Адвентист Гэр Бүл

37/88

Гучин Зургадугаар Бүлэг — Хүүхдүүдтэйгээ Найз Нөхөд Болох

үүхдүүдтэйгээ цаг заваа өнгөрөө. -Ихэнх эцгүүд хүүхдүүдтэйгээ дотносож, анхаарлыг нь өөртөө татах алтан боломжуудаа гээж байдаг. Эцгүүд ажлаасаа ирэхдээ хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөх боломж гарлаа гэдгийг ойлгож ухаарах ёстой. AГБ 223.1

Эцгүүд хүүхдүүдтэйгээ дотносож, асуудал бэрхшээл тохиолдсон үед итгэлийг нь дааж, хайр энэрлээр зүрх сэтгэлтэй нь холбогдож, өсөн тэлж буй оюун ухаан нь заавар зөвлөгөөг тань чухалчлан хүлээж авах нөлөөг үзүүлэхийн тулд хоосон, хуурамч бардам зангаа хугалж, цаг хугацаагаа хувиа хичээх зугаа цэнгэлд зарцуулахаас татгалзах хэрэгтэй. AГБ 223.2

Хөвгүүдэд тусгайчлан анхаарал хандуулах. - Эцэг хүн хөвгүүдтэйгээ дотно харилцаа үүсгэх ёстой. Тэдэнтэй амьдралын туршлагаа хуваалцаж, энгийн, хайр энэрэл үзүүлсэн байдлаар харилцан ярилцсанаар зүрх сэтгэлийг нь эзэмдэх боломжтой болно. Эцэг хүн хөвгүүддээ тэдний ашиг сонирхол, аз жаргалын төлөө байнга санаа тавьдаг болохоо мэдүүлэх ёстой. AГБ 223.3

Олон хөвгүүдтэй гэр бүлийг удирдаж буй эцэг өөрт даалгаж өгсөн хүүхэд бүрт анхаарал хандуулах үүргээ умартаж болохгүй. Эцэг хүн хөвгүүдээ хорвоод мэндлэх үед нь, Бурханы өмнө өөрийн чадах бүхнээ ашиглан бузар муу найз нөхөд болон уруу таталтаас хамгаалах үүргийг авсан. Эр нөхөр эрч хүч, хөдөлгөөн ихтэй хөвгүүдээ зөвхөн эхийн хараа хяналтанд орхих ёсгүй. Эх хүний хувьд энэ нь хэт их, хүнд хариуцлага болж байдаг. Эцэг хүн хүүхдүүд болон эхийн эрх ашгийн тулд бүхнийг зохицуулсан байх ёстой. Эх хүнд өөрийгөө захирахын зэрэгцээ хүүхдүүдээ ухаалгаар хүмүүжүүлнэ гэдэг хүндэвтэр даалгавар байж болох юм. Хэрэв тийм байгаа бол эр нөхөр эхнэрийнхээ асуудлуудыг нуруун дээрээ илүүтэй үүрэхийг хичээх хэрэгтэй. Тэрээр хүүхдээ авралд хүргэхийн тулд хамгийн чухал шийдвэрүүдийг гаргах зорилго тавих хэрэгтэй. AГБ 223.4

Хүүхдүүдээ хувиа үл хичээх байдалд сурга. -Эцэг хүн гэр бүлийн тэргүүний хувьд хүүхдүүдээ хэрхэн бусдын төлөө үүрэг хариуцлагатай ханддаг болгон сургах аргаа ойлгосон байх ёстой. Энэ бол эцэг хүний бүхнээс чухалчлан гүйцэтгэх ёстой үүрэг. Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд эх хүн зан чанарыг төлөвшүүлэх ажлыг голчлон гүйцэтгэдэг. Гэхдээ эх хүн нөхөртэйгөө хамтран энэ үүргийг гүйцэтгэх ёстой болохоо байнга санаж байх ёстой. Хэрэв эр нөхөр гэр бүлд тус дэмжлэг болохуйц байдлаар оролцож чадахгүй тохиолдолд, хүүхдүүддээ цаг зарцуулах боломжтой өөр төрлийн ажлыг эрж хайсан нь дээр. Хэрэв тэрээр гэр бүлдээ зав гаргаж чадахгүй байгаа бол Бурханы даалган өгсөн үүргээ итгэл даахуйцаар гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг. AГБ 224.1

Эцэг хүн дэлхийн уруу таталтуудаас илүү хүчтэй нөлөөг үзүүлэх чадвартай. Тэрээр гэр бүлийн хүрээнд байгаа хүмүүсийнхээ зан чанар, сэтгэл зүйг судлан үзэж, ямар аюул нүүрлэж байгааг урьдчилан тооцоолж, бузар мууг холдуулан зайлуулаад, зөв шударгыг хөхүүлэн дэмжих аргаа ойлгож ухаарсан байх ёстой. AГБ 224.2

Эцэг хүн ямар ч ажил хийдэг байсан хүүхэддээ Эзэний замаар алхахыг заан сургаж, хүмүүжүүлэх чухал ажлаас чөлөөлөгдөж болно гэж бодож болохгүй. AГБ 224.3

Олон төрлийн зан авирыг нь таньж мэд . -Эцэг хүн хүүхдийнхээ олон төрлийн зан байдал, хэрэгцээг судлах цаггүй болтлоо ажил хөдөлмөр эрхэлж, ном уншиж судлахад хэт их анхаарал хандуулах ёсгүй. Тэрээр зан чанар бүрт нийцсэн ашиг тустай, цаг заваа дэмий өнгөрөөхөөс зайлсхийсэн хөдөлмөрийг хийх аргыг эрж сүвэгчлэх ёстой. AГБ 224.4

Эцгүүд, хүүхэдтэйгээ хангалттай цаг зарцуулдаг байх ёстой. Тэд хүүхдүүдийнхээ олон төрлийн зан авиртай танилцаж, Бурханы Үгтэй нийцүүлэн хэрхэн хүмүүжүүлэх аргуудтай танилцсан байх хэрэгтэй. Амнаас тань урам хугалсан ганц ч үг гарах ёсгүй. Гэрэлгүй, харанхуй зүйлсийг гэр дотроо оруулах шаардлагагүй. Хүүхэдтэйгээ нийцтэй, эелдэг, хайр энэрлээр ханддаг байх хэрэгтэй, гэхдээ хэзээ ч хүссэн бүгдийг нь өгөх байдлаар хандаж болохгүй. Хүн бүр гомдоллодог тул хүүхэд бүрт гоморхлоо даван гарах боломжийг олгож байгаарай. Хүүхдүүдийг бие биенээ ховлох, гомдоллох байдалтай ирэхийг нь битгий урамшуул. Бие биенийгээ хүлцэн, тэвчиж, нийцэхтэй байх, бие биенийхээ итгэл, хүндэтгэлийг дааж сурахыг зааж сургах хэрэгтэй. AГБ 225.1

Ажил хөдөлмөр болон биеийн тамирын дасгал спортоор хамтрах. - Эцгүүдээ,... хайр энэрлийг эрх мэдэлтэй, хайр халамж болон эелдэг байдлыг тууштай, зарчимч байдалтай хослуулаарай. Чөлөөт цагийнхаа тодорхой хэсгийг хүүхдүүддээ зориулж, хүүхдүүдтэйгээ дотно танилцаарай. Тэдний ажил хөдөлмөр болон хөгжөөнт тоглоомд оролцсоноор итгэлийг нь даах боломжтой. Хүүхдүүдтэйгээ, тэр тусмаа хөвгүүдтэйгээ нөхөрлөх хэрэгтэй. Ингэснээр та сайн нөлөө үзүүлэх боломжтой болж хувирна. AГБ 225.2

Байгалиас сургамж авах боломжийг өгөөрэй. - Эцгүүд эхнэрийнхээ үүргийг хөнгөвчилж өгөх ёстой... Хүүхдүүдийнхээ анхаарлыг Бурханы үйлс болон хайрыг таньж мэдэж болох үзэсгэлэнт цэцэгс, сүрлэг модод руу чиглүүлээрэй. Тэрээр бүхнийг бүтээсэн Бурхан сайн сайхан болон үзэсгэлэнтэй зүйлсийг хайрлан энэрдэг болохыг зааж сургаарай. Христ дагалдагч нарынхаа анхаарлыг талын сараана цэцэгс, тэнгэрийн шувууд руу чиглүүлээд Бурхан биднийг талын цэцэгс болон шувуудаас илүү агуу болгосон ба Бурханы бүтээлүүдээр дамжуулан харуулж буй Түүний халамж, хайр ямар агуу болохыг батлан харуулж байсан. Хүүхдүүддээ гадаад үзэмжиндээ хүн ямар их цагийг үргүй зарцуулж болохыг танилцуулж өгөөрэй. Бидний гадаад үзэмж талын энгийн цэцэгсийн уян налархай, үзэсгэлэнтэй байдалтай хэзээ ч зүйрлэгдэхгүй гэдгийг хуваалцаарай. Ингэснээр хүүхдүүд оюун ухаанаа хоосон хиймэл байдлаас бодит байдал руу илүүтэй чиглүүлэх болно. Хүүхдүүд Бурхан бидэнд маш олон үзэсгэлэнтэй зүйлсээс баяр хөөрийг авч, бусадтай хамгийн ариун, хамгийн шилдэг зүрх сэтгэлээ хуваалцахыг хүсдэг болохыг суралцах боломжтой. AГБ 225.3

Эцэг хүн хүүхдээ цэцэрлэгээр дагуулан явж дэлгэрч буй цэцэг, цэцэгсийн гайхалтай өнгүүдийг харуулж болох юм. Байгаль гэсэн агуу номыг дэлгэн Бурханы хайрыг бүх төрлийн мод, цэцэгс, өвс ургамлаар дамжин ажиглаж болдогийг харуулж Бүтээгчийн талаар хамгийн чухал сургаалуудыг зааж өгч болох юм. Эцэг хүн мод, цэцэгсийг ихээр хайрлан халамжилдаг. Бурхан Өөрийн дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийнхээ төлөө илүү их хайр халамжийг үзүүлдэгийг хүүхдүүддээ мэдрүүлэх боломжтой. Тэрээр хүүхдүүддээ багаас нь Бурхан хүүхдүүдийг гадаад, өнгөц байдлаар гоёсон бус харин эелдэг зан чанар, хайр энэрэл тодорсон дүр төрх, баяр баясал, аз жаргалаар дүүрэн зан байдлаар гоёсон байхыг хүсдэгийг мэдрүүлж болох юм. AГБ 226.1