Агуу Мэтгэлцээн
17—Үурийн Гэгээг Зарлагчид
Библийн илчилсэн хамгийн гайхамшигтай, хамгийн агуу үнэн бол авралын агуу үйлсийг дуусгахаар Христийн дахин ирнэ гэсэн мэдээ. «Үхлийн айдас болон бодит байдал дундуур” аялж буй Бурхан ард түмэндээ «Дахин амилалт, амь” болон «Орон гэргүй болсон хүмүүсээ гэрт нь буцаахаар ирнэ гэсэн гайхамшигт найдварыг амлажээ. Есүсийн дахин ирэлт бол Ариун Бичээсийн хамгийн чухал сургаал юм. Анхны хос Еденээс уй гашууд автан гарснаас хойш итгэлийн хүүхдүүд Сүйрлийн хүчийг дарж, Диваажинд буцаан аваачих Амлагдсан Нэгэний ирэхийг хүсэн хүлээсээр ирсэн билээ. Эртний итгэлтэй хүмүүс Мессиа алдраа гэрэлтүүлэн дахин ирэхийг итгэл найдварын эцсийн биелэл гэж тооцож байв. Едений оршин суугчдын долоо дахь үе болох Бурхантай гурван зууны туршид алхсан Енох Аврагчийн ирэхийг урьдчилан харжээ. Тэрээр «Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв» (Иуда 14,15) хэмээн тунхаглав. Иов зовлонд автсан шөнөө итгэлтэйгээр «Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ .... би махан биеэрээ Бурханыг харах болой. Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг, өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно” хэмээжээ. Иов 19:25-27. {АМ 299.1} Aм 245.1
Зөв шударгын хаанчлалыг тогтоох Христийн ирэлт ариун хүмүүсийг эрхэм, гал цогтой үгсийг бичихэд нөлөөлсөн байна. Библийн яруу найрагчид, эш үзүүлэгчид энэ тухай тэнгэрийн галыг бадраасан үгсийг бичин үлдээжээ. Дуулаач Израилийн Хааны хүч чадал, сүр жавхлангийн тухай «Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулжээ. Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг.... Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулд Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудна.” Дуулал 50:2-4. «(Эзэний өмнө) Тэнгэрүүдийг баясгаж, газар дэлхийг баярлуул. ... Учир нь Тэр ирж байна. Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг Өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ” гэж өгүүлсэн байдаг. Дуулал 96:11-13. (AM 300 1) Aм 245.2
Эш үзүүлэгч Исаиа «Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь үхэгсдийг гаргана.» «Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно.» «Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн Бурхан бүх нүүрнээс нулимсыг арчин, өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь Эзэн үүнийг айлдсан юм. Тэр өдөр ‘Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Эзэн бол бидний хүлээсэн Эзэн. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе’” гэж айлдав. Исаиа 26:19, 25:8,9. {АM 300.2} Aм 246.1
Хабаккук үзэгдэлдээ Есүсийн дахин ирэлтийг үзээд, «Бурхан Теманаас морилон ирж, Ариун Нэгэн Паран уулаас заларна. Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна. Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.” «Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.” «Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн.» «Уулс Таныг хараад доргин чичирч,... Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө. Нар, cap байрандаа тогтов. Таны су мны гэрэ лд, гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо.» «Өөрийн ард түмний аврал болон тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ” гэв. Хабаккук 3:3,4,6,8,10,11,13. {АМ 300.3} Aм 246.2
Аврагч шавь нараасаа хагацах гэж байхдаа тэдэнд дахин ирнэ гэдгээ батлан «Та нар зүрхээ бүү зовоо.... Миний Эцэгийн гэрт орон байр олон бий.... Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна» хэмээв. Иохан 14:1-3. «Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулна.» Матай 25:31,32.{АМ 301.1} Aм 246.3
Христийг дээш өргөгдсөний дараа Олив ууланд үзэгдсэн тэнгэр элч, шавь нарт Түүний буцаж ирэхийг сануулан: «Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв.» Үйлс 1:11. Сүнсээр хөтлөгдсөн элч Паул «Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ» гэж тунхаглав. 1 Тесалоник 4:16. Харин Патм арал дээр байсан эш үзүүлэгч «Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна” хэмээжээ. Илчлэлт J.y {AM 301.2} Aм 246.4
Түүний дахин ирэлт «Бурхан ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх” (Үйлс 3:21) гайхамшигт биелэл байх болно. Тэгэхэд удаан оршин тогтносон бузар муугийн ноёрхол сөнөж «Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал» болж «Бурхан үеийн үед хаанчилна.» Илчлэлт 11:15. «Дараа нь Эзэний алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ.” «Эзэн Бурхан бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.» Тэрээр «Өөрийн амьд үлдсэн хүмүүст цог жавхлант титэм, үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болно.» Исаиа 40:5, 61:11, 28:5. {AM.301.3} Aм 247.1
Тэгэхэд Мессиагийн удаан амлагдсан амар тайвны хаанчлал тэнгэрийн дор байгуулагдах болно. «Үнэхээр Эзэн Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь Эзэний цэцэрлэг мэт болгоно.» «Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө.” «Үүнээс хойш чамайг ‘Мартагдсан’ хэмээн, чиний газрыг ‘Эзгүй зэлүүд’ гэж хэлэхгүй. Харин чамайг ‘Түүний доторх Миний баяр хөөр’ гэнэ.” «Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг чиний Бурхан чамд баярлана.” Исаиа 51:3, 35:2, 62:4,5.{АМ 302.1} Aм 247.2
Эзэний дахин ирэлт бүх үеийн үнэнч дагалдагчдынх нь найдвар байсаар иржээ. Олив ууланд Аврагчийг дахин ирэх амлалт шавь нарынх нь ирээдүйг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг нь уй гашууд дарагдалгүй, зовлон бэрхшээлд сөхрөхгүй, баяр хөөр итгэл найдвараар дүүргэсэн юм. Зовлон, хавчлагын дунд «Агуу Бурхан, бидний Аврагч Есүс Христийн үзэгдэх нь» тэдний «Ерөөлт найдвар” байсан юм. Эзэний дахин ирэлтийг харна гэж найдаж байсан хайртай хүмүүсээ оршуулж, уй гашууд автагдсан Тесалоник хотын Христэд итгэгчдэд Паул Аврагч дахин ирэхэд хүмүүс дахин амилах тухай сургаж байлаа. Христийн дотор үхэгсэд эхлээд амилж, амьд байсан хүмүүстэй нэгдэн, Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөх болно. Тэрээр «Аврагдагсад Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул” (1 Тесалоник 4:16-18) гэж айлдсан юм.{АМ 302.2} Aм 247.3
Патм хэмээх арал дээр Эзэний хайртай шавь, «Тийм ээ, Би удахгүй ирнэ» гэсэн амлалтыг нь сонсоод «Ирээрэй, Эзэн Есүс ээ!” (Илчлэлт 22:20) гэж урт замыг туулан цагаачилж яваа сүмийнхэнтэй адил залбирлыг хийж байв. {AM 302.3} Aм 247.4
Ариун хүмүүс болон эцсээ хүртэл үнэний төлөө шорон, түүдэг гал болон цаазын тавцан дээрээс гэрчилсэн итгэл, найдварын дуу хоолой нь эрин зууныг дамжин цуурайтсаар байна. Энэ итгэгчдийн нэг «Түүнийг дахин ирэх үед Түүнээс амилалтыг авна гэдэгтээ найдсан хүмүүс үхлийг үл тоож, үхэлд дийлдээгүй юм.»—Daniel Т. Taylor, The Reign of Christ on Earth: or, The Voice of the Church in All Ages, page 33. Тэд «Дахин амилахын» тулд булшинд орохоос айгаагүй.—Ibid., page 54. Тэд «Эзэн Эцэгийнхээ алдрын үүлс дотор залран ирж”, «Шударга хүмүүсийг хаанчлалдаа оруулахыг” хүлээж байлаа. Уолденсчууд ч мөн ийм итгэлтэй байв.— Ibid., pages 129-132. Виклиф Аврагчийн дахин ирэлтийг сүмийн гол итгэл найдвар гэж үзэж байлаа.—Ibid., pages 132-134.{АМ 302.4} Aм 247.5
Лютер «Би шүүлтийн өдөр гурван зуугаас илүү жил болохгүй гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Бурхан энэ нүгэлт дэлхийг үүнээс илүү тэвчихгүй.» «Бузар жигшүүрээр дүүрэн хаанчлал бүрэн сөнөх агуу өдөр ойртсоор байна” гэж тунхаглаж байв.—Ibid., pages 158,134. {AM 303.1} Aм 248.1
Меланктон «Энэ өтөлсөн дэлхий удахгүй төгсөх болно” гэж итгэж байв. Калвин Христэд итгэгчдэд «Христийн дахин ирэлт дэлхийн бүх үйл явдлуудаас хамгийн сайхан нь байна гэсэн хүсэл, хүлээлтээ бүү орхиорой» гэж тушааж «Итгэлийн гэр бүлийн гишүүд бүгдээрээ тэр өдрөөс хараагаа салгаж болохгүй» хэмээн тунхаглав. Тэрээр «Бид Эзэний хаанчлалын сүр жавхланг бүрэн харах агуу өдрийн нар мандах хүртэл Христийг хүсэн тэмүүлж, эрж хайж, бодож эргэцүүлэх ёстой” гэв.—Ibid., pages 158,134.{АМ 303.2} Aм 248.2
Шотланд Шинэчлэгч Нокс «Эзэн Есүс бидэнтэй адил биетэй өргөгдөөгүй гэж үү? Тэр буцаж ирэхгүй гэж үү? Бид Түүнийг тэнгэр элч нарын хамт ирнэ гэдгийг мэднэ” хэмээжээ. Үнэний төлөө амиа өгсөн Ридли, Латимер хоёр Эзэний ирэлтэд итгэн хүлээж байв. Ридли «Дэлхийн төгсгөл ойртож байгаад эргэлзэх хэрэггүй. Үүнд би итгэдэг, тиймээс ч ингэж ярьж байна. Бүгдээрээ Бурханы зарц Иоханы хамт Аврагч Есүс Христэд хандан зүрх сэтгэлдээ ‘Ирээрэй, Эзэн Есүс ээ! Ирээрэй’ хэмээн хашгирцгаая” гэж бичсэн байна.—Ibid., pages 151,145.{АМ 303.3} Aм 248.3
Бакстер «Эзэний дахин ирэлтийн тухай бодлууд надад хамгийн сайхан, баяр хөөртэй бодлыг төрүүлдэг” гэжээ.—Richard Baxter, Works, vol. 17, p. 555. «Түүний дахин ирэлтийг хүсэн мөрөөдөж, ерөөлт найдварыг хүлээх нь Түүний ариун хүмүүсийн итгэл болон зан чанараар илрэн харагддаг.» «Хэрэв үхлийг дахин амилалтаар ялан дийлэх ёстой эцсийн дайсан юм бол итгэгчид бид энэхүү эцсийн ялалтыг авчрах Христийн дахин ирэлтийн төлөө яаж чин сэтгэлээсээ залбирахад суралцах ёстой вэ?»—Ibid., vol. 17, р. 500. «Энэ бол итгэгч бүхний хүсэж, найдаж, хүлээж байсан өдөр бөгөөд тэдний авралын үйлс, хүсэл мөрөөдөл, чин сэтгэлийн хичээл зүтгэлийн биелэл юм.” «Эзэн, энэ сайхан өдрийг түргэлүүлээч!»— Ibid., vol. 17, рр. 182, 183. Элч нарын үеийн сүм, «Цөл дэх сүм” болох Өөрчлөн Шинэчлэгчдийн сүм ийм итгэл найдвартай байв.{АМ 303.4} Aм 248.4
Библийн Эш үзүүллэгт Христ хэрхэн дахин ирэх, дахин ирэх зорилго, ойрхон байгааг нь мэдүүлэх шинж тэмдгүүдийг зөгнөсөн билээ. Энэ тухай Есүс «Нар, cap, одод дээр тэмдэг бий болж» (Лук 21:25) «Нар Aм 248.5
харанхуйлж, cap гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгэхэд Хүний Хүү агуу сүр хүч, алдрынхаа үүлэн дунд ирэхийг тэд харна” гэж айлджээ. Марк 14:24-26. Мөн Илчлэгч дахин ирэлтийн өмнөх шинж тэмдгүүдийн талаар «Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, cap бүхэлдээ цус мэт улаан болов” гэж дүрсэлсэн байдаг. Илчлэлт 6:12.{АМ 304.1} Aм 249.1
Эдгээр зөгнөлүүд арван есдүгээр зуун эхлэхийн өмнөхөн биеллээ олжээ. 1755 онд энэхүү зөгнөлийн биелэл болж дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон юм. Лисбоны газар хөдлөлт гэдгээрээ алдартай энэхүү гамшиг Европ, Африк, Америкийн ихэнх хэсгийг хамарчээ. Газар хөдлөлт Гринланд, Энэтхэгийн баруун хэсэг, Мадейрагийн арал, Норвеги, Швед, Их Британи, Ирландад мэдрэгдэж байв. Газар хөдлөлтийн цар хүрээ дөрвөн сая хавтгай дөрвөлжин бээр байв. Африкт Европт болсонтой адил сүйрэл болжээ. Альжир улсын дийлэнх хэсэг сүйдэж, Мороккогийн ойр байсан наймаас арван мянган хүн амтай тосгон бүхлээрээ газарт залгиулсан юм. Асар том усны түрлэг дэгдэж, Испани болон Африкийн эргийн дагуух хотуудыг сүйрүүлж, аймшигт гарз хохирол тохиож байв.{АМ 304.2} Aм 249.2
Испани, Португаль улсууд сүйрэлд хамгийн их өртжээ. Кадизд ойролцоогоор жаран тохой өндөр далайн түрлэг үүссэн байна. «Португальд хамгийн томд тооцогдох уул толгод ёроолоосоо хүчтэй сэгсрэгдэж, зарим оргилууд ер бусын байдлаар бутарч, зэргэлдээх хөндийг үлэмж их шороогоор дарав.»—Sir Charles Lyell, Principles of Geology, page 495.{AM 304.3} Aм 249.3
Лисбон хотод «Газар доороос нүргэлэх дуу чимээ гарч, хүчит доргилт хотын үлэмж хэсгийг сүйрүүлжээ. Зургаан минут үргэлжилсэн газар хөдлөлтөд жаран мянган хүн үрэгдсэн байна. Далайн ус татарч, ёроол нь ил гаргаснаа, дахиад тавин тохой өндөр давалгаа болон буцаж ирсэн.» «Лисбонд болсон энэхүү ер бусын гамшгаас болж асар өртөгтэй гантигаар барьсан цоо шинэ боомт газарт шигдэн орсон байлаа. Тэнд үй олон хүн нурангинаас зугтан, аюулаас аврагдахаар цугласан боловч боомт гэнэт хүмүүстэй цуг газарт шигдэн орж, нэг ч хүний цогцос усан дээр хөвөн гарч ирээгүй юм.»—Ibid., page 495.{АМ 305.1} Aм 249.4
Газар хөдлөлтийн «Чичиргээний дараа сүм, дуган, томоохон олон нийтийн газрууд, хотын байшингуудын гуравны нэг нь нурж унажээ. Чичиргээнээс хойш хоёр цагийн дараа хотын дүүргүүдэд гал түймэр гарч, гурван хоног асар өргөн цар хүрээг хамарч, хотыг бүрэн сүйрүүлэв. Энэ газар хөдлөлт сүм, дугануудад хүмүүс цугларсан амралтын өдөр болсон бөгөөд цөөн хүн эсэн мэнд үлдсэн байдаг.»—Encyclopedia Americana, art. «Lisbon,» note (ed. 1831). «Хүн ардын айдас түгшүүр үгээр хэлэхийн аргагүй байлаа. Гашуудан уйлсан хүн байхгүй байв. Учир нь үйл явдал нулимс урсахын аргагүй гамшиг байлаа. Хүмүүс айдас, цочиролд автан нааш, цааш гүйлдэж, нүүрээ дарж, цээжээ дэлсэн ‘Өршөөн Соёрх, дэлхий сүйрч байна’ гэж хашгиралдаж байв. Хаа сайгүй эхчүүд үр хүүхдүүдээ мартаж, айж балмагдсан царай гарган гүйлдэж байв. Олон хүн сүм уруу хамгаалалт эрэн орсон боловч харамсалтай нь ариун шүтээнүүд хамгаалж чадаагүй. Золгүй амьтад дэмий л тахилын ширээг тэвэрч байлаа. Шүтээнүүд, тахилчид, ард иргэд хамт булшлагджээ.» Мөхлийн тэр өдөр хотод наян таван мянга орчим хүн амиа алдсан тооцоо гарчээ. {АМ 305.2} Aм 249.5
Энэ үйл явдлаас хорин таван жилийн дараа Библид эш үзүүлсэний дагуу нар, cap харанхуйлах дараагийн шинж тэмдэг бий болсон юм. Энэ үйл явдал хачирхалтай байсан ч шинж тэмдэг бий болсон цаг хугацаа нь сонин байв. Аврагч Чидун ууланд шавь нартайгаа ярьж байхдаа Христийн сүм удаан хугацаанд зовлон эдлэх ба тэр өдрүүдийг богиносгоно гэж амласан нь папын хавчлагын 1260 жилийг дурдсан хэрэг байв. Ийнхүү дахин ирэхийн өмнө үзэгдэх шинж тэмдгүүд хэзээнээс эхлэн илрэх цагийг танилцуулан «Харин тэр өдрүүдэд тэрхүү гай гамшгийн дараа нар харанхуйлж, cap гэрэлтэхгүй” хэмээжээ. Марк 13:24. Хавчлагын 1260 жилийн хугацаа 1798 онд дууссан юм. Гамшиг болохоос хорин таван жилийн өмнө папын хавчлага бүрэн зогссон байв. Христ энэхүү хавчлагын өдрүүдийн дараа нар харанхуйлна гэж зөгнөсөн ба 1780 оны 5 сарын 19-ний өдөр энэ эш үзүүллэг биелсэн юм.{AM 306.1} Aм 250.1
«1780 оны 5 сарын 19-ний нар харанхуйлсан үзэгдэл нь ... ганц тохиолдоогүй ч хамгийн ер бусын, учир нь үл олдох үйл явдал байв. Тэр өдөр Нью Ингландад тэнгэр, огторгуй бүхэлдээ түнэр харанхуй болсон.” —R. М. Devens, Our First Century, page 89.{AM 306.2} Aм 250.2
Массачусетс амьдарч байсан амьд гэрч уг үйл явдлыг дүрслэн «Өглөө нар тод мандсан ба үд дундын алдад халхлагдсан юм. Үүлс доош сууж, харлан, өтгөрч, аянга цахилж, тэнгэр хүчтэй дуугарч, бага зэрэг бороо орлоо. Есдүгээр цагийн орчимд үүлс нимгэрч, улаан хүрэн, бүрсгэр өнгөтэй болж, ер бусын гэрлийн нөлөөнд газар шороо, хад чулуу, мод, байшин, уул ус хийгээд хүмүүс маш өөр харагдаж байлаа. Хэдхэн хормын дараа өтгөн хар үүл тэнгэрийг бүхэлд нь бүрхэж, үдшийн есдүгээр цагийн адил харанхуй бүрхэв....{АМ 306.3} Aм 250.3
«Хүмүүсийн сэтгэлийг айдас, санаа зовнил хийгээд гайхшрал аажмаар эзэмдэв. Эмэгтэйчүүд гадаа гарч харанхуйг сонжиж, эрчүүд талбай дахь ажлаас, мужаан багаж хэрэгслээ, дархан алхаа, худалдаачин лангуугаа орхиж байлаа. Сургуулиуд тарж, айж сандарсан хүүхдүүд гэрийн зүг яаравчлав. Аянчид ойр байсан фермийг бараадаж, ‘Юу болоод байна аа?’ гэсэн асуулт хүн бүрийн сэтгэл зүрхэнд бууж байлаа. Хар шуурга бүхнийг хаман одож, бүх зүйл устаж үгүй болох гэж байгаа мэт санагдаж байв.{АМ 306.4} Aм 250.4
«Хүмүүс намрын саргүй шөнө байгаа мэт лаа асааж, зуухандаа гал ноцоожээ. ... Шувууд үүрэндээ орон нойрсож, мал сүрэг хашаандаа цугларч, мэлхий дуугарч, шувууд шөнийн дуугаа дуулан, сарьсан багваахай нисэж эхэллээ. Гэвч хүмүүс шөнө болох болоогүй гэдгийг мэдэж байлаа.... {AM 307 1} Aм 251.1
«Салем дахь Табернакл сүмийн пастор, доктор Натанел Уиттакер сүмдээ шашны цугларалт хийж, тэрхүү харанхуйг ер бусын үйл явдал байсан гэж батлан номлож эхэлжээ. Өөр олон газар хүмүүс сүмүүдэд хуран цугларч байв. Номлогчдын сургаалдаа ашигласан Библийн эшлэлүүдэд харанхуй болж байгаа нь Бичээсийн зөгнөлүүдтэй нийцэж буйг харуулж байлаа.... Харанхуй арван нэгэн цагийн алдад хамгийн их өтгөрсөн байлаа.»— The Essex Antiquarian, April, 1899, vol. 3, No. 4, pp. 53, 54. «Үдийн цагаар нутгийн ихэнх хэсгүүдэд харанхуй хамгийн ихээр нөмөрч, хүмүүс хэдэн цаг болж байгааг бугуйн болон ханын цагаас хараад хэлж чадахгүй болж, хүмүүс лаа асаалгүйгээр хоол ундаа бэлдэж, ажил төрлөө амжуулах боломжгүй болсон юм....{АМ 307.2} Aм 251.2
«Харанхуй ер бусын цар хүрээтэй байлаа. Энэ байдал зүүн Фалмоутад хүртэл ажиглагджээ. Мөн баруун хэсгийн Коннестикут болон Албани хүртэлх газрыг хамарчээ. Харин өмнө зүгт далайн эргүүдэд хүрч, хойд талд Америкийн хүн ам оршин суугаа газрын хязгаар хүртэл үргэлжлэв.»— William Gordon, History of the Rise, Progress, and Establishment of the Independence of the U.S.A., vol. 3, p. 57. {АМ ЗО7.З} Aм 251.3
Харанхуй үдэш болохоос ганц хоёр цагийн өмнө хүртэл үргэлжилж, яваандаа тэнгэр бага зэрэг онгойж, нар үзэгдсэн ч, хар, зузаан үүлсээр халхлагдсан хэвээр байжээ. «Нар жаргасны дараа үүлс бөөгнөрч, асар хурдан харанхуй болсон.” «Шөнийн харанхуй хүртэл өдрийнхөөсөө дутахааргүй хачин байлаа. Тэргэл cap гарах ёстой байсан тэр шөнө, зэргэлдээх байшин болон байгалийн бус гэрлээс өөр юу ч харагдахгүй байсан нь эрт цагийн Египетийг нөмөрсөн харанхуйтай адил байлаа.” — Isaiah Thomas, Massachusetts Spy; or, American Oracle of Liberty, vol. 10, No. 472 (May 25, 1780). Үзэгдлийг харсан гэрчүүдийн нэг «Би тэр үед тэнгэр нар, сарны гэрэл нэвтэршгүйгээр халхлагдаж, устан алга болох үед л ийм харанхуй болох байх гэж өөрийн эрхгүй бодсон» гэж ярьсан байв.— Letter by Dr. Samuel Tenney, of Exeter, New Hampshire, December, 1785 (in Massachusetts Historical Society Collections, 1792, 1st series, vol. 1, p. 97). Тэр шөнө есөн цагийн орчимд тэргэл cap гарсан боловч, «Түүнд үхлийн сүүдэр мэт харанхуйг гийгүүлэх ямар ч гэрэл байсангүй.» Шөнө дундын үед түнэр харанхуй арилсны дараа cap цусан улаан өнгөтэй харагдсан байна. {АМ 307.4} Aм 251.4
1780 оны 5 сарын 19-ний өдөр түүхэнд «Харанхуй Өдөр» хэмээн тэмдэглэгдсэн байна. Мосегийн цаг үеэс хойш өдгөөг хүртэл хэзээ ч хамрах хүрээ, үргэлжилсэн хугацааны хувьд үүнтэй дүйцэх харанхуй тэмдэглэгдээгүй байна. Хоёр мянга таван зуун жилийн тэртээд эш үзүүлэгч Иоелын «Тэрээр Эзэний агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, cap цус болж хувирна” гэж зөгнөсөн Эзэний үгс, тухайн үйл явдлыг нүдээрээ харсан хүмүүсийн гэрчлэлтэй бүрэн тохирч байна. Иоел 2:31.{АМ 308 1} Aм 252.1
Есүс Христ хүмүүст дахин ирэлтийн шинж тэмдгүүдийг анзаарч, дахин ирж буй Хааны шинж тэмдгийг хараад, баярлан баясахыг тушаасан. Тэрээр «Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож, тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт ойртож байна” хэмээжээ. Тэрээр шавь нарынхаа анхаарлыг хаврын нахиалж буй модонд хандуулаад «Та нар тэдгээрийн нахиалахыг хараад, зун ойрхон байгааг мэддэг. Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад, Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй» гэж айлдсан юм. Лук 21: 28,30,31.{АМ 308.2} Aм 252.2
Гэвч сүм даруу зан, итгэл бишрэлээ бардамнал, ёс заншлаар сольж, Христийг хайрлах хайр Түүний дахин ирэлтэд итгэх итгэл нь хөрсөн байлаа. Сүм дэлхийн амьдрал зугаа цэнгэл хөөцөлдөх байдалд автаж, Бурханы нэрийг зүүсэн хүмүүс Түүний дахин ирэлтийн шинж тэмдгийн тухай хэлсэн Аврагчийн үгийг умартжээ. Дахин ирэлтийн тухай сургаалыг үл ойшоож, үүнтэй холбоотой эшлэлүүдийг буруу тайлбарлаж, дахин ирэлтийг нийтээрээ мартах шахжээ. Ийм байдал ялангуяа Америкийн сүмд ажиглагдаж байна. Нийгмийн бүх давхарга эрх чөлөө, тав тух, эд баялаг тансаг амьдралд шунан дурлаж мөнгө олох, алдар нэр хүнд, эрх мэдлийн араас хөөцөлдөх хүслийг өдөөж, хүмүүс ашиг сонирхол, итгэл найдвараа энэ дэлхийн эд зүйлсэд хандуулж, бүх зүйлс устах өдрийг алс хол ирээдүйд байгаа мэтээр төсөөлөх болов.{АМ 309.1} Aм 252.3
Аврагч шавь нарынхаа анхаарлыг дахин ирэх шинж тэмдгүүдэд хандуулахдаа үнэнээс урвах явдал дахин ирэлтийн өмнө хүртэл орших болно гэж зөгнөсөн юм. Тэр үед Ноагийн өдрүүдтэй адил хүмүүс дэлхийн ашиг хонжоо, зугаа цэнгэлийг хайж, Бурхан болон ирээдүйн амьдралыг мартаж, худалдан авч, газар хагалж, бүтээн байгуулсаар байх болно. Тэр цаг үед амьдарч буй хүмүүст Есүс Христ «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.” «Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун” гэж анхааруулсан билээ. Лук 21: 34, 36.{АМ 309.2} Aм 252.4
Энэ цаг үед сүмийн нөхцөл байдал ямар байхыг Илчлэлт номонд Аврагчийн үгэнд «Чи амьд гэдэг нэртэй боловч үхдэл гэдгийг чинь мэднэ” гэж тодорхойлжээ. Аюулгүй байгаадаа найдан, амар тайван байгаа хүмүүст хандаж «Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихыг чи мэдэхгүй» гэж хүчтэйгээр анхааруулсан байдаг. Илчлэлт 3:1,3- {АМ309-3} Aм 253.1
Хүмүүсийг аюулаас сэрэмжлүүлэх зайлшгүй шаардлага байна. Ингэснээр тэд сэрж, авралаа алдахад хүргэх чухал үйл явдлуудад анхаарч, бэлтгэлээ базаах болно. Энэ тухай Бурханы эш үзүүлэгч «Эзэний өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай. Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?” Мэлмий нь «Бузар мууг зөвшөөрч, ... харж чадахааргүй дэндүү ариун” Түүнийг ирэхэд хэн зогсож чадах вэ? Иоел 2:11, Хабаккук 1:13. «Миний Бурхан, ... бид Таныг мэднэ” гэж хэлдэг хирнээ Түүний гэрээнүүдийг зөрчиж, өөр бурхны араас хөөцөлддөг, зүрхэндээ бузар мууг нууцаар агуулж, бузар муугийн замыг хайрладаг ийм хүмүүсийн хувьд Эзэний өдөр нь «Гэрлийн оронд харанхуй... ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх» болно. Хосеа 8:2,1; Дуулал 16:4; Амос 5:20. «Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээ Иерусалимыг нэгжин, сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд ‘Эзэн сайныг ч, мууг ч хийхгүй’ гэдэг.» Зефаниа 1:12. «Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжил.” Исаиа 13:11. «Тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно.» «Тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүйрнэ» гэж тунхаглажээ. Зефаниа 1:18,13.(АМ 310.1) Aм 253.2
Эш үзүүлэгч Иеремиа энэ аймшигтай цаг хугацааг хараад «Сэтгэл минь ... зовж байна.... Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ. Гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана” гэж хэлжээ. Иеремиа 4:19,20.(АМ 310.2) Aм 253.3
«Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл, зовлонгийн өдөр, эвдрэл, эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр, үүлс, өтгөн харанхуйн өдөр, бүрээ, дайтах уухайны өдөр.” Зефаниа 1:15,16. «Үзэгтүн,... Эзэний өдөр ирж байна.... Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгана.» Исаиа 13:9. {АМ 310.3} Aм 253.4
Бурхан үгээрээ дамжуулан, Эзэний агуу өдрийн тухай хамгийн их санаа тавьж, сэтгэл түгшиж, ард түмнээ сүнслэг байдлын үхмэл байдлаас сэрж, Өөрийнх нь царайг гэмшил, даруу зангаар эрж хайхыг уриалж байна. Тэрээр, «Сионд бүрээ татан, Миний ариун уулан дээр түгшүүр зарлагтун! Эзэний өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.» «Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун. Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга. Ахмадуудыг авчирч, хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун. Болзоот залууг өрөөнөөс нь, сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун. Эзэнд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун.” «Мацаг барин, уйлан, гашуудаж, бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн. Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун. Одоо өөрсдийн Бурхан Эзэн уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам» гэжээ. Иоел 2:1,15-17,12,13. {АМ 311.1} Aм 253.5
Бурханы ард түмнийг Бурханы өдөрт бэлтгэхийн тулд Өөрчлөн Шинэчлэлтийн их үйлсийг хэрэгжүүлэх шаардлагатай. Нэрийг нь зүүсэн хүмүүс мөнхийн зорилгыг барьж авахгүй байгааг Бурхан хараад, нигүүлслээрээ нойрноос нь сэрээж, Эзэний ирэлтэд бэлтгэх сэрэмжлүүлгийн мэдээг илгээж байна.{AM 311.2} Aм 254.1
Энэ сэрэмжлүүлгийг Илчлэлт 14-р бүлгээс харж болно. Есүс энэ бүлэгт тэнгэр элч нар гурван мэдээг тунхаглаж буйг харуулаад, хүний Хүү «Дэлхийн ургац”-ыг хураахаар ирэхийг танилцуулдаг юм. Бурхан анхны мэдээгээрээ ирж буй шүүлтийг зарлан тунхаглажээ. Эш үзүүлэгч «Г азар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээг» авч яваа тэнгэр элч «Тэнгэрийн дундуур ... нисэж явахыг» харжээ. «Тэр чанга дуугаар -Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчхээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.» Илчлэлт 14:6,7.{АМ 311.3} Aм 254.2
Энэ мэдээг «Мөнхийн сайн мэдээний» нэг хэсэг гэж тунхагласан юм. Сайн мэдээг түгээх ажлыг тэнгэр элч нарт бус, харин хүмүүст даалгажээ. Ариун тэнгэр элч нар энэ ажилд дайчлагдан, хүний авралын төлөө агуу хөдөлгөөнийг зохион байгуулдаг боловч сайн мэдээг гардан түгээх хүмүүс нь дэлхий дээрх Бурханы зарц нар юм. (AM 312.1) Aм 254.3
Бурханы сүнс, Түүний үгийн сургаалуудад дуулгавартай хүмүүс Бурханы даалгасан мэдээг дэлхий дахинд тунхаглах ёстой ажээ. Тэд бол «Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл, харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүү» болох «Баттай болгогдсон эш үзүүллэгийн үгэнд” анхаарал тавигчид юм. 2 Петр 1:19. Тэд Бурханы мэдлэгийг дэлхийн ямар ч нуугдмал эрдэнэсээс ч илүүтэй эрж хайн, түүнийг «Цалин цагаан мөнгөний ашгаас ч илүү. Орлого нь шижир алтныхаас ч илүүд” үзжээ. Сургаалт Үгс 3:14. Иймээс Эзэн тэдэнд хаанчлалын агуу зүйлсийг илчилсэн юм. «Эзэний нууц нь Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг. Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.” Дуулал 25:14. (АМ 312.2} Aм 254.4
Энэхүү үгийг ойлгож, зарлан тунхагласан хүмүүс нь эрдэмтэд, теологчид байсангүй. Хэрэв тэд Бичээсийг тууштайгаар, залбиран судалдаг байсан бол тэд шөнө болсныг мэдэж, эш үзүүллэгээс удахгүй болох гэж буй үйл явдлуудыг олж харах байв. Гэвч тэд Бурханы талд байгаагүй тул сүүлчийн үеийн, сул дорой хүмүүст даатгажээ. Есүс «Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх үед явагтун” гэжээ. Иохан 12:35. Бурханы гэрлээс нүүрээ буруулж, олдох боломжтой байгаа дээр араас нь хөөцөлдөхөөс татгалзсан хүмүүс харанхуйд үлдэх болно. Харин Аврагч «Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” гэж тунхаглажээ. Иохан 8:12. Бурханы хүслийг гүйцэлдүүлэх зорилготой, үнэний гэрлийг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүс үнэний гэрлийг илүү их хүлээн авах болно. Ийм хүнийг бүх үнэн рүү чиглүүлэхээр тэнгэрийн сүр жавхлантай гэрэлт од тусах болно. {AM 312.3} Aм 255.1
Христийг дэлхий дээр анх ирэхэд Бурханы бичээсүүдийг хариуцаж байсан Ариун Хотын тахилчид болон хуулийн багш нар зөгнөлийн шинж тэмдгүүдийг хараад, Амлагдсан Нэгэний ирснийг зарлан тунхаглаж болох байв. Микагийн эш үзүүллэгт Түүний мэндлэх газрыг, Даниел Түүний ирэх цаг хугацааг зөгнөжээ. Мика 5:2; Даниел 9:25. Бурхан эш үзүүллэгээ Иудейн удирдагчдад даалгасан ба тэдэнд Мессиагийн ирэлт ойрхон байгааг мэдээгүй, ард түмэнд тунхаглаагүй гэх шалтаг байгаагүй. Тэд гэм нүглийг үл ойшоосноор үнэнийг мэдэх боломжгүй болжээ. Иудейчүүд Бурханы алагдсан эш үзүүлэгчдийн хөшөө дурсгалыг босгож байсан ч Бурханы агуу хүмүүсийн үгийг үл тоосноороо үнэндээ дэлхий дээрх Сатаны зарц нарт хүндэтгэл үзүүлж байв. Байр суурь, эрх мэдэл олох хүсэл эрмэлзэлдээ автсан тэд тэнгэрийн Хааны соёрхсон тэнгэрийн нэр хүндийг үл ТООЖЭЭ. {AM.313.1} Aм 255.2
Израилийн удирдагчид Бурханы Хүү хүнийг аврах дэлхий дэх хамгийн агуу үйл явдал хаана, ямар цаг хугацаанд, ямар нөхцөлд бий болохыг өргөн хүрээнд, гүн хүндэтгэлтэйгээр судлах ёстой байв. Дэлхийн Аврагчийг угтан авсан хүмүүс болохын тулд ард түмэн бүхэлдээ Түүнийг харуулдан, хүлээж байх ёстой байлаа. Гэвч Бетлехемд Назараас ирсэн хоёр аянчин хотын давчуу гудамжаар амарч, хоноглох газар хайн, хотын зүүн зах хүртэл явсан ч тэдэнд өрөө олдсонгүй. Тэднийг ямар ч айл хүлээн авсангүй. Тэд мал сүрэгт зориулсан өрөвдөлтэй саравчинд хоног төөрүүлэн, тэнд дэлхийн Аврагч мэндэлжээ.{АМ 313.2} Aм 255.3
Дэлхийн сууриас өмнө Бурханы Хүүгийн Эцэгтэйгээ хуваалцаж байсан яруу алдрыг харсан тэнгэр элчүүд Түүний дэлхийд мэндлэх үйл явдал бүх ард түмэнд маш их баяр хөөрийг авчирна хэмээн амьсгаа даран ажиглаж байв. Тэнгэр элчүүд, Есүс Христийг хүлээн авах дэлхийн оршин суугчдад баярт мэдээг дуртайяа дуулгах байлаа. Христ хүн болохоор дэлхийд буун ирж, Өөрийгөө нүглийн төлөөс болгох хязгааргүй хүнд зовлонг эдлэх байсан ч тэнгэр элчүүд Дээдийн Дээд Хүүг зовж шаналахдаа хүртэл хүмүүсийн өмнө нэр хүнд, яруу алдартай байлгахыг хүсэж байв. Дэлхийн агуу хүмүүс Түүнийг угтан авахаар Израилийн нийслэлд хүрэлцэн ирэх үү? Үй түмэн тэнгэр элч нар олон нийтэд Түүнийг танилцуулах уу? {АМ 313.3} Aм 255.4
Тэнгэр элч Есүсийг хүлээн авахад бэлэн байгааг шалгахаар дэлхийд иржээ. Гэвч тэрээр Есүсийг хүсэн хүлээсэн ямар ч шинж тэмдгийг олж харсангүй. Тэрээр Мессиаг ирэх гэж байгаад баярлан магтаал өргөж буй нэг ч хүний дуу хоолойг сонссонгүй. Тэнгэр элч Бурханы сонгосон хот болон олон зууны турш Бурханы илчлэлтийг хүлээн авсан ариун дуган руу харжээ. Гэвч тэнд үл ойшоосон байдал харагдав. Сүр жавхлан, бардам занд автсан тахилчид дуганд бу зар тахил өргөж байлаа. Фарисайчууд өнд өр дуугаар ард түмэнд хандан үгээ тунхаглаж, гудамжны өнцөгт бардам залбирлыг үйлдэж байв. Хаадын ордон, гүн ухаантнуудын цугларалт, рабби нарын сургуулиудад ялгаагүй Аврагчийн дэлхийд мэндлэх гэж буй, бүх тэнгэрийг баяр хөөр, магтаалаар бялхаасан гайхамшигт үйл явдал болох гэж байгааг мэдсэн хүн огт байхгүй байлаа.(АМ 314.1) Aм 256.1
Христийг хүлээсэн ямар ч шинж, амийн Хан Хүүг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй байлаа. Г айхаж балмагдсан тэнгэр элч нар ичгүүртэй мэдээг дуулгахаар буцах замдаа хонио манаж буй хоньчидтой таарчээ. Тэд одот тэнгэрийг ширтэн, Мессиаг дэлхийд ирэх зөгнөлийн тухай эргэцүүлж, дэлхийн Аврагчийг ирээсэй хэмээн хүсэн хүлээж байв. Энэ хүмүүс тэнгэрийн мэдээг хүлээн авахад бэлэн байлаа. Энэ үед Эзэний тэнгэр элч тэдэнд гэнэт үзэгдэж, үлэмж баяр хөөрийг авчрах сайн мэдээг тунхаглав. Тал бүхэлдээ тэнгэрийн сүр жавхлангаар гэрэлтэж, тоолж баршгүй тэнгэр элчийн чуулган тэнгэрт үзэгдэж, ганц элч тунхаглахад хэтэрсэн агуу сайн мэдээг элчүүд хоолой нийлүүлэн ирээдүйн аврагдсан үндэстэн дуулах сүлд дууллыг дуулж өглөө. Тэд, «Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай» хэмээн дуулж байв. Лук 2:14.{АМ 314.2} Aм 256.2
Бетлехемийн энэ түүх ямар чухал сургамж өгнө вэ? Энэ түүх бидний итгэлгүй, бардам зан, өөртөө найдсан байдлыг ямар ихээр буруутгана вэ? Бид сэрэмжтэй байхгүй бол үл ойшоосон гэмт зангаасаа болж төгсгөлийн шинж тэмдгүүдийг мэдрэхгүй, Түүний залран ирэх өдрийг мэдэхгүй байх вий гэж анхааруулж байна. {AM 315.1} Aм 256.3
Тэнгэр элчүүд зөвхөн Иудагийн даруухан хоньчдын дундаас л Мессиаг ирэхийг хүсэн хүлээж байгаа хүмүүсийг олсон юм биш. Харь үндэстнүүд дотор Аврагчийг хүлээгчид байжээ. Тэд Дорно зүгийн мэргэд, чинээлэг, дээд гаралтай, гүн ухаантнууд байв. Байгалийг шинжигч Мэргэн Хүмүүс Бурханыг бүтээлээс нь таньж мэдсэн байлаа. Тэд Еврейн Бичээсүүдээс Иаковаас Од гарах тухай мэдэж, зөвхөн «Израилийн Тайтгарал” төдийгүй «Харь Үндэстэнд илчлэлийн Гэрэл” болоод «Дэлхийн хязгаар хүртэл авралыг авчрах» Аврагчийг тэсэн ядан хүлээж байлаа. Лук 2:25,32; Үйлс 13:47. Тэд гэрлийг хайж байсан бөгөөд Бурханы сэнтийнээс тусах гэрэл тэдний замыг гэрэлтүүлж байв. Үнэний хамгаалагч, тунхаглагчид болсон Иерусалимын тахилчид болон багш нар харанхуй байхад, тэнгэрээс илгээсэн Од харь хүмүүсийг шинэхэн төрсөн Хааны төрсөн нутагт хүргэж ирлээ.{АМ 315.2} Aм 256.4
«Өөрийг нь тэсэн ядан хүлээгчдийг” Христ «Хоёр дахиа үзэгдэхдээ нүгэлгүй хүмүүсийг ... аврах болно.» Еврей 9:28. Аврагчийн мэндэлсэн тухай сайн мэдээтэй адил дахин ирэлтийн мэдээ шашны удирдагчдад өгөгдөөгүй. Тэд Бурхантай тогтоосон холбоогоо хадгалж чадалгүй, тэнгэрийн гэрлээс татгалзсан учир элч Паулын тунхагласан: «Ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч биш, харанхуйнх ч биш” гэсэн хүмүүсийн тоонд багтаагүй. 1 Тесалоник 5:4,5.{АМ 315.3} Aм 257.1
Сионы хотыг манаж байсан харуулууд Аврагчийн ирэх мэдээг түрүүлж мэдээд, Түүний ойрхон байгааг тунхаглахаар дуу хоолойгоо өргөж, Түүний ирэлтэд бэлтгэхийг ард түмэнд анхааруулах ёстой байв. Гэвч тэд ард түмнийг гэм нүгэл дотроо гүн нойрсож байхад амар тайван, аюулгүй байдлыг хүсэмжлэн биеийн амрыг харж байв. Есүс сүмээ гоёмсог навчаар дүүргэгдсэн ямар ч үр жимсгүй хувхай мод болохыг харжээ. Тэд шашны ёс заншлуудаа бардамнан сахиж, даруу дөлгөөн сэтгэл, гэмшил, Бурханд тааламжтай үйлчлэлийг өргөхөд шаардлагатай цорын ганц болзол болох итгэл байхгүй байлаа. Тэд сүнсний уучлал нигүүлслийн оронд бардамнал, албархах, хоосон нэр алдар, хувиа хичээн, хүчирхийллийг эзэмшсэн байлаа. Итгэлээсээ урвасан сүм Бурханы шинж тэмдгүүдийг үл тоожээ. Бурхан тэднийг орхиж, итгэмжгүй байдлаар хандаагүй. Харин тэд Түүнээс холдож, Түүний хайраас салж, хөндийрсөн юм. Тэд Бурханы хүсэл, шаардлагуудыг биелүүлэхээс татгалзсан тул тэдэнд Бурханы амлалт биелээгүй. {AM 315.4} Aм 257.2
Бурханы хайрласан гэрэл, боломж завшаануудад талархаж, үгийг нь хэрэгжүүлэхээс татгалзсаны үр дагавар ийм байх болно. Сүм Бурханы өгч буй боломж бүрийг ашиглаж, соёрхсон гэрлийг нь хүлээн авч, даалгасан үүрэг бүрийг нь гүйцэтгэхгүй бол итгэл бишрэл нь ёс заншил мөрдсөн хэлбэр төдий шүтлэг болон доройтож, чин үнэнч итгэл бишрэл алга болох болно. Энэ сургамж сүмийн түүхэнд олон удаа тохиолджээ. Бурхан ард түмэндээ өгсөн ивээл, боломжуудтайгаа дүйцэхүйц итгэл, дуүлгавартай байдлыг тэднээс шаардах болно. Дуулгавартай байхын тулд золиос гаргаж, загалмайг үүрэх шаардлагатай болно. Харамсалтай нь Христийн шавь гэсэн нэр зүүсэн олон хүн тэнгэрийн гэрлээс татгалзаж, эртний Иудейчүүд шиг Эзэний ирэх цагийг анхаараагүй юм. Лук 19:44. Тэд бардам, итгэлгүй зангаасаа болж Эзэний сайн мэдээг анзааралгүй өнгөрсөн бол хүлээн авсан гэрлийн дагуу амьдарсан Бетлехемийн хоньчид, Дорно зүгийн мэргэдэд Бурхан үнэнээ илчлэн харуулсан юм. {АМ 316.1} Aм 257.3