрчлэл юм. Дуулгавартай, итгэлтэй Бурханы хүүхдүүд Библиэс Бурханы хүч, өршөөл нигүүлсэл, үнэнийг олж харах болно. Aм 10.3
Бурхан үгээрээ дамжуулан аврагдахад шаардлагатай бүх мэдлэгийг хүмүүст өгчээ. Ариун Бичээс Бурханы хүслийн алдаа мадаггүй, эрх мэдэлтэй илчлэлт юм. Бичээс зан чанарын жишиг, үнэн сургаал, зөвт амьдралын шалгуур юм. «Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” 2 Тимот 3:16,17. Aм 10.4
Бурхан Үгээрээ дамжуулан хүслээ илчилснээр Ариун Сүнсний оршихуй, чиглүүлэн удирдах хэрэгцээг байхгүй болгосон юм биш. Эсрэгээрээ, Аврагч Сүнсээ илгээнэ гэж амлан, зарц нартаа Үгээ өгч, сургаалаа ойлгуулж, амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг зааж өгөхөө амласан билээ. Бурханы Сүнс Библийг бичүүлсэн тул Бурханы Сүнсний сургаал Бичээстэй ямар ч нөхцөлд харшлах ёсгүй. Aм 11.1
Ариун Сүнсийг Библийг орлуулахын тулд өгөөгүй бөгөөд өгөх ч боломжгүй. Учир нь Бичээст Бурханы үг бүх сургаал, хэрэгжүүлэлтийг шалгах хэм хэмжээ болох ёстой гэж бичжээ. Элч Иохан, «Сүнс болгонд бүү итгэ, харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгчид дэлхийд гарсан байна” 1 Иохан 4:1, гэсэн бол Исаиа, «Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ» хэмээжээ. Исаиа 8:20. Aм 11.2
Өөрсдийгөө Бурханаас гэрэл хүлээн авсан учир цаашид Бурханы үгээр удирдуулах шаардлагагүй болсон гэж хэлж буй хүмүүс Ариун Сүнсний ажлыг буруугаар ойлгоход нөлөөлсөөр иржээ. Тэд зүрх сэтгэлдээ хөтлүүлсэн Бурханы дуу хоолой гэж үзэж буй сэтгэгдлүүдээрээ удирдуулдаг ба тэднийг удирдаж буй сүнс бол Бурханы Сүнс биш юм. Бичээсийг үл тоомсорлож буй хүмүүс зөвхөн төөрөлдөж, хууртагдаж, сүйрэх болно. Тэд зөвхөн бузар нэгний ажлыг дэмжиж, хөгжүүлэхээр үйлчлэх болно. Христийн сүмд Ариун Сүнсний үйлчлэл маш чухал ач холбогдолтой тул Сатан туйлшрагч, хэт нэг талыг баригчдын алдаатай үзлээр дамжуулан Ариун Сүнсний үүргийг үл тоомсорлохыг өдөөх болно. Ингэснээр Бурханы хүмүүс Эзэн Бурханы өгсөн хүч чадлын эх үүсвэрийг үл тоомсорлох юм. Aм 11.3
Бурханы үгэнд Түүний Сүнс сайн мэдээг тунхаглах бүх цаг үед ажлаа үргэлжлүүлнэ гэжээ. Хуучин ба Шинэ Гэрээг бичиж байх үед Ариун Сүнс Ариун Бичээсийг нэгдмэл нэг ном болох хүртэл хувь хүмүүсийн оюун ухаанд гэрэл гэгээгээ хуваалцахаа зогсоосонгүй. Библид хүмүүс Ариун Сүнсээр дамжуулан Бичээс болгон үлдээх зорилгогүйгээр анхааруулга, зэмлэл, зөвлөгөө, заавар болгон хүлээн авч байсан тухай танилцуулдаг. Мөн хэлсэн үгс нь тэмдэглэгдэж үлдээгүй эш үзүүлэгчид бүх цаг үед байсан гэдгийг ч Библи дурдсан байна. Үүнтэй адил Бичээс бүрдэж дууссаны дараа Ариун Сүнс Бурханы хүүхдүүдийг гэгээрүүлж, сэрэмжлүүлж, тайвшруулах ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Aм 11.4
Есүс дагалдагчдадаа, «Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.» «Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн рүү удирдана ... ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ» гэжээ. Иохан 14:26; 16:13. Бичээст эдгээр амлалтууд нь зөвхөн элч нарын өдрүүдээр хязгаарлагдах бус харин Христийн бүх цаг үеийн сүмүүдэд хамаарах болно гэдгийг заажээ. Аврагч дагалдагчдадаа хандан, «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэж амласан юм. Матай 28:20. Элч Паул «Сүнсний бэлгүүд, илчлэлтүүд сүмд өгөгдөх бөгөөд, эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ» хэмээн тунхаглажээ. Ефес 4:12,13. Aм 12.1
Элч Ефест байгаа итгэгчдийнхээ төлөө залбирахдаа, «Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт мэргэн үхаанхийгээд илчлэлтийн сүнсийг өгч, Түүнийг дүүрнээр мэдүүлж, Та нарын зүрхний мэлмийг гийгүүлэх болтутай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг... мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай!” Ефес 1:17-19. Паул бурханлаг Сүнсний үйлчлэл Ефесийн сүмийн гишүүдийн оюун ухаан, ойлголтод Бурханы ариун үгийн гүн гүнзгий зүйлсийг ухааруулж өгөөсэй хэмээн залбирчээ. Aм 12.2
Пентекостын өдөр Ариун Сүнс гайхамшигтайгаар буун ирсний дараагаар Петр хүмүүст гэм нүглээсээ салахын тулд гэмшиж, баптисм хүртэхийг уриалсан байна. Тэр, «Та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ.» Үйлс 2:38, 39. Aм 12.3
Эш үзүүлэгч Иоел Бурханы агуу өдрийн үзэгдлүүдийн талаар зөгнөж, Ариун Сүнс онцгой байдлаар буун ирнэ хэмээжээ. Иоел 2:28. Энэ зөгнөл Пентекостын өдөр Ариун Сүнсний буун ирэх үед бүрэн бус биелсэн ба сайн мэдээний ажил дуусгавар болох үед Бурханы нигүүлсэл өгөгдөхөд бүрэн биеллээ олох болно. Aм 12.4
Сайн ба муугийн агуу тэмцэл дэлхийн цаг хугацааны төгсөлд улам нэмэгдэх болно. Сатаны уур хилэн бүх цаг хугацаанд Христийн сүмийн эсрэг байсаар ирсэн бөгөөд Бурхан хүмүүсээ хүчирхэгжүүлж, бузар нэгнийг эсэргүүцэх хүч чадалтай байлгахын тулд Өөрийн нигүүлсэл ба Сүнсээ өгчээ. Христийн дагалдагчид Түүний сайн мэдээг дэлхий дахинд тунхаглаж, бүх цаг үеийн хүмүүст сайн мэдээг бичиж үлдээхдээ Сүнсний онгод тусламжийг хүртсэн юм. Бурханы сүм авралд ойртох эцсийн цаг үед Сатан илүү их хүчээр ажлаа хийх болно. Тэрээр «... богинохон хугацаа байгааг мэдэж байгаа тул үлэмж их уур хилэнтэйгээр» бууж ирнэ. Илчлэлт 12:12. Сатан өөрийн «... бүх хүч ба тэмдгүүд, худал хуурмаг гайхамшгуудаа” ашиглах болно. 2 Тесалоник 2:9. Бурханы тэнгэр элчүүдийн дунд хамгийн өндөр байр суурь эзэлж байсан тэрээр зургаан мянган жилийн туршид хууран мэхлэх, сүйрүүлэх ажилд өөрийгөө бүрэн зориулсан юм. Дэлхийн сүүлчийн цаг үед Сатан Бурханы ард түмнийг эцсийн удаа эсэргүүцэн тэмцэхийн тулд хамгийн харгис хэрцгий, хамгийн гүн гүнзгий чадвар, хууран мэхлэлтээ ашиглах болно. Энэхүү аймшигтай аюул заналхийллээр дүүрэн цаг үед Христийн дагалдагчид Их Эзэний хоёр дахь ирэлтийн тухай сэрэмжлүүлгийг дэлхий дахинд түгээж, хүмүүс Бурханы өмнө «Толбогүй, гэм зэмгүй» зогсоход бэлэн болгогдсон байх ёстой. 2 Петр 3:14. Энэ үед бурханлаг нигүүлсэл ба хүч нь элч нарын өдрүүдэд өгөгдсөнөөс дутахгүйгээр хэрэгцээтэй байх болно. Aм 12.5
Сайн ба муугийн удаан үргэлжилж буй зөрчилдөөн Ариун Сүнсний тусламжтайгаар эдгээр хуудсуудыг бичиж буй бичээчид үзэгдсэн юм. Зарим үед би Амийн Хан хүү, авралыг соёрхогч Христ болон бузар муугийн хан хүү, Бурханы Ариун Хуулийг анхлан зөрчигч Сатаны агуу тэмцэл янз бүрийн цаг үед өрнөж буйг харах боломжоор хангагдсан юм. Сатаны Христийг эсэргүүцэж буй дайсагнал нь Түүний дагалдагчдын эсрэг илрэн харагдсаар байна. Худал хуурмагийг үнэн мэт харагдуулах, Бурханы хуулийг хүний хуулиудаар орлуулах, хүмүүст Бүтээгчийг биш харин бүтээлүүдэд мөргөхийг заахад ашигласан Бурханы хуулийн зарчмуудыг үзэн ядах, хууран мэхлэх мөнөөх л бодлогуудыг өнгөрсөн түүхийн туршид харсаар байв. Бурханы зан чанарыг буруугаар танилцуулах, хүмүүст Бүтээгчийн талаар хуурамч ойлголт өгөх, улмаар Түүнд хайраар биш харин айдас, үзэн ядалтаар хандах, Бурханы хуулийг үл тоох, хүмүүст Бурханы хуулийн шаардлагыг биелүүлэх шаардлагагүй гэж ойлгуулах, хууран мэхлэлтийг нь эсэргүүцэж зүрхэлсэн хүмүүсийг хавчин гадуурхах үйл ажиллагаа бүх зууны турш тууштай явагдсаар иржээ. Эдгээрийг бид эцэг өвгөд, эш үзүүлэгчид, элч нар, амиа зориулагсад, Өөрчлөгч Шинэчлэгчдийн түүхээс харж болно. Aм 13.1
Эцсийн тэмцлийн цаг үед Сатан урьд өмнө баримталж байсан бодлого, ижил итгэл үнэмшил, ижил зорилгоо ашиглах болно. Урьд өмнө явагдаж байсан хавчлага явагдсаар байх болно. Харин ирээдүйд болох тэмцэл нь дэлхий дахин урьд өмнө хэзээ ч харж байгаагүйгээр, аймшигтай эрчимтэй явагдах болно. Сатаны хууран мэхлэлт маш нарийн аргаар явагдаж, түүний довтолгоо тодорхой харагдаж эхэлнэ. Хэрэв боломжтой бол тэрээр аврагдахаар сонгогдсон хүмүүсийг хүртэл төөрөлдүүлнэ. Марк 13:22. Aм 13.2
Бурханы Сүнс оюун ухаанд маань Үгийнхээ агуу үнэнийг нээн өгч, өнгөрсөн ба ирээдүйн үйл явдлуудыг харуулахад би илчлэгдсэн зүйлсийг бусдад мэдүүлэх хүсэлтийг хүлээн авсан юм. Би өнгөрсөн түүхийн цаг үед болж байсан тэмцлүүдийг ирээдүйд маш хурдан болох тэмцэлтэй холбон танилцуулах үүрэгтэй болсон. Би энэ зорилгыг биелүүлэхийн тулд өөр өөр цаг үед дэлхий дахинд өгөгдсөн, Сатаны уур бухимдлыг өдөөж байсан, дэлхийг хайрлаж буй сүмийн дайсагнал, «Өөрсдийгөө үхлээс харамлаагүй” хүмүүсийн гэрчлэлийг, дэлхий дахинд өгөгдсөн шалгарсан үнэнийг танилцуулж, дэлгэрүүлэн сүмийн түүхийн үйл явдлуудыг нэгтгэж, багцлахыг хичээлээ. Aм 14.1
Энэ номоос бид ирээдүйд болох тэмцлийг харж болно. Эдгээр үгсийг Бурханы Үгээс цацрах гэрэл, Бурханы Сүнсний тусламжтайгаар судалснаар бид хорон муу нэгний арга залийг мэдэж, Их Эзэнийг морилон ирэхэд «Гэм буруугүй» хүмүүсийн зайлсхийх ёстой аюулыг ялган таних болно. Aм 14.2
Өнгөрсөн цаг үед Өөрчлөлт Шинэчлэлтийг авчирсан томоохон үйл явдлууд нь түүх болон үлджээ. Энэ үйл явдал Протестант ертөнцөд бүгд хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд хэн ч эдгээр баримтуудыг үгүйсгэж чадахгүй. Энэхүү номондоо товч танилцуулсан Өөрчлөлт Шинэчлэлтийн түүхийн цар хүрээг онцгойлон анхааралтай ажиглах хэрэгтэй. Түүхэн баримтуудыг ирээдүйд хэрэгцээтэй байлгаж, зөв ойлголт өгөхийн тулд бага зайд багтааж, товчлон бичлээ. Түүхч сэдвийг товч байдлаар, нарийвчлан харах боломжтой болгож, эсвэл нарийвчилсан мэдээлэл өгөхийн тулд тодорхой түүхийн үйл явдлуудыг нэгтгэсэн зарим тохиолдлуудад би түүхчийн үгийг эш татлаа. Гэвч зарим тохиолдолд зарим түүхчдийн хэлсэн үгсийг би нэр цохож эш татаагүй. Учир нь би эшлэл татсан зохиолчийг үнэнийг бодитойгоор, эрх мэдэлтэйгээр хүүрнэсэн гэж үзээгүйтэй холбоотой юм. Түүхчийн хэлсэн үгс тухайн сэдвийг тодорхой, ойлгомжтой танилцуулах боломжийг олгосон учраас ашигласан болно. Миний амьдарч байгаа цаг үеийн Өөрчлөлт Шинэчлэлтийг хийж байгаа хүмүүсийн туршлага, үзэл бодлыг ашиглахдаа би дээрхтэй адил зарчмаар тэдний хэвлэмэл бүтээлүүдийг ашигласан билээ. Aм 14.3
Ном маань ирээдүйн үйл явдалтай холбоотой баримт, зарчмуудыг гаргаж ирэх зориулалттай байсан болохоос өнгөрсөн үеийн үнэний төлөөх тэмцлийн талаар шинэ үзэл санааг танилцуулах зорилгыг агуулаагүй. Өнгөрсөн үйл явдлууд гэрэл болон харанхуйн хүчний зөрчилдөөний нэг хэсэг бөгөөд тэдгээр үйл явдлууд ирээдүйн талаар ойлголт өгч, өнгөрсөн үеийн Өөрчлөгч Шинэчлэгчид шиг, «Бурханы Үг болон Есүсийн гэрчлэлийг» дэлхий дахинд тунхаглаж, дэлхийн бүх зүйлсээ орхих дуудлагыг олон хүн хүлээн авах учраас өнгөрсөн үйл явдлуудад анхаарал хандуулсан болно. Aм 14.4
Энэ ном үнэн ба худал хуурмагийн хоорондох агуу тэмцлийг танилцуулж, Сатаны заль мэхийг илчилж, түүнийг амжилттай эсэргүүцэх арга хэрэгслийг харуулж, бузар муугийн асуудлыг зөвөөр шийдвэрлэж, гэм нүглийн үүсэл, эцсийн үр дүнг ойлгуулж, Бурханы бүтээлүүдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн тусламжаа үзүүлдгийг зөвөөр мэдүүлэн, Бурханы хууль өөрчлөгдөшгүй, ариун болохыг ухааруулах зорилготой юм. Энэхүү номын нөлөөгөөр хүмүүс харанхуйн хүчнээс чөлөөлөгдөж, биднийг хайрлаж, Өөрийгөө бидний төлөө зориулсан Нэгэнийг магтан алдаршуулж, «Гэрлээр дамжуулан авралыг өвлөгчид» болоосой хэмээн бичээч миний бие чин сэтгэлээсээ залбирч байна. Aм 15.1
Элен Уайт