Адвентист Гэр Бүл

45/88

Дөчиндөрөв Дүгээр Бүлэг - Бяцхан Хүүхдүүдээ Асран Халамжлах Нь

Хүүхдээ асран хүмүүжүүлж байгаа эхэд байх ёстой хандлага. - Дөнгөж төрсөн бяцхан хүүхдийн хувьд байгалиас заяасан хоол хүнс хамгийн шилдэг хоол хүнс байдаг. Бяцхан хүүхдийг шилдэг хоол хүнснээс нь салгах ёсгүй. Эх хүн өөрийн тав тухаа бодон, олон нийттэй харилцаатай байхын тулд бяцхан хүүхдээ асрах үүргээсээ өөрийгөө чөлөөлөх ёсгүй. AГБ 267.1

Бяцхан хүүхдийн эхээсээ шим тэжээлээ олж авч байгаа цаг үе бол маш болгоомжтой байх үе юм. Маш олон эхчүүдийг хүүхдээ хөхүүлж байхад нь хэт их ажиллуулж, хоол хийлгэн цусыг нь хөөрүүлж байна. Эх хүн буруу хооллосноос болон хэт их ачаалалтай байснаар хөхний сүү нь чанаргүй, тэжээл муутай болж хөхүүл хүүхдэд муугаар нөлөөлдөг. Эхийн сэтгэл санаа, оюун ухаан ямар байгаа нь хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлдөг. Эх хүн уйтгарлаж, уураа барьж чадахгүй, ундуйцаж, сэтгэл санааны хувьд хэт их хувьсамтгай байх юм бол эхээс хүүхдэд ирж буй шим тэжээл ямар ч ач холбогдолгүй болж хувирдаг, ийм хүнс тэжээл хүүхдийн гэдсийг өвтгөж, шөрмөс татах, зарим тохиолдолд татах байдалд хүргэдэг. AГБ 267.2

Хүүхдийн зан чанар эхээс ямар шим тэжээлийг хүлээн авч байгаагаас тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Тиймээс хүүхдээ хөхүүлж буй эх хүн баяр баясгалантай байж, зүрх сэтгэлээ удирдах чадвараа төгөлдөржүүлэх нь хэр чухал байх вэ? Ингэснээр хүүхдийн хоол хүнс муудахгүй болж, тайван, биеэ барих чадвартай эхийн хүүхэдтэйгээ харьцаж байгаа байдал бяцхан хүүхдийн оюун ухааны төлөвшилтөнд чухал нөлөө үзүүлнэ. Бяцхан хүүхэд цухалдан, ундуйцах үед эх болгоомжтой, яарч сандралгүйгээр хандсанаар хүүхдээ тайвшруулан, зөв хүмүүжилтэй болох нөлөөг үзүүлдэг. Ийм харилцаа хүүхдийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг. AГБ 267.3

Хүүхдийн эргэн тойрны орчин хэдий амар тайван, энгийн байна төдий чинээ оюун ухаан болон бие махбодын хөгжилд сайхан нөхцлийг бүрдүүлж өгдөг. Эх хүн болж өгвөл бүх цаг мөчид намуун, амар тайван, биеэ хянасан байдалтай байхыг хичээх хэрэгтэй. AГБ 268.1

Хоол хүнс өгснөөр хүүхэддээ анхаарал хандуулах шаардлагагүй боллоо гэж бодож болохгүй. - Бяцхан хүүхдүүдтэй маш буруу байдлаар харьцсаар байна. Хүүхэд ундуйцах үед эхчүүд ихэвчлэн тайвшруулахын тулд хөхүүлдэг, гэтэл бяцхан хүүхэд хэт их идсэнээс болж бие нь эвгүйрсэн байдаг. Эхийн буруу зуршил хүүхдэд муугаар нөлөөлж эхэлдэг. Хүүхдийн ходоодны ачаалал хэтэрсэн байхад нэмж хөхүүлэх нь асуудлыг илүү хүндрүүлдэг. AГБ 268.2

Хүүхэд өлгийтэй байхаасаа л буруу хооллох зарчимд нухлагдаж, идэхийн төлөө төрсөн гэсэн үзлийг багаас заалгаж, төлөвшүүлдэг. Эх хүн хүүхдийнхээ зан чанарын төлөвшилтөнд маш чухал нөлөө үзүүлдэг. Эх хүн хүүхэддээ нэг бол хоол идэх дур хүслээ хянах нэг бол хүсэлдээ захирагдан, хэтрүүлэн идэх зуршлыг зааж сургадаг. Эх хүн өдрийн турш юуг амжуулахаа тооцоолдог, гэвч хүүхэд амжуулах гэж байгаа ажилд нь саад учруулан уйлахад эх хүн бяцхан хүүхдээ тэвэрч, асуудлыг нь шийдвэрлэж тайвшруулахын оронд хөдөлгөөнгүй, чимээгүй байлгах зорилгоор хөхүүлж орхидог. Энэ нь асуудлыг түр зуурт шийдвэрлэж байгаа мэт боловч яваандаа муу үр дүнг бий болгодог. Хүүхдийг шаардлагагүй үед хооллосноор гэдэс ходоод нь хоол хүнсэндээ шахагддаг. Гэтэл үнэндээ хүүхдэд ердөө л бага хэмжээний анхаарал халамж шаардлагатай байсан. Эх хүн хүүхэдтэйгээ цагаа өнгөрөөн, хүүхдээ тайвшруулахыг чухалд тооцоогүй гэсэн үг. Түүний хувьд хүүхдийн эрүүл мэнд, аз жаргал нь хувцасны хэв загвар, сайхан хоол хүнс, айлчлан ирж буй зочдод зориулан гэр орноо эмх журам, цэгцтэй болгож харуулах нь илүү чухал санагдсанаас ийм байдлаар ханддаг. AГБ 268.3

Хоол хүнс энгийн, эрүүл, сэтгэл татсан байх хэрэгтэй. - Хоол хүнс чанаж боловсруулахад их цаг зарцуулахааргүй маш энгийн байх ёстой. Мэдээж ширээгээ эрүүл, сэтгэл татсан хоол хүнсээр дүүргэсэн байхад анхаарал хандуулах нь зөв. Замбараагүй, дайралдсанаа хольж хутган хоол бэлдэх нь хүүхдэд хангалттай хоол хүнс болно гэж бодож болохгүй. Эрүүл бус, буруу хооллох хүслийг дэвэргэхүйц хоол хүнсийг бэлтгэхийн тулд их хэмжээний цаг хугацааг зарцуулах ёсгүй. Үүнийхээ оронд хүүхдээ сурган хүмүүжүүлэхэд илүү цаг зарцуулах хэрэгтэй. AГБ 269.1

Төрөх гэж буй хүүхдийн хэрэгслийг бэлтгэх. - Төрөх гэж байгаа хүүхдийн хувцсыг бэлтгэхдээ хэв загвар, эгдүүтэй хөөрхөн байдлыг ажиглан харахаас илүү тохиромж, ая тухтай байдал, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нь бодолцож үзэх хэрэгтэй. Эх хүн өөрийн болон бяцхан хүүхдийнхээ эрүүл мэндийг үл тоомсорлон хүүхдийн хувцсыг чимэглэхийн тулд хатгамал, шаардлагагүй зүйлсэд цаг зарцуулан өөрийгөө зовоох хэрэггүй. Жирэмсэн эх амарч, дасгал хөдөлгөөн хийх цагаараа нүд болон сэтгэл санаанд дарамт учруулж болохуйц оёдлыг бөгтийн байж хийж болохгүй. Тэрээр эрүүл мэндээ сахин хамгаалах үүргээ ойлгон ухаарч, өөрт нь даалган өгсөн үүргээ биелүүлэхэд бэлэн байх ёстой. AГБ 269.2

Цэвэрхэн, дулаан байдал ба цэвэр агаарыг хүүхдэд бий болгож өгөх. - Бяцхан хүүхдүүд дулаахан байх ёстой боловч хүмүүс тэднийг хэт бүгчим, цэвэр агаар орж ирэх боломжгүй нөхцөлд байлгах нь маш том алдаа юм. ... AГБ 269.3

Хүүхдийн бие эрхтнийг сулруулан, хордуулах бүх төрлийн нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Хүүхдийн хүрээлж буй орчинг тааламжтай, цэвэрхэн байлгахын тулд маш нягт нямбай байх хэрэгтэй. Бяцхан хүүхдүүдийг гэнэтийн болон огцом халуун хүйтний өөрчлөлтөөс хамгаалах шаардлагатай боловч сэрүүн болон унтаж байхад, өдөр болон оройн аль ч цаг үед эргэн тойрны орчинг сэргээн амилуулагч цэвэр агаараар амьсгалуулахыг ямагт хичээх хэрэгтэй. AГБ 270.1

Хүүхдийг өвчтэй байхад нь хэрхэн асрах талаар.- Хүүхдүүдийн ихэнх өвчлөлт буруу арчилгаанаас шалтгаалсан байдаг. Дэглэмгүй хооллолт, үдшийн сэрүүнээр хангалттай дулаан хувцаслаагүй, цусны эргэлтийг нь сайн болгохын тулд дасгал хөдөлгөөн хийлгэдэггүй, эрхтэн системийг цэвэршүүлэн сэргээхэд шаардлагатай цэвэр агаар дутагдах зэрэг нь асуудлуудыг бий болгодог. Эцэг эхчүүд өвчлөлт үүсэн бий болсон шалтгааныг судалж, муу нөлөө үзүүлж буй шалтгаануудыг ойрын хугацаанд засч залруулахыг хичээдэг байх хэрэгтэй. AГБ 270.2

Бүх эцэг эхчүүд хүүхдээ өвчнөөс сэргийлэх, өвчтэй үед нь хэрхэн асрах, бүр эдгээх арга барилуудад суралцах бүрэн эрх мэдэл, чадварыг гартаа атгасан байдаг. Тэр тусмаа эх хүн гэр бүлийн түгээмэл өвчлөлтийн үед ямар арга хэмжээг авахыг мэддэг байх ёстой. Тэрээр өвчтэй хүүхдээ хэрхэн асрахыг мэддэг байх хэрэгтэй. Эхийн хайр, халамж танихгүй хүнээр өвчтэй хүүхдээ асруулахаас илүү нөлөө үзүүлэх нь дамжиггүй. AГБ 270.3