Хүүхдийн Хүмүүжил

15/86

Арван Хоёрдугаар Бүлэг - Дуулгавартай Байдлыг Дадал Болгох Хэрэгтэй

Зөөлөн Боловч Уйгагүй Оролдлого.—Хүүхдүүдэд авъяас чадварыг Бурханыг хүндэтгэн, Түүнийг алдаршуулахын тулд өгснийг зааж сургаарай. Тиймээс тэд дуулгавартай байж сурах ёстой. Үүнийг зөөлөн, уйгагүй оролдлогоор дадал болгон төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэснээр залуу хүмүүс эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгчиддээ хүйтэн хөндий, хорсох сэтгэлээр хандаж, улмаар дэлхий болон диваажингийн бүх төрлийн эрх мэдлийг эсэргүүцэн тэмцэх дур хүсэлтэй болж, эрх мэдэлтэй болох хожмын зөрчлөөс тун амжилттай урьдчилан сэргийлэх юм. (хх 85.1) XX 89.1

Ямар ч Маргаан эсвэл Тавьсан Шаардлагаас Зайлсхийх Явдлыг Бүү Зөвшөөр.—Эцэг эхчүүд юуны өмнө гэр бүлдээ сайн засаглалыг тогтоох хэрэгтэй. Эцэг эхийн үг хууль болж, бүх төрлийн маргаан болон тавьсан шаардлагаас зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх ёстой. Хүүхдүүд нярай байхаасаа эцэг эхээ үг дуугүй дагаж сурах хэрэгтэй. (хх 85.2) XX 89.2

Хатуу сахилгажуулалт заримдаа сэтгэл ханамжгүй байдлыг төрүүлж, хүүхдүүд өөрсдийнхөөрөө байхыг хүсдэг боловч тэд эцэг эхээ дуулгавартай дагахыг суралцсан үедээ Бурханы шаардлагыг хүлээн авахад бэлтгэгдэж байдаг. (хх 85.3) XX 89.3

Шалтаг Тоочихыг Бүү Зөвшөөр.—Гэр орондоо зааварчилгаа өгөх багш болсон эцэг эхчүүд дүрэм журам зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй. ... Хүүхдүүддээ дуулгаваргүй байхыг зөвшөөрснөөр тэд зөв зохистой хүмүүжлийг хэрэгжүүлж чадахгүй болдог. Хүүхдүүд захирагдаж, дуулгавартай байх ёстой. Дуулгаваргүй байхыг зөвшөөрөх ёсгүй. Гэм нүгэл хүүхдүүддээ дуулгаваргүй байхыг зөвшөөрдөг эцэг эхчүүдийн босгон дээр отож байдаг. ... Хүүхдүүд дуулгавартай байх ёстойгоо ойлгох хэрэгтэй. (хх 85.4) XX 89.4

Хэзээд Бэлхэн, Бүрэн Дуулгавартай Байдлыг Шаард.— Эцэг эхчүүд хүүхдүүдээсээ ямагт, бүрэн дуулгавартай байхыг шаардаж чадаагүй бол тэд бяцхан үрсдээ зан чанарын зөв суурийг тавьж өгч чадаагүй хэрэг. Тэд хүүхдүүдээ өтөл насандаа гутамшгийг үзэж, булшинд орохоосоо өмнө зүрхэндээ харуусал тээхэд бэлтгэж байна. (хх 86.1) XX 90.1

Шаардлагууд Утга Учиртай Байх Естой.—Эцэг эхчүүдийн тавьж буй шаардлагууд ямагт утга учиртай байх ёстой бөгөөд мунхаглан эрхлүүлж бус харин ухаалгаар чиглүүлэн эелдэг зангаар хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ зүрх сэтгэлийг өөрсдийн зүрх сэтгэлтэй хайрын торгон уяагаар холбохын тулд тэднийг зодох, цохих, өө сэв эрэхгүй харин тааламжтай уур амьсгалаар сургах ёстой. Бүх эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хийгээд ах, эгч нар сүнслэг сонирхол бүрийг дэмжиж, гэр хийгээд сургуульдаа бяцхан үрсийг Эзэний халамж, зэмлэл дор өсөж өндийх таатай уур амьгалыг бүрдүүлэх ёстой. (хх 86.2) XX 90.2

Бид өөрийн болон бусдын хүүхдийг сурган хүмүүжүүлэхдээ хүүхдүүдээс буруу зүйлсийг хориглосноор тэдний эцэг эх, асран хамгаалагчдыг хайрлах хайрыг үгүйсгэдэггүй болохоо батлан харуулдаг. (хх 86.3) XX 90.3

Дуулгавартай Байх Шалтгаанаар Ханга.—Хүүхдүүд гэр бүлийн засаглалд дуулгавартай хандахыг сурах ёстой. Тэд гэртээ хуулийг сахин Бурханаар итгэмжлэгдсэн өв тэгш зан чанарыг төлөвшүүлэх ёстой. Христэд итгэгч эцэг эхчүүд хүүхдүүддээ Бурханы хуулинд дуулгавартай хандахыг зааж сургах ёстой. ... Тэдэнд юуг хийж, юунаас татгалзахыг нь мэдүүлэхийн тулд ойлгох чадвартай болмогц нь Бурханы хуулийг хүндэтгэн сахих учир шалтгаануудыг зааж өгвөл зохино. (ХХ 86.4) XX 90.4

Эцэг Эхчүүдийн Үг Хууль Байх Ёстой.—Таны мэдэлд байгаа хүүхдүүд таньд анхаарал хандуулдаг байх ёстой. Үг тань хууль байх ёстой. (хх 87.1) XX 91.1

Христэд итгэгч олон хүмүүс хүүхдүүдээ зөвөөр захирч араасаа дагуулж чадаагүй мөртлөө тэдний гөжүүд, дуулгаваргүй, үл талархагч болон ариун бус болсныг хараад гайхдаг. Ийм эцэг эхчүүдийг Бурхан буруутгадаг. Тэд хүүхдүүдээ Эзэний халамж хийгээд зэмлэл дор өсгөн хүмүүжүүлэхээс татгалзсан. Тэд хүүхдүүддээ Христэд итгэгч хүний анхны хичээлийг сургаж чадаагүй юм: «Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэл юм. » «Хүүхдийн зүрхэнд мунхаглал уяатай байдаг» хэмээн нэгэн мэргэн хүн айлдсан байдаг. Дэмий юманд дурлаж, бузар мууг хүсэмжилж, ариун зүйлсийг жигших явдал бол эцэг эхчүүдийн гэр орондоо тулалдах тэмцэл юм. ... (хх 87.2) XX 91.2

Эцэг эхчүүд Бурханы хүчээр босож, гэр бүлээ араасаа дагуулах ёстой. Тэд бурууг хатуу гараар дарах ёстой хэдий ч уур хилэн эсвэл тэвчээргүй зангаар асуудалд хандаж болохгүй. Тэд хүүхдүүдэд зөв зам нь юу болохыг өөрсдөө тааж олно биз хэмээн орхилгүй харин зөвт байдлыг тун тодорхой зааж хэлж, түүн дотроо алхахыг сургах хэрэгтэй. (XX 87.3) XX 91.3

Нэг Дуулгаваргүй Хүүхдийн Нөлөө.—Дуулгаваргүй ганц хүүхэд хамт байгаа хүүхдүүддээ асар их хор хөнөөл учруулдаг, тэрээр бусад хүүхдүүдийг араасаа дагуулдаг. (хх 87.4) XX 91.4

Гэм Нүгэлд Нүүр Өгөх нь.—Хүүхдүүддээ эцэг эхээ хүндлэхийг заа, учир нь Бурханы хууль хүүхдүүдээс ийнхүү шаарддаг. Хэрэв та хүүхдүүдээ таны хүслийг үл тоон, гэр бүлийн дүрэм журмыг үл хайхрахыг зөвшөөрөх юм бол, та гэм нүгэлд нүүр өгч, буг чөтгөрт хүссэнээ хийх боломж олгох болно. Тэдний энэхүү тэрслүү зан, үл хүндэтгэл хийгээд зөвхөн өөрийгөө бодох байдал сүнслэг амьдралд нь биелэлээ олж, сүм цуглаанд илрэн харагдаж эхэлнэ. Энэ бүх бузар муугийн үндсийг эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болсон гэж диваажингийн амийн номонд буруутгасан байдаг. (хх 87.5) XX 91.5

Дуулгавартай Байдлыг Дадал Болго.—Дуулгавартай байх, эрх мэдэлд захирагдах хичээлийг ямагт давтдаг байх хэрэгтэй. Гэр бүлд хэрэгжүүлж буй нөлөө сайн сайхныг тогтоож зөвхөн үр хүүхдүүдийг бузар муугаас холдуулаад зогсохгүй, үнэн хийгээд зөвт байдлыг хайрлахад хүргэн эцэг эхчүүдэд ч мөн үр дүнгээ өгнө. Эзэний шаарддаг ийм ажлыг эцэг эхчүүд сайтар бодож эргэцүүлэлгүй гүйцэтгэж болохгүй бөгөөд Бурханы зааврын дагуу сургамжлахын тулд эцэг эх Түүний Үгийг тууштай судлах ёстой. (ХХ 88.1) XX 92.1