Адвентист Гэр Бүл
Дөчин есдүгээр бүлэг - Эхчүүдийн Туслахууд
Хүүхдүүд гэр бүлийн хариуцлагыг хамтран үүрэлцдэг байх ёстой. - Хүүхдүүд эцэг эхчүүдтэй адил гэр орондоо чухал үүрэг гүйцэтгэх ёстой. AГБ 289.1
Тэд гэр бүлийн хариуцлагыг адил хэмжээнд үүрч байх ёстой болохыг заалгах ёстой. Тэднийг хооллож, хувцаслаж, хайрлан энэрч, халамжилж байсан учир тэд гэр орны үүрэг хариуцлагаас үүрэлцэн хариугаа илэрхийлэх ёстой. Тэд өөрсдийн гэр бүлд чадах чинээгээрээ аз жаргалыг бэлэглэхийг хичээн чармайх хэрэгтэй. AГБ 289.2
Эх бүр хүүхдүүдээ гэр бүлийн нэгэн гишүүн болохыг заан сургаж, тэдэнд гэр бүлийн хариуцлагаа хамтран үүрэлцэхэд туслах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн, сүмийн гишүүн бүр сүмийн харилцаа, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх ёстой ба өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлдэг байх ёстой. AГБ 289.3
Хүүхдүүд гэр орны ажилд тусалснаар эцэг эхчүүддээ тус үзүүлдэг болохыг ойлгуулаарай. Тэдэнд хийх ажил төрлийг нь өгөөд ажил үүргээ гүйцэтгэж дууссаны дараа тоглох цаг гарна гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. AГБ 289.4
Хүүхдүүдийн оюун ухаан маш идэвхтэй байдаг ба тэдэнд гэр орны ажлыг даалган өгснөөр оюун ухаанаа зөв ашиглах боломжийг нээж өгнө... Хүүхдүүдийг өөрсдийн санаачлагаараа гэр орны ажил хийнэ гэж хүлээж болохгүй. Эцэг эхчүүд үүрэг даалгавар өгөх эрх мэдлийг нуруун дээрээ үүрэх ёстой. AГБ 289.5
Эцэг эхчүүд болон үр хүүхдүүд үүрэг хүлээдэг. - Эцэг эхчүүд хүүхдүүдээ хооллож, хувцаслаж, сурган хүмүүжүүлэх үүрэгтэй, харин хүүхдүүд эцэг эхчүүддээ баяр хөөртэй чин сэтгэлээр үйлчлэх ёстой. Хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ бэрхшээл, асуудлуудаас үүрэлцэн, туслах үүрэг хариуцлагаа биелүүлэхээ болих үед эцэг эхчүүд өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлэхээ больчихвол юу тохиолдох вэ? Хүүхдүүд эцэг эхчүүддээ туслах, тэдний бэрхшээл асуудлыг нимгэлэх үүргээ гүйцэтгэхээ больсноор ирээдүйн үр дүнтэй амьдралд бэлтгэх маш үнэтэй сургамжийг суралцах чадваргүй болох болно. AГБ 290.1
Бурхан итгэгч хүн бүрийг хүүхдүүдээ бага наснаас нь эцэг эхчүүдийнхээ бэрхшээл, асуудлуудаас үүрэлцдэгээр хүмүүжүүлсэн байхыг хүсдэг, ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүдээ халамжлах боломжтой болно. Хүүхдүүд гэр орондоо өөрсдийн гэсэн орон зайтай байхаас гадна гэр бүлийн гишүүний хувьд өөрийн гэсэн эрх үүргийг үүрдэг. Бурхан эцэг эхчүүдэд үр хүүхдүүдээ хооллон, хувцаслахыг үүрэг болгосон. Гэхдээ эцэг эх хүүхдүүд харилцан бие биендээ үйлчлэх хэрэгтэй. Хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэн, үгийг нь сахин биелүүлэх ёстой. AГБ 290.2
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боол байж, байгаа бүхнээ золиослож байхад хүүхдүүд энэ бүхнийг үл тоомсорлон, эцэг эхээ хайрлан халамжлахгүй, бүх асуудлаа эцэг эхийн иурууи дээр үүрүүлэн өсч хүмүүжих ёсгүй. AГБ 290.3
Энэрэл хайрыг буруу үзүүлснээр залхуу хойрго байхыг зааж сургадаг. - Хүүхдүүд маш бага наснаасаа өөрсөддөө болон өрөөлд байнга тусалдаг байдлаар хүмүүжсэн байх ёстой. Өнөө үед олон охид эхийнхээ хоол хийж, хувцсаа угааж, индүүдэн, олон ажлыг хөлс дуслуулан хийж байхад зүрх сэтгэл нь өвдөлгүй зочны өрөөндөө суун түүх уншиж, хатгамал, нэхмэл хийдэг. Тэдний зүрх сэтгэл чулуу шиг ямар ч мэдрэмжгүй болсон байдаг. AГБ 290.4
Энэ буруу нөхцөл байдал хаанаас үүдэн бий болсон бэ? Энэ асуудалд хэнийг хамгаас илүү буруутгах шаардлагатай вэ? AГБ 291.1
Хууртаж, алдсан эцэг эхчүүд. Тэд үр хүүхдийнхээ ирээдүйг буруугаар төсөөлөн, буруу байдлаар хайр энэрлээ үзүүлэн хүүхдүүдээ юунд ч хүргэлгүй, оюун ухаан болон бие махбодын эрч хүчийг нэмэгдүүлэхгүй дэмий хоосон зүйлсийг хөөцөлдөхийг зөвшөөрч, залхуу хойрго болсон охидоо сул дорой байна хэмээн ажлаас хаацайлдаг. Тэд юунаас болоод сул дорой болсон бэ? Ихэнх тохиолдолд эцэг эхчүүдийн буруу үйлдэл тэднийг сул дорой болгосон байдаг. Гэр оронд хүүхдүүддээ тохирсон ажил үүрэг гүйцэтгүүлэх нь оюун ухаан болон бие махбодыг хөгжүүлдэг. Эцэг эхчүүд буруу үзэл бодлоосоо болоод хүүхдээ ажил төрөлгүй болгон, хүүхдүүдийг яваандаа ажил хөдөлмөр хийхээс дургүйцдэг болгон хүмүүжүүлдэг. AГБ 291.2
Хүүхдүүд тань ажил хөдөлмөр хийх дургүй болон хүмүүжсэн бол тэд удахгүй эцэж туйлдаж эхэлнэ. Тэд иуруу, мөр, үе мөч өвдөж байна гэж гомдоллож эхэлнэ. Тэр үед та хүүхдүүдээ өрөвдөн бага зэрэг бэрхшээлийг үүрүүлзхийн оронд бүх ажлыг өөрөө хийх аюултай шийдвэрийг гаргана. Хүүхдүүдэд эхний удаа маш бага хэмжээний ажлыг даалган өгч байх хэрэгтэй, дараагаар нь өдөр бүр ажил үүргийг нь аажмаар нэмэгдүүлж, яваандаа эцэж туйлдалгүйгээр өөрт тохирсон хэмжээний ажлыг гүйцэтгэх хэмжээнд хүргээрэй. AГБ 291.3
Цагаа дэмий өнгөрөөхөөс үүдэх аюул. - Би цагаа дэмий өнгөрөөхөөс маш их хэмжээний гэм нүгэл үүсэн бий болдогийг үзэгдлээрээ үзсэн. Хичээнгүйлэн ажиллаж байгаа гар, оюун ухаан дайсны уруу татаж байгаа уруу татлага бүртэй нүүр тулаад байдаггүй, харин цагаа дэмий хоосон өнгөрөөж байгаа оюун ухаан, гар Сатаны удирдлагад ороход бэлэн байдаг. Оюун ухааныг зөв зүйлсээр удирдсан нөхцөлд тухайн хүн буруу зүйлсэд анхаарлаа хандуулах нь багасч эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ дэмий хоосон байх нь гэм нүгэл гэдгийг зааж сургах ёстой. AГБ 291.4
Хүүхдэд ноогдох бүх хариуцлагыг өөрийн нуруун дээр үүрэн, хүүхдүүдийг цагаа дэмий, зорилгогүй, юу ч хийлгүй өнгөрөөж, өөрсдийн дураар цаг хугацаагаа өнгөрөөх боломжоор хангаж өгөхөөс илүү гэм нүгэл гэж байхгүй. Хүүхдийн оюун ухаан байнга идэвхтэй байдаг ба хэрэв ашиг тустай, сайн зүйлсээр удирдаагүй нөхцөлд маш муу зүйлс рүү чиглэн уруу татагдах болно. Хүүхдүүд чөлөөт цагтай байх ёстой боловч тогтмол цагт биеийн хүчний ажил, уншиж судлах зүйлсийг хийж гүйцэтгэдэг байхаар хүмүүжих ёстой. Хүүхдүүдэд насанд нь тохирсон ажил үүрэг болон сонирхол татахуйц номыг бэлтгэж өгөхөд анхаарал хандуулаарай. AГБ 292.1
Ашигтай ажил үүрэг гүйцэтгүүлэх шиг аюулаас сэрэмжлүүлэх арга байхгүй. - Хүүхдүүдийг аюулаас сэрэмжлүүлэх хамгийн баталгаатай арга бол ашигтай ажил үүрэг гүйцэтгүүлэх юм. Хүүхдүүдийг үр бүтээлтэй ажил хийлгэн, цаг завыг нь зөв зүйлсэд ашиглахад чиглүүлэх юм бол үр хүүхдүүд өөрсдийн хувь заяандаа гомдоллон, дэмий хоосон бодолдоо хөтлүүлэх цаг завгүй болох юм. Тэдний буруу найз нөхөд болон зуршлуудтай болох аюул багасах болно. AГБ 292.2
Эцэг эхчүүд бусад зүйлсэд хэт их анхаарал хандуулан хүүхдүүдээрээ ашиг тустай ажил үүрэг гүйцэтгүүлж чадахгүй байгаа бол Сатан үр хүүхдүүдийг нь завгүй байлгах болно. AГБ 292.3
Хүүхдүүд асуудал, бэрхшээлээ үүрч сурсан байх ёстой. - Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэр орныхоо асуудалд анхаарал хандуулж, гэр орны ажил төрлөө гүйцэтгэхээс илүү чухал хүмүүжил байхгүй болохыг ойлгож ухаарах хэрэгтэй. . . Эцэг эхчүүд хүүхдүүддээ амьдралын талаар зөв үзэл баримтлалтай болохыг зааварлан, сургасан байх ёстой. Хүүхдүүд дэлхий дахинд тус дэмжлэгээ үзүүлэх хэрэгтэйг ойлгосон байх ёстой. Хөвгүүд охид гэр орондоо ухаалаг эхийнхээ зааварчилгаан дор амьдралын асуудал бэрхшээлүүдээс үүрэлцэх анхны зааварчилгааг авсан байх ёстой. AГБ 292.4
Хүүхдийн зөв шударга, бузар мууг үйлдэх эсэх нь бага насны хүмүүжлээс эхэлдэг. . . Айлын том хүүхдүүд өсч том болоод дүү нараа асран хамгаалах ажилд туслалцаа үзүүлэх ёстой. Эх хүн хүүхдүүдийнхээ хийж чадах, хийх ёстой ажил үүргийг гүйцэтгэн өөрийгөө хэт ядрааж болохгүй. AГБ 293.1
Хүүхдүүд үүрэг хариуцлагаа биелүүлснээр сэтгэл ханамжтай болдог. - Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ гэр бүлийн гишүүний хувьд гүйцэтгэх ёстой ажил үүргээ гүйцэтгэж, Бурханы хүслийг биелүүлэх боломжийг нь нээж өгч туслаарай. Энэ нь тэдэнд маш үнэтэй туршлага өгөх болно. Хүүхдүүд өөрсдийн хувиа хичээсэн хүсэл болон зугаа цэнгэл, тоглоомондоо хэт их анхаарал хандуулахгүй байхыг заалгах ёстой. Хүүхдүүдээ гэр бүлд ноогдсон үүрэг хариуцлагаа биелүүлдэг болгохын тулд тууштай, тэвчээртэйгээр сургаарай. Тэднийг эцэг эх, ах эгч, дүү нарынхаа бэрхшээл, асуудлаас үүрэлцдэг болгон хүмүүжүүлээрэй. Энэ нь тэднийг амжилтанд хүргэнэ. Ингэснээр тэд өөрсдийгөө маш их ач тусыг үзүүлэх боломжтой болохоо ойлгон ухаарна. AГБ 293.2
Хүүхдүүд тус дэм үзүүлэх тал дээр сургагдах боломжтой. Хүүхдүүд байгалиасаа байнга идэвхтэй, завгүй байхаар бүтээгдсэн учраас гэр орны ажил идэвх, эрч хүчийг зөв тийш нь чиглүүлэх увидасыг агуулдаг. Хүүхдүүд бага байхаасаа өдөр бүрийн ажил үүргээ гүйцэтгэж, өдөр бүр гүйцэтгэх ажил үүргээ тодорхой ойлгож, өөрийг нь асран хамгаалж буй эцэг эхчүүдийнхээ өмнө хариуцлагатай зан байдлыг төлөвшүүлэн, заалгах боломжтой. Ингэснээр тэд бага наснаасаа өөрсдийн үүрэг хариуцлагаа үүрч, хийж байгаа ажлаасаа их хэмжээний зугаа цэнгэлийг авч, зөвхөн сайныг үйлдсэнээр бий болдог аз жаргалыг мэдэрдэг. Тэд ажиллаж хөдөлмөрлөж, хариуцлага үүрч, ажлын амтыг мэдэрч, амьдрал гэдэг зөвхөн өөрийгөө зугаацуулахаас ИЛҮҮ утга учиртай болохыг ойлгож ухаарахад сургагдан дадлагаждаг.... AГБ 293.3
Ажил хөдөлмөр хийх нь хүүхдэд сайн нөлөө үзүүлдэг; хүүхдүүд ихэнх цаг хугацаагаа ашиг тустай ажил үйлсэд зориулахдаа аз жаргалтай байдаг. Тэд ажил үүргээ амжилттай гүйцэтгэж дууссаны дараагаар урам зоригтойгоор, гэнэн цайлган зангаар тоглон нааддаг. Ажил хөдөлмөр оюун ухаан болон булчин шөрмөсийг хүчирхэгжүүлдэг. Эхчүүд бяцхан хүүхдүүдээ эрхэм нандин туслагч нар болгон хувиргах боломжтой. Хүүхдүүдэд ашиг тустай байхыг зааж өгснөөр эцэг эхчүүд хүний төрх байдал, бүхнийг шинээр эхэлж байгаа бяцхан хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах, зүрх сэтгэлийг нь хэрхэн зөөлөн дулаан, хүүхэд зангаа хадгалж үлдэхэд туслах ёстойгоо ойлгож ухаардаг. Хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ хайр, итгэл найдвартайгаар харилцдаг шиг эцэг эхчүүд Аврагчаасаа тусламж, зааварчилгааг хүсэн гуйх аргад суралцдаг. Зөв хүмүүжилтэй хүүхдүүд жил өнгөрөх тусам найз нөхдийнхөө асуудал бэрхшээлийг хайр энэрэл, үйлсээрээ хөнгөвчилж өгөхийг суралцдаг. AГБ 294.1
Оюун ухаанд тэнцвэртэй байдлыг бий болгож өгдөг. - Хүүхдүүд даалгаж өгсөн ажил үүргээ гүйцэтгэснээр санах ойгоо сайжруулж, оюун ухаан болон зан чанарын хувьд тэнцвэртэй болж, сэтгэхүйн хувьд хурдан шаламгай болдог. Өдөр тутмын ажил үүргүүд хүүхдийн бодол санаа, тооцоолон бодох чадвар, ажлаа төлөвлөх чадваруудыг сайжруулж өгдөг. Хүүхдүүд өсч том болох үед тэднээс илүү чадвар шаардагдах болно. Хүүхдүүдийн хийж байгаа ажил хэт их туйлдуулан ядрааж, цаашид ажиллах урам зоригийг мохоохоор байж болохгүй. Даалган өгч буй ажил нь харин хууль дүрмийн хүрээнд, бие махбодын бүрэн дүүрэн хөгжлийг дэмжин тэтгэхүйц, оюун ухаан болон зан чанарыг хөгжүүлэхүйц байх ёстой. AГБ 294.2
Диваажингийн ажилчидтай холбоо тогтоох нь. - Хүүхдүүд өдөр тутмын энгийн ажил хөдөлмөрт тогтмол оролцохыг Эзэний өгсөн үүрэг даалгавар гэж ойлгож ухаарах юм бол гэр орон Эзэнд итгэлтэй, тууштай үйлчлэлийг үзүүлэх сургалтын газар болон хувирах юм. Ийм нөхцөлд тэдний ажил үүрэг ямар хүндэтгэлтэй, тааламжтай болон хувирах бол! Бүх ажил үүргийг Эзэнд зориулсан байдлаар гүйцэтгэх нь дорд муухай гэж тооцогдож байсан ажил үүргийг утга учиртай болгож өгч, дэлхий дээр үйлчилж байгаа биднийг Бурханы диваажинд үйлчилдэг ариун бүтээлүүдтэй холбож өгдөг. AГБ 295.1
Диваажинд байнга ажил үүрэг явагдаж байдаг. Тэнд цагийг дэмий хоосон өнгөрөөх боломж байхгүй. Христ, «Миний Эцэг хэрхэн ажиллаж үйлчилдэгтэй адил би үйлчилдэг” гэж хэлсэн. Эцсийн ялалт тунхаглагдаж, бид өөрсдөд маань бэлтгэн өгсөн шилтгээнүүддээ амьдрахаар дээш өргөгдөхдөө юу ч хийлгүй, байнга амарч хэвтэн, цагийг үр бүтээлгүй өнгөрөөсөн амьдралтай золгоно гэж бодож болохгүй. AГБ 295.2
Гэр бүлийн харилцаа холбоог зузаатгаж өгдөг. - Залуучууд хүүхдүүдийн гэр бүлээс олж байгаа хүмүүжилд харилцан бие биенээ дэмжин ажиллаж сурах чадварыг юунаас ч илүү үнэтэй гэж тооцох ёстой. . . Ахмад хүүхдүүд эцэг эхийн туслагчид байж, эцэг эхийнхээ төлөвлөгөө, хариуцлага, асуудал бэрхшээлүүдээс хуваалцдаг байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хамтран хүүхдүүддээ ажил хөдөлмөрийг зааж сургаж, үр хүүхдүүдээ үнэ цэнэтэй туслагч нар болохыг нь ойлгуулж, тэдний итгэл найдварыг хүлээн, хамтран нөхөрлөх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд дуулгавартай байдалд удаашралтай хандахгүй. Энэ үед зөвхөн эцэг эхчүүдийн ачаа хөнгөрөөд зогсохгүй, хүүхдүүд хэмжээлшгүй үнэ цэнэтэй амьдралын туршлагыг хуримтлуулах болно. Энэ бүхэн гэр бүлийн харилцааг зузаатгаж, зан чанарын чухал суурийг гүн гүнзгий болгож өгнө. AГБ 295.3
Оюун ухаан, ёс зүй, сүнслэг төлөвшилтөнд хүрэх өсөлтийг бий болгох нь - Хүүхэд, залуучууд эцэг эхийнхээ дарамтыг хөнгөвчилж өгөхдөө баяр баясгаланг мэдэрч, гэр бүлдээ хувиа үл хичээсэн зан чанараа илэрхийлэх боломжоор хангагдах ёстой. Тэд өөрсдийн үүрэх ёстой үүргээ баяр хөөртэйгөөр үүрснээр итгэл найдвар болон ашиг тустай байх чадварыг эзэмшдэг. Тэд жил бүр тогтмол өсөн хөгжиж, аажмаар хүүхэд зан чанараа гээж нас бие гүйцсэн хүмүүс болон хөгжих болно. Охид хөвгүүд гэр орны өдөр тутмын ажил үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэснээр оюун ухаан, ёс зүй, сүнслэг төлөвшилтийн үндсийг тавина. AГБ 296.1
Бие махбодын эрүүл мэнд, оюун ухааны амар тайванг бий болгодог. - Бурхан гэр орны ажил үүрэгтээ баяр хөөртэйгөөр оролцдог, эцэг эхийнхээ дарамтнаас үүрэлцдэг хүүхдүүдийг хайрлан хүлээн зөвшөөрдөг. Тэд бие махбодын эрүүл мэнд, оюун ухааны амар тайвныг шагнал болгон хүлээн авна. Тэд эцэг эхчүүдээ олон нийтийн үйл ажиллагаа болон эрүүл мэндээ сахин хамгаалах боломжтой болгон өгч, тэдний насыг уртасгахад тусламж үзүүлдэг. Гэр бүлийн ажил үүргээ үүрэлцэхэд суралцсан хүүхдүүд гэр орноо орхин явахдаа нийгэмд ашиг тус үзүүлэхүйц хүмүүс болон хүмүүждэг. Тэд бага наснаас нь сургуулийн анги танхимд хашигдсан, оюун ухаан болон бие махбодын хувьд амьдралын дарамтыг даван гарч чадахааргүй боловсролыг эзэмшихээс илүү хүмүүжил, боловсролыг олж авах болно. AГБ 296.2
Хүүхдүүд сургууль дээрээ бага ажил үүргийг гүйцэтгэн, гэр орондоо илүү ажил үүрэг гүйцэтгэдэг байх нь илүү сайн. Тэд бусдыг бодож, байнга тусламж үзүүлдэг байхыг бүхнээс илүүд тооцож хүмүүжсэн байх ёстой. Номноос сурах олон зарчмууд амьдралын хүмүүжил, сургамжаас илүү чухал гэж тооцогдох ёсгүй. AГБ 296.3
Сайтар унтаж амрах чадвартай болно. - Эхчүүд охидоо гал тогоо руугаа дагуулан ороод, тэвчээртэйгээр зааж сургах хэрэгтэй. Хүүхдүүд ажил хөдөлмөр хийснээр сайхан дүр төрх, булчин шөрмөс нь өнгө зүс, хүчтэй болж, өдрийн төгсгөлд эрүүл, өндөрт өргөгдсөн дурсамж, эргэцүүлэн бодох зүйлстэй болсон байдаг. Бага зэрэг ядарсан байж болох боловч өөрт тохирсон ажил хөдөлмөрөө гүйцэтгэсний дараагаар унтаж амрах шиг сайхан зүйл байдаггүй! Нойр бол байгалиас заяасан сэргээгч хүч юм. Нойр ядарсан биеийг шинэ эрч хүчээр сэлбэж, дараа өдрийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх бэлтгэлийг хангаж өгдөг. Хүүхдүүддээ хөдөлмөрлөсөн, хөдөлмөрлөөгүй адилхан байдаг гэсэн бодлыг төрүүлж болохгүй. Хүүхдүүддээ тусламж хэрэгцээтэй байгаа, тэдний цаг хугацаа үнэ цэнэтэй ба маш чухал болохыг зааж өгөөрэй. AГБ 297.1
Хүүхдээ дэмий хоосон байлгах нь гэм нүгэл. Хүүхдүүд бага зэрэг ядарч туйлдаж байгаа ч гэсэн тэдний үе мөч, булчин шөрмөсийг хөдөлгөж байгаарай. Та хэт их ажиллуулаагүй тохиолдолд бага зэргийн ядрах байдал танд болон үр хүүхдэд тань муу нөлөө үзүүлнэ гэж үү? Ядрах, туйлдах хоёрын хооронд маш их ялгаа байдаг. Хүүхдүүдийг том хүнтэй харьцуулах юм бол хийж байгаа ажлыг нь тогтмол өөрчилж, ойр ойрхон амрааж байх хэрэгтэй. Хүүхдүүд бага наснаасаа ажил хийж сурах хэрэгтэй, ингэснээр тэд бусдад тус дэм болсондоо бодол санааны хувьд аз жаргалтай болох болно. Тэд зрүүлжүүлзх хөдөлмөр хийсний дараагаар гүн нойронд автаж, дараа өдрийн ажил үүргээ гүйцэтгэх эрч хүчтэй болох болно. AГБ 297.2
Хэзээ ч, «хүүхдүүд маань надад саад болоод байна” гэж хэлж болохгүй. - Зарим эхчүүд, «хүүхдүүд маань надад туслах гэж байна гээд саад болоод байх юм» гэж хэлдэг. Миний хүүхдүүд ч гэсэн надад саад болж байсан, гэхдээ би тэдэнд та нар саад болж байна гэж хэлсэн гэж бодож байна уу? Хүүхдүүдээ магтан урамшуул. Тэдэнд Бурханы зарчмуудыг нэгд нэгэнгүй, үг үсэггүй зааж сургаарай. Энэ нь уран зохиолын ном унших, найз нөхөдтэйгөө утсаар ярих, дэлхийн загвар, хувцаслалтыг хөөцөлдөхөөс илүү дээр юм. AГБ 298.1
Бурханлаг жишээг ажиглан харахад туслах. - Тэнгэрийн Хамгаас Хүчит Нэгэн, Агуу алдарт Хаан хэсэг хугацааны туршид эхийнхээ энгэрт тэврүүлсэн хүүхэд болон Бетлехемд бяцхан хүү болон төрж өссөн. Тэрээр бага байхаасаа л дуулгавартай хүүгийн хувьд эцэг эхийнхээ хүслийг биелүүлэн, үүрэг даалгавраа бүрэн гүйцэтгэдэг байсан. Тэрээр Бурхан бяцхан хүү байхдаа хийж гүйцэтгэж чадах бүхнээ хийж гүйцэтгэдэг байсан. Бүх хүүхдүүд Түүнтэй адил байх боломжтой, хүүхдүүд Христийн жишээг даган дуурайхууцаар сургагдсан байх ёстой. Христ Өөрийн төрсөн гэр бүлд ивээл болох бүхнийг гүйцэтгэж байсан. Тэрээр эцэг эхийнхээ удирдлаганд байсан учир гэр бүлийнхэндээ баярын мэдээ түгээх ажлыг эрхэлдэг байсан. Библид, «хүү өсч том болоод сүнслэг байдлаараа хүчирхэгжин, мэргэн ухаанаар дүүрсэн байлаа. Бурханы ивээл хайр Түүн дээр буун ирсэн. » «Есүс мэргэн ухаан, бие бялдарын хувьд өсч хөгжсөн ба Бурхан болон хүн төрөлхтний тааллыг олсон” гэж өгүүлсэн байдаг. AГБ 298.2
Эцэг эхчүүд болон багш нар хүүхдүүдэд Христийн амьдралын жишээг баяр хөөртэйгээр даган дуурайлгах ажлыг хамтран гүйцэтгэх гайхамшигтай боломжоор хангагдсан. Аврагчийн бага нас маш үр дүнтэй ажил үйлсээр бялхаж байсан. Тэрээр гэр орондоо, ээждээ сайн тусалж, гэр орныхоо ажил үүргийг гүйцэтгэж, мужааны ширээн дээр ажиллаж байхдаа олон нийтийн төлөө үйлчилж байсантайгаа адил Бурханы зорилгыг биелүүлж байсан. AГБ 298.3
Христ энэ дэлхийн амьдралаар амьдарч байхдаа бүх хүн төрөлхтөнд жишээ болж чадсан. Тэрээр гэр орондоо байхдаа эцэг эхийнхээ үгэнд ордог байсан. Тэрээр Назаретад байхдаа мужааны ажлаас суралцан Өөрийн гараар ажил үүргээ гүйцэтгэж байсан... Тэрээр бага балчир, идэр залуу насандаа ажиллаж байхдаа бие махбод, оюун ухааны хувьд өсөн хөгжиж байсан. Тэрээр бие махбодын хүч чадлаа дэмий зарцуулалгүй, харин ч бүх ажлыг төгс төгөлдөр болохын тулд, эрүүл саруул байхад ашиглаж байсан. AГБ 299.1