Адвентист Гэр Бүл

29/88

Хорин Наймдугаар Бүлэг - Хүүхдийн Анхны Сургууль

Бурханы анхны боловсрол олгох төлөвлөгөө - Едений цэцэрлэгт тогтоож өгсөн боловсролын тогтолцоо нь гэр бүл дээр төвлөрч байсан. Адам «Бурханы хүү” (Лук 3:38) AГБ 179.1

байсан ба Агуу Нэгэний үр хүүхдүүд болох хүмүүс Бурханаас суралцдаг байсан. Тухайн үед л гэр бүлийн сургууль жинхэнэ утгаараа бий болсон байсан. {АГБ 181.1} AГБ 179.2

Бурхан хүнд гэм нүгэлтэй болсны дараагаар тохирсон боловсролын төлөвлөгөөг өгсөн. Энэхүү төлөвлөгөөнд Христ Эцэгээ төлөөлөн Бурхан болон хүний хооронд гүүр болсон. Христ бол хүн төрөлхтний хамгийн агуу Багш юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Өөрийг нь төлөөлөх хүмүүс болгон сонгон, ивээсэн. Ийнхүү гэр бүл сургуулийн үүрэг гүйцэтгэх болж эцэг эхчүүд багш нар нь болсон. (АГБ 181.2} AГБ 179.3

Эрт дээр үеийн эцэг өвгөдийн үед гэр бүл дээр суурилсан боловсрол хамгийн түгээмэл байсан. Бурхан зан чанар хөгжих хамгийн тааламжтай уур амьсгалыг бий болгож өгснөөр ийнхүү гэрийн сургуулиуд байгуулагдсан. Бурханаар удирдуулж байсан хүмүүс Түүний анхнаас төлөвлөж өгсөн амьдралын төлөвлөгөөг дагасан хэвээр байсан. Харин Бурханаас хөндийрсөн хүмүүс хот суурингууд байгуулан, тэндээ бөөгнөрч, өнөө үеийн хотын хүмүүсийн бардамнал, хараал зүхэл болж буй өнгөц байдал, тансаглал, бузар булай хүслийг алдаршуулах болсон. Харин Бурханы зарчмуудыг чанд сахиж байсан хүмүүс уул, талуудаар хүрээлүүлэн амьдарч байсан. Тэд газар тариалан эрхэлж, мал сүрэг хариулдаг байсан. Тэд ажиллаж хөдөлмөрлөж, суралцаж, тунгаан бодох боломжуудаар хангагдсан биеэ даасан, эрх чөлөөтэй амьдралаар амьдарч байх үедээ Бурханыг таньж мэдэж, үр хүүхдүүддээ Бурханы агуу бүтээлүүд болон арга замуудыг зааж өгдөг байсан. Бурхан ийм боловсролын арга барилыг Израильд тогтоож өгөхийг хүсч байсан. {АГБ 181.3} AГБ 179.4

Гэр бүл жирийн амьдрал дээр сургууль ба сүмийн үүргийг гүйцэтгэж байсан. Эцэг эхчүүд амьдралын ердийн болон итгэл бишрэлийн тал дээр зааварлаж, сургадаг багш нар байсан. (АГБ 182.1} AГБ 180.1

Гэр бүлийн дотоод хүрээ бол сургууль юм - Эзэн мэргэн ухаанаар гэр бүлийг боловсрол олгох хамгийн агуу газар болгон тогтоож өгсөн. Хүүхдийн боловсрол гэр бүлээс эхэлдэг. Гэр бүл бол үр хүүхдүүдийн анхны СУРГУУЛЬ- Хүүхдүүд эцэг эхээрээ багшлуулан амьдралын турш удирдуулах хүндэтгэл, дуулгавартай байдал, итгэл бишрэл, өөрийгөө хянах чадваруудад суралцдаг. Гэр бүлийн боловсролын үзүүлж буй нөлөө сайн ба муугийн хүчинд удирдуулах эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлж байдаг. Гэр бүлийн нөлөө үл мэдэгдэм байдаг ба үр дүнг нь шууд ажиглан харах боломжгүй боловч зөвөөр ашигласан тохиолдолд үнэн болоод шударга зөв байдлын хүчийг гайхамшигтайгаар мэдрүүлэх боломжтой. Хэрэв үр хүүхдүүд маань гэр бүлийн зөв хүмүүжлийг аваагүй бол Сатан хүсэл тачаалыг нь удирдаж хүмүүжүүлэх болно. Гэр орны боловсрол ямар чухал болохыг та ойлгож байгаа байх! (АГБ 182.2} AГБ 180.2

Гэр бүлийн дотоод хүрээг үр хүүхдээ гэр бүл, нийгмийн болоод сүм чуулганы ажил үйлсэд бэлдэж байгаа сургалтын төв хэмээн ойлгоорой. (АГБ 182.3} AГБ 180.3

Гэр бүлийн боловсрол бол хамгийн чухал боловсрол юм - Өнөө үед залуучуудад хэрэгцээтэй байгаа гэр бүлийн боловсрол, хүмүүжлийг үл тоомсорлох байдлыг хаа сайгүй хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байгаа нь үнэхээр харамсалтай зүйл юм. {АГБ 182.4} AГБ 180.4

Гэр бүлийг үндэслэгч, хамгаалагчдад бүхнээ золиосолж сурахаас өөр чухал хичээл зүтгэл гэж байдаггүй. Хүн төрөлхтөнд даалгаж өгсөн үүрэг даалгавруудаас эцэг эхийнхээс илүү урт удаан хугацаанд нөлөөлөх үр дүнг бий болгох ажил үүрэг гэж байдаггүй. (АГБ 182.5} AГБ 181.1

Өнөө үеийн хүүхэд залуучууд ирээдүйн нийгмийг тодорхойлох ба хүүхэд залуучууд ямар хүн болж төлөвших нь гэр бүлээс бүрэн шалтгаалдаг. Хүн төрөлхтнийг хараалд хүргэж буй өвчин эмгэг, зовлон шаналал, гэмт хэргийг судлан үзэх юм бол ихэнхдээ гэр бүлийн зөв хүмүүжил дутагдсанаас шалтгаалсан байдаг. Гэр бүлийн амьдрал цэвэр ариун, үнэнч шударга байж, эцэг эхийн халамжаас гарч буй хүүхдүүд амьдралын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, аюул бэрхшээлээс өөрсдийгөө хамгаалдаг болж бэлтгэгддэг байсан бол дэлхий дахинд ямар гайхамшигтай өөрчлөлт гарах байсан бэ! (АГБ 182.6} AГБ 181.2

Бусад боловсрол хоёрдогч гэж тооцогдох ёстой - Ертөнцөд мэндэлж буй үр хүүхэд бүр Есүс Христийн өмч ба Бурханыг хайрлан, Түүнд дуулгавартай байх байдлын үлгэр жишээгээр хүмүүжсэн байх ёстой. Харамсалтай нь ихэнх эцэг эхчүүд хүүхдээ ухаан орох мөчөөс нь эхлэн Христийг таньж мэдэх, хайрлах Бурханы даалган өгсөн хамгийн чухал хүмүүжлийг үл тоомсорлосоор байна. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дөнгөж нээгдэж буй, бүхнийг хүлээж авахад бэлэн болсон оюун ухаанд хичээл зүтгэл гарган анхаарал хандуулах хэрэгтэй. Тэд Эзэний заавар тушаалын дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлэхээр даалгасан Бурханы зөв сайн үүргийг гэр бүлийн чухал бус зүйлсээс илүүд тооцох хэрэгтэй. (АГБ 183.1} AГБ 181.3

Эцэг эхчүүд алив санхүүгийн асуудал, дэлхийн ёс заншил, жишиг болоод хувцаслалт, хэв загвараар өөрсдийгөө удирдуулахыг зөвшөөрдөггүй байх ёстой. Ингэснээр тэд үр хүүхдүүдээ нялх байхаас эхлүүлэн нас биед хүрэх хүртэл нь зөв хүмүүжлийг өгөх үүргээ үл тоомсорлохгүй байх юм. {АГБ 183.2} AГБ 181.4

Өнөө үед эцэг эхчүүд оюун ухаанаа хамгаас чухал зүйлсэд хандуулахгүй байгаагаас дэлхий ертөнцөд маш их хэмжээний бузар муу нөлөө үүсэн бий болж байна. Тэд үр хүүхдүүддээ Эзэний арга замыг тэвчээртэйгээр, эелдэг зөөлнөөр зааж сургах ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв эцэг эхчүүд бодит үнэнийг халхлах зүйлгүйгээр шууд харснаар олон хүүхдүүд өөрсдийн үл тоомсорлосон байдлаас болж үр хүүхдүүдийнхээ зөв сайн нөлөөг алдаж байгааг харах болно. Эцэг эхчүүдээ, та бүхэн хүүхдүүдээ буруу зам руу оруулахыг хүсч байна гэж үү? Үр хүүхэддээ Эзэнийг бүх зүйлсээрээ дагаж, Түүнд итгэж найдахын утга учрыг танилцуулж өгөхөөс илүү чухал ажил үүргийг хариуцаж авсан гэж өөрсдийгөө бодож болохгүй. (АГБ 183.3} AГБ 182.1

Та бүх хичээл зүтгэлээсээ ямар үр дүнг хурааж авах вэ? Та хүүхдээ зөв хүмүүжүүлснээр санаа бодлыг тань хүлээн зөвшөөрч хамтран ажиллах, байнга хажууд тань байж дэмжлэг үзүүлэх боломжтой үр дүнг мэдрэх болно. Ингэснээр ажил үүргээ гүйцэтгэхэд илүү амар болох болно. (АГБ 184.1} AГБ 182.2

Гэрийн боловсрол олгох Бурханы туслагч нар - Эцэг эхчүүд Абрахамтай адил Эзэний замыг сахихад үр хүүхдүүдээ зааварлах Бурханы туслагч нар гэж өөрсдийгөө тусгайчлан үзэх хэрэгтэй. Тэд гэр бүлийнхэндээ зааж сургаж, Эзэний арга замыг таниулж мэдүүлэхийн тулд Библийг тууштайгаар судалдаг байх хэрэгтэй. Мика, «Эзэн танаас юу шаардаж байна вэ? Тэрээр шударга байдлыг үйлдэж, өршөөл нигүүлслийг хайрлаж, Бурхантай даруухнаар алхахыг шаарддаг. » [Мика 6:8] хэмээн айлдсан байдаг. Эцэг эхчүүд багшлах чадвартай байхын тулд Бурханы тушаалуудаас байнга суралцаж, хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр маш тод гэрэл, сайн үлгэр жишээ болох хэрэгтэй. {АГБ 184.2} AГБ 182.3

Эхнэр нөхрүүд хүүхдүүдээ өөрсөдтэйгөө болон Бурхантай холбохын тулд гэр бүлийнхээ пастор, эмч, сувилагч, багш адил болох ёстой. Эцэг эхчүүд бие махбодоос маань Бурханы ажлыг хийх хүслийг устгадаг бүх төрлийн бузар зуршлуудаас өөрсдийгөө хамгаалах ба бие махбодоо бүх талаар нь хайрлан хамгаалж байх ёстой зарчмуудыг зааж сургах хэрэгтэй болохыг Бурханы өгсөн гэрлээр олж харсан. (АГБ 184.3} AГБ 183.1

Эцгийн нуруун дээр амьдралын хүнд хэцүү, хамгийн чухал үүрэг даалгагдсан байх зуур эх хүн үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх үйлсэд үргэлжид цөхрөлтгүй, туслахад бэлэн байх шаардлагатай. Эх хүн үр хүүхдүүдээ бага нялх байхаас нь эхлэн хамгийн дотны найз нөхөр, зөвлөх нь байх ёстой. Эх хүн үр хүүхдээ эмх цэгцтэй, зөв үзэл бодол, хүсэл, зуршлуудтай болгоход чиглүүлж, үр хүүхдээ хөдөлмөрч, биеэ даасан, бусдад тус үзүүлдэг болгон хүмүүжүүлж, үргэлж Бурханы мэлмий дор аж төрж, ажиллаж хөдөлмөрлөхийг зааж сургах хэрэгтэй. (АГБ 184.4} AГБ 183.2

Айлын том хүүхдүүд болон эгч нар гэр бүлийнхээ залуу гишүүддээ хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой байдаг. Бага насны хүүхдүүд ах эгч нарынхаа байнга давтан хэлж буй тушаал, зааварчилгаагаар бус харин үзүүлж буй үлгэр жишээгээр удирдуулдаг. Айлын том охид эхийнхээ олон төрлийн, хүнд ачаа дарамтнаас үүрэлцэх Христэд итгэгчийн үүргээ байнга ухамсарлан ойлгож байх ёстой. (АГБ 185.1} AГБ 183.3

Эцэг эх хоёр гэр орондоо ихэнх цагаа өнгөрөөдөг байх хэрэгтэй. Тэд үлгэр жишээ болон зааж зөвлөж буй тушаалуудаараа Бурханаас эмээж, Түүнийг хайрлах зарчмууд, ухаалаг, нийтэч, хайр энэрлээр дүүрэн байх зан чанаруудыг сургах хэрэгтэй. Үүний үр дүнд эцэг эхчүүд үр хүүхдүүддээ дэлхийн уруу таталтуудаас хамгаалах аюулгүй, таатай орчинг бүрэлдүүлж өгөх юм. {АГБ 185.2} AГБ 183.4

Сүмийн сургуулийн бэлтгэл - Охид хөвгүүд маань сүмийн сургуульд элсэн суралцах бэлтгэлээ гэр орны боловсролоос олж авах хэрэгтэй. Эцэг эхчүүд гэрийн сургуулийн багш нарын хувьд ариун, гэгээн үүргээ амжилттайгаар гүйцэтгэхийн тулд өөрсдийн бүх хүч чадлыг Бурханд зориулах ёстойгоо үргэлж оюун ухаандаа тунгаан бодох хэрэгтэй. Гэр бүлийн зөв шударга, итгэл бишрэл дээр үндэслэгдсэн зааварчилгаа хүүхдүүдийг сургуулвд бэлтгэх шилдэг бэлтгэл болж байдаг. (АГБ 185.3} AГБ 184.1

Бурханы тушаал заавар хамгийн чухал нь байх ёстой- Бурхан бид бүгдийг удирдан чиглүүлэхийн тулд Библийн зааварчилгаагаа өгсөн. Эцэг эхчүүд болон үр хүүхдүүд эдгээр ариун, гэгээн зарчмуудаас ямар ч нөхцөлд хазайж болохгүй. Бурханы зааварчилгаа болон тушаал хамгаас чухалд тооцогдох ёстой. Гэр бүлийг удирдагч эцэг эхчүүд зүрх сэтгэлийг нягтлан шалгагч Бурханы өмнө Түүний Үгийг дэлгэн тавиад чин сэтгэлээсээ, «Бурхан надад юу гэж айлдаж байна вэ?” гэж асуух хэрэгтэй. (АГБ 185.4} AГБ 184.2

Үр хүүхдүүд тань үнэнээр ариусгагдаж, илүү ариун ажилд дэвшин орох шаардлага хангасан эсэхийг шалган нягтлах агуу шүүлтэнд тэнцэж, диваажингийн Хааны хүүхдүүд болон хааны гэр бүлийн гишүүд хэмээн тооцогдохын тулд бодит үнэнийг хайрлахад суралцах хэрэгтэй. (АГБ 186.1} AГБ 184.3

Ирж буй тэмцэлд бэлтгэх - Сатан бүх хүчээ нэгтгэн урагшаа давшиж байна. Хүн бүр ойртон ирж буй аймшигтай тэмцэлд хувийн бэлтгэлээ хангасан байна уу? Энэхүү агуу тэмцэлд бид үр хүүхдүүдээ бэлтгэж байна уу? Бид дайсны үзэл баримтлал, дайрч довтолж буй арга барилыг өөрсдөө ойлгож, гэр бүлийнхэндээ мэдүүлж өгөхийн тулд судалж байна уу? Үр хүүхдүүд маань бүх зарчим, үүрэгтээ тууштай, бууж өгөхгүй байх шийдвэрийг гаргахад нөлөөлөхүйц зуршлуудыг өөрсөддөө төлөвшүүлж байна уу? Бид бүгд дэлхийн сүүлчийн үеийн шинж тэмдгийг ойлгон мэдэрч, агуу тэмцлийн өдөр Бурханыг хамгаалалт, хоргодох газраа болгохын тулд өөрсдийгөө болон үр хүүхдүүдээ бэлэн байлгахын төлөө залбиран гуйх хэрэгтэй. AГБ 184.4